Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0779/Э |
Дугаар | 2022/ШЦТ/882 |
Огноо | 2022-07-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/882
2022 7 05 2022/ШЦТ/882
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч, хохирогч Ү.Т, А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ууганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Т, А.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00813 0808 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зөөлөн мебелийн бүрээсчин мэргэжилтэй, “Модкон” ХХК-д харуулчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт урьд:
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жилийн хорих ялыг хасаж, нийт эдлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамжаар үлдэгдэл 4 сар 4 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
щ/,
2. Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа “Алтжин-Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг, ам бүл 2, эхнэрийн хамт щ, урьд:
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,
щ/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ү.Т, А.Г нар нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 2 дугаар гудамжны 5 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 644 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ү.Т, А.Г.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ү.Т, А.Г нар нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 2 дугаар гудамжны 5 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан зодолдож хэн хэнийгээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь А.Гийн хохирогчоор мэдүүлсэн “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ...А, О нартай Налайх ороод буцаж байсан юм. Өмнөх өдөр нь би уучихсан байсан болохоор Оаар машинаа бариулаад хотод ирсэн юм. Миний машины хроп нь болохгүй байсан болохоор таньдаг ах болох Ганбаатарт очиж үзүүлье гэж бодоод очсон юм. Очиход 2 эмэгтэй, мөн танихгүй 1 ах тэдний гэрт уугаад сууж байсан. Ганбаатар ах “Наашаа суу” гээд сууж байгаад, найзуудын хамт буцаж гарч дэлгүүрээс хүнсний жоохон юм, 0.75 литрийн Хараа нэртэй архи, 2 том пивотой буцаж орсон. ...Ганбаатар ахын найз нь гээд танихгүй ах нэлээн согтчихсон байхдаа надад хандаж “Ахын дүү шоронд явж үзсэн үү” гэх мэтээр надад үг хаяад байсан. Тэгэхээр нь “та юу яриад байгаа юм бэ” гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Бид 2 босоод зогсож байтал миний зүүн гуя руу өшиглөхөөр нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл босож ирээд “Би чамайг одоо ална” гээд над руу дайраад байсан. Би алаач гэж хэлтэл үүд рүү гүйж яваад буцаж ирэхдээ хутга авч ирээд ...өөдөөс дайрахаар нь би хамгаалаад 2 гараараа 2 гараас нь бариад гараа дээшээ өргөтөл баруун гарын шуу орчим нойтон оргиод явчихсан. Тэнд байгаа хүмүүс “Та хутгалчихлаа ш дээ” гэж хэлэхээр нь би нөгөө ахыг хөлөөрөө жийгээд баруун гараа хартал, шууны гадна талын хэсэг зүсэгдээд цус гарч байсан. Түүний дараа нөгөө ах дахиж босож ирээд дайраад, ширээн дээр байсан юмнууд авч шидээд байхаар нь манай 2 найз бариад автал “та хоёрыг бас ойртох юм бол ална шүү” гэж хэлсэн. Тэр үед Ганбаатар ах байгаагүй. Усанд явчхаад буцаж орж ирээд намайг хутгалсан Т гэх хүнээс хутгыг нь булааж авсан. ...Удалгүй нөгөө ах дахиж агсам тавиад “хүн алж тоглоно. Миний өмнө сөгд” гэх мэтээр намайг дээрэлхээд байсан. Дахин мэдүүлсэн: хэрэг болох үед миний хамар хугараагүй, би өмнө нь осолд ороод хамраа хугалж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх10-11/,
- Ү.Тн хохирогчоор мэдүүлсэн “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр багын найз болох Ганбаатарын гэрт нь өдөр 15 цагийн орчим очсон юм. Бид хоёр түлээ нүүрс аваад гэрт нь хоол унд хийж идээд байж байтал гаднаас 3 залуу, нэг эмэгтэй хүнтэй орж ирсэн. ...Удалгүй нөгөө залуучууд гараад буцаж орж ирэхдээ баахан архи пиво, идэж уух юм аваад орж ирсэн. Бид нар хөзөр тоглож байгаад ”би мэргэжлийн тогооч” гэж хэлсэн. Тэгтэл “мэргэжлийн тогооч биш байна” гэх мэтээр юм яриад бид хоёр маргалдсан. Намайг “хөгшин өвгөн минь” гэхээр нь “би 5 жилийн өмнө байсан бол чамтай сайхан зодолдоно” гэсэн чинь “чи муу хөгшин кульказ” гээд барьж байсан пивоо над руу шидтэл миний нүд рүү оносон. Дахиад хэд хэдэн юм аваад шидтэл намайг оноогүй, зөрчихсөн. Тэгээд сандал аваад дайрахаар нь би ширээн дээр байсан хутгаар гар руу хутгалаад баруун гарын шууг нь зүсчихсэн. Түүний дараа хамт явж байсан нэг залуу нь сандлаас нь таттал нөгөө Г гэх залуу миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн. ...Тэр үеэр миний зүүн нүд хөхөрсөн, мөн уруул хавдсан, хэвлий хэсэгт бага зэргийн зулгаралт үүссэн..” гэсэн мэдүүлэг /хх15/,
- гэрч Ч.Оын “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр найз Г, А бид гурав уулзаад байж байтал Г “Ганбаатар ахын гэрт очиж золгоё” гэж яриад 16 цагийн үед очиход Ганбаатар ах, найз болон 2 эмэгтэйн хамт байсан. ...Ганбаатар ах өндөр эмэгтэйн хамт дэлгүүр явсан. Би тэр үед үлдсэн эмэгтэйн хамт компьютер дээр дуу сонсож байсан. Гэтэл Г Ганбаатар ахын найзтай маргалдаад хоорондоо зууралдахаар нь А бид хоёр болиулсан. Тэгтэл Г ширээн дээр байсан юмнуудыг тэр танихгүй ах руу шидсэн. Тэр ах гал тогоо руу ороод хутга барьж гарч ирээд Г рүү цавчиж дайрсан. Г “ах одоо больё” гэж хэлэхэд тэр ах “бүгдээрээ жижиг өрөө рүү ор” гэж хэлээд бид дөрвийг жижиг өрөөнд оруулахад Гийн гар зүсэгдсэн байсан. Тэр ах “ах нь та нар шиг юмнуудад дээрэлхүүлэх хүн биш. Би 2 хүн амины хэргээр сууж байсан. Чи 3 дахь нь байж болно шүү” гэж Гд хэлэнгээ аягаар толгой, мөр, өвдөг рүү нь цохиж байтал Ганбаатар ах орж ирээд болиулаад Гд “чи өмнө нь бас манай гэрт зодолдож байсан шүү” гэж хэлтэл Г “уучлаарай” гэж хэлээд бид гурав гарч гэмтлийн эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх19-20/,
- гэрч Ц.Аын “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр найз Г, Тээрээ нарын хамт явж байгаад “Ганбаатар ахын гэрт очъё” гэж ярилцаад 16 цагийн үед очтол танихгүй эрэгтэй хүн, мөн 2 эмэгтэй хүн байсан. Бид нар нийлээд ууж байтал Ганбаатар ах өндөр бор эмэгтэйн хамт дэлгүүр явсан. ...Г танихгүй ахтай юм ярьж байгаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэр танихгүй ах гал тогоо руу ороод гарч ирэхдээ хутга барьж гарч ирээд Г рүү дайрахад Г ширээн дээр байсан юмнуудыг шидсэн. Танихгүй ах хутгаа бариад чичлээд дайрахад Г гараараа хаахдаа бугуйгаа зүсүүлсэн. Тэр ах бүгдийг нь жижиг өрөө рүү оруулаад “хэн ч босохгүй шүү, бүгд доошоо суу. Би өмнө нь олон удаа хутгалуулж, хүн амины хэргээр 2 удаа сууж байсан” гэж хэлээд Гийн толгой руу шилэн аяга болон гараараа олон удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх22-23/,
- 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх4/, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2599 дугаар шинжилгээний дүгнэлтэд “А.Гийн биед зүүн шуунд шарх, хамар ясны хугарал, дух, баруун шанаа, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн зүүн шуунд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хамар ясны хугарал, дух, баруун шанаа, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх34/,
4. Мөн 2572 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Ү.Тгийн биед зүүн нүдний зовхи, дээд уруул, зүүн тохой, баруун сарвуу, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх44/,
5. Хохирогч нарын биед учирсан дээрх хөнгөн хохирол нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хоорондоо харилцан зодолдсон, А.Гийн шууны шарх нь хутгаар үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ү.Т, А.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
7. Хохирогч Ү.Т, А.Г нараас хохирлын баримт хэрэгт гаргаагүй бөгөөд “бид хоорондоо эвлэрсэн, гомдол саналгүй” гэж мэдүүлжээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Тд 650 нэгжээр, шүүгдэгч А.Гд 550 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
9. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ү.Т, А.Г нар нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан байх анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тохирсон ял оногдуулах нь зөв байна.
11. Иймд шүүгдэгч Ү.Т, А.Г нарыг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т, Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Т, А.Г нарт тус тус 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР