| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2022/0041/Э/205/2022/0030 |
| Дугаар | 2022/шцт/42 |
| Огноо | 2022-07-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/шцт/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч Ж.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мутар овогт Ж.О-д холбогдох эрүүгийн 2224000000054 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....... оны....... дугаар сарын ........-нд ..... аймгийн .... суманд төрсөн, ... настай,........, ............ боловсролтой, мэргэжилгүй, ........... хотын .......... дүүрэгт ........... амралтын газарт зохион байгуулагч ажилтай, ........ хотын ............ дүүргийн ..... дугаар хороо ...... хороолол ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, ................регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Мр овогтой Ж.О
Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 10 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн Ялаатын хэсгийн 3-2 тоот хашаанд байрлах Ч.П-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор нэвтрэн орж Орос улсад үйлдвэрлэгдсэн К1845 гол төмрийн дугаартай, 1845 замагны дугаартай Тоз-8 маркийн бууг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогч Ч.П-т 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас нотлогдож байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Харин Ж.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан журмыг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой. Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой боловч зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчид ашиггүй учраас Өршөөлийн хуулийг хэрэглэх шаардлагагүй. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцэгч талуудаас шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:
Хохирогч Ч.П-ийн: “...2018 оны 10 дугаар сарын 20-25-ны үед Нөмрөг сумын Хайрхан багт хөдөө мал дээр байж байгаад сумын төв дээр байдаг гэртээ ирсэн чинь буу алга болсон байсан... 2018 онд манайх 2 гэртэй байсан. Нэг гэр нь Нөмрөг сумын Хөдрөг нэгдүгээр багт сумын төв дээр Ялаатын хэсэг 3-3 тоотод хашаанд байх монгол гэр байсан. Нэг гэр нь Нөмрөг сумын Хайрхан багт хөдөө намаржаандаа мал дээрээ байсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдөө явж гэртээ байж байгаад 10 дугаар сарын 25-ны өдөр төвийн гэртээ ирэхэд гэрийн тооноор хүн ороод миний эзэмшлийн бичиг баримттай Тоз-8 маркийн бууг авсан байсан. Тухайн үед гэрийн цоож, унь, тооно бүтэн, эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй байсан. Гэрийн цагаан бүрээсэн дээр нэг гутлын мөр байсан... 2022 оны 06 дугаар сарын 07-ны 19 цаг 20 минутад өөрийн эзэмшлийн Тоз-8 маркийн буугаа хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Т.Б-ийн: “... Би 2020 оны 06 дугаар сарын сүүлчээр байх Түдэвтэй сумын Ойгон багийн иргэн Т-ээс Тоз-8 маркийн 1845 гэсэн гол төмөр болон замгийн дугаартай бууг гуйж аваад ашиглаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 20-ны үеэр тухайн бууг Т-ээс 500,000 төгрөгөөр худалдаж авсан юм. 2021 оны 12 дугаар сард Түдэвтэй сумын Сум дундын цагдаагийн хэсэгт бичиг баримттай болгох гээд өгсөн байтал цагдаагаас над руу яриад таны буу өөр хүний нэр дээр бүртгэлтэй хулгайн буу байна гэж хэлсэн. Тэгээд би энэ бууг бүртгэлтэй хулгайн буу гэдгийг мэдсэн. Би бууг хулгайлсан гэх Ж.О-аас 500,000 төгрөгөө гаргуулж авсан, надад гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р тал/,
Гэрч Б.Т-ийн: “...2019 оны 08 дугаар сарын үед би Нөмрөг сумаас хүнээс трактор худалдаж авах гэж очоод Нөмрөг сумын төв дээр Ж гэдэг айлд орсон. Цай уугаад сууж байгаад харсан нэг буу байсан, тэгэхээр нь би энэ буугаа зарах юм уу гэсэн Ж- хүү О зарна ах гэсэн тэгээд би тэр бууг 140,000 төгрөгөөр авсан. Тус буу нь тусгал муутай байсан гэртээ авчирч тусгалд оруулаад барьж байгаад 2020 оны 06 дугаар сард Б гэдэг хүнд 500,000 төгрөгөөр зарсан...” “...Тухайн үед би Ж гэдэг хүний буу юм байна гэж бодсон, хүү нь мэдээд байхаар нь аавынхаа бууг мэдэж байгаа юм байлгүй гээд анзаараагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45-48-р тал/,
Гэрч Д.А-ын: “...2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би П-т Тоз-8 бууг 700,000 төгрөгөөр буюу нэг мориор зарж байсан. Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн харааны тусгал нь 200 метрийн байсан санагдаж байна. Тухайн үед бичиг баримт байхгүй. Би 2014 оны Б-ээс хязаалан үрээгээр худалдаж авч байсан. Бичиг баримт байхгүй гээд бичиг баримтгүй худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 53-р тал/,
Шүүгдэгч Ж.О-ны: “...2018 оны 10 дугаар сард би өдрийг сайн санахгүй байна, гэртээ утсаа оролдоод сууж байтал аав утсаа боль гэхээр нь би уурлаад ээж рүүгээ явлаа гээд гэрээсээ гарсан. Тухайн үед манайх сумын төвийн Лагерын 6-1 тоотод амьдардаг байсан юм. Би гэрээсээ гараад урагшаа яваад сумын ЗДТГ-ын хойд талд байрлах хуучин цэцэрлэгт ороод унтах гэсэн аймар хүйтэн даараад байхаар нь би цэцэрлэгийн баруун талын хашаан дотор байсан эзэнгүй айлын тооноор нь ороод унтчихсан, өглөө 07 цагийн үед босоод гарах гэсэн гэрийнх нь хойморт байрлах 2 авдрынх дунд талд байсан бууг нь аваад гараад явсан. Би нөгөө бууг авч яваад хашаан дотор байрлах муу амбаарынхаа дээд талд хийчихсэн. Түүнээс хойш 1 жил гаруй хугацааны дараа манай аав амбаараа буулгаж байгаад нөгөө бууг гаргаад ирсэн. Тэгээд надаас ямар учиртай буу болохыг асуухлаар нь би Н ах надад өгсөн буу байгаа юм гэж хэлээд өнгөрсөн. Намар 9 сарын орчимд Т ах манайд ирээд авдрын заагаар тавьчихсан байсан бууг хараад энэ буугаа зарах уу гэхлээр нь зарна гэж хэлээд нөгөө буугаа Т ахад 140,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8-р тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-14-р тал/,
Хурд-Од ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт, /хх-ийн 65-66-р тал/,
Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд болох.
Гэрч Э.Б, Т.Б-ын нарын мэдүүлсэн Ж.О-ны тухайд хүнд тусархуу, цайлган зантай хүүхэд байгаа юм. Багаа ажиллах чадвартай. Элдэв гаж буруу зан араншингүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй гэх мэдүүлэг, /хх-58-60-р тал
Мутар овогт Ж.О-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18-р тал/,
Мутар овогт Ж.О Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 38-р хороо, 1-р хороолол, гк 1-р байр, 1 тоотод оршин суудаг гэсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 21-р тал/,
Мутар овогт Ж.О-ны гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 22-р тал/,
Мутар овогт Ж.О-ны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23-р тал/,
Мутар овогт Ж.О-ны төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 24-р тал/,
Ж.О-ны 0129179 дугаартай сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 25-31-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Ж.О-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч М.Гомборагчаа дэмжиж, харин эрүүгийн хариуцлагын хуралдаанд “... Ж.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан журмыг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлж, мөн эрүүгийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой. Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой боловч зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчид ашиггүй учраас Өршөөлийн хуулийг хэрэглэх шаардлагагүй ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.О-ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх хуралдааны тэмдэглэл хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд хуульчлан тодорхойлсон байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д ”Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.О нь 2018 оны 10 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн Ялаатын хэсгийн 3-2 тоот хашаанд байрлах Ч.П-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор нэвтрэн орж Орос улсад үйлдвэрлэгдсэн К1845 гол төмрийн дугаартай, 1845 замгийн дугаартай Тоз-8 маркийн бууг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, уг эд зүйлийг өөрийн үзэмжээр захиран зарцуулснаар хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангаж байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч Ж.О-г гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд Ж.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч нь хохирогчийн гэрт хууль бусаар нэвтрэн орж ТОЗ-8 маркийн бууг хулгайлан авсан, түүнчлэн уг эд зүйлийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж иргэний нэхэмжлэгчид хохирол учруулсан, уг буу нь 700,000 төгрөгийн үнэтэй болох нь хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт бодит хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Ч.П-ийн “... өөрийн эзэмшлийн ТОЗ-8 маркийн буугаа хүлээн авсан санал гомдол байхгүй,...” гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Т.Б-ийн: “..:Би 500,000 төгрөгөө энэ бууг хулгайлсан гэх Ж.О-аас гаргуулж авсан надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.О-нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөн дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл болох шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн хохирлыг мөн бүрэн барагдуулсан байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Отгонцагаан нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 настай өсвөр насны хүн байсан бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд 18 насанд хүрсэн болох нь нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг тусгайлан зохицуулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхээс энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж тус тус заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Ж.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Ж.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан журмыг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой. Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой боловч зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчид ашиггүй учраас Өршөөлийн хуулийг хэрэглэх шаардлагагүй...” гэсэн саналыг гаргав.
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн бол энэ хуулийн 8.6 дугаар зүйл хамаарахгүй...” гэж хуульчилсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, мөн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах зорилгыг агуулах бөгөөд шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.
Мөн түүнчлэн өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг дээрх байдлаар тусгайлан зохицуулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “... Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх..., хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж зааснаас бус заавал хэрэглэх шинжтэй биш байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Харин Монгол Улсын Их хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль баталжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, мөн хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирол төлсөн баримт, хохирогчийн тайлбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг 2018 оны 10 дугаар сард үйлдсэн байх тул энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.
Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Отгонцагаанд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.О нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 1-р хороолол ГК-1-1 тоотод хаягт байнга оршин суух хаягтай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул байнга оршин суух газраас буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М овогт Ж.О-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.О-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жүгдэрнамжилын О-д оногдуулан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. 2021 оны Өршөөлийн үзүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байхаар тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ