Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/864

 

 

 

 

 

 

 

 

 

      2022         7            04                                      2022/ШЦТ/864

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1056 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа өөрийн хамтран амьдрагч Б.Сарантуяаг бусадтай хардан маргалдсаны улмаас Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын 32-572 тоот хашааны гадаа байрлуулсан байсан С.Мөн эзэмшлийн 10-48 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард, урд салхины шил, толь, 4 ширхэг дугуй зэргийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 804 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ш.Б.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Б.Сарантуяаг бусадтай хардан хохирогч С.Мөн эзэмшлийн 10-48 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард, урд салхины шил, толийг чулуугаар цохиж хагалан, 4 ширхэг дугуйг хутгаар зүсэж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь хохирогч С.Мөн “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 32-572 тоотод манай төрсөн ах С.Нямлхагвын хашаа байшин байдаг бөгөөд би хашаанд нь өөрийн эзэмшлийн 10-48 УНВ улсын дугаартай машинаа тавьдаг юм. Манай ахынх саяхнаас хашаандаа үл таних айл зарын дагуу буулгаад 7 хонож байгаа юм. Тэгээд би 2022 оны 5 дугаар 02-ны өдөр ахынхаа хашааны гадаа өөрийн эзэмшлийн 10-48 УНВ улсын дугаартай машинаа тавиад гэртээ хоноод, өглөө гараад ирсэн чинь миний машины урд, хойд салхины шил, 4 ширхэг дугуй, баруун талын толь зэргийг хагалаад, дээвэр болон банкны тагийг өшиглөж гэмтээсэн байсан. Тэгээд учрыг нь манай ахын хашаанд буусан айлын Са гэдэг хүнээс асуухад “манай хамтран амьдрагч Ш.Б өчигдөр орой таны машиныг хардалтаас болоод эвдсэн” тухай ярьсан. Надад Б 1.800.000 төгрөгийг миний данс руу шилжүүлэн хохирлыг маань барагдуулсан гэжээ. /хх15, 62/,

- гэрч Б.Саийн “...Тэр өдөр манай хамтран амьдрагч Ш.Б 20 цагийн орчим гаднаас согтуу орж ирээд...согтуурхаад, элдэв янзын хүмүүстэй хардаад байхаар нь би тоогоогүй. Гэтэл уурлаад гадагшаа гарч яваад 30 орчим минутын дараа бүр согтчихсон, 2 гартаа чулуу атгачихсан “энэ машиныг чинь эвдээд, шатаагаад, дуусгаад өгье” гээд орилж орж ирснээ буцаад гарахаар нь би араас нь дагаад гарахад манай хашааны гадаа байсан Мөн машиныг чулуугаар цохиод эхлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн чинь Б үргэлжлүүлээд машиныг нь хөлөөрөө өшиглөөд, урд хойд цонхийг нь хагалаад, дээр нь гарч дэвхцээд, удалгүй гэр рүү гүйж орж гарч ирснээ нэг зүйлээр уг машины 4 дугуйг хагалаад дуусах үед цагдаа ирээд Бийг авч явсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх20/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-5/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            3. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Мөн эд хөрөнгөд /4 ширхэг дугуй, урд салхины шил, хойд салхины шил, автомашины дээвэр, банкны таг, баруун толь/ 1.800.000 төгрөгийн хохирол учирсан нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 820 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх29/ нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч төлжээ.

4. Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг гэмтээж хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан нь гэмт хэргийн шинжтэй байна. 

            5. Иймд шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Шүүгдэгч нь хохирогчид 1.800.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

8. Шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож байна гэжээ.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ш.Б нь хохирогчид учруулсан хохирлыг үнэлгээгээр тогтоогдсон хэмжээнд төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, учирсан хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

11. Иймд шүүгдэгч Ш.Бийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийг 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР