| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2020/0034/э |
| Дугаар | 2022/шцт/33 |
| Огноо | 2022-05-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2022/шцт/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч Л.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогтой Л.Б-д холбогдох эрүүгийн 2123001470043 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ........ оны......... дугаар сарын ........-нд ......... аймгийн ........ суманд төрсөн, ...........настай, эрэгтэй, ...........боловсролтой, ......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .................... хүүхдийн хамт .......... аймаг .............сумын .......... багийн ...........ы гудамж ........ тоотод оршин суудаг, ................................., ..................... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй .......... овогтой Л-ын Б.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Л.Б нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын 2016 оны 153 дугаартай тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.5.3 дахь хэсэгт заасан төслийг хэрэгжүүлэх иргэн хуулийн этгээдтэй зохих журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хууль тогтоомжоор олгогдсон албаны үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Оёдлын газар ажиллуулах зориулалтаар төсөл бичиж 2,000,000 төгрөгийн зээл авсан иргэн Б.Э-ээс зээлийн үлдэгдэл төлбөр болох 570,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1/03 дугаартай албан бичгийг тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулж иргэн Б.Э-т давуу байдал бий болгосон,
-2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Талх нарийн боов үйлдвэрлэх зориулалтаар төсөл бичиж 10,000,000 төгрөгийн зээл авсан иргэн Ц.Ч-ийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 7,700,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 01/33 дугаартай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулж иргэн Ц.Ч-т давуу байдал бий болгосон,
-2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Монгол гутал оёх зориулалтаар төсөл бичиж 2,000,000 төгрөгийн зээл авсан иргэн С.Ш-аас зээлийн үлдэгдэл төлбөр болох 1,028,000 төгрөгийг төлүүлэхээр Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 01/84 дугаартай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулж иргэн С.Ш-д давуу байдал бий болгосон,
-2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Алт мөнгөний дарханы газар ажиллуулах зориулалтаар төсөл бичиж 750,000 төгрөгийн зээл авсан иргэн Б.Р-ийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 4,275,000 төгрөгийг төлүүлэхээр Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 01/159 дугаартай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулж иргэн Б.Р-д давуу байдал бий болгосон,
-2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зайрмаг үйлдвэрлэх зориулалтаар төсөл бичиж 4,000,000 төгрөгийн зээл авсан иргэн С.Б-ын зээлийн үлдэгдэл төлбөр болох 3,710,000 төгрөгийг төлүүлэхээр Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 01/113 дугаартай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулж иргэн С.Б-т давуу байдал бий болгосон,
-2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мод модон эдлэл үйлдвэрлэх зориулалтаар төсөл бичиж 5,000,000 төгрөгийн зээл авсан иргэн Е.Т-ийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 1,180,000 төгрөгийг төлүүлэхээр Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 01/48 дугаартай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулж иргэн Е.Т-д давуу байдал бий болгосон
-2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр авто засвар ажиллуулах зориулалтаар төсөл бичиж 3,000,000 төгрөгийн зээл авсан иргэн Б.Б-ийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 380,000 төгрөгийг төлүүлэхээр Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1/160 дугаартай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулж иргэн Б.Б-д давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Иргэний нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, улсын яллагчаас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг зээл авсан иргэдээр нөхөн төлүүлсэн, Б.Б нь төлбөрийн чадваргүй гэхээр нь түүний төлөх ёстой 553,320 төгрөгийг би өөрөө хувиасаа төлсөн. Дээрх зээл авсан иргэд бүгдээрээ л зээлээ төлөх боломжгүй хүнд байдалд байна гэж гуйж ирэхээр нь түр хойшлуулаад өгчихвөл удаахгүй төлчих байх гэж итгэж, хүмүүст тус болох санаатай албан бичиг хийж өгсөн. Тухайн үед албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, гэмт хэрэг үйлдэж байна гэж бодоогүй. Тодорхой хугацаанд энэ сумын засаг даргаар ажиллаж байсан, иргэдийнхээ амьдралыг мэдэх хүний хувьд тус дэм болж байна гэж ойлгосон. Энэ талаар мэдлэггүйгээсээ болоод ийм байдалд хүрсэндээ харамсаж, гэмшиж байна, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэний нэхэмжлэгч Б.О-ийн “...Тус сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан Б.Р нь зээлийнхээ үлдэгдэл 2,795,000 төгрөгийг 2021 оны 02 сарын 15-нд төлж барагдуулсан болохоор одоо энэ хүн зээлийн төлбөр байхгүй гэсэн үг. Харин Ё.Т гуайн зээлийн үлдэгдэл төлбөр нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,450,410 төгрөгийн үлдэгдэлтэй байсан юм. Энэ хүн маань 2020 оны 09 сард нас барсан. Ё.Т гуай анх сум хөгжүүлэх сангаас 2013 онд 5,000,000 төгрөгийн зээл авахдаа ямар нэгэн хамтран зээлдэгчгүйгээр дангаараа авсан. Ингээд энэ хүн нас барсан, хоёрдугаар хамтран зээлдэгч байхгүй болохоор хариуцагч байхгүй болчхоод байгаа юм. С.Ш нь 2013 онд 2,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. 2021 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл, хүү, алданги нь бүгд нийлээд 1,352,000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа, төл гэж шаардахаар мөнгөний боломжгүй байгаа учраас төлнөө л гэдэг зүйлийг хэлдэг. Б.Э гэж хүн 2013 оны 2,000,000 төгрөгийн зээл авсан ба 2021 оны 12 сарын 31- ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги тооцогдоод нийт 741,000 төгрөг төлөгдөөгүй байгаа. С.Б нь анх 2014 онд 4,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги нь нийлээд 4,638,007 төгрөг төлөгдөөгүй байгаа. Ц.Ч гэж хүн 2014 онд 10,000,000 төгрөгийн зээлийг авсан байна. 2021 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангитайгаа нийлээд 9,549,019 төгрөгийг төлөөгүй байгаа. Б.Б нь анх 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 3,000,000 төгрөгийн зээл авч байсан. 230,000 төгрөг үлдэж энийгээ тушаалгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/160 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулсан байна. 230,000 төгрөг нь бол үндсэн төлбөр харин 150.000 төгрөг болохоор 2013 оноос 2018 оныг дуустал бүтэн 5 жилийн хүү, алданги нь бодогдоод 380,000 төгрөг болж байгаа юм...” гэсэн мэдүүлэг 12- р хх-ийн 8-10, 93-94-р тал/,
Иргэний хариуцагч С.Ш-ын “...Би сум хөгжүүлэх сангаас 2 сая төгрөгийн зээл авч байсан. Ингээд тухайн үед эхнэр Н хамтаар Монгол гутал оёж худалдаалах зорилготой байсан юм. Тэгээд Монгол гутал хийж зарсан боловч тухайн үед мөнгөний ханш муу, хүмүүсийн худалдан авалт байхгүй зэрэг хүндрэлтэй асуудал үүсэж ашиг олж чадалгүй ээ. Ингээд эхнэр бид хоёр сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй болсон, энэ учир шалтгаанаа Тосонцэнгэл сумын сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэнд үнэн учраа хэлж байсан. Тэгтэл сумын захиргаанаас Иргэний хэргийн шүүх рүү нэхэмжлэл гаргаад шилжүүлж байгаа гэж хэлж байсан. Тэгээд түүний дараа удаагүй сум дундын шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс рүү материалыг шилжүүлсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч Л.Ш надтай ирж уулзаад “Ьа сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрөө төлж барагдуул” гэж шахаж шаардаж эхэлсэн. Би тэр Л.Ш-д мөнгө төгрөгийн боломжгүй байгаа үнэн учраа л хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч миний Хаан банкны дансыг хүртэл битүүмжилж хаасан байсан. Дансыг хаагаад битүүмжилчихээр гүйлгээ, орлого зарлага хийж болохгүй маш их хүндрэлтэй болчихдог юм байна лээ. Энэ хүндрэлтэй хэцүү байгаа талаараа шийдвэр гүйцэтгэгч Л.Ш-д хэлэхэд “та Засаг дарга Б-тай уулзаж асуу, би мэдэхгүй, хэрвээ Засаг даргаас чинь зөвшөөрөөд бичиг хийж өгвөл би шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаагаад дансыг чинь нээж өгнө” гэж хэлэхээр нь би захиргаан дээр явж очоод “сум хөгжүүлэх сангаас зээл авсан чинь зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гээд шийдвэр гүйцэтгэлээс миний дансыг хаачихлаа, олон сая төгрөг биш дээ, би ямар ч байсан авсан зээлээ увуулж, цувуулаад төлж барагдуулах болно” гэсэн чинь Засаг дарга Б “За чи төлнө гэж хэлсэн шүү гээд надад бичиг хийж өгсөн юм. Тэгээд би тэр бичгийг аваад Шоонууд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 14-15р хуудас/,
Иргэний хариуцагч С.Б-ын “...2014 онд сумынхаа сум хөгжүүлэх сангаас 4,000,000 төгрөгийн зээл авч байсан. Би сангаас авсан зээлээрээ оёдлын машин болон гэрийн бүрээсийн даавуу болон бусад материалыг Улаанбаатар хотоос худалдаж авахаар эхнэр Д зээ, эмээ, Сэлэнгэ аймгийн гаралтай таньдаг залуугийн хамтаар Тосонцэнгэл сумаас өөрийнхөө хувийн машинтайгаа Улаанбаатар хот руу явах замдаа Архангай аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Ланд-80 машинтай согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж авто аваарт орсон юм. Аваар ослын улмаас миний эмээ, машины ард сууж явсан залуу хоёр газар дээрээ амиа алдаж, ах нь өөрөө, манай эхнэр, зээ бид гурав Архангай аймгийн эмнэлэгт маш хүнд байдалтай очиж хэвтэн эмчлүүлж байсан. Согтуу жолоочийн буруугаас болж хамаг амьдрал маань сүйрч, эрүүл мэндийн болон эдийн засгийн маш их хохирол амссан. Одоо ч уг асуудал Архангай аймгийн шүүх дээр шийдэгдээгүй байгаа. Энэ асуудлаас болж хамаг эд хөрөнгө, эдийн засгаараа хохирч байна. Авто ослын улмаас болж жилд хэд хэдэн удаа УБ хот руу явж эмчилгээнд ордог болсон. Тэрнээс хойш ажил хийж чадахаа байсан, группед орсон учраас сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн юм. Ингээд арга ядаад өнгөрсөн жил сумын Засаг дарга Б-д үнэн учраа хэлээд сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлөх хугацааг боломж бололцоогоороо түр хугацаанд хойшлуулаад өгөөч, надад зээл төлөхөд үнэхээр хэцүү, хүндрэлтэй байна, эхнэр бид хоёр хоёулаа ажил, төрөлгүй, эрүүл мэндийн асуудал хүнд байгаа нөхцөл байдлыг минь ойлгооч гээд хүсэлт гаргаж байсан юм. Гэтэл манай Тосонцэнгэл сумын Засаг дарга Б маань миний зовлон зүдгүүр, зээлээ төлж чадахгүй байгаа хүндрэлтэй байдлыг минь харгалзан үзэж зээл төлөх хугацааг түр хойшлуулж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг / 2-р ХХ-ийн 18-20-р тал/,
Иргэний хариуцагч Б.Э-ийн “...Би 2013 онд сум хөгжүүлэх сангаас 2 сая төгрөгийн зээл авч байсан. Зээл авснаасаа хойш би увуулж, цувуулаад төлж явж байгаад санхүү мөнгө төгрөгийн боломжгүй болоод хэсэг хугацаанд зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байсан юм. Тэгтэл шүүх дээр ч дуудаад, шүүхийн шийдвэр дээр Шоонуу гээд хүүхэн дээр хүртэл дуудагдаж очиж уулзсан. Шүүхийн шийдвэрийн ажилтан Шоонуу намайг та зээлийн үлдэгдэл төлбөрөө төл гэдэг байсан. Үнэхээр мөнгө төгрөгийн боломж байхгүй байсан учраас төлөөгүй юм. Тэгсэн чинь миний дансыг хаачихсан, Л.Ш нь манай гэрт хүртэл ирж уулзаад зээлээ төл гэж шаардаж байсан. Тэгээд би арга ядаад Засаг дарга Баттулгатай уулзаад учир байдлаа ойлгуулаад хэлсэн чинь “Та ямартай ч авсан зээлээ төлөөрэй” гэж хэлсэн. Одоогийн байдлаар би сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох өөрийн тооцоогоор 390,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Би ийм утгатай албан бичгийг сумын Засаг дарга Л.Баттулгаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст очсоныг мэдээгүй, ийм бичиг явуулж байгаа шүү гэж Засаг дарга Б хэлж яриагүй. Харин би Засаг дарга Б-тай өрөөнд нь орж уулзаад “Эгч нь ажил төрөлгүй, цалин орлого муу байна, яах уу” гэсэн чинь та ямар ч байсан удаахгүй төлөлт хийж дуусгаарай гэж хэлснээс өөр зүйл хэлж яриагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-24-р тал/,
Иргэний хариуцагч Б.Б-ийн “...Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Баттулгыг танина. Бид нэг нутгийн нэг хонхорын хүмүүс, Б-ын аав Лгэж тээврийн жолооч хүн байсан. Л бид хоёр тээвэрт хамт явдаг байсан. Тосонцэнгэл сумын “Сүхбаатарч” нэгдэлд хамт ажиллаж байсан. Түүний эхнэр нь Ц гэж сумын нэгдэлд худалдагч хийдэг хүн байсан бид нар найз нөхөд хүмүүс байсан. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч Л.Ш нь над руу утсаар яриад та сум хөгжүүлэх сангаас зээлийн үлдэгдэлтэй байна, өрөө барагдуул гэж хэлсэн. Сумынхаа шийдвэр гүйцэтгэх албан дээр намайг ирж уулз гэж дуудсан. Би тухайн үед Toсoнцэнгэл сумандаа амьдарч байсан тул тэр өдөр нь очиж уулзсан. Тэгсэн намайг та сум хөгжүүлэх сангаас зээлтэй байна, энэ өрөө барагдуул, үгүй бол таны тэтгэврийн дансыг хаалаа гэсэн. Тэгэхээр нь би миний дүү тэтгэврийн данс хаагаад яах вэ, ах нь Төрийн банкнаас очиж тэтгэврийн зээлээ аваад төлье гэсэн. Тэгсэн намайг тэг гэсэн. Ингээд Төрийн банкнаас очиж тэтгэврийн зээл авах гээд очтол миний дансыг хаачихсан байсан. Тэгэхээр нь би буцаад Л.Ш дээр очиж уулзаад миний дүү зээл авах гээд очсон чинь тэтгэврийн данс хаачихсан байна ш дээ гэж хэлсэн. Тэгсэн намайг буцаад яваад оч, эндээс нээлгэе гэж хэлсэн. Тэгээд би Төрийн банкин дээр очоод тэтгэврийн зээл авсан.Зээл авсан мөнгө нь миний гар дээр ч ирээгүй, шууд цаад шийдвэр гүйцэтгэлийн данс руу татаад авчихдаг юм байна лээ. Би зээлээ төлчхөөд Л.Ш-тай очиж уулзаад болсон уу миний дүү гэсэн чинь одоо болсон, та яв яв гэсэн. Ингээд энэ зээлийг би төлөгдөж дуусаад хаагдсан гэж ойлгосон. Би маргааш нь бил үү нөгөөдөр нь Төрийн банкин дээр очоод миний дүү ахынх нь дансанд мөнгө үлдэж үү гэхэд 10,000 бил үү 20,000 төгрөг үлдсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 100-102-р тал/
Гэрч Ц.Ч-ийн “... Миний бие сум хөгжүүлэх сангаас одоогоос 4, 5 жилийн өмнө буюу Б.Т-ийг Засаг даргаар ажиллаж байхад нь талх, нарийн боов гэртээ хийж худалдаанд гаргах зорилгоор 10 сая төгрөгийн зээлийг авч байсан бөгөөд зээл авснаас хойш 2 сая 300 мянган төгрөгийг төлсөн. Авсан зээлээсээ 7 сая гаран төгрөгийн үлдэгдлийг төлж чадаагүй явж байна. Уг нь өнгөрсөн жил үлдэгдэлээ төлчих боломж байсан юм. 2019 онд өөрийн хэдэн адуугаа нэг хужаад 11 сая төгрөгөнд зараад 1 сая төгрөгийг нь урьдчилаад авсан юм. Миний адууг авсан хужаа үлдэгдлийг чинь удахгүй өгнө гэсэн боловч Өвөрмонгол руугаа явчхаад одоогоор орж ирээгүй байгаа юм. Энэ хужаагаас мөнгөө авчих бол сум хөгжүүлэх сангаас авсан зээлийнхээ төлбөрийг төлж барагдуулах болно. Өнгөрсөн жил би сумынхаа захиргааны улсуудтай, мөн Засаг дарга Б-тай зээлээ төлж барагдуулах талаар ярилцаж тохирсон байгаа...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 37-р тал/,
Гэрч Д.М-ны “...Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг Мөнгөн орой нэртэй кафе, пабын үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор 10 сая төгрөгийн зээл авсан. Зээл авснаасаа хойш ганц, нэг удаа төлөлт хийгээд тэрнээс хойш миний бие хаа өвдөөд пабаа ажиллуулж чадахгүй орлогогүй болж сангаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс зээлийг үлдэгдэл төлбөр төлүүлэх зорилгоор манайд хүрч ирээд, данс битүүмжилсэн. Ингэхээр бас хэцүү л байдаг юм байна лээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад эд хөрөнгө, данс тооцоог чинь битүүмжлээд байхаар нь манай нөхөр Чинзориг ч гэсэн сумын Засаг дарга Б-тай орж уулзсан. Би ч гэсэн дараа Б даргатай орж уулзаад хүндрэлтэй байгаа талаараа үнэн учраа хэлээд учирлаад гуйсан, би уйлаад ч хүртэл зээл төлөх хугацааг хойшлуулж өгөөчээ, өнөө маргаашгүй төлөх мөнгө төгрөг алга байна гэсэн чинь Засаг дарга Б “За та миний итгэлийг битгий алдаарай, би өөртэй чинь адилхан амьдрах гээд явж байгаа, нэг удаа зээл төлөх хугацааг чинь хойшлуулж өгье, итгэл битгий алдаарай гэхээр нь асуудалгүй би байшин саваа зараад ч хамаагүй төлнөө” гэж гуйсан юм....” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 248-249-р тал/,
Гэрч П.Р-ийн “...Миний бие 2013 онд тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Т-эй гэрээ байгуулж сум хөгжүүлэх сангаас алт мөнгөний дархан эрхлэх зорилгоор 7,500,000 мянган төгрөгийн зээл авсан нь үнэн. Сумын ШШГХээс миний дансыг хаачихсан байсан. Одоогоос 1 жилийн өмнө миний ээж нас бараад тэр үеэр миний Хаан банкны дансыг шийдвэр гүйцэтгэлийн албанаас хаасан байсан. Ажил явдлын үеэр миний данс руу таньдаг найз нөхөд хамаатан саадангийн улсууд маань буяны мөнгө төгрөг шилжүүлэхэд шийдвэр гүйцэтгэлээс миний данснаас автоматаар татаж авчхаад байсан. Тэгэхээр нь би арга ядаад шийдвэр гүйцэтгэлийн ажилтан Л.Ш, мөн Засаг дарга Б нарт хандаж надад буяны ажил гарчихаад байна, та хэд буяны ажил дуустал миний дансыг түр нээгээд өгөөч авсан зээлээ төлж дууссан байдлаар зохицуулалт хийгээд өгөөч гэж гуйсан. Ингээд сумын Засаг дарга намайг буян номын ажил давхацсан хэцүү үед зээлээ даруй төлөөрэй гэж хэлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлд албан бичиг тоот өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ххийн 39-р тал/,
Гэрч Ш.Т-ын “...Манай хадам аав Т нь сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөгийн зээлийг гар урлал, мужааны чиглэлээр авсан юм...Аав маань 2020 оны 11 дүгээр сард өвчний улмаас нас барсан юм. Би хадам аавыг сум хөгжүүлэх сангаас авсан зээлээсээ 1 сая гаран төгрөгийг төлөөгүй байгаа юм байна гэдгийг мэдэж байна...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 63-р тал/, Гэрч
Л.Ш-ийн “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхээс сумын нэр бүхий 7 төлбөр төлөгчид холбогдох гүйцэтгэх хуудас шүүхийн шийдвэрийн хамтаар миний хариуцсан 49-р тойрогт хуваарилагдаж ирсний дагуу хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгчийг дуудан ирүүлж эрх үүргийг нь танилцуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг олгосон. Шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөр төлөгч арилжааны банкуудад байх дансыг төлбөрийн үнийн дүнгээр битүүмжлэн хасалт хийх тухай мэдэгдлүүдийг арилжааны банкуудад хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төрийн байгууллагуудын цахим лавлагаанаас төлбөр төлөгч нарт холбогдох бүх мэдээлэл, лавлагаануудыг авсан. Миний зүгээс шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-р зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчтэй харилцан тохирч эвлэрсэн тул гүйцэтгэх хуудсыг хааж өгнө үү гэсэн албан тоотуудыг үндэслэж нэр бүхий 7 хүнд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож хаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47-р тал/,
Гэрч Г.З-ийн “...Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын захиалгыг үндэслэн сумдын Сум хөгжүүлэх сангийн 2019 оны зарцуулалт, үр дүнд хийгдсэн нийцлийн аудитаар хэд хэдэн сумдад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудал илэрсэн. Аудитын явцад сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцахад шийдвэр гаргаад байгаа албан тушаалтнууд нь зээлээ хаалгуулж байгаа иргэдтэй шууд харилцаа үүсгэсэн явдал, уг нь бол тухайн иргэн нь зээлийн үлдэгдлээ үнэхээр төлж барагдуулах боломжгүй байсан бол сан хариуцсан мэргэжилтэндээ хүсэлтээ тавиад, сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн нь Засаг даргадаа уламжлах ёстой байтал сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэнг Засаг дарга нь нэг шат алгасаж шийдвэр гаргасан байсан. Сангаас зээл авсан тухайн иргэнээс төлбөр барагдуулах зорилгоор сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн нь хүү, алданги тооцоод иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгдөг. Зээл олгох үйл процесст сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн яах аргагүй оролцож байгаа хирнээ харин зээлийн үлдэгдэл төлбөрийг хаахтай холбоотойгоор огт оролцоогүй байсан нь дээрх 8 сумдад анзаарагдсан... Сумдын Засаг даргаас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлж, улмаар зээл авсан иргэдээс төлбөр гаргуулах зорилгоор хийгдэж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулсан үйлдлийг аудитын байгууллагаас албан тушаалын гэмт хэрэг гэж үзсэн. Тэгээд манай байгууллагаас энэ асуудлыг нарийвчлан шалгуулахаар албан бичгийг прокурорын газарт хүргүүлж байсан юм. Сум хөгжүүлэх сангаас ямар ч иргэн төслөө өөрөө бичээд зээл авах эрх нь нээлттэй. Зээлээ төлөөгүй байгаа тухайн иргэний зээлийг ганц албан бичиг өгөөд хаалгуулчихаар сум хөгжүүлэх санд хохирол учирч байгаа нэг асуудал, нөгөө асуудал нь сангаас зээл авах дараа, дараагийн иргэдийн зээл авах эрхийг боогдуулж хаасан үйлдэл юм. Сум хөгжүүлэх сангийн гол зорилго нь суманд үйлдвэр, үйлчилгээг сайжруулах, үйлдвэр үйлчилгээ сайжирсанаар тухайн иргэний ахуй, амьдрал, цаашлаад сумын хөгжил, дэвшилтэд эерэгээр нөлөөлөх сайн талтай. Сум хөгжүүлэх санг хариуцаж байгаа албан тушаалтан нь тухайн шатны Засаг дарга өөрөө, зээл авсан иргэдийн зээлээ төлөхгүй хууль болон гэрээнд заагдсан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа буруутай үйлдэл дээр дэмжлэг өгөөд байгаа нь өөрөө, өөрийнхөө ажлыг үгүйсгэж байгаа, цаашлаад сумын хөгжил, дэвшилтэд сөргөөр нөлөөлсөн шийдвэр гаргасан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 64-66-р тал/,
Сум хөгжүүлэх сангаас зээл авсан гэрээний хуулбарууд /1-р хх-ийн 64-67, 71-72, 77-78, 81-82, 84-85-р тал/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн албан бичгүүд /1-р хх-ийн 111- 116, 2-р хх-ийн 110-р тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон тогтоолын хуулбар /1-р ХХ-ийн 215, 217, 223, 226, 229, 232-р тал/
Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам, /1-р хх-ийн 206-212-р тал/
Зээлийн гэрээ, Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах тухай хүсэлт, итгэмжлэл, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг тайлбарласан баримт, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, данс битүүмжлэх болон хасалт хийх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийг тэмдэглэл, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол зэрэг баримтууд болно.
мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/129 дугаартай: “.............. сумын .............. нэгдүгээр багийн иргэн Л.Б /РД:..../-ын 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүн адуу-10, үхэр-11, хонь-40, ямаа-40, нийт 101 мал тоологдсон байна...” гэсэн тодорхойлолт /3-р хх-ийн 09-р тал/,
...............д овогтой Л.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын 2-р шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,
Улс төрийн албаны тэргүүний ажилтан өргөмжлөл,№5257 дугаартай “Л.Б нь Монгол улсын ерөнхийлөгчийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар зарлигаар “Алтангадас” одонгоор шагнагдсан...” гэсэн үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно. Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд оршин суух хаягтай, иргэн Б.Э, Ц.Ч, С.Ш, Б.Р, С.Б, Е.Т, Б.Б нар нь хүсэлт гаргаж, тус сумын Сум хөгжүүлэх сангаас үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр зээл авч, уг зээлээ хугацаанд төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг дарга Л.Б нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан байна.
Уг өргөдлийн дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж, эвлэрлийн гэрээ байгуулагдаж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бөгөөд уригдагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудсын хамт Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна.
Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх иргэд нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөөгүй байхад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг дарга Л.Б нь “...шүүхийн шийдвэрийн дагуу сум хөгжүүлэх санд төлбөртэй иргэдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж /гүйцэтгэх хуудсыг/ өгнө үү...” гэсэн агуулага бүхий Б.Э-т холбогдох 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1/03 дугаартай, Ц.Ч-т холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 01/33 дугаартай, С.Ш-д холбогдох 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 01/84 дугаартай, Б.Р-д холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 01/159 дугаартай, С.Б-т холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 01/113 дугаартай, Е.Т-д холбогдох 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 01/48 дугаартай, Б.Б-д холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1/160 дугаартай албан бичгүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.
Дээрх үйл баримт нь 1-р хавтаст хэргийг 162-226, 2 дугаар хавтаст хэргийн 64-95, 111- 116,113-232 дугаар хуудас дахь Зээлийн гэрээ, Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах тухай хүсэлт, итгэмжлэл, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг тайлбарласан баримт, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, данс битүүмжлэх болон хасалт хийх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийг тэмдэглэл, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.1 дүгээр зүйлд ”Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 11.1.9-д “Төрийн улс төрийн албан тушаалтанд бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч хамаарна” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд Тосонцэнгэл сумын засаг дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн улс төрийн удирдах албан тушаалтан мөн бөгөөд шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргаар ажиллаж байсан нь хоёрдугаар хавтаст хэргийн 241- 242 дахь талд авагдсан Завхан аймгийн Засаг даргын 2016 оны Б/141, 2020 оны Б/85 дугаартай захирамжуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьект болох нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.
Гэтэл шүүгдэгч Л.Б нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болсон албан бичгийг үйлдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мөн түүнчлэн шүүгдэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бичигнүүд дээр гарын үсэг зурж шийдвэр гаргасан нь миний буруу. Гэхдээ энэ хүмүүс бүгд л намайг засаг даргаар ажиллаж байх хугацаанд баахан зовлон тоочиж орж ирж гуйдаг байсан. Тухайлбал П.Р нь миний баз болдог М-ийн эгчийнх нөхөр нь байгаа юм Р-ийн ээж нь тэр үед нас бараад тэгээд буян номын ажил гарсан байсан. Тэгээд Р намайг ажил дээрээ байж байхад орж ирээд буян номын ажил гараад хэцүү байхад Шүүхийн шийдвэрээс миний дансыг хаасан байна нээгээд өгөөч гээд гуйж орж ирсэн. Тэгэхээр нь би тухайн үед за за зээлээ төлөөрэй тэртээ тэргүй чи наад зээлээ төлөх ёстой шүү, би Л.Ш-д бичиг хийж өгье гэж хэлээд явуулсан. С.Ш-тай садан төрлийн харилцаа хамаарал байхгүй. Энэ хүн тухайн үед ажил дээр орж ирээд эхнэр ажилгүй, хүүхэд шуухад яах гээд байна гэлээ дээ бас л баахан өвчин, зовлон шийдвэр гүйцэтгэлээс миний дансыг хаачихлаа, дансаа нээлгэмээр байна, яах уу даргаа, туслаач гэхээр нь би түүнд үлдэгдэлээ хурдан төлөөрэй, намайг аудитаас байнга шалгадаг шүү, би болохгүй юм хийж байгаа болохоор үлдэгдэл төлбөрөө төлөөрэй гэж хэлээд гаргасан. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст төпбөрийг харилцан тохирсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж өгнө үү гэсэн бичгийг явуулсан. С.Б мөн л адил шийдвэр гүйцэтгэлээс данс хаачихлаа, гүйлгээ хийхгээд хийж чадахгүй хэцүү байна. данс нээгээд өгөөч гээд гуйсан. Би бас л Ш, Р хоёрт хэлээд гаргасан шиг хурдан төлөөрэй, асуудал үүсгэв ээ гэж хэлээд явуулсан. Б-ын бичгийг бас л адилхан гаргаад шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргуулж байсан. Э-ийг мөн адил мөнгө төгрөг байхгүй, данс битүүмжилчихлээ одоо яах уу гэхээр нь өрөвдөөд албан бичиг дээр гарын үсэг зураад явуулсан. Т гуай хөгшин настай хүн байсан юм. Одоо бол нас барсан. Тухайн үед Т гуайг шийдвэр гүйцэтгэлээс миний дансыг хаачихлаа, дансаар мөнгө цаасаа авч чадахгүй болчихлоо гээд гуйгаад ороод ирэхээр нь хөгшин настай хүн болохоор би үүн дээр яах аргагүй би Ш-г дуудаж уулзаад хөгшин настай хүн юм чинь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нь хаагаад өгчих, би танай ажил руу албан бичиг хүсэлт явуулъя гээд тэр албан бичиг дээр гарын үсэг зураад явуулсан нь үнэн. Би эдгээр хүмүүсээс Р-той баз болдог. Бусад 5 хүнтэй садан төрлийн харилцаа хамаарал байхгүй. Гэхдээ нэг нутаг усны хүмүүс болохоор бие биенээ таньж мэднэ. Би өөрийгөө эдгээр хүмүүст шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад нь албан бичиг дээр гарын үсэг зурж ШША-г хаалгуулсан нь хууль зөрчсөн буруу гэж үзэж байна. Яахав иргэдийнхээ зовлон зүдгүүр, өвчин зовлон, хүндрэлтэй асуудлыг нь ойлгож тусалсандаа өнөөдөр буруутан болж байна. Түүнээс биш би эдгээр хүмүүсээс тэр албан бичгүүдийг хийж өгсөн гээд тэдгээрээр хоол цайнд оруулсан зүйл байхгүй, ямар нэгэн шан харамж мөнгө төгрөг авсан юу ч байхгүй юм...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас төлбөр төлөгч Б.Э-т давуу байдал бий болгож 570,000 төгрөгийн, төлбөр төлөгч Ц.Ч-т давуу байдал бий болгож 7,700,000 төгрөгийн, төлбөр төлөгч С.Ш-д давуу байдал бий болгож 1,028,000 төгрөгийн, төлбөр төлөгч Б.Р-д давуу байдал бий болгож 4,275,000 төгрөгийн, төлбөр төлөгч С.Б-т давуу байдал бий болгож 3,710,000 төгрөгийн, төлбөр төлөгч Б.Б-д давуу байдал бий болгож 380,000 төгрөгийн төлбөрийг төлүүлэлгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан бөгөөд дээрх хохиролыг, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдснаас хойш бодогдох хүүгийн хамт Сум хөгжүүлэх санд төлж барагдуулсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын 2022 оны 04 дүгэр сарын 14-ний өдрийн 1/113, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/8 дугаартай албан бичигүүд /1-р хавтаст хэргийн 33 дугаар тал 2-р хавтаст хэргийн 26 дугаар тал/, Хаан болон Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримтууд /2- р хавтаст хэргийн 143-147, 151-р тал, 3-р хавтаст хэргийн 66-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын 2019 оны 5 сарын 01-ний өдрийн 1/48 дугаар албан бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажилагаа хаасны дараа төлбөр төлөгч Е.Т нь нас барсан бөгөөд гүйцэтгэлийн эрсдлийн аудитын шалгалтаар найдваргүй авлага тул данснаас хасах дүгнэлт гарч 2021 оны 12 дугаар сарын 17-нд албан бичиг ирүүлсэн нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/8 албан бичгээр тогтоогдож байгааг дурьдаж шийдвэрллээ.
Иймд шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан боловч 2017 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал гэх ойлголт байхгүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлаггүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг бууруулах зэрэг хор уршиг учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг учраас хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан бөгөөд аливаа гэмт хэргийн нийгмийн хор аюулыг учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээгээр тодорхойлдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо зэрэгт тус бүрт нь үнэлэлт дүгнэлт өгч, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 1.8, 1.9-д, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогтой Л.Б-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Л.Б-д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргаас тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/159, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/160, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/33, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/48, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/84, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/113 дугаартай албан бичгүүдийг хэрэгт хавсаргасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 3 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ