Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Э.Одончимэг

шүүгдэгч Д.Ханбат түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 21-нд Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгын 13-604 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ИЭ83032178/ Бөх овогт Даваахүүгийн Ханбатад холбогдох 201626022198 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Ханбат нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 9 цагийн орчимд  Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын урд талын автобусны буудал дээр иргэн Д.Дорлигсүрэнгийн куртикных нь халааснаас SKY VEGA-А900 загварын гар утсыг хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүгдэгч Д.Ханбат шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Яллах баримтанд бүгд үнэн зөв бичигдсэн байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Ханбатын хувийн байдалтай холбоотойгоор:

ял шалгах хуудас /хх-ийн 27/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, өвчний түүх /хх-ийн 30-39/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 896 дугаартай:..Д.Ханбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг тайлбарлан мэдүүлэх чадвартай байна. Ханбат нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл байхгүй байна. Ханбат нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна  /хх-ийн 15/ гэсэн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

    

Шүүгдэгч Д.Ханбат  2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 9 цагийн орчимд  Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын урд талын автобусны буудал дээр иргэн Д.Дорлигсүрэнгийн куртикных нь халааснаас SKY VEGA-А900 загварын гар утсыг хулгайлан авч 220000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчоор Д.Дорлигсүрэнгийн:..2016 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 9 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал дээрээс 3, 4 дүгээр хороолол чиглэлийн автобусанд суух гэж байхдаа халааснаасаа SKY VEGA-А900 загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд ажил дээрээ очоод хулгайд алдсан гар утас руугаа залгахад цагдаа байна та УБХЦГ-ын ГХТН-ийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр ирж өргөдлөө өгөөд гар утсаа ав гэж хэлсэн. Би хулгайд алдсан гар утсаа жинсэн якны баруун талын гадна халаасанд авч явж байсан. 3 сарын өмнө таньдаг хүнээс 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би хулгайд алдсан гар утсаа эргүүлэн авсан.  Надад одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй. /хх-ийн 7/ гэсэн,

 

гэрчээр УБХЦГ-ийн дөрөвдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Б.Батцэнгэлийн:..би 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 9 цагийн орчимд ажил үүргээ гүйцэтгээд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал дээр явж байхад манай халаасны хулгайн хэлтэст бүртгэлтэй байдаг  Ханбат замын урд талын автобусны буудал дээр харагдсан. Тэгэхээр нь би тэр автобусны буудал дээр очиход Ханбат ТҮЦ-ний ар руу орсон. Тэгэхээр нь би Ханбатын араас очоод чи энд юу хийж яваа юм гэхэд Ханбат хулгайлсан SKY VEGA-А900 загварын хар өнгийн гар утас  гаргаж ирсэн. Тэгээд хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаараа ярьсан юм. Утсыг хураан авч эзэнд нь хүлээлгэн өгсөн. /хх-ийн 12/ гэсэн тэдгээрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Түүнчлэн яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй хэдий ч Д.Ханбатын хэрэг бүртгэлтийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

Д.Ханбатын:..би 2016 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 9 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын урд талын автобусны буудал дээр зогсож байхад 3, 4 дүгээр хороолол чиглэлийн автобусанд суух гэж байсан үл таних эрэгтэй хүний куртикны зүүн талын халааснаас хар өнгийн SKY VEGA-А900 загварын гар утсыг хулгайлан авсан. Тэгээд автобусны буудлын хажууд байдаг ТҮЦ-ний ард талд нь гарахад халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч хүрч ирж намайг барьж авсан. Би хулгайлсан гар утсаа цагдаад хураалгасан. Цагдаа эзэнд нь хүлээлгэж өгсөн. Би хулгай хийх үедээ ганцаараа явж байсан. Надад мөнгөний хэрэг гарсан юм тэгээд хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үед хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилготой явж байсан. Би хулгайлсан утсаа эргүүлэн өгч хохиролыг барагдуулсан. /хх-ийн 22/ гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтууд болох  эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /хх-ийн 6/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 7/ зэрэг нотлох баримтуудаар давхар батлагдсан байна.

 

Прокуророос Д.Ханбатад холбогдуулан зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх дүгнэлээ.          

 

Иймд Бөх овогт Даваахүүгийн Ханбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн явцад: шүүгдэгч Д.Ханбатын өмгөөлөгч Л.Ганцэцэгээс...хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн тул Д.Ханбатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэсэн тайлбар гаргав.  

 

Шүүгдэгч Д.Ханбат анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо биет байдлаар буцаан төлсөн  боловч, хохирогч Д.Дорлигсүрэн нь шүүгдэгч Д.Ханбаттай сайн дураараа эвлэрсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж  шүүх дүгнэлээ.

 

Харин шүүхээс Д.Ханбатад ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бөх овогт Даваахүүгийн Ханбатыг бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

 

2.Д.Ханбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 100 /нэг зуу/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Д.Ханбат албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар баривчлах ялаар тооцож сольж болох учрыг мэдэгдсүгэй.

 

4.Д.Ханбат цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Ханбатад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ