| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2017/00477/И |
| Дугаар | 520 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.А-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, Ц.О-т холбогдох
600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч П.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ц.О-т 740 000 төгрөг өгсөн. Мөнгө өгсөн шалтгаан нь Ц.О намайг тэтгэвэрт орох талаар хөөцөлдөхөд зарцуулах өмгөөллийн хөлс 200 000 төгрөг, мөн манай нөхөр бид хоёрыг улсаас олгодог 11 жилийг нөхөн бичүүлэх, нөхрийг минь хортой нөхцөлөөр тэтгэвэрт оруулах гэх мэт хийж өгөхөөр надаар группийн зээл авахуулсан. Тэгээд надаас Ц.О 740 000 төгрөг авсан. Түүнээс хойш би удаа дараа юу болж байгаа талаар асуухад “одоо бүтнэ, хөөцөлдөж байна, шүүх хурлаар орох гэж байна, 2 хувь цээж зураг аваад ир, тэтгэврийн чинь дэвтрийг гаргаж өгье” гэж намайг хуурсаар өдий хүрсэн. Хамгийн харамсалтай нь улсаас олгосон 11 жилээс нөхөр бид хоёрыг хоцроож, хохироосонд маш их гомдолтой байна. Би хөл муутай бөгөөд хүний асаргаанд голцуу байдаг. Мөн нөхөр минь бие муутай бөгөөд бид хоёр өөртөө үйлчлэх чадвар сул байдлыг Ц.О ашиглан худлаа ярьж, биднийг хуурсаар өнөөдрийг хүргэсэн. Ц.О нь “улсаас олгодог жилийг бичүүлээд өгнө” гэж хуурч мөнгө аваад алга болоогүй бол би багийнхаа Засаг даргад уламжлаад тэр 11 жилийг нөхөн бичүүлээд авах бүрэн боломжтой байсан. Одоо нөхөн тэтгэвэр болон хувь тэнцүүлсэн тэтгэвэрт орох боломжийг нөхөр бид хоёр алдчихаад байна. Ямар ч байсан Ц.О-т өгсөн 740 000 төгрөгөөс хэл амаар доромжлуулан байж 140 000 төгрөгийг авсан. Одоо 600 000 төгрөг авах шаардлагатай байна. Энэ 600 000 төгрөгийг авч байж ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргахгүй бол одоогоор би орлогогүй байна. Миний бие орлогогүй учир улсад тушаах тэмдэгтийн хураамжийн мөнгийг төлж чадахгүй байгаа болно. Ц.О нь маш их худлаа ярьж, намайг хуурч байгаа ба улмаар намайг “шүүхэд өгвөл өөрөө шоронд орно шүү” гэж дарамталж өдий хүргэсэн. Миний бие зүрх муутай, даралт ихтэй учраас Ц.О-ийг загнахад тэр доороо бие мууддаг. Мөн нөхөр бид хоёр хүүхэдгүй учраас өөрсдөө явахаас өөр аргагүй байдаг. Миний бодин үнэн байдлыг хуулийн байгууллага харгалзан үзнэ гэдэг итгэж байна. Иймд Ц.О-ээс 600 000 төгрөг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахад мэтгэлцээний байр суурийг илэрхийлж хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.А нь Ц.О-т холбогдуулан 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 600 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбарыг гаргаагүй болно.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө хүлээлгэн өгсний хариуд талууд өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой харилцааг үүсгэсэн нь Иргэний хуульд заасан тодорхой төрлийн үүргийн харилцааг шууд үүсгээгүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэжээ.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.О-т 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч П.А-ы 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хариуцагийг хуульд зааснаар мэтгэлцэх боломжийг эхлүүлсэн.
Хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг мэдэгдэсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Ц.О-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.
Иймд хариуцагч Ц.О-ээс 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О-ээс 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-ээс 18 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ