Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/799

 

 

 

 

 

 

 

 

 

      2022         6            23                                      2022/ШЦТ/799

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00276 0358 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, ачийн хамт

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 59 дүгээр гудамж, 9 тоот хашаанд байрлуулсан Ч.Уын “Кролла Фиелдэр” загварын, 66-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан.

Улмаар мөн өдрийн 11 цаг 05 минутын орчимд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан жолооч ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодохгүй гэсэн заалтыг зөрчин 2.26 % согтолттой үедээ 66-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутагт дэвсгэрт, Орбит 59 дүгээр гудамжны замд явахдаа тус гудамжны 36 тоот блокон хашааг мөргөж, уг автомашинд сууж явсан зорчигч А.Баийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, С.Ббын эзэмшлийн эд хөрөнгөнд нийт 768.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 281 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирол төлбөртэй холбоотой баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Б.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 59 дүгээр гудамж, 9 тоот хашаанд байсан Ч.Уын эзэмшлийн эзэмшлийн “Тоёота” маркийн, “Кролла пилдер” загварын, 66-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Улмаар мөн өдрийн 11 цаг 05 минутын орчимд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан жолоодох эрхгүй үедээ болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүргээ зөрчин 2.26 % согтолттой үедээ 66-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутагт дэвсгэрт, Орбит 59 дүгээр гудамжны 36 тоот блокон хашааг мөргөж, уг автомашинд сууж явсан зорчигч А.Баийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, С.Ббын эзэмшлийн эд хөрөнгөнд нийт 768.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч А.Баийн “...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрч байхад сэрэхэд Б, У хоёр 1 шил архи уугаад дуусаж байсан. У согтчихсон гэрийн баруун урд хэсэгт унтаж байсан. Тэгсэн манай нөхөр Б нь Уыг согтоод унтаад өгсөн хойгуур автомашины түлхүүрийг нь хэлэлгүйгээр аваад, гэртээ хоол хүнс, ус олж ирье гээд намайг дуудахаар нь би гэрээсээ гараад 66-49 УБН улсын дугаартай автомашины хойд суудал дээр суусан. Автомашиныг манай нөхөр Б жолоодоод хөдөлсөн чинь шууд Б айлын хашааг мөргөөд зогссон. Ослоос болж миний баруун гарын атгаалж яс хугарсан. ...манай нөхөр Б нь автомашин муу унадаг тул У нь Бд автомашинаа өгдөггүй юм. ...одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх14/,

- Иргэний нэхэмжлэгч С.Ббын “ ...ажлаасаа чөлөө аваад гэрийнхээ гадаа иртэл урд талын хашааны хаалга, хашаа 2 эвдэрсэн, хашааг мөргөсөн автомашины урд хэсэг эвдэрсэн байдалтай зогсож байсан. ...нийт 843.200 төгрөгийн хохирол гарсан ба мөргөсөн жолооч хашааг янзалж, хохиролгүй болгосон. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх18/,

- Иргэний нэхэмжлэгч Ч.Уын “...Б намайг унтаж байх үед орон дээр ил байсан машины түлхүүрийг аваад ус авах гэж яваад осол гаргасан байна лээ. ...уг машиныг 2020 оны 10 сард 8.500.000 төгрөгийн зээлээр авсан. Урьдчилгаа 5.500.000 төгрөг өгсөн байсан. Миний нэр дээр зээл байдаг...” гэсэн мэдүүлэг /хх21/, 

- шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...би 1 шил 0,5 литрийн Соёрхол архи аваад Утай хамт манай гэрт архийг хувааж уусан. У согтоод манай гэрийн хойморт унтаад өгсөн хойгуур нь би Ут хэлэлгүй автомашины түлхүүрийг аваад усны саваа гэрээс авч гараад Уын тээврийн хэрэгсэлд ачаад автомашиныг жолоодоод хамтран амьдардаг Баийг хойд талын суудал дээр суулгаад хоол ундны зүйл авах гээд хоёулаа гэрийнхээ гаднаас хөдөлсөн. Би автомашин муу жолооддог, дээрээс нь согтуу байсан ба тоормос гишгэх гэж байгаад хаазаа андуурч гишгээд манайхаас баруун тийш 3 дахь айлын хашааг очоод мөргөчихсөн. 2011 онд жолооч болсон. В ангиллын үнэмлэхтэй. Эхнэр Баийн эмчилгээний төлбөрт гарсан 500.000-600.000 төгрөгийн төлж барагдуулсан. Хашаанд эвдрэлийн 320.000 төгрөгийг төлөөд өөрөө засаж янзалж өгсөн. Машины засварт одоогоор 700.000 төгрөг өгсөн. Засвараас гарахаар нь нэмж үлдэгдэл мөнгийг өгнө...” гэсэн мэдүүлэг /хх89/, зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хх3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх7-10/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай мөрдөгчийн магадалгаа /хх78-79/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Харин авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн объектив тал нь тээврийн хэрэгслийг эзэмшигч ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан идэвхтэй үйлдлээр төгсдөг, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг хэрэг болно.

5. Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч Б.Бтэй хамт зорчиж явсан хохирогч А.Баийн эрүүл мэндэд “баруун атгаал ясны хугарал” бүхий гэмтлийн хүндэвтэр хохирол учирсныг шинжээчийн 10509 дугаар дүгнэлтээр тогтоожээ. /хх74-75/, Мөн ослын улмаас Ч.Уын эзэмшлийн автомашинд 3.520.000 төгрөгийн эвдрэл үүссэнийг үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 1691,  С.Ббын блокон хашаанд 768.200 төгрөгийн хохирол учирсныг үнэлсэн 1907 дугаар дүгнэлтүүд хэрэгт авагджээ.

6. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон мөн согтуурсан үедээ үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан авч үздэг.

7. Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болж сунгагдаагүй байх тул /хх168/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзэх үндэслэлтэй мөн шүүгдэгч нь тухайн осол гарах үед 2.26 хувийн тоон үзүүлэлттэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. /хх11/

8. Шүүгдэгч нь “Кролла пилдер” загварын, 66-49 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч Ч.Уын зөвшөөрөлгүйгээр авч явсан нь тогтоогдсон. Түүний энэхүү үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжгүй буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түр ашиглах зорилготой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

9. Иймд шүүгдэгч Б.Бг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

10. Хохирогч А.Ба нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаар мэдүүлсэн, мөн иргэний нэхэмжлэгч Ч.У, С.Бб нар нь эд хөрөнгөд учирсан хохирол төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй /хх18, 21/ гэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

11. Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн гэж дүгнэлээ.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

12. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.

13. Шүүгдэгч Б.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

14. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд жолоодох эрхгүй, согтуурсан үедээ, зөвшөөрөлгүйгээр бусдын тээврийн хэрэгсэл авч яван осол гаргасан нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг нь харгалзан үзлээ.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэж заажээ.

 

16. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн хувьд эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй, түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэхээр тогтоов.

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

18. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

19. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний 665940 дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

20. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

21. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн,

Мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

            Мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний 665940 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР