Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0166

 

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0166

Улаанбаатар хот

 

 

 

Ж.Ц***, Ч.И*** нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэгч шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.Ц***, Ч.И***

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг болж байх тул тушаалын хавсралтад “97,200,000” гэснийг “160,380,000” хэмээн тус тус өөрчлөхийг хариуцагчид даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0890 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.И***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Н***,

Хэргийн индекс: 128/2023/0742/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0890 дүгээр шийдвэрээр:

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.И***, Ж.Ц*** нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалын хавсралтын 6-д “Ч.И***д 97,200,000” гэснийг “160,380,000” гэж, мөн тус тушаалын хавсралтын 1-д “Ж.Ц***д 97,200,000” гэснийг “60,380,000” гэж тус тус өөрчлөхийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

2.1. Дээрх шийдвэрийг гаргахдаа дурдсан үндэслэлийг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн" сарын дундаж цалин... гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71 1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.

2.2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...авч байсан сарын дундаж цалин...” нь Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй,

 2.3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” хэмээн тайлбарлан маргаж байна.

 3. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Нэхэмжлэгч Ж.Ц*** нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаар зарлигаар, “хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн, өөрөө хүсэлтээ гаргасан” үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, нэхэмжлэгч Ч.И*** нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаар зарлигаар “хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн” үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлөгдсөн.

          3.2. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалын 1 дэх заалтаар нэхэмжлэгч Ж.Ц***д 97,200,000 төгрөгийн, 6 дах заалтаар нэхэмжлэгч Ч.И***д 97,200,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

          3.3.Нэхэмжлэгч нараас гаргасан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, зөрүү тэтгэмжийг олгуулах агуулга бүхий хүсэлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/99 дугаартай албан бичгээр “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг тэтгэмж олгоно” гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заасан журмын дагуу тэтгэмжийг тооцон олгож байгаа болно” гэх хариуг өгсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч нараас “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан нэг удаагийн тэтгэмжийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгохдоо буруу тооцож тус бүр 63,180,000 төгрөгийг дутуу олгосон” гэх үндэслэлээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

           4.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж,

Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж,

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус заасан.

5. Дээрх хууль, журмын зохицуулалтаар, Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг нийтлэг байдлаар сарын үндсэн цалингийн дунджаас тооцохоор, харин Монгол Улсын шүүхийн тухай хуульд хууль тогтоогч тухайн асуудлыг өндөр насны тэтгэвэрт гаргахад шүүгчид сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмжийг тооцохоор нарийвчлан зохицуулсан гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар Улсын дээд шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоолд “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж зааснаар шүүгчийн авах цалин тодорхойлогдох буюу шүүгчийн авч байсан цалин гэдгийг нь зөвхөн албан тушаалын цалин гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно... шүүгчийн авч байсан цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхой заахдаа албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүдээс бүрдэж, шүүгчийн нийт авч байсан сарын цалин тодорхойлогдохоор байхад хариуцагчаас зөвхөн албан тушаалын гэх нэг бүрэлдэхүүнийг салган авч, үлдэх хэсгийг олгохгүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй” хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

6. Тухайн тохиолдолд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт нарийвчлан зохицуулснаар шүүгч нь өндөр насны тэтгэвэрт гарахдаа сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр буюу сарын албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийн дунджаар тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг авах эрхтэй байхад хариуцагчаас нэхэмжлэгч нарын өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож олгон, зөрүү тэтгэмжийг олгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна гэж гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр сарын 24-ний өдрийн 890 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

 

                ШҮҮГЧ                                                  З.ГАНЗОРИГ

 

                           ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА