Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/577

 

 

 

                           

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч Г.Н-, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г овогт Г-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210014420867 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Г-ын Н,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Н- нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 байрны 00 тоотод хохирогч Ө.А-, Г.Э- нарын биед хууль бусаар гараараа цохих хутгаар зүсэх зэргээр халдаж хохирогч Ө.А-гийн эрүүл мэндэд нь духанд зүсэгдсэн шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд 1-р зэргийн түлэгдэлт гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.Э-ий эрүүл мэндэд зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Г.Н- : “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч О.А-д 1,600,000 төгрөг, Г.Э-д 2,400,000 төгрөг тус тус төлсөн...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ө.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ гал тогооны өрөөнд буйдан дээр унтаж байсан чинь манай найз Э- намайг огцом үсдээд сэрээсэн юм. Тэгэхэд би нойрноосоо сэрээд харсан чинь булан руу зогсоод айсан байдалтай сууж байсан, тэгэхэд урд талд нь манай Очироо гэх найзын найз нь гэх залуу нь согтуу зогсож байсан ба манай найзыг чимээгүй бай гэж байсан. Тэгэнгүүтээ би найзыгаа хамгаалах гээд босоод найзынхаа өмнө зогссон чинь гал тогооны шургуулгаас нөгөө залуу хоёр хутга аваад гартаа барьсан юм. Тэгэхээр нь манай найз Э- тэр залууд хэлэхдээ бид хоёрыг явуулчих аа гэж хэлэхэд нөгөө залуу хутгатай гараараа над руу далайгаад чамайг алчихна шүү гээд байсан. Тэгэхээр нь би найзыгаа хөтлөөд хаалга руу гүйсэн чинь өмнө гарч ирээд баруун гартаа барьсан хутгаараа намайг духан дээр нэг удаа зүсэхээр нь би хойшоо газарт унасан тэгэхээр нь манай найз хөдөлж чадахгүй газарт сууж байхад намайг явуулчхаач гээд гуйхад нөгөө залуу би чамайг гарах юм бол ална шүү гээд хутгаа над руу далайгаад байсан юм. Тэгэхээр нь сүүлд уйлж гуйгаад намайг зүгээр явуулаач гэсэн, тэгсэн чинь хаалга руу ойртох юм бол би чамайг ална шүү гэж сүрдүүлсэн. ...Миний биеийн дух хэсэгт хутгаар зүсэж гэмтэл учруулсан. Намайг унаад босох үед цээж хэсэг рүү дуугүй байхгүй бол ална шүү гээд 2-3 удаа өшиглөсөн. ...Н- гэх залуу гараар миний зүүн хацарт хоёр удаа алгадаж би газар унасан. Тэгээд би босож ирээд Н-той маргалдаж байхад Н- тамхины асаагуур асууж байгаад халсан гадна төмөр халахаар нь миний баруун гарын ар хэсэгт дарж түлсэн ...Тэгээд Н- хутгийг булааж аваад Э-ийг үсдээд хэд хэдэн удаа хана хэсэгт цохисон. ...Мөн Э-ийг хэд хэдэн удаа алгадаж толгой, нүүр хэсэгт цохисон, надад учирсан гэмтлийг Н- учруулсан. ...Би эхлээд шургуулгаас хутга аваад Э-д өгсөн, ...Э-ийг цохиод Н- хутгыг авчихсан, ...Н- над руу хутгаараа далайж цохих гэж байгаад хутгаараа миний дух хэсгийг зүсчихсэн...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч Г.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг унтаж байхад Н- гэх залуу цамцнаас татаад тайлах гэхэд нь би хөөе Аамкаа гээд найзыгаа үсдэхэд манай найз сэрээд чи яагаад байгаа юм бэ гээд нөгөө залууд хэлэхэд нөгөө залуу Аамкааг цохиод хана руу хавсраад байхаар нь би чи болиоч гэж хэлсэн чинь нөгөө залуу гал тогооны шургуулгаас нэг ширхэг хутга аваад бид хоёрыг ална аа, хувцас аа тайл гээд орилоход манай найз А- нь гал тогооны шургуулгаас хутга аваад надад өгсөн юм. ...Тэр үед манай найзын толгойны дух хэсэгт хутгаар зүсэгдсэн байна. ...А- бид хоёрыг цохиж зодсон, надад учирсан гэмтлийг Н- учруулсан...” /хавтас хэргийн 38-39 дэх тал/ гэсэн,

 

Гэрч М.Гончигсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны орой 22 цаг өнгөрөөгөөд 23 цаг болох гэж байхад коридорт хүмүүс хашхиралдаад байсан. Тэгсэн манай хаалга түгжээгүй байхад гаднаас гэнэт нүүр нь цус болчихсон 2 эмэгтэй хаалга татаад ороод ирсэн. Тэгэхээр нь юу болсон, яасан гэж асуухад найзтай нь дагаж ирсэн хүн зодсон гэж байсан...” /хавтас хэргийн 42-43 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Р.Мөнх-Очир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг явах үед Э-, А-, Н- нар буйдан дээр зэрэгцээд унтаж байсан, би явлаа шүү гэхэд сэрэхгүй байсан. ..23 цагийн үед А- залгаад танай найз Н- чинь зодчихлоо, хүрээд ир гэж хэлсэн...” /хавтас хэргийн 51-52 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Оюунгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...А- утсаар яриад уйлаад Н- Э- бид хоёрыг зодчихлоо цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн...” /хавтас хэргийн 56-57 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэй, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нар архи уугаад нэлээн сууж байгаад архи дуусгаснаа санахгүй, тасарчихсан байна, юу болсныг санахгүй байна, нэг сэрсэн чинь цагдаагийн газар эрүүлжүүлэх байранд өглөө сэрсэн...” /хавтас хэргийн 77-78дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №8052 дугаартай дүгнэлтэд: “...1. Г.Э-ий биед зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8054 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2 Ө.А-гийн биед духанд зүсэгдсэн шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд 1-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Духны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл нь мохоо, баруун сарвуунд 1-р зэргийн түлэгдэл гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэнэ...” /хавтас хэргийн 63-64 тал / гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 10-12 дахь тал/,

- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хавтас хэргийн 91-94 дэх тал/,

- Шүүгдэгч Э.Батболдын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтас хэргийн 81 дэх тал/, оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 83 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 82 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.Н- нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 байрны 00 тоотод хохирогч Ө.А-, Г.Э- нарын биед гараараа цохих хутгаар зүсэх зэргээр хууль бусаар халдаж хохирогч Ө.А-гийн эрүүл мэндэд нь духанд зүсэгдсэн шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд 1-р зэргийн түлэгдэлт бүхий хөнгөн, хохирогч Г.Э-ий эрүүл мэндэд зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ө.А-гийн “...Миний духанд хутгаар зүсэж гэмтэл учруулсан, намайг унаад босох үед цээж хэсэг рүү дуугүй байхгүй бол ална шүү гээд 2-3 удаа өшиглөсөн. ...Н- гэх залуу гараар миний зүүн хацарт хоёр удаа алгадаж би газар унасан. Тэгээд би босож ирээд Н-той маргалдаж байхад Н- тамхины асаагуур асаасан, асаагуурын гадна төмөр халахад тэр төмрөөр миний баруун гарын ар хэсэгт дарж түлсэн ...Н- хутгийг булааж аваад Э-ийг үсдээд хэд хэдэн удаа хана хэсэгт цохисон. ...Мөн Э-ийг хэд хэдэн удаа алгадаж толгой, нүүр хэсэгт цохисон, надад учирсан гэмтлийг Н- учруулсан. ...Би эхлээд шургуулгаас хутга аваад Э-д өгсөн, Н- над руу хутгаараа далайж цохих гэж байгаад миний дух хэсгийг зүсчихсэн...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн, хохирогч Г.Э-ий “...Намайг унтаж байхад Н- гэх залуу цамцнаас татаад тайлах гэхэд нь би хөөе Аамкаа гээд найзыгаа үсдэхэд манай найз сэрээд чи яагаад байгаа юм бэ гээд нөгөө залууд хэлэхэд нөгөө залуу Аамкааг цохиод хана руу хавсраад байхаар нь би чи болиоч гэж хэлэхэд нөгөө залуу гал тогооны шургуулгаас хутга аваад бид хоёрыг ална аа, хувцсаа тайл гээд орилоход манай найз А- нь гал тогооны шургуулгаас хутга аваад надад өгсөн юм. ...Тэр үед манай найзын толгойны дух хэсэгт хутгаар зүсэгдсэн байна. ...А- бид хоёрыг цохиж зодсон, надад учирсан гэмтлийг Н- учруулсан...” /хавтас хэргийн 38-39 дэх тал/ гэсэн, гэрч М.Гончигсүрэнгийн “...2022 оны 06 дугаар сарын 02-ны орой 22 цаг өнгөрөөгөөд 23 цаг болох гэж байхад коридорт хүмүүс хашхиралдаад байсан. Манай хаалга түгжээгүй байхад гаднаас гэнэт нүүр нь цус болчихсон 2 эмэгтэй ороод ирсэн. Тэгэхээр нь юу болсон, яасан гэж асуухад найзтай нь дагаж ирсэн хүн зодсон гэж байсан...” /хавтас хэргийн 42-43 дахь тал/ гэсэн, гэрч Р.Мөнх-Очирын “...Намайг явах үед Э-, А-, Н- нар буйдан дээр зэрэгцээд унтаж байсан, би явлаа шүү гэхэд сэрэхгүй байсан, 23 цагийн үед А- залгаад танай найз Н- чинь зодчихлоо хүрээд ир гэж хэлсэн.. /хавтас хэргийн 51-52 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Г.Н-ийн “...Бид нар архи уугаад нэлээн сууж байгаад би тасарсан байна, архи дуусгаснаа, ер нь юу болсныг санахгүй байна, нэг сэрсэн чинь цагдаагийн газар эрүүлжүүлэх байранд өглөө нь сэрсэн...” /хавтас хэргийн 77-78 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №8052 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.Э-ий биед зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2022 оны 8054 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ө.А-гийн биед духанд зүсэгдсэн шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд 1-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 63-64 тал / гэсэн дүгнэлтүүд,

Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 10-12 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Ө.А-гийн эрүүл мэндэд учирсан “...духанд зүсэгдсэн шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд 1-р зэргийн түлэгдэлт...” бүхий хөнгөн,

хохирогч Г.Э-ий эрүүл мэндэд учирсан “...зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, зүүн өвдөгт цус хуралт...” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Н-ийг тэднийг цохих, түлхэх, хутгаар зүсэх зэргээр зодсон идэвхитэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Н-ийн хохирогч Ө.А-, Г.Э- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Н- нь Ө.А-, Г.Э- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Г.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөлийн улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч А.А-гийн эрүүл мэндэд “...духанд зүсэгдсэн шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд 1-р зэргийн түлэгдэлт...” бүхий хөнгөн, хохирогч Г.Э-ий эрүүл мэндэд  “...зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, зүүн өвдөгт цус хуралт...” бүхий хөнгөн хохирол тус тус учирсан хохирогч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210014420867 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Н- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Г-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Н-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Н-ид оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210014420867 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Н- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Н-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР