Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/576  

 

 

 

 

 

 

 

                       

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Э.Б-, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З- овогт Э-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210011630752 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй дээд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, “Говь Хармагтай” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр байрны 06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 499 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, З- овогт Э-ийн Б- /РД: ЛЮ89022171/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.Д-тай маргалдаж, улмаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 94 дүгээр байрны гадаа Тоёота Приус маркийн 00-00 УБЯ улсын дугаартай автомашин дотор гараараа цохих байдлаар зодож эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхи, дээд уруул, хүзүү, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

 

          Шүүгдэгч Э.Б-: “...Болсон асуудлыг талаар урьд цагдаагийн байгууллагад мэдүүлэг, тэр мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч А.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны орой ...машин дотроо сууж байгаад ярилцья гээд гарсан, нөхөр Б- байрны доод талын дэлгүүрээс хоёр лааз пиво авсан, ...машин дотор ороод юм яриагүй байж байхад нөхөр хоёр лааз пивоо уугаад нэг эрэгтэй найзтайгаа чаталсан миний чатыг гаргаж ирээд надад харуулаад учир зүггүй зодож цохиод эхэлсэн, уул нь нээх сүртэй ч чат байгаагүй юм. Тэгээд Б- миний үснээс зулгаагаад миний нүүр рүү толгой руу баруун зүүнгүй цохисон...” /хавтас хэргийн 14-16 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ...эхнэр бид хоёр машиндаа суугаад юм ярьж байсан, ...эхнэр гэр бүлээс гадуурх харилцаанд орсон, ...нөгөө залуутай нь нүүрэлдээд уулзъя гэхэд дургүйцээд байхаар нь уур хүрээд эхнэрийгээ цохиж зодсон...” /хавтас хэргийн 34-35 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №6147 дугаартай дүгнэлтэд: “...1. А.Д-гийн биед баруун дээд, доод зовхи, дээр уруул, хүзүү, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвал алдалтад нөлөөлөхгүй.

4. А.Д-гийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх 2022.04.18-нд үүсгэгдсэн байх боломжтой...” /хавтас 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/,

- Аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 9 дэх тал/,

- Хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 10-11 дэх тал/,

- Шүүгдэгч Э.Б-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 37 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 43 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 39-40 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 59-64 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Д-тай маргалдаж, улмаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 94 дүгээр байрны гадаа Тоёота Приус маркийн 00-00 УБЯ улсын дугаартай автомашин дотор гараараа цохих байдлаар зодож эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхи, дээд уруул, хүзүү, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Д-гийн “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны орой машин дотроо сууж байгаад ярилцъя гээд гарсан, нөхөр Б- байрны доод талын дэлгүүрээс хоёр лааз пиво авсан, ...машин дотор суугаад юм яриагүй байж байхад нөхөр авсан хоёр лааз пивоо уучихсан, тэгээд миний нэг эрэгтэй найзтайгаа чаталсан чатыг гаргаж ирээд надад харуулаад учир зүггүй цохиод, зодож эхэлсэн, нээх сүртэй чат байгаагүй юм. Тэгээд Б- миний үснээс зулгаагаад миний нүүр, толгой руу баруун зүүнгүй цохисон...” /хавтас хэргийн 14-16 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Э.Б-ын “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ...эхнэр бид хоёр машиндаа суугаад юм ярьж байсан, ...эхнэр гэр бүлээс гадуурх харилцаанд орсон, ...нөгөө залуутай нь нүүрэлдээд уулзъя гэхэд дургүйцээд байхаар нь уур хүрээд эхнэрийгээ цохиж зодсон...” /хавтас хэргийн 34-35 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №6147 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: А.Д-гийн биед баруун дээд, доод зовхи, дээр уруул, хүзүү, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвал алдалтад нөлөөлөхгүй. А.Д-гийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 9 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 10-11 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч А.Д-гийн эрүүл мэндэд учирсан “...биед баруун дээд, доод зовхи, дээр уруул, хүзүү, баруун бугалгад цус хуралт бүхий...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Б-ын түүнийг цохисон идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Б-ын хохирогч А.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Э.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Э.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч А.Д-гийн эрүүл мэндэд биед баруун дээд, доод зовхи, дээр уруул, хүзүү, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210011630752 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З- овогт Э-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Б-ыг /500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Б- оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210011630752 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР