Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/870

 

 

 

 

 

 

 

 

      2022          7            04                                      2022/ШЦТ/

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1169 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт, щ

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 8 тоотын гадна Л.Бтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, биеийн тус газарт өшиглөж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 857 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч А.М.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч А.М нь 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 8 тоотын гадна Л.Бтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, биеийн тус газарт өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь хохирогч Л.Бийн “...2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хуурай дүү М надтай фейсбүүк чатаар холбогдож улмаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14 цагийн үед уулзаж, Мгийн гэр лүү нь хамт явсан. Тэгээд гэрт орохдоо бид 2 дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай пиво худалдан авч гэрт нь ороод хоол хийж идээд, нөгөө авсан пивоо хувааж уусан. М цаг хараад ахаа 21 цаг болж байна дүү нь найз охиноо тосохгүй бол болохгүй байна хоёулаа манай гэрээс явъя гэхээр нь хамт гэрээс нь гараад автобусны буудал руу алхаад явж байтал миний утас дуугарахаар нь утсаа авахад найз бүсгүй Анударь байсан. Тэгээд намайг хаана байгаа юм, би гэрээсээ гарч байна гэхээр нь Мд утсаа өгөөд хаана байгаагаа заагаад өг гэхэд М утсаар ярьж дуусаад та эмэгтэй хүн дуудаж яадаг юм гээд сонин юм яриад эхэлсэн. Тэгтэл намайг 3-4 удаа гараа атгаж байгаад толгой руу цохих үед би газар уначихсан. Миний нуруу болон бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Надад гомдол санал байхгүй. Хохирлоо бүрэн авсан бөгөөд цаашид надад нэхэмжлэх зүйл байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнийхээ үгийг даахгүй байдлаас болж ийм байдалд хүрлээ. Миний хувьд шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх16-17/,

            - насанд хүрээгүй гэрч Ж.Гийн “2022 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Хангайн 10-7 тоотод оршин суух гэрээсээ 00 цагийн орчим ганцаараа гараад Б ах болон М ахтай уулзах гээд М ахын гэр лүү явж байтал Хангайн 9 дүгээр гудамжны 8 тоотын үүдэнд Б ах газар явган суучихсан, баруун хацар орчмоос нь цус гарчихсан, хажууд нь гар утас нь уначихсан байсан. Тэгээд би та хоёр юунаас болоод маргалдаад байгаа юм бэ гэж М ахаас асуухад Б ах нэг эмэгтэйгээс болоод надтай маргасан юм аа тэгэхээр нь би уур хүрээд гар хүрчихлээ гэж надад хэлсэн. ..Аль аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай. Архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх30/,

шүүгдэгч А.Мгийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд байж байтал Б ах чи одоо эмэгтэй хүнтэй яаж яриад байгаа юм гээд хэрүүл өдөж эхлээд миний нүүр лүү толгойгоороо тулаад зогссон. Тэр үед би тайлбарлаж хэлэхэд үг авахгүй байсан ба тэгэхээр нь нүүр лүү 2-3 удаа гараараа цохиход газар уначихсан. Тэгээд би уначихсан байхад нь бөгс рүү нь болон цээж, нуруу руу нь өшиглөөд байж байтал тэр үед Нармандах Г нар ирээд салгасан. Нармандах Б ахыг аваад ахынх руу нь хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед Б ах чи миний гар утасны дэлгэцийг хагалчихлаа төлж өгөөрэй гөлөг минь гээд утсаа шидчихээд явсан. Тэр үед Г утсыг нь Б ахад өгөх гэхээр нь би өгөөд хэрэггүй эрүүл болоод утсаа надаас нэхээд унана гэж хэлээд гар утсыг нь аваад явчихсан. Би тэр үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хуурай ах Бэд гар хүрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсандаа харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх61-62/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8248 дугаар шинжилгээний дүгнэлт хэсэгт “Л.Бийн биед баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, гадна чихний хэсэгт шарх, хүзүүний зүүн хажуу хэсэгт 8x7 см цус хуралт, ууц ахар сүүлэнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх38/

            4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг цохиж зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

            7. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

8. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

9. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

11. Шүүгдэгч А.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

13. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч А.М нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  5 /тав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР