Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 93

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, 26-8 тоотод оршин суух хаягтай, Жавхлант овогт Бямбын Өнөрмаа /РД:ЧВ80052165/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөтөлийн Цемент шохой ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Өнөрмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од, Э.Нандин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Өнөрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2010 оны 10 дугаар сард 552 тоот тушаалаар тус байгууллагад барилгын инженерээр ажилд орсон. Энэ талаар хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд байгаа. Би тус байгууллагын үйлдвэрийн бүх урсгал ажил болон дээврийн ажлыг хийж байсан. Тус байгууллагын хуурай аргын төслийн ажил эхэлсэн. А.Шоовдор захирал надад санал болгож 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 645 тоот түр тушаалаар Бейзмент ХХК буюу одоо нэрээ өөрчилж Хөтөл ХХК болсон. Энэ компанид түр тушаалаар ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлж байсан. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Бейзмент ХХК-наас утсаар манайд ажиллах хугацаа дууссан. Тушаал чинь гарсан. Эргээд Хөтөл Цемент шохой ХХК-д очоорой гэж хэлсэн. Тушаал нь хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд байгаа. Би эргээд тус компани дээрээ ирсэн. Тэгтэл чиний хуучин ажиллаж байсан барилгын инженерийн орон тоо байхгүй болсон. Чамайг энэ ажлын байртай дүйцүүлэх ажлын байраар хангана. Түр хүлээж бай гэж хэлсэн. Энэ байгууллагад би 1 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл цалингүй ажилласан. Энэ талаар хавтаст хэргийн 66-68 дугаар хуудсанд нотлох баримтууд байгаа. Намайг ажлын байраар хангаагүй. Би 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А.Шоовдор захирал дээр өргөдөл бичиж орсон. А.Шоовдор захирал хүний нөөцөд ажлын байраар ханга гэж хэлээд явуулсан. Энэ талаар хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд байгаа. Хүний нөөц намайг хүлээж бай гэж хэлсэн. Энэ хугацаанд би жирэмсэн болсон. Жирэмсэн байх хугацаандаа Алтанцэцэг гэдэг хүний нөөцтэй уулзаж, асуугаад явсан. Би хүндрэлтэй төрсөн. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүүхдээ төрүүлсэн. Хүүхдээ 7 сартай болох үед би дахиж А.Шоовдор захиралтай уулзсан. Өөрийн учир байдлаа хэлсэн. Дээрээс нь манай нөхөр ажлаас халагдах гэж байна. Энэ ямар учиртай юм бэ? гэж асуусан. Захирал энэ манай компанийн дотоод асуудал. Нөхөр чинь орон тооны цомхтголоор халагдаж байгаа. Чи шүүхээр явна уу, байна уу өөрөө мэд надад чамайг хангах ажлын байр байхгүй гэж хэлсэн. Нөхөр ажлаас халагдсан байгаа. Би энэ талаар хуулийн байгууллагын хүнээс зөвлөгөө авсан. Энэ талаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд байгаа. Халагдах тушаалаа авах ёстой гэж албан бичиг хийж өгсөн. Энэ албан бичгээ бариад хотын компаниасаа халагдах тушаалаа 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр авсан. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Хоёр компанид хоёуланд нь нэхэмжлэл гаргасан. Хөтөлийн шүүхээс Хотын шүүх хэргийг шийдвэрлэсний дараа болно гэсэн. Хэргийг түдгэлзүүлсэн. Хотын шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэлсэн. Одоо би үнэхээр хохиролтой байгаа. Төслийн хугацаанд бүх сэтгэл зүрхээ зориулж ажилласан. Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн төлөлтийг төлүүлэх хүсэлтэй байна. Хоёр компани хоёулаа хөдөлмөрийн хуулийг зөрчсөн. Учир нь нэг нь надад халсан тушаалаа ойлгуулаагүй. Би хоёр компанийг хоорондоо шилжүүлж байна гэж ойлгосон. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тушаалыг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор би авсан. Нөгөө компани нь халсан байж надад ажлаас халсан гэсэн тушаал өгөөгүй. Өмгөөлөгч хэлэхдээ ижил утгатай нэхэмжлэл гаргаж хоёр компанитай хоёулантай нь заргалд гэж хэлсэн. Ажлаас халсан бол тэр талаараа ажилтандаа ойлгуулж, тушаалыг гардуулж өгөх ёстой байдаг юм байна. Намайг ажлаас халсан бол хуулийн дагуу ажлаас халахыг хүсэж байна. Хотын шүүхээс намайг 2015 оны 12 дугаар сарын 31-нд ажлаас халсан. Тушаалыг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр авах биш. Наана нь авах ёстой гэж хэлсэн. Намайг Хөтөлийн Цемент шохой ХК халсан тушаал байхгүй байгаа. Би ойлгохгүй байна.гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурван шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтэй би танилцсан. Тухайн нэхэмжлэгчийн шаардлага болон хэргийн үйл баримтын талаар маш тодорхой заасан байдаг. Шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар болон хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг баримтлан шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаагэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Өнөрмаа ижил утгатай нэхэмжлэлийг хоёр талд гаргасан байдаг. Нэг нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд, нөгөө нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхэд гарсан байдаг. Үүний дагуу манай талаас шүүх хуралдааныг түр түдгэлзүүлсэн. Өнөөдөр шүүх хуралдаан болж байна. Б.Өнөрмаагийн гаргасан нэхэмжлэлийн дагуу гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 182/шш201702297 дугаартай шийдвэрээр хэрэг бүхэлдээ хэрэгсэхгүй болсон. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 195 тоод давж заалдах шатны шүүхээс мөн адил хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлал гарсан. 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хяналтын шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарсан. Гурван шатны шүүхээр явж хэрэг хэрэгсэхгүй болсон. Үндсэн хуулинд дээд шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна гэж заасан байдаг. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. ...Компанийн гүйцэтгэх захирлын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас түр чөлөөлөх тухай 645 тоот тушаалаар шилжиж ажилласан. Энэ тушаалд тухайн үед ямар нэгэн гомдол маргаан гаргаагүй. 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн гүйцэтгэх захирлын 46 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Үүнээс хойш нэхэмжлэлгаргахгүй явсаар байгаад хөөн хэлэцэх хугацаа өнгөрсөн. Бүтэн нэг жилийн дараа шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байна...гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Өнөрмаа нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Хөтөлийн Цемент Шохой ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг/хх-35/ хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Өнөрмаа нь 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Цемент ШохойХК-ны гүйцэтгэх захиралын 552 дугаартай тушаалаар тус компанид Ерөнхий механик хэлтэст барилгын инженер албан тушаал дээр анх ажилд орсон болох нь ажилд орсон тушаал /хх-33/, хөдөлмөрийн гэрээ /хх-34/-гээр тогтоогдож байна.

2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Цемент Шохой ХК-ны гүйцэтгэх захирлын 645 дугаар тушаалаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хуурай аргын технологийн төслийн ажил дуусах хүртэл хугацаанд үүрэгт ажлаас чөөлөөлж, БейзментХХК-ны мэдэлд шилжүүлснээр Б.Өнөрмаагийн Хөтөлийн Цемент ШохойХК-тай хийсэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж Бейзмент ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Энхбаярын 2011 оны 10 дугаар сарын 16-ны А/11 дугаартай тушаалаар 1 500 000 төгрөгийн цалинтай төслийн барилгын инженерээр ажиллахаар /хх-39/ болж 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ /хх-45/ байгуулан ажилласан байна. Энэ гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөтөл ХХК-ны /Бейзмент ХХК-ний эрхийг 2015 онд өөрчилж Хөтөл ХХК болгосон байна. /хх-47/ гүйцэтгэх захирлын А/46 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

2011 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/11 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.Өнөрмааг Бейзмент ХХК-ны мэдэлд шилжүүлсэнийг ажил мэргэжлийн дагуу өөр ажилд шилжүүлэхдээ бүр мөсөн шилжүүлсэн гэж үзэхээр байна. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд дараах 4 тохиолдолд өөр ажилд шилжүүлэн ажиллуулдаг байна. Үүнд: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.байгууллагад учирсан гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар;

2.33 дугаар зүйлийн 33.1.сул зогсолтын үед байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр;

3.34 дүгээр зүйлийн 34.1.эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд харшлахгүйгээр өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлэх,

4.107 дугаар зүйлийн 107.1-д зааснаар хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гаргасан бол жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд тус тус шилжүүлэх зэрэг болно. Нэхэмжлэгч Б.Өнөрмааг шилжүүлэн ажиллуулсан гэх тушаал эдгээр заалтуудаас баримтлаагүй байгаа нь түүнийг өөр байгууллагад ажиллуулахаар бүр шилжүүлсэн болохыг нотолж байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр миний ажлын байрыг хэвээр хадгална гэж хүний нөөцийн дарга хэлж байсан тушаал дээр ч энэ талаар бичсэн байгаа гэж тайлбарлаж байна. Б.Өнөрмааг ажлаас түр чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасныг үндэслэн гаргасан. Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлд ажилтныг ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгалах талаар заасан бөгөөд 35 дугаар зүйлийн 35.1.7-д хууль тогтоомж хамтын ба хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажлын байрыг хадгалж үлдэхийг хуульчилжээ.

Нэхэмжлэгч Б.Өнөрмаа нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан учир хөдөлмөрийн хуульд зааснаар төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа, ээлжийн амралттай, эмчийн магадлагаагаар эмнэлгийн чөлөөтэй байгаа, жирэмсэний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байгаа, хамтын гэрээ хэлцэл байгуулах, хэлэлцээ хийхэд болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцсон зэрэг тохиолдолд ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар байна. Өөр тохиолдол нь хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээнд зааж өгсөн тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгалахаар байна. Б.Өнөрмаатай Хөтөлийн Цемент ШохойХК-ний байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй, мөн хамтын гэрээгээр зохицуулсан нотлох баримт байхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Өнөрмаа Бейзмент ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар өмнөх Хөтөлийн Цемент ШохойХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон бөгөөд шинээр Хөтөлийн Цемент шохойХК-нд ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ байхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Өнөрмаа Бейзмент ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсноос хойш Хөтөлийн Цемент Шохой ХК-нд үндсэн ажилдаа орохоор очиход Туул захирал чиний ажлын байр байхгүй болсон түр хүлээж бай, ойролцоо ажлын байраар хангана ингээд захирлын хэлсэний дагуу хүлээсэн боловч тодорхой хариу өгөөгүй учир үүнээс хойш хэд хэдэн удаа байгууллага дээр очсон боловч хүний нөөц Алтанцэцэг нь тодорхойгүй байна түр хүлээж бай утсаар мэдэгдэнэ гэж хэлсэн гэж тайлбарлаж ажилд орох талаар удаа дараа хүсэлт гаргаж уулзаж байсан гэж байгаа боловч нэг удаа 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөтөлийн Цемент Шохой ХК-нд ажилд орох өргөлдөл гаргаж байсан байна. Энэ өргөдөлд /хх-69/ ажлаас түр чөлөөлөгдсөн, өмнөх ажил албан тушаалдаа эргэн орох талаар дурьдаагүй ажилд орох сонирхолтой байгаагаа л илэрхийлсэн бөгөөд Хөтөлийн Цемент ШохойХК-ны зүгээс ажлаар хангах боломжийг судлан танилцуулах талаар В.Ичинхорлоо гэж хүнд даалгаж байсан байна. Нэхэмжлэгчийн дээрхи тайлбартай холбоотой өөр нотлох баримт хэрэгт үгүй болно.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас түр чөлөөлсөн гэх тушаалын 2 дахь заалтыг Хөтөлийн Цемент Шохой ХК нь хэрэгжүүлэх ёстой гэж тайлбарлаж байгаа бөгөөд өөрийг нь ажилд авах боломжгүй гэж 2016 оны 01 сард Туул гэгч захирал мэдэгдсэн тэр үеэс шүүхэд гомдол гаргах байсан. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэснийг зөрчсөн байна.

Дээрх байдлуудыг дүгнэхэд нэхэмжлэгч Б.Өнөрмааг ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар ажилд эгүүлэн тогтоох, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Өнөрмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Өнөрмаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Өнөрмаа нь шүүх хуралдаан дээр ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ажилд авах боломжгүй бол орон тооны цомхотголд орсны улмаас ажлаас халагдсан болохыг тогтоож ажилгүйдлийн тэтгэмжийг дээд хэмжээгээр тогтоож гаргуулах гэж өөрчилсөн. Шүүх хуралдаан дээр хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах үед өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар ажилд эгүүлэн тогтоох, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Өнөрмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Өнөрмаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэрийг бүрэн эхээр нь бичиж үйлдсэнээс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч Б.Өнөрмаа шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг хувийг гардан авах, хариуцагч Хөтөлийн Цемент шохойХК-д хүргүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА