Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

хохирогч Д.Адъяа

насанд хүрээгүй шүүгдэгч А.Нямдаваа, түүний хууль ёсны төлөөлөгч эх Б.Алтантуяа, өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 12-нд Улаанбаатар
хотод төрсөн, 17 нас 3 сар 23 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, эмээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамжны 369 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:УП99071217/ Аюуш овогт Алтантуяагийн Нямдаваад холбогдох 201626021669 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2016 оын 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Насанд хүрээгүй А.Нямдаваа нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Хархорин зах дотор иргэн Г.Адъяагаас тамхи нэхэх үед Г.Адъяа нь “том дуугаар тамхи нэхлээ” гэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах явцад түүний эрүүн тус газарт нэг удаа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч А.Нямдаваа: Шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв.  Адъяа ирээд барьж явсан хоолоо газар тавингуут нь намайг цохичих байх гэж айсандаа би нэг удаа цохичихсон юм. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Адъяа мэдүүлэхдээ: Би Хархорин захын цайны газарт хуушуур бууз пирошки борлуулагчаар ажилд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орсон. Нямдаваа бас цайны газарт мөн борлуулагчаар ажилладаг. Ажилд орсон өдрөө Нямдаваа бид нар танилцаж тэр оройгоо бид нар пиво баар, караокед хамт орсон. Маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би ажлаа хийгээд явж байсан чинь нэг охин “таныг хүн дуудаж байна” гэхээр нь эргээд харахад Энхбаатар  надаас “тамхи байна уу” гэхээр нь би “байгаа” гэсэн чинь “2 ширхэгийг өгчих” гэсэн тэгэхээр нь би “та нар яг яагаад байгаа юм бэ” гээд жаахан маргалдсан. Тэгсэн чинь Нямдаваа хажуугаас орж ирээд эрүү рүү гараараа цохисон. Тэгээд би эмчид үзүүлсэн чинь намайг урлагийн сургуульд сурдаг болохоор эмч намайг “гоо зүйн талаасаа шарх сорви үүснэ” гээд хагалгаа хийлгүйгээр эрүүнд чиг баригч тавьсан. Сар гаруй хугацааны дараа чиг баригчаа авахуулсан. Миний эмчилгээнд 350000 төгрөг зарцуулагдсан, дараа нь 50000 төгрөгийн эм тариа авсан. Баримтаар 400000 төгрөг нэхэмжилснийг Нямдаваа надад төлсөн. Миний эрүү одоо бол зүгээр. Харин чиг баригч тавиулснаас шалтгаалж шүдээ эмчлүүлээрэй гэж эмч зөвлөсөн. Шүд эмчлүүлэх талаар шүүхэд гаргаж өгөх баримт байхгүй байна. Нямдаваад гомдолтой гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч А.Нямдаваагийн хууль ёсны төлөөлөгч эх Б.Алтантуяа: Нямдаваа бол миний төрсөн хүү байгаа юм. Би хүү Нямдаваа болон өндөр настай 3 удаа харваж байсан өвчтэй эхийнхээ хамт 3-лаа амьдардаг хүн. Би өмнө нь нэг байгууллагад үйлчлэгч ажил хийж байсан. Одоо бол өөрийн эрүүл мэндийн байдлаас болж ажилгүй гэртээ эхийгээ хараад байж байгаа. Манай хүү Нямдаваа амьдралаа залгуулж явдаг.  Адъяагийн биед гэмтэл учруулсан нь манай хүүхдийн буруу. Уг нь манай хүүхэд томоотой, үгэнд сайн ордог хүүхэд байгаа юм. Нямдаваа бид 2 намар Борнуур явж айлын ногоо хурааж өгч 350000 төгрөгийн хөлс аваад тэрийгээ Адъяад өгсөн. Би сүүлд хувиараа цэвэрлэгээний ажил хийж  50000 төгрөг олж Адъяад өгсөн. Манайх амьдралын боломж бололцоо муутай учир хүүхдийнхээ иргэний үнэмлэхийг ч авч чадахгүй явна гэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор А.Нямдаваагийн оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 68/, “Дэлхийн Зөн Монгол”-ын...”Алтантуяа овогтой Нямдаваа...Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Толгойт дахь салбарын хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт бага наснаасаа эхлэн буюу 1999 оноос хойш одоог хүртэл хамрагдаж байгаа.  Хүүхдийн хувьд шатар даам тоглох дуу дуулах авьяастай. Амьдралын түвшин доогуур амьдралтай. Орох оронгүй айлын хашаанд байсан бөгөөд 3 жилийн өмнө Дэлхийн Зөн болон СХД-ийн 2 дугаар хорооны зүгээс 5 ханатай гэр олгосон. Одоо энэ гэртээ амьдарч байгаа. Зан чанарын хувьд үг дуу цөөнтэй, төлөв даруу, Дэлхийн Зөнгөөс зохион байгуулагдаж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог хүүхэд”...гэсэн тодорхойлолт /хх-ийн 59/, ял шалгах хуудас /хх-ийн 66/, анги удирдсан багшийн тодорхойлолт /хх-ийн 69/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 75/, өргөмжлөлүүдийн хуулбар /хх-ийн 76-80/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 81/,

гэрчээр Б.Алтантуяагийн:..”миний хүү Нямдаваа нь 2015 онд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар дунд сургуулийн 9 дүгээр ангийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Найз нөхөдтэйгээ эвсэг найрсаг хүнтэй таарамжгүй харьцаа үүсгээд байхгүй. Бага байхын  л дууны уралдаан тэмцээнд удаа дараа оролцож шагналт байруудад орж байсан. Эмээ нь одоо 3 удаа харвалт өгсөн болохоор би ажил хийхгүй ээжийгээ хараад гэртээ байж байгаахарин Нямдаваа гадуур ажил хийж эмээ ээж 2-ыгоо тэжээж яваа хүүхэд. Миний хүүхэд хэн нэгэнд хар буруу санаж хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байдаггүй. Би юу болсон талаар асуухад нөгөө цохиулсан хүүхэд нь өөрөө миний хүү рүү дайраад байхаар нь айсандаа нэг л удаа цохиж авсан гэж хэлж байсан. /хх-ийн 42/ гэсэн мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Нямдаваа 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” зах дотор Г.Адъяатай  хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах явцад түүний эрүүн тус газар нь нэг удаа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Адъяагийн:..”Би Улаанбаатар хотод Сити дээд сургуулийн 3-р курсыг энэ жил төгссөн юм. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр сүүлийн шалгалт байсан ба 5 дугаар сарын 26-ны өдөр шалгалтаа өгчихөөд хөдөө Орхон аймаг руу гэр рүүгээ харих гэтэл зардлын мөнгө байхгүй байсан болохоор цагийн ажил хийж мөнгө олох гэж Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захад цагийн ажил хийхээр очсон. Хархорин захын 1/17 дугаар лангуу буюу хуушуур бууз авч зардаг ажилд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орсон юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хархорин захын машины зогсоолуудаар хуушуур буузаа зарж дуусчихаад хуушуураа ахин авахаар лангуу руугаа явж байтал нэг бага насны эмэгтэй хүүхэд хүрч ирээд “ахаа таныг тэнд хүн дуудаад байна” гэхээр нь би явж очтол нилээд хэдэн миний үеийн залуучууд байсан тэгээд тэдний нэг нь надаас тамхи асуусан. Тэгэхээр нь би байгаа гэж хэлсэн тэгтэл надаас тамхи асуудаг залуу “надад 2 ширхэг тамхи өг дөө” гэж том дуугаар асуухаар нь “би та нар одоо яагаад байгаа юм бэ олуулаа гэж дээрэлхэх гээд байгаа юмуу яах гээд байгаа юм бэ” гэж би маргалдаж байх хооронд хажуу талаас одоогийн энд шалгагдаж байгаа Нямдаваа гэх залуу эрүүн тус газар нэг удаа цохиж авсан тэгтэл би шууд газар унаад хүний олон хүнээ барьж идэхгүй шүү” гэж хэлэхэд надаас тамхи нэхэж байсан залуу “нааш ирээ хөгшөөн хоёулаа эр хүн шиг юм яръя” гээд нэг охинтой хамт машины араар ороод уучилаарай хөгшөөн бид хэд уучихсан байгаа юмаа уучихаар хүн цохих гээд байдагийг чи мэднэ шүүдээ гэж хэлээд чи битгий ганцаараа энэ зүйлээ зараад яваад бай бид нартай хамт заралцаад яв тэгвэл илүү ашигтай гэж хэлсэн тэгээд л би явлаа гээд тэр залуусаас салаад нөгөө гуанз дээрээ очоод би энд ажиллахаа болилоо гээд цалингаа бодуулаад 6.500 төгрөг аваад явах гэж байтал тэнд хоол идэж байсан танихгүй нэг ах миний дүүгийн наад эрүү чинь далийчихсан шанаа чинь хавдчихсан байна шүү дээ ахад нь ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан наад эрүү чинь хугарчихсан юм шиг байна гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлээдэх гэсэн. Тэгээд би шууд ганцаараа гэмтлийн эмнэлэг орж зургаа авахуулаад эмчид үзүүлтэл эрүү чинь хугарсан байна одоо шууд хагалгаанд орох ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд Хархорин зах дээр очоод намайг цохиж авдаг залууг эрж хайтал Нямдаваа байхгүй байсан ба хоол заруулдаг лангуун дээр нь очтол Нямдаваа гадуур түгээлтэнд явж байгаа удалгүй ирнэ гэж байсан. Тэгтэл нэг хоол зардаг эмэгтэй би Нямдавааг дуудчихъяа гэж хэлээд гараад явсан удаад байхаар нь гартал үүдэн дээр тэнд байсан залуучууд болон эмэгтэйчүүд тойроод юм яриад зогсож байснаа над руу гэнэт дайраад чи л өөрөө бид нар дээр хүрч ирэнгүүтээ бацаанууд минь та нарыг ална шүү гэж чи эхлээ биздээ тэгэхээр нь чамайг Нямдаваа цохиж авсан шүү дээ гээд байсан. Ингээд би хагалгаанд ороогүй 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эрүү тэгшилдэг чиг гэж зүйл эрүүндээ тавиулаад өчигдөр буюу 6 дугаар сарын 21-ний өдөр авахуулсан. Чиг тавьсанаас болж шүд хэлбэрээ алдаж нааш цаашаа хөдөлж хэлбэрээ алдсан.  Би нийтдээ баримтаар тогтоогдож байгаа нь 350.000 төгрөг болж байсан мөн үүн дээрээ баримтгүй 50.000 төгрөг нэхэмжилж байна. Харин энэ асуудлаас болж шүд хэлбэрээ алдсан тул үүнийг дахин эмчлүүлэх шаардлагатай байна. Өөр бол ямар нэгэн санал хүсэлт болон нэхэмжлээд байх зүйл байхгүй... Намайг Нямдаваа гэж залуугаас өөр хэн нэгэн цохиж зодсон асуудал байхгүй. Миний биед учирсан гэмтлийг Нямдаваа л  надад учруулсан. Нямдаваа хажуунаас ирээд шууд намайг цохиод авсан. /хх-ийн 13-14/ гэсэн,

 

гэрч Ч.Баасанжаргалын:..”Би хувиараа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах дотор тогооч ажилтай. Мөн хийсэн хоолоо өөрөө борлуулдаг ажил хийдэг. Тэгтэл тухайн өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажлаа хийгээд хоолоо зараад Хархорин зах дотор надтай ажил эрхэлдэг Нямдаваа, Эрдэнэбат мөн нэрийг нь мэдэхгүй хоол зардаг хүмүүс байсан. Тэгтэл Нямдаваа тэнд хоол зараад удаагүй байсан Адъяа гэх залуугаас “ахаа нэг тамхи байвал өгөөч” гэсэн чинь нөгөө Адъяа гэх залуу нь “яасан гэнээ бацаан минь чи надаас тамхи асуудаг хэн бэ” гээд гартаа барьчихсан зарж явсан савтай хоолоо газар тавиад хүн дуудна гээд утсаа гаргаж ирээд байсан ба Нямдаваа руу дайраад очихоор нь Нямдаваа айсандаа л шууд нүүрэн тус газар нь нэг удаа цохиж авсан. Тэгээд л тэр залуу гуанз руугаа яваад өгсөн ба гуанзныхаа эзнийг дагуулж ирээд адилхан эрэгтэй хүүхдүүд хэдэн төгрөг олох гэж явж байж учраа олчихгүй юу даа гэж л хэлж байсан тэгээд л тэндээсээ салцгаасан түүнээс хойш юу болсон талаар бол хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол бид нар чинь тэнд хоолоо зараад явж байхдаа л таардаг юм. Тэр үед Адъяа гэх залуу ганцаараа л явж байсан. Юу гэж бага насны хүүхдүүд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхэв дээ зүгээр л хоолоо зараад ажлаа хийгээд явж байсан шүү дээ.  /хх-ийн 26-27/ гэсэн,

 

гэрч О.Эрдэнэбатын:...”Би хувиараа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах дотор хоол түгээгч ажилтай. Тэгтэл тухайн өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажлаа хийгээд хоолоо зараад Хархорин зах дотор надтай адилхан ажил эрхэлдэг Нямдаваа, Баасанжаргал, Аагий мөн гадуур борлуулалт хийж байсан нэрийг мэдэхгүй хүмүүстэй л борлуулалтаа хийгээд хамт явж байсан юм. Тэгээд би өөрийнхөө гуанзнаас орж хоол аваад гараад иртэл гадаа Нямдаваа тэнд хоол зардаг ажил хийгээд удаагүй байсан Адъяа гэх залуугаас тамхи асуугаад зогсож байсан тэгтэл нөгөө Адъяа гэх залуу нь “чи надаас тамхи асуудаг ямар овоо бацаан бэ” гээд утсаараа хүн дуудаж байсан хуушуурныхаа савыг газар тавиад Нямдаваа руу дайрч очиж маргалдаж байснаа Нямдавааг цохих гэж дайрангуут нь Нямдаваа урдаас нь нүүрэн тус газар нь нэг л удаа цохиж авсан. Тэгэхээр нь тэр хавьд байсан хүмүүс дундуур нь ороод салгасан. Тэгээд тэр хоёр салцгаасан тэгтэл дараа нь Адъяа гэх залуу гуанзныхаа хүнийг дагуулж хүрч ирэхэд гуанзны эгч тэр хоёрт хандан та хоёр адилхан мөнгө олох гэж байж нэг нэгнийгээ цагдаа сэргийлэх болоод яахав дээ ингээд салцгаана биздээ гэж хэлсэн тэгээд л энэ асуудал нь ингээд болсон юм байх гэж бодтол Адъяа гэх залуу нь цагдаад хандчихсан цагдаа дагуулж ирээд тэр хоёрыг цагдаа аваад явчихсан. Нямдаваа л тамхи асуугаад зогсож байсан түүнээс өөр хэн нэгэн тамхи асуугаагүй ээ. Тамхи асуухаар нь л Адъяа гэх залуу чи надаас тамхи асуудаг хэн юм гээд л маргаан үүсээд дайрахаар нь л Нямдаваа ганц л удаа цохиж авсан юм байна лээ. Нямдаваагийн хажууд Адъяа нь том залуу болохоор Нямдаваа нь Адъяагаас л айгаад л цохиод авах шиг болсон. Бие биенийгээ мэдэлцээд 2-3 хонож л байсан яагаад гэхээр Адъяа нь хоол зардаг ажил хийгээд удаагүй л байсан. Бид нар чинь юу гэж ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхэв дээ. Тэглээ ч бага насны хүүхдүүдтэй хамт л хоол зараад явдаг. /хх-ийн 28-29/ гэсэн,

 

гэрч Г.Амарболдын:..”2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би Хархорин зах дээр ажлаа хийгээд байж байсан гэтэл өдөр 14 цагийн үед манай хажуугийн 1/17 дугаар гуанзны шинээр ажилд орсон залууг тус гуанзны эзэн гэх эмэгтэй дагуулаад манай цайны газар орж ирсэн. Тэгээд надад танай гуанзанд ажилладаг борлуулагч хүүхэд манай гуанзны энэ хүүхдийг зодсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт гадагш гарч очиход манай гуанзны Нямдаваа байсан тэгээд юу болсон юм бэ гэж асуухад манай гуанзны Энхбаатар тамхи гуйсан байсан тэр үед Адъяа гэдэг залуу чи надаас тамхи гуйдаг юу юм гэж хэлсэн гэж хэлсэн байсан, тэгэхээр нь Нямдаваа хажуунаас маргалдсан юм шиг байсан тэгээд Адъяа гэх залуу цохих гээд дайрах үед нь Нямдаваа Адъяа гэх залууг цохисон гэж байсан. Тэгээд гэр орноосоо хүн дуудна зураг авахуулна гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй цаг гарангийн дараа ирээд миний эрүү хугарсан байна гэж хэлэхээр нь зургийг нь харъя гэж хэлсэн чинь нөгөө залуу надаа мөнгө байхгүй зургийг авч чадсангүй гэж хэлсэн тэгээд одоо яах гэж байна гэж асуухад өөрсдөө ингээд тохирчихъё гэж байсан тэгээд удалгүй эцэг эхтэйгээ ярьсан цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуул гэж байна гэсэн. Тэгээд удалгүй Хархорин захын цагдаагийн хэсэгт өргөдөл өгсөн байсан юм. Тэгээд цагдаатай очиж уулзсан чинь дүүрэг рүү явна энд шийдэгдэхгүй гэж хэлсэн тэгээд цагдаагийн алаг машинд Адъяа, Нямдаваа хоёрыг суулгаад аваад явсан юм.

Нямдаваа манай гуанзанд 2016 оны  02 сарын сүүлчээр борлуулагчаар ажилд орсон юм түүнээс хойш манай гуанзанд ажиллаж байгаа, харин Адъяа гэдэг залуу цайны газарт борлуулагчаар ажилд ороод 2 хоног ажилласан байсан гэсэн, Нямдаваа Адъяа хоёрын хооронд өс хонзон өр авлагын маргаантай зүйл огт байхгүй.

Би уг цайны газрыг хувь иргэн хүний нэр дээр түрээслэн ажилуулдаг юм. Нямдаваа ээж, эмээтэйгээ гурвуулаа амьдардаг гэж байсан, манай цайны ахлах тогооч Ариунаа Нямдаваагийн ээж Алтантуяа гэж хүнийг таньдаг гэж байсан Ариунаагаас хүүгээ ажилд оруулах гэсэн юм танай цайны газарт борлуулагчаар ажилд аваач гэж хэлэхээр нь би хоол борлуулагчаар ажилд авсан юм. Нямдаваа 16 нас хүрсэн тул хоол зөөгөөд байж чадна гэж байсан тэгээд ажил хөнгөн юм чинь гэж бодоод би Нямдавааг ажилд авсан юм. /хх-ийн 30-31/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон,

 

насанд хүрээгүй яллагдагч А.Нямдаваагийн:..”2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн 3 давхарт ажлаа хийж байсан тэгээд 14 цагийн үед шиг санаж байна гадна зогсоолын орчим хуушуур зараад зогсож байсан, гэтэл 1/17 тоот цайны газар ажилладаг Адъяа бас хуушуур зараад зогсож байсан, тэгээд би Адъяагаас “тамхи байна уу” гэж асуусан чинь “чи надаас тамхи асуудаг ямар овоо пизда вэ” дуудах хүмүүсээ дуудна гэж хэлсэн, тэгээд барьж байсан саваа доош газар тавиад намайг цохих гээд хүрээд ирсэн тэгэхээр нь би биеэ хамгаалаад Адъяагийн зүүн шанаанд баруун гараараа нэг удаа цохьсон тэгээд Адъяа буцаад цааш газар тавьсан саваа аваад цаашаа яваад өгсөн. Тэгээд удалгүй нэг цагийн дараа цагдаа ирээд Адъяагийн эрүү нь хугарсан гэж хэлээд цагдаагийн газар авчирсан. Тэгээд цагдаагийн газар байж байтал Адъяа намайг согтуу байна гэж хэлсэн тэгээд жижүүр цагдаа ах үлээдэг багаж гаргаж ирээд үлээсэн би тухайн үед архи уугаагүй байсан учир хэвийн гэж гарсан юм. Тэгээд эрүү нь хугарсан байна гэж байсан. Тэгээд би мэдүүлэг тайлбар өгсөн тэгээд ээж Алтантуяа ирж намайг авч явсан.

Би Адъяа гэх хүнийг өмнөх өдрөөс эхлээд таньдаг болсон, өр авлага өс хонзонгийн маргаантай зүйл байхгүй. Би Адъяа гэж хүнээс тамхи гуйсан чинь Адъяа чи надаас тамхи гуйдаг хэн бэ пизда минь гэж хэлсэн тэгээд барьж байсан саваа газар тавиад нэг удаа цохьсон тэгээд Адъяагийн эрүү нь хугарсан байсан. Адъяа намайг цохиогүй миний биед гэмтэл учраагүй. Адъяаг намайг цохих үед борлуулагч Бааска эгч, Эрдэнэбат хоёр байсан энэ хоёр гэрчээр байцаалт өгсөн юм.

...Адъяа саяхнаас надаас мөнгө нэхээд байгаа одоо Адъяа надаас 1.400.000 төгрөг өгчихвөл өргөдлөө авчихна гэж хэлсэн. Тэгээд миний эмчилгээнд 400 гаруй мянган төгрөг орсон байгаа тэгээд чи надад дээрээс нь нэг сая төгрөг өгчих энэ бүгдийг барагдуулаад өгчих юм бол би гомдолгүй гээд салъя гэж хэлсэн. Надад өгөх мөнгө байхгүй эхлээд нэхэж байсан 300.000 төгрөг олж өгнө гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...”гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн  53-54/,

 

шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн:..”Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хугарсан хэсэг орчмоор шарх байхгүй. Яс гадаад орчинтой харьцахгүй байхыг далд хугарал гэнэ. /хх-ийн 36/ гэсэн мэдүүлэг болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7509 дугаартай шинжээчийн: Адъяагийн биед эрүүний далд хугарал,  зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 35/ гэсэн дүгнэлт, хохиролын баримтууд /хх-ийн 19-25/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Прокуророос А.Нямдаваад холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Аюуш овогт Алтантуяагийн Нямдавааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүхээс насанд хүрээгүй шүүгдэгч А.Нямдаваад ял оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.7, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Түүнчлэн, насанд хүрээгүй шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөртэй холбоотойгоор хавтаст хэргийн 19-25 дугаар талд нийт 261250 төгрөгийн,  34 дүгээр талд 3000 төгрөгийн баримт /261250+3000=264250/ авагдсан байх ба шүүгдэгч талаас мөрдөн байцаалтын явцад 350000 төгрөг төлсөн баримт  /хх-ийн 85/, шүүхийн шатанд 50000 төгрөг буюу нийт 400000 төгрөг хохирогчид төлсөн байх тул насанд хүрээгүй шүүгдэгч А.Нямдавааг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “эрүүний чиг баригч хийлгэж, сар гаруй болсны дараа чиг баригчийг авахуулснаас шалтгаалж шүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Шүдний эмчилгээнд хэдэн төгрөг шаардлагатайг нотолсон баримт одоо байхгүй байна, гомдолтой” гэж мэдүүллээ.

 

Хохирогч шүдний эмчилгээний зардал нэхэмжилнэ, гомдолтой гэж мэдүүлснээр насанд хүрээгүй  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах хуулийн үндэслэлгүй бөгөөд түүнд оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахад гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан байхыг шаардахгүй юм.

 

Харин, хохирогч шүдний эмчилгээтэй холбогдох баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд насанд хүрээгүй шүүгдэгч А.Нямдаваагийн эх, түүний хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хариуцвал зохих этгээд Б.Алтантуяагаас жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг 1 ширхэг, томографи зураг 1  ширхэгийг хохирогч Д.Адъяагийн хүсэлтээр буцаан өгснийг тэмдэглэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

ТОГТООХ нь:

 

1.Аюуш овогт Алтантуяагийн Нямдавааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Насанд хүрээгүй шүүгдэгч А.Нямдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3.А.Нямдаваад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.А.Нямдаваа цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус  дурьдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген 1 ширхэг,  томографи 1 ширхэг зургыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хохирогч Д.Адъяагийн хүсэлтээр буцаан олгосныг дурьдсугай.

 

6.А.Нямдаваад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хойшлуулсугай.

 

7.Насанд хүрээгүй А.Нямдавааг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эх  Б.Алтантуяад үүрэг болгосугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Нямдаваад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

              

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ