Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 653

 

.

 

 

 

 

 

2019         7               2                                             2019/ДШМ/653

 

                                                   Н.Н-ад холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ  даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Н.Н-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Н-ад холбогдох эрүүгийн 1808053590144 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дөш овгийн Н.Н-, 19... оны .... дугаар сарын 14-ний өдөр ............. аймгийн ............ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ............хамт ....... аймгийн ........ сумын 4 дүгээр баг, ............. гудамжны 4......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ................. тоот ............ дэлгүүрийн хажуу талд байрлах нийтийн байрны .......... тоотод түр оршин суух, /РД: ............../;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Н.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны сааданд иргэн Ц.Ц-д “гар утсаар чинь яриад өгье” гэж Samsung-S8 загварын гар утсыг нь буюу эд хөрөнгийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокуроfрын газраас: Н.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Дөш овгийн Н.Н-ыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Н.Н- нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Ц-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-аас 200.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Ар манхан” барьцаалан зээлдүүлэх газар /Д.Доржсайхан/-т олгуулахаар тогтоож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Н.Н-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Н.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие ажил хөдөлмөр эрхлэлгүй, бусдын эд зүйлийг авч хохироосондоо харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарна гэдгээ амлаж байна. Надад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралд шүүгдэгч Н.Н- нь өмгөөлөгчгүй оролцсон байсан. Иргэний нэхэмжлэгчийн 200.000 төгрөгийг төлсөн. Баримтыг нь гаргаж өгч байна. Шүүгдэгч Н.Н- нь бүтэн өнчин өссөн. Хэдий тийм боловч мэргэжил, боловсрол эзэмшиж ажил төрөл хийж байсан байдаг. Ар гэр гэх хүмүүс байхгүй. Би өөрөө улсын өмгөөлөгч. Өөрийнх нь хүсэлтээр томилогдон ажиллаж байна. Үйлдсэн хэргийн хувьд хөнгөн хэрэгт холбогдсон. Учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Мөрдөн байцаалтын шатанд саад учруулахгүйгээр анхнаасаа хэргээ хүлээн мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг дүгнэхдээ өмнөх ял шийтгэлтэй байдлыг тодорхой хэмжээгээр харгалзсан байдал харагддаг. 2015 оны Эрүүгийн шинэчлэн найруулсан хуульд ялтай байдал гэж байхгүй болсон. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Н.Н- нь 3 сар 25 хоног цагдан хоригдсон байгаа. Иймд шүүгдэгч Н.Н-ын ялыг хөнгөрүүлж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Н-ад холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Н-ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж шийдвэрлэсэн байгаа. Үүнд прокурорын зүгээс маргаагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Н-ад ял оногдуулахдаа гэмт хэргийн нөхцөл байдал болон хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. 2012 онд ял шийтгүүлсэн хэрэг нь мөн адил аргаар буюу хохирогчийг хуурч мэхлэх аргаар үйлдэгдсэн байдаг. Өөрийн хийсэн үйлдэлдээ ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Н.Н-ад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэлэлцэж байгаа боловч тухайн гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Н.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны сааданд иргэн Ц.Ц-д “гар утсаар чинь яриад өгье” гэж 850.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс /Samsung S/-8 загварын гар утсыг нь хуурч, залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ц.Ц-гийн “би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны сааданд эгч Ц.Хорлоог хүлээгээд зогсож байтал 25-26 насны 160 см орчим өндөртэй хар куртиктай залуу ирээд, “хоёулаа танилцъя, би эх нялхсын хүлээн авах тасагт ажилладаг, намайг Даашка гэдэг, би 91 оных” гэж өөрийгөө танилцуулсан. ... Тэгээд 8 дугаар байрны сааданд нөгөө залуугийн хамт зогсож байх үед нөгөө залуу надад “гар утсаа өгч байгаач, эгчтэйгээ ярьчихаад өгье” гэж хэлсэн.  Би түүнд гар утсаа өгөхөд миний гар утсаар хүн рүү залгаад ярьж байгаад шууд зүүн зүг рүү миний утсыг аваад гүйсэн” гэх мэдүүлэг /хх 20-21/, шүүгдэгч Н.Н-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 39-40/, Ар манхан ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ, тус газрын ажилтан Д.Доржсайханы гэрчийн мэдүүлэг /хх 25/, тухайн гар утсыг 850.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 30/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Н-ын үйлдлийг прокуророос “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль авч дээрэмдсэн” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд, “хуурч, залилан авч, хохирогчид 850.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.Н- “дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарна гэдгээ амлаж байна, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Н.Н-ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор уршиг, иргэний нэхэмжлэгчид гаргуулахаар анхан шатны шүүхийн заасан 200.000 төгрөгийг төлж барагдуулсан байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тухайн зүйл хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 6 сар хорих болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгөх тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Н.Н- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч “Ар манхан” барьцаалан зээлдүүлэх газарт олгуулахаар шийдвэрлэсэн 200.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.  

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, “тэнсэж өгөх” талаар гаргасан шүүгдэгч Н.Н-ыг давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧ                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ