Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Г-д холбогдох  

3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр манай байгууллагатай ЗГ1201152201 тоот дугаартай “Цалин барьцаалсан зээлийн гэрээ” байгуулж 1,300,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, сард бодогдох хүү 3.55 хувь байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь 2018 оны 5 сарын 21-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 685,346 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно. Байгууллагын зүгээс өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Б.Г нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2,772,545 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 422,846 төгрөг, нийт 4,495,391 төгрөгийг төлөөгүй байгаа ба дээрх дүнгийн 995,391 төгрөгөөс татгалзаж, 3,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би С ХХК-аас 1,500,000 төгрөг зээлэх хүсэлт тавихад хүүг нь хасч бодоод 1,300,000 төгрөгийг олгосон. Хүү болон бусад шимтгэлүүдийг нэмээд 3,500,000 төгрөг төлөхөөр болсон. Уг мөнгөнөөс зохих журмын дагуу хасалтууд хийгдэж 2,600,000 төгрөг төлөхөөр болж, уг тооцоог хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 сарын 17-ны өдөр тус ББСБ-д очиж эдийн засагч албан тушаалтай Д.Ганболд гэж хүнд 2,400,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн ба үүний дараа дутуу үлдэгдэл 200,000 төгрөгийн дансаар шилжүүлсэн. Уг зээлээ төлөхөд тэтгэврийн зээл авч төлсөн. Би төлбөрөөс зугтсан зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Г од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2015 оны 5 сарын 1-ний өдөр С ХХК болон Б.Г нарын хооронд ЗГ1201152201 дугаартай “Цалин барьцаалсан зээлийн гэрээ” нэртэй гэрээ /хх-6-8 тал/ байгуулагдсан байх ба гэрээгээр С ХХК нь Б.Г од 1,300,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, эхний 6 сар 3.55 хувийн хүүтэй, дараагийн 5 сар 4.55 хувийн хүүтэй, сүүлийн 1 сар 8.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээл, зээлийн хүүг төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү болон зээлийн төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээл, түүний хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч зээл авснаас хойш зээлийн хүүгийн төлбөрт 685,346.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 129,653.33 төгрөг, нийт 815,000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлийн төлбөр 1,300,000 төгрөг, хүүгийн төлбөр 2,772,545 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 422,846.67 төгрөг, нийт 4,495,391 төгрөг төлөхөөс 995,391 төгрөгөөс татгалзаж, нийт 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарласан.

Хариуцагч нь зээл авснаас хойш 815,000 төгрөгийг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн ба уг төлбөрөөс гадна  нэхэмжлэгч байгууллагын эдийн засагч Д.Ганболдтой тооцоо нийлж 2,600,000 төгрөгийн төлбөр төлөх болсноос  2017 оны 7 сарын 17-ны 2,400,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 200,000 төгрөгийг 2017 оны 7 сарын 30-ны өдөр дансаар төлснөөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч зээл авснаас хойш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 815,000 төгрөгийг төлсөн гэдгийг хариуцагчийн төлөөлөгч зөвшөөрч байх ба хариуцагч 2017 оны 7 сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын эдийн засагчаар ажиллаж байсан Д.Ганболдын Голомт банкны дансанд “Сар шинэ лүү” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Д.Ганболд гэгч нь нэхэмжлэгч байгууллагын эдийн засагчаар ажиллаж байсан гэдэгт маргахгүй байх ба хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын эдийн засагч Д.Ганболдтой тооцоо нийлсний үндсэн дээр 2017 оны 7 сарын 17-ны 2,400,000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 7 сарын 30-ны өдөр үлдэх 200,000 төгрөгийг Д.Ганболдын Голомт банкны дансаар шилжүүлсэн гэх үйл баримтыг үгүйсгэхгүй байх боловч хариуцагч төлбөрийг нэхэмжлэгч байгууллагын зээлийн дансанд шилжүүлээгүй тул зээлийн төлбөрт тооцох үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс зээлийн хүүг эхний 6 сар 3.55 хувийн хүүтэй, дараагийн 5 сар 4.55 хувийн хүүтэй, сүүлийн 1 сар 8.5 хувийн хүүтэй буюу хүүгийн хэмжээ хугацаанаас хамаарч шатлан нэмэгдэх байдлаар тогтоогдсон шалтгааныг тодруулахад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдалтай холбон тайлбарласан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дахь заалтад “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан нь банк бус санхүүгийн байгууллагад тодорхой шалтгаангүйгээр зээлийн хүүг хугацаанаас хамааран шатлан нэмэгдэх байдлаар тогтоох эрхийг олгохгүй бөгөөд банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дахь заалтад заасан стандарт нөхцөл бүхий гэрээ тул зээлийн гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэхгүй.

Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахдаа шалтгаангүйгээр зээлийн хүүг хугацаанаас хамааран шатлан нэмэгдэх нөхцлийг стандарт нөхцөл бүхий гэрээнд тусгасан нь шударга ёсны зарчимд харш бөгөөд уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч зээлдэгч талдаа хохиролтой бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дахь заалтад “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна”, мөн зүйлийн 202.2.7 дахь заалтад “Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь урт хугацаатай үүргийн харилцаанд үнийг үндэслэлгүйгээр хэт богино хугацаанд огцом өсгөхөөр заасан нөхцлийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна” гэж заасан тул С ХХК болон Б.Г нарын хооронд 2015 оны 5 сарын 1-ний өдөр байгуулагдсан ЗГ1201152201 дугаартай “Цалин барьцаалсан зээлийн гэрээ” нэртэй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь 1,300,000 төгрөгийн зээл авснаас зээлийн хүүгийн төлбөрт гэх агуулгаар 815,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад, нэхэмжлэгч байгууллагын эдийн засагчаар ажиллаж байсан Д.Ганболдод 2,400,000 төгрөг бэлнээр, дансаар 200,000 төгрөг, нийт 3,415,000 төгрөг төлсөн байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцлээр шилжүүлэн авсан мөнгийг бүрэн буцаан төлсөн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалтыг баримтлан С ХХК-ийн гаргасан Б.Г од холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 5 сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.УУГАНБАЯР