Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/804

 

 

 

 

 

 

 

 

      2022           6         23                                          2022/ШЦТ/804

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Мад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0849 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7/1-400 тоот хашаанд хохирогч Г.Мөыг асгам тавилаа гэж маргалдаж, улмаар уг тоот хашааны гадна Г.Мөыг хутгаар хатган, зүсэж, олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 706 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд, хохирол төлсөн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.М.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.М нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7/1-400 тоот хашаанд хохирогч Г.Мөыг агсам тавилаа гэж маргалдаж, улмаар уг тоот хашааны гадна Г.Мөыг хутгаар олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Г.Мөын “...тухайн үед согтуудаа хашаанд хамт байдаг хадам ээжийнд орж баз хүргэн Н.Мад хандан амьдрал ахуйгаа олигтой аваад явж бай гэж хэдэн үг хэлээд маргаан үүссэн санагдаж байна. ...Тухайн үед М гэрт байхдаа хутга аваад над руу дайрахаар нь би гарч зугтаагаад хашааны гадаа бүдрээд унасан. Тэгэхэд М ирээд миний хоёр гуянд 2, 2 удаа хутгаар хатгасан, зүүн гарын шуунд 3 удаа хатгаж, 1 удаа зүссэн, зүүн хацарт 1 удаа тус тус хутгаар зүсэж хатгасан. Тэгээд би хэсэг ухаан алдаад сэрэхэд түргэний машинд сэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх20, 23/,

            - гэрч Б.Агийн “....М “ахын дүү одоо унт, би чамд буруу зөв зүйл ярьсан бол уучлаарай” гэсэн чинь “миний амрах амрахгүй нь чамд хамаагүй” гэж маргалдан Мө нь Мын нүүрэн тус газар 1 удаа цохиход хоорондоо барьцалдаж байгаад М гэнэт бор өнгийн иштэй хутга гаргаж ирээд далайхад Мө гэрээс гараад зугтаагаад гүйсэн чинь М нь ардаас нь хутгаа бариад гүйгээд гарахаар нь бид хэд ардаас нь дагаад хашаанаас гарсан чинь шороон зам дээр Мөын гар, гуя хэсэг рүү хутгалчихсан байдалтай байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх26/,

            - гэрч З.Эгийн “...М ах гартаа үзүүртэй юмаар аавын бие рүү нь хурдан хурдан хатгаад байхаар нь би орилоод очоод болиулах гэсэн чинь ойртох юм бол ална шүү гээд байсан. Тэгээд удалгүй ардаас бусад хүмүүс гарч ирээд эмээ Дэлгэрмөрөн ардаас нь хоёр гарыг нь барьж байхад О хутгыг нь тавиулаад газар дарсан юм. Тэгээд аав Мөыг гэрт оруулсан чинь гуя, бөгснийх нь дээд хэсгээс, гарын шуу хэсгээс болон нүүр хэсгээс нь цус гараад тогтохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх26/,

            - гэрч Б.Дэгийн “...Тэгэхэд М нь гүйж очоод хутгатай гараараа Мөын хөл, гуя руу нь чичээд хатгаад байх шиг байсан. Тэгэхэд Мө эргэж хараад М ахаа болъё гэхэд зүүн гар, нүүрийг зүсээд хатгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх34-35/

            - гэрч М.Оын “...Тэгээд би яваад очтол М нь гартаа хутга барьсан ойртуул ална шүү гээд байсан. Тэгээд Эгийн ээж нь хутгатай гарыг нь барьж авахаар нь би дээрээс дарж унагаагаад хутгыг нь салгаж авсан. ...Мө хэдийнээ хутгалуулаад цус гарсан байдалтай ухаан балартсан хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх42/,

            - 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-8/,

- шүүгдэгч М.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Тэгэхээр нь баруун гуя руу нь 2, 3 удаа хутгаараа хатгахад Мө эргэж дээшээ хараад М ахаа болъё оо гэж хэлсэн. Тэгээд би дахиж хутгаар хатгаагүй болиод зогсож байхад Мөын охиных нь найз залуу Одко гэх залуу гүйж ирээд намайг тэврээд хутгыг салгаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх30/ зэргээр нотлогдож байна.       

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5272 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Г.Мөын биед зүүн хацар, шуу, баруун ташаа, баруун гуя, зүүн гуянд зүсэгдсэн шарх, нуруу, баруун тохой, баруун шуунд зулгаралт, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх50/,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 382 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлтэд Г.Мөын биед зүүн хацарт 1,2 см, зүүн шууны гадна доод хэсэгт 1,0 см, дунд хэсэгт 1,0 см, 1,2 см, 1,6 см хэмжээтэй гурван ширхэг, баруун ташааны доод хэсэгт 2,0 см, баруун гуяны гадна хэсэгт 2,1 см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 2,2 см, 2,6 см хоёр ширхэг оёдол тавигдсан зүсэгдсэн шарх, нурууны зүүн дээд хэсэгт 9,0х6,0 см, баруун доод хэсэгт 6,0х11,0 см, зүүн доод хэсэгт 9,0х1,5 см, баруун тохойд 1,5х1,0, 0,6х0,3 см, 0,5х0,3 см, 3,0х1,0 см, баруун шууны гадна дунд хэсэгт 0,6х0,3 см, 0,5х0,4 см, 0,9х0,2 см хэмжээтэй зулгаралт, зүүн шууны гадна дунд хэсэгт 6,0х 5,0 см, зүүн гуяны гадна дээд хэсэгт 6,5х4,5 см хэмжээтэй цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй...” гэжээ. /хх55/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн хацар, зүүн шуу, баруун ташаа, баруун, зүүн гуя хэсэгт нийт 9 удаа хутгаар зүсэж, хатгасан үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Хүний эрүүл мэндэд гэмтэл учруулахдаа онц харгис хэрцгийгээр буюу хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулж, түүнийг шаналган зовоох аргаар үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэг. Шүүгдэгч М.М нь хутгаар хохирогчийг олон удаа зүсэж хатгасан шинж байдлыг онц харгис хэрцгий аргад хамааруулан үзсэнийг үндэслэлтэй гэж дүгнэв.  

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Г.Мө нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор М.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.     

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч М.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

8. Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

9. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Г.Мө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч М.Мад агсам тавьж биед нь халдсанаас шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

11. Иймд шүүгдэгч М.Мыг гэмт хэрэг үйлсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, 59 настай хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах боломжтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хортиця” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгаж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хортиця” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорыг арилгахад гарсан эмчилгээний зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР