Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч Б.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч А.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аийн Өт холбогдох эрүүгийн 2238000000506 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “8808” гэх нэртэй автомашин угаалгын газарт 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тохиолдлын шинжтэй маргааны улмаас үл таних Б.Нын нүүрэн тус газарт нэг удаа хатуу, мохоо зүйлээр цохиж улмаар эрүүл мэндэд уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000506 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “8808” гэх нэртэй автомашин угаалгын газарт орилж хашгирахад тус угаалгын газарт ажилладаг Б.Н нь А.Өыг угаалгын газраас гаргаж таксинд суулгахаар дагуулан явж байхад А.Ө нь Б.Ныг хэл амаар доромжлоход Б.Н нь А.Өыг цохиход А.Ө нь газраас чулуу авч атгаж Б.Нын нүүрэн тус газарт цохиж улмаар түүний эрүүл мэндэд уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Өын өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нын өгсөн: “.. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн авто угаалгад А.Ө гэж залуу орж ирсэн. ..санал, гомдол байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Нын өгсөн: “ Би Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын 1 дүгээр багт байрлах  “8808” гэх нэртэй автомашин угаалгын газарт ажилладаг. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн үед ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал манай ажпын залуу болох Итой уулзах гэж нэг үл таних залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ирсэн юм. Тэр залуу миний угааж байгаа машины хаалгыг савж хаагаад бас өөр машинуудын хаалгыг нь хааж, орилж хашгираад байсан. Манай зохион байгуулагч Ж тэр залууд хандаж “манай ажлын байрнаас гараач ээ, гараач” гэж хэлэхэд тоохгүй байгаад байсан, би ч гэсэн эвийг нь олж аргадаж хэлээд байхад хүний үг ерөөсөө авахгүй, намайг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед И бас машин угаагаад завгүй байсан юм, би өөрийнхөө машиныг угааж дуусчихаад тэр залууг эвтэйхэн ажлаас гаргаад таксинд суулгах гээд хамт алхаад явж байхад бас намайг янхан банзал, гичий гэх мэтээр доромжлоод байхаар нь би “чи өөрөө эмэгтэй хүнээс төрөөгүй юм шиг, яагаад огт танихгүй намайг доромжлоод байгаа юм” гэж хэлээд гараараа тэр үл таних залуугийн нүүр лүү 2 удаа цохисон. Тэгтэл тэр залуу газраас том чулуу авснаа миний нүүр лүү 1 удаа хүчтэй цохисон, миний толгой тархи манараад би шууд ажил руугаа гүйж ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.. Тэр залуу газраас том чулуу аваад миний нүүр лүү нэг удаа хүчтэй цохисон. Тэгтэл миний уруулын зүүн дээд хэсэгт язарсан гэмтэл үүсч  их хэмжээний цус гарсан. Би Ө гэх залууд гомдолтой байна.  Миний уруулд маш муухай сорви тогтсон.  Би энэ асуудлаас болж 4-5 өдөр ажлаа хийж чадаагүй тул 1.000.000-1.500.000 төгрөгийг нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14 тал/,

Гэрч Д.Жын өгсөн: “.. өнөөдөр 17 цагийн үед ажил дээрээ  очиж ажлаа хүлээж авах гээд байж байтал манай ажил дээр үл таних залуу согтолтын байдалтай, үйлчлүүлэгч нарыг очиж янз бүр болгоод, агсам согтуу тавиад байсан. Тэгэхээр нь манай ажпын залуучууд тэр залууг гаргах гэхэд үгэнд нь орохгүй байгаад байсан. Эмэгтэй хүн очоод хэлвэл арай гайгүй гараад явчих юм болов уу гэж бодоод Б.Н дагуулж гараад таксинд суулгах гээд зам руу алхаж явахад нь би бас янз бүр болчихвий гээд араас нь хараад зогсож байсан. Тэгтэл тэр залуу газраас чулуу аваад чулуугаар манай ажлын Б.Нын нүүрэн тус газарт нь цохичихсон. Би гүйж очиж болиулаад Б.Нын царайг харахад уруулынх нь зүүн дээд хэсэгт нэлээн гүнзгий язарсан гэмтэл үүссэн байдалтай цус ихээр гарч байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад шууд мэдэгдэж, тэр залууг явуулахгүй би бариад зогсож байсан.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Гэрч Н.Нгийн өгсөн: “... Намайг машин угаагаад зогсож байсан чинь Өлзий гэх залуу над дээр ирэхээр нь эгчийн дүү гараа ажил дээр согтуу ирж болохгүй ээ гэж хэлээд би гаргаж өгсөн чинь Өлзий буцаж орж ирээд кассын ажилчин Батукаа гэх залуутай хэрэлдэж эхлэхээр нь би Өлзийг буцаагаад гаргаад өгсөн чинь угаалгын газрын үүдний хажууд суугаад өгөхөөр нь би ажил руугаа орж ажлаа хийсэн. Тэгээд би машинаа дуусгаад нилээн удаан хугацааны дараа гараад харсан чинь Н цустайгаа холилдсон зогсож байсан. Н цагдаа дууд гэж хэлэхээр нь цагдаа дуудсан..” гэх мэдүүлэг /хх- ийн 20-21 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 409 дугаартай: “...Б.Нын биед уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. Б.Нын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Өын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би прокурорын тогтоолын зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Нын мэдүүлэг, гэрч Д.Ж, Н.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 409 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч А.Ө нь хохирогч Б.Нтой хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний уруулд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Өын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн тал дээр маргаагүй.

Шүүгдэгч А.Өын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Нын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч А.Өын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Өын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 1.000.000-1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч хэрэгт эмчилгээтэй холбоотой баримтыг хэрэг хавсаргаж ирүүлээгүй байх тул хохирогч Б.Н нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой 1.000.000-1.500.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Өын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч Б.Үүрийнтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Хөвсгөл аймгийн хот тохижилт үйлчилгээний газарт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...хохирогч Б.Н нь А.Өын биед халдсанаас болж тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн ... Энэ нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ял хөнгөрүүлэх байдлаар тооцож үзэх үндэслэлтэй байна. А.Өын хувийн байдлын тухайд ам бүл 3, бага насны хүүхэд эхнэрийн хамт амьдарч гэр бүлээн тэжээн тэтгэж явдаг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн хийсэн гэмшиж байгаа. Хохирогчоос шүүхийн хэлэлцүүлгийн шатанд санал, гомдолгүй нөхцөл байдал болон энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан торгуулийн ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгч А.Өын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 39-47 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, ЦЕГ-ын захиргааны зөрчил шийдвэрлэлтийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.Ө нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 22-02 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Өт торгох ялыг сонгон хэрэглэж, ял оногдуулахдаа ялгамжтай оногдуулах гэм буруугийн болон шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн болон хөрөнгө, орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч А.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Аийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аийн Өыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.Өт сануулсугай.

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.Н нь шүүгдэгч А.Өаас нэхэмжилсэн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Ө бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ДӨЛГӨӨН