| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/03366/И |
| Дугаар | 1251 |
| Огноо | 2018-05-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 1251
2018 оны 5 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2018/01251 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 хороо, Голден парк, 107 байр, 109 тоотодй оршин суух, П нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, Маршал таун хотхон, 104 байр, “Э” ХХК-д холбогдох,
Гэм хорын хохиролд 25.000.000 /хорин таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, иргэдийн төлөөлөгч Г.Баяржаргал, гэрч Ж.Бямбахорол, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оны 12 сард “Э” ХХК-д Тэмүүлэл баригадад ерөнхий инженер Бямбахоролын удирдлаганд бетон арматурын туслах ажилтнаар 16 настайдаа ажилд орж, сар бүр 120.000 төгрөгийн цалинтай ажилласан. 2007.04.17-ны өдөр арматурын төмөр сунгагч машин дээр ажиллаж байхад осол гарч баруун гарын эрхий хуруугаа таслуулсан. Намайг арматурын төмөр сунгах машин дээр ажиллаж байхад уг машиныг асаах унтраах товчлуур дээр уг машины бүрэн ажиллагааг хянаж байх ёстой гагнуурчин Уранбаатар байгаагүй. Сунгах машины ажиллагаа дуусчихаад байхад машиныг унтраагаагүйн улмаас осол гарсан гэж үзэх үндэстэй. Энэ бол “Э” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын салан задгай байдлаас осол гарсан. Энэ үед хөдөлмөр хамгааллын инжинер гэж байдаг байсан ч ажилчин бидэнд учирч болох осол гарах талаар ямар 1 сэрэмжлүүлэг, заавар танилцуулж гарын үсэг зуруулалгүй салан задгай байдалтай урсгалаар ажиллагаа явагддаг байсны хор уршгаас болж миний баруун гарын эрхий хуруу таслагдаж бие эрхтнээрээ хохироод байна. “Э” ХХК-иас намайг осолд орсноос хойш эмчилгээтэй байсан 2007.05 сард ажилласнаар бодож бүрэн хэмжээгээр цалин олгож нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Миний бие “Э ХХК-ийн “Хөдөлмөр хамгаалын журам” зөрчсөн салан задгай хариуцллаггүй ажиллагаа, “Хөдөлмөрийн хууль” ноцтой зөрчиж 16 настай буюу насанд хүрээгүй хүүхдийг хүнд ажилд авч ажиллуулсан зэрэг ноцтой шалтгааны улмаас баруун гарын эрхий хуруугаа таслуулж гэм хор учирлаа гэж үзэж байна. Би “Э” ХХК-иас Иргэний хуулийн 228.3, 228.4-т заасны дагуу надад учирсан гэм хорыг арилгуулахыг шаардаж тухайн осол болж баруун гарын эрхий хуруугүй болсноос хойш 10 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар алдагдсан талаар эмч нарын зөвлөгөөний хуралд “Э” ХХК-иас гаргаж өгөх естой ослын маягт гаргаж өгөөгүйн улмаас учирсан хохирол, гадаадад явж хиймэл эрхтэн хийлгэх бодит хөлс 25.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед сар эмчилгээнд яваад эргэж ажилдаа орсон. Дүүргийн эмнэлгээс эмчилгээ хийж байхдаа ослын маягт авчир, эмч нарын зөвөлгөөнөөр орно гэсэн. Талбай дээр эргэж ирээд талбайн инженер Бямбахоролоос ослын маягт гаргаж өгөөч гэхэд удахгүй гаргаж өгнө гэж явсаар жил болсон, би хуулийн мэдлэг байхгүй учраас хохироод өнгөрсөн. Өмгөөлөгч аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баруун гар гэмтсэн учраас сургуульд орж чадаагүй, юм бичихэд хэцүү байдаг учраас гомдолтой байна. Бодит хохирол бол эрхий хуруугүй болсон, баруун гар маш их үүрэг гүйцэтгэдэг. “Экоконстракшн” ХХК-ийн ажлыг гүйцэтгэж байгаад гэмтсэнээс ямар нэг айлд очиж гэмтээгүй. Машин дээр 2 хүн ажилладаг ч бүрэн бүтэн ажиллуулахыг хариуцагчийн байгууллагын хөдөлмөр хамгааллын инженер хариуцдаг. Тухайн үед ослын маягт авья гэж удаа дараа очиход ослын акт бичиж өгнө, өгөхгүй гэж явуулсаар байгаад өнөөдрийг хүрч, бүр болохгүй байхаар нь надаас зөвлөгөө авсан. Өнөөдрийг хүртэл хариуцагч цалин өгч төөрөгдүүлсэн. Иргэдийг ингэж хуурч болохгүй. “Экоконстракшн” ХХК-ийн ажилтан л бол аюулгүй байдлыг хангаж, хохирол учруулсан бол хохирлыг төлөх ёстой. 2008 онд талбайн инженер надаас холдоод яах вэ, надтай хамт бай, энэ байгууллагаас гараад хаана юу хийх вэ гээд оосор дохиочийн курст суулгаад биед амар гэж оосор дохиочноор ажиллуулсан. Манай инженер декрет аваад явсан хойгуур талбайн ажилчид дуртай болгоныг хийлгээд байсан учраас би шантраад ажлаа хаяад явсан. 9 сард инженер ажилдаа орж, намайг ажилдаа ор өөр юм хийлгэхгүй, нэг юм хийлгэнэ гэсэн ч би орно гэж хэлээд эргэж очоогүй. Ослын маягт өгнө гэж байгаад, дахиад 9 сард очиход Ц.Баясгалан инженер ажлаасаа гарсан байсан. Иймд Үнэлгээний байгууллагаар лавлагаа гаргуулсан тул 25 сая төгрөг гаргуулна гэв.
Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Пүрэвсүрэн 2007 онд баригдаж байсан Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хорооллын Тэмүүлэл хотхонд туслах ажилтнаар ажиллаж байсан талаар маргахгүй, манайх нийгмийн даатгалыг төлөөд, цалин хөлсийг олгоод явж байсан. 2007 онд Э.Пүрэвсүрэнг ажиллаж байхад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгдөг, ажилд авч байх үед сургалтын төвтэй байсан. тус төвдөө ажлын мэдлэг, дадлага олгож ажлын байраар хангаж ажиллуулдаг, улирал, жил болгон дадлагажсан сургалтыг оюун сургалтаараа дамжуулан олгодог. Нэхэмжлэгч хөдөлмөрийн ажлын норм дүрмийг баримтлаагүй, гарын үсэг зуруулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаандаа заавал мөрдлөг болгодог. Манайх хөдөлмөрийн аюулгүй байдлын норм дүрмийг хангаж ажиллаж байсан талаарх баримтаа гаргаж өгөх гэсэн ч хэрэг 2007 оны 4 сард болсон, 11 жил болж байна. Архивын баримт хадгалах хугацаатай, журмаар баримтууд устгалд ороод гаргаж өгөх боломжгүй байна. Үндэсний архивын газрын даргын 2007 оны 12 сарын 29-ний өдрийн 160 тоот тушаалын 7.4-т хөдөлмөр хамгаалалтай холбоотой баримт бичгийг 5 жил хадгална гэсэн. Нэхэмжлэгч шаардлага түүний үндэслэлээ өөрөө нотлох баримтаар нотлох үүргийн дагуу танилцуулаагүй гэдгээ баримтаар нотлоогүй, норм дүрэм, журмын дагуу ослын маягтыг цаг тухай бүр өгөөд явж байсан. 2007 оноос хойш нэхэмжлэгч ямар 1 байдлаар ослын маягт өг гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй, энэ талаар баримт авагдаагүй. Осолд ороод “Эко констракшн” ХХК холбогдох зардлыг олгосон. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл гомдол санал гаргаж байгаагүйгээр эмчилгээ зардал олгосон гэдгийг үгүйсгээгүй. Тухайн эмчилгээтэй байсан үеийн цалинг ажилласнаар тооцож олгосон баримт хэрэгт авагдсан. Э.П 2007 онд ажиллаад 2008 онд саналаараа ажлаасаа гарсан. “Экоконстракшн” ХХК-д осол болсноос хойш жил гаруй хугацаанд ажиллаж, ямар нэг байдлаар “Эко констракшн” ХХК болон холбогдох байгууллагад гомдол санал гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийн хууль мэдэхгүй байсан нь хариуцлагаас мултрах үндэслэл болохгүй. Нэхэмжлэлд Уранбаатар гэж хүний буруутай үйлдлээс осолд орж, баруун гарын эрхий хуруугаа тасдуулсан гэсэн нь сунгах машины ажил дуусч байхад унтраагаагүйн улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй. Арматур сунгах машин дээр 2 хүн ажиллаж, 1 нь асаах унтраах товчлуур дардаг, нэг нь машиныг зөөгөөд явдаг юм. Тухайн үед машиныг асааж унтраах Уранбаатар байгаагүйгээс болоод осолд орсон гэдгийг нэхэмжлэгч өөрөө гэм буруутайгаа нэхэмжлэлд дурдсан. Иргэний хуулийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Осол болоход “Экоконстракшн” ХХК-ийн буруутай үйлдэл болоогүй, Уранбаатар гэж хүний үйлдлээс болж нэхэмжлэгч хохирсон. Уранбаатар тухайн үед ажлын байрандаа байгаагүй тохиолдолд Э.П ажлаа хийх ёсгүй, яагаад гэвэл машин дээр 2 хүн ажиллах ёстой. Тэгэхэд өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдлын журмыг зөрчиж ажил хийснээс болж осол гарсан. Иргэний хуулийн 229.1-д үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг л шаардах эрхтэй. Шүүхийн нэхэмжлэлд гадаадад 25 сая төгрөгөөр эмчлүүлэх гэж байгаа бол ямар зардлаар, ямар улсад, явах шалтгаанаа тайлбарлах ёстой. Монгол улс эрхий хурууг хийх боломжгүй талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. 25 сая төгрөг гэсэн хийсвэр үнийн дүн гаргаж байна. Нарийн задаргаатай байж зардал өөрөө бодитой байх ёстой. Иргэний хуульд гэм хорын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байдаг тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. “Экоконстракшн” ХХК төөрөгдүүлснийг нотолсон баримтгүй, ослын маягтыг өгнө гээгүй, хэрэв өгөөгүй байсан бол тухайн үед байгууллагад гомдол гаргах эрхтэй байсан. Эрхий хуруу тайруулсан байж болно осол гарсан нь үнэн. Гэхдээ шаардлага бодит зардлыг тодорхойлсон тодорхойлолтгүй, манайх дохиочны сургалтад хамруулсан. 2007 оны 8 сараас дохиочноор тушаал гараад цалинг олгоод явж байхад сайн дураар ажлаасаа гараад “Материал импекс “ХХК, “Ланд курузор” ХХК-д давхар ажиллаж байгаа талаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна. Манайх осолд хамааралгүй, Уранбаатар Э.П нарын буруутайгаас осол гарсан гэдгийг нэхэмжлэгч тодорхойлсон учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.П нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ослын улмаас гадаадад хиймэл эрхтэн хийлгэхэд 25.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Хөдөлмөрийн хууль зөрчиж насанд хүрээгүй хүүхдийг хүнд ажилд авч ажиллуулсан, хөдөлмөр хамгааллын заавар танилцуулдаггүй, гарын үсэг зуруулаагүй, сунгах машины ажиллагаа дууссан байхад унтраагаагүйн улмаас осол гарч хохирсон, ослын маягт өгөөгүй тул баруун гарын эрхий хурууны үнэлгээний дагуу хохирлоо арилгуулна гэж тайлбарлав.
Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, осолд хамааралгүй, Уранбаатар Э.П нарын буруутай үйлдлээс болоод осол гарсан тул Иргэний хуулийн 497.2-т зааснаар гэм буруугүй тул хохирлыг хариуцахгүй гэж маргалаа.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар тогтоосон боловч 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил гэж заасан тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Э.П нь 2006 оны 12 дугаар сард “Э” ХХК-ийн Тэмүүлэл баригадад ерөнхий инженер Бямбахоролын удирдлагад 16 настайдаа бетон арматурын туслах ажилтнаар орж, сар бүр 120.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан байна.
Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороололд хариуцагч “Э” ХХК-ийн барьж байсан Тэмүүлэл хотхоны барилга дээр 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр осол гарч, арматурын төмөр сунгагч машин дээр ажиллаж байсан Э.П баруун гарын эрхий хуруугаа таслуулсан үйл баримт болжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтанд тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.
Тухайн өдөр хариуцагчийн барьж буй барилга дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байран дээр осол болж, Э.Пд хохирол учирсан, энэ талаар талууд маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь “Э” ХХК-иас гаргаж өгөх естой ослын маягтыг шаардаж байсан боловч өгөөгүй, ослын дараа цалин өгч төөрөгдүүлсэн, хуулийн мэдлэггүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч байгууллага болон холбогдох газарт нь хүсэлт, гомдол гаргаж байсан талаар баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч нь арматурын төмөр сунгах машин дээр нэхэмлэгчтэй хамт ажиллах ёстой гагнуурчин Уранбаатар байгаагүйгээс осол болсон нь манай байгууллагын буруу биш гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтны буруугээс учирсан гэм хорыг тухайн байгууллага хариуцах юм.
Гэвч хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу хариуцагч байгууллагын гэм буруугаас нэхэмжлэгчид хохирол учирсан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул учирсан гэм хорыг арилгах үүрэг хариуцагчид үүссэн гэж үзэхгүй юм.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаар хариуцагч “Э” ХХК-иас гэм хорын хохиролд 25.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
“Мөнх эстимэйт” ХХК нь гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн болон ирээдүйд зайлшгүй гарах зардал, эрүүл мэндийн улмаас алдагдах орлого, сэтгэл санааны хохиролд учирсан хохирлыг 18.887.720 төгрөг гэж дүгнэн ирүүлсэн байгааг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй юм. Учир нь шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр баруун гарын эрхий хурууны үнэлгээний талаар дүгнэлт гаргуулахаар Монголын хохирол үнэлгээчдийн холбоог шинжээчээр томилсон, дээрх холбооноос “Мөнх эстимэйт” ХХК-ийг томилсон баримтгүй, түүнчлэн зохигч дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь бодит хохирол учирсан, хугацаа алдаж явсан, хариуцагч болсон процессыг нуун дарагдуулсан, гэм буруутай гэж дүгнэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч хариуцагч “Э” ХХК-иас гэм хорын хохиролд 25.000.000 /хорин таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн П нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧИД Ж.СЭМЖИД
Б.МӨНХЖАРГАЛ