Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 00172

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Ш.Жавзандуламын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00988 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ш.Жавзандуламын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн 17 дугаар сургуульд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, цалингийн зөрүү, амралтын мөнгө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ш.Жавзандулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймгийн Наран цогцолбор сургуулийн ерөнхий захирлын 2016.08.31-ний өдрийн, Б/48 дугаартай тушаал, мөн тус өдрийн ерөнхий захирал Л.Оюунцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Англи хэлний багшийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан бөгөөд Англи хэлний багш Б.Гүнжлхамын ажилдаа эргэж орох хүртэлх хугацаатай байхаар хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон. Ийнхүү 2016.08.31-ний өдрөөс 2017.01.06-ны өдрийг хүртэл Наран цогцолбор сургуульд Англи хэлний багшаар ажилласан ба Орхон аймаг, Баян-Өндөр сумын Наран цогцолбор сургуулийн ерөнхий захирлын 2017 оны 01 сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай тушаал гарч бөөн нэр бүхий 22 багшийг 17 дугаар сургуульд хийж гүйцэтгэж байсан ажил албан тушаал өөрчлөгдөхгүйгээр шилжүүлсэн. Миний бие 17 дугаар сургуульд Англи хэлний үндсэн багшийн хийж гүйцэтгэдэг ажил үүргийг гүйцэтгэж байсан ба цагийн багшийн цалин авч ажиллаж байсан. Энэ нь миний үндсэн багшаар ажиллаж байхдаа авдаг байсан цалингаас хэт доогуур цалин юм. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар дунд сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 14-ний өдрийн Б/40 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэ нь миний Хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь миний бие анх ажилд орохдоо Б.Гүнжлхам багшийг эргэж ирэх хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба Б.Гүнжлхам эргэж ажилдаа ороогүй байхад ажлаас чөлөөлсөн нь буруу юм. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р дунд сургуулийн Англи хэлний багшийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, цалингийн зөрүүг тус тус гаргуулж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Жавзандулам нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Ш.Жавзандулам нь 17 дугаар дунд сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн, Б/40 дугаартай Ш.Жавзандуламыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас буруу халагдсан. Ийнхүү ажлаас халсан тул Ш.Жавзандуламд амралтын мөнгө олгогдоогүй юм. Иймээс дээрх нэхэмжлэлийн шаардлага дээр амралтын мөнгийг бодож олгохыг хариуцагч байгууллагад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч 17 дугаар сургууль шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ш.Жавзандулам нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Наран цогцолбор сургуулийн захирлын Б/48 тушаалаар Б.Гүнжпхам багш 1 жилийн чөлөө авсан тул ажилдаа эргэн орох хүртэлх хугацаагаар англи хэлний багшийн ажилд томилогдсон байна. Багш Б.Гүнжпхам нь 17 дугаар сургуулийн үндсэн багш бөгөөд сургуулийн байр ашиглалтанд орох хүртэл хугацаагаар Наран цогцолбор сургуульд түр шилжин ажиллаж байсан.Улмаар багш Б.Гүнжлхам нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр чөлөөний хугацаа дуусгавар болсон тул ажилдаа эргэн орох хүсэлтээ өргөдлөөр сургуулийн захиргаанд гаргасан. Багш Б.Гүнжлхамын өргөдөл, хөдөлмөрийн гэрээний хугацааг үндэслэн түүний оронд түр ажиллаж байсан багш Ш.Жавзандуламыг сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 14-ний өдрийн Б/40 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ш.Жавзандулам нь Б.Гүнжлхам багшийн оронд түр ажиллаж байсан нь Наран цогцолбор сургуулийн захирлын Б/48 дугаартай тушаал,114 дугаартай албан тоотоор нотлогдож байна.

Ийм учраас Ш.Жавзандуламын гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00988 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Жавзандуламыг 17 дугаар сургуулийн Англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, цалингийн зөрүү, амралтын мөнгө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Жавзандуламын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч 17 дугаар сургуулиас 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Ш.Жавзандулам нь 17-р сургуульд Англи хэлний үндсэн багшийн хийж гүйцэтгэдэг ажпыг хийж гуйцэтгэж байсан ба цагийн багш гэх нэрийн доор үндсэн багшийн цалингаас дутуу цалин авдаг байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 233.1-д Ажил олгогч цагаар ажиллах ажилд ажилтан авч ажиллуулж болно, 233.2. “Цагаар ажиллах” гэж ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ, 233.3,Цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг талууд харилцан тохиролцож тусгана гэж тус тус заасан.

Наран цогцолбор сургууль Ш.Жавзандуламыг англи хэлний багшаар ажиллуулахдаа Б.Гүнжлхам багшийг ажилдаа орох хүртэл хугацаагаар гэж хөдөлмөрийн гэрээгээр тохирсон байсан боловч 17 дугаар сургуульд шилжин ирэх үед Ш.Жавзандуламыг цагаар ажиллуулахаар шийдвэрлэн тушаал гаргаж, нэхэмжлэгч үүнийг зөвшөөрч 17 дугаар сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 233.2, 233.3-д заасныг зөрчөөгүй байна гэсэн нь буруу байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалт нь Ш.Жавзандуламыг 17-р сургуулийн захиралтай Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед буюу 2017 оны 01 дүгээр сард Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдаагүй байсан бөгөөд 2017 оны 04 дугээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэмэгдсэн. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.Жавзандулам ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас нь чөлөөлсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Жавзандулам Баян-Өндөр сумын Наран цогцолбор сургуульд англи хэлний багш Б.Гүнжлхамыг ажилдаа буцаж орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан ба тус сургуулийн захиралын 2017 оны 1 дүгээр сарын 06 ны өдрийн № Б/01 дүгээртэй тушаалаар нэр бүхий 23 багш, менежертэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж улмаар 17 дугаар сургуульд шилжүүлсний дараа тэрээр 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрлөх хугацааг 6 сараар харилцан тохиролцсон байх ба ажил олгогч гэрээний хугацаа дуусаагүй байхад 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Жавзандулам цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжилсэн боловч цалингийн зөрүүг тооцохдоо сард хэдэн төгрөгийн цалин авахаас хэдэн төгрөг дутуу авснаар цалингийн зөрүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, ажилгүй байсан хугацааны цалинг ямар хугацаагаар тухайлбал хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаагаар тооцсон эсэх нь тодорхой бус энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байхаас гадна сард цагийн багшаар хэдэн цаг ажиллаж байсанг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул зөвхөн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингаас цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцох боломжгүй ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Ш.Жавзандуламыг англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, цалингийн зөрүү, амралтын мөнгө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч цалингийн зөрүү түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх, цуглуулах талаар хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан “нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2017/00988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.БАТТӨР

 

                     ШҮҮГЧИД                                                            Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ