Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1045

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Т.Төмөртулга,

шүүгдэгч Э.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Э.Э-т холбогдох эрүүгийн 00000000000000 тоот хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овогт Э-ын Э /РД:000000000000/,

Монгол улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын ***-ний өдөр ***** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол 0дүгээр байр 0тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

   Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

   Шүүгдэгч Д.Э нь **** оны ***дугаар сарын **-наас 2022 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны орчим Д.Б-ийн эзэмшлийн Самсунг-А72 маркийн гар утсыг утсаар яриулаач гэж түр хугацаагаар авч эргүүлж өгөлгүй зугтааж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар дээрэмдэн авч 865.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 03 дугаар сарын 06-аас 07-ныг шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын 110 дугаар байрны Б-1 давхарын автомашины зогсоол дээр дуудлагын жолоочийн үйлчилгээ авсан иргэн Б.Ч-оос үйлчилгээний хөлс болох 60.000 төгрөгийг шилжүүлэн авах үедээ түүний Хаан банкны 5027763193 тоот дансны интернэт банкнаас 540.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 02 дугаар сарын 28-наас 2022 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны орчим Д.Б-ийн эзэмшлийн Самсунг-А72 маркийн гар утсыг утсаар яриулаач гэж түр хугацаагаар авч эргүүлж өгөлгүй зугтааж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар дээрэмдэн авч 865.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 03 дугаар сарын 06-аас 07-ныг шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын 110 дугаар байрны Б-1 давхарын автомашины зогсоол дээр дуудлагын жолоочийн үйлчилгээ авсан иргэн Б.Ч-оос үйлчилгээний хөлс болох 60.000 төгрөгийг шилжүүлэн авах үедээ түүний Хаан банкны 5027763193 тоот дансны интернэт банкнаас 540.000 төгрөгийг түүнд мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

-хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспогийн зүүн талд байрлах зочид буудлын хажууд байрлах 7 давхарт байрлах нөхөр Ц.О-ийн хамт найз Н-хын төрсөн өдөр тэмдэглэж байгаад 00 цаг өнгөрч байхад тухайн газраас гараад манай нөхөр бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор дуудлагын жолооч дуудаад хүлээгээд байж байхад манай найз Н хоёр жолооч байна танайх нэгийг нь аваад машинаа бариул гэсэн. Тэгээд 20-25 орчим настай эрэгтэй хүн машиныг бариад Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо 9-р байрны хойно баруун хойд талд байрлах манай гарааш дээр ирээд машин гараашинд хийгээд 20.000 төгрөг өгөөд төв зам руу алхаж байхад тухайн дуудлагын жолооч надаас эгчээ гар утсыг өгөөд араас нь алхаж байхад тухайн залуу бага багаар холдоод байхаар нь би хүүе миний дүү гар утсаа авъя гэсэн чинь одоохон өглөө эгчээ гэж хэлээд урд алхаж байгаа манай нөхөр зам гараад явахаар би нөхөр лүүгээ хараад, нөгөө гар утас авсан залуу руу эргээд харахад зугтаад алга болсон байсан, тэгээд нөхөр бид 2 гэр рүүгээ орсон. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор содон шинж тэмдгийн сайн харж чадаагүй. Ямар ч байсан 20-25 насны хүн байсан. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр санхүүгийн байгууллагаас 1.900.000 төгрөгөөр авч байсан Самсунг А-72 маркийн хөрөнгийн, хар ногоон өнгийн гэртэй гэр нь ардаа карт хийдэг хэсэгтэй. Миний алдсан гар утас 356280232186690/35966613221186690 гэсэн имей дугаартай байсан. Дуудлагын жолоочид 20.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөнгөө машин дотор сууж байхдаа өгсөн 5000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 10000 дэвсгэрт 1 ширхгийг өгсөн. Утсаа олж авмаар байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/ мэдүүлэг,

-иргэний нэхэмжлэгч Г.Г-О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай найз Б манай ломбарданд ажиллаж байхад нэг залуу орж ирээд Самсунг А-72 маркийн гар утсыг 600,000 төгрөгөөр зарласан байсан ба манай найз төлбөрөө дансаар шилжүүлж өгсөн байсан. Удалгүй цагдаагаас ирээд гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлийг танай байгууллага худалдаж авсан байна гэж хэлээд Э.Э гэх хүний манай найз Б-д зарсан гар утсыг хураагаад аваад явсан. Манай ломбарданд учирсан хохирол 600,000 төгрөг энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/,  

-гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Taykun төвийн Б1 давхарт байрлах Super9 ломбарданд найз Г-О-ын оронд сууж байхад үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд Самсунг А-72 маркийн гар утас барьцаанд тавина гэж хэлэхээр нь би 500.000 төгрөгөнд авна гэхэд гарч яваад хэсэг хугацааны дараа орж ирээд энэ утсыг тавьбал буцааж авч чадахгүй юм байна 600,000 төгрөгөөр худалдаад авчихаач гэхээр нь би гар утсыг үзэж хараад гаагүй цэвэрхэн гар утас байвал худалдаад авчихгүй юу гэхээр нь би гар утсыг үзэж байгаад Г-О-ын данснаас  600,000 төгрөг шилжүүлж тухайн гар утсыг авсан. Надад гар утас зарсан хүн туранхай биетэй, дунд зэргийн нуруутай, 20-25 орчим насны эрэгтэй байсан, нилээн яриа хөөрөөтэй юм шиг санагдсан. Би тухайн гар утсыг ямар нэг гэмт хэргийн замаар алдсан гар утас гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний Ц-356 дугаартай: “Самсунг А-72 маркийн гар утасны кейс 15,000 төгрөгийн” тайлан /хавтаст хэргийн 22-р хуудас/,

-Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний Ц-324 дугаартай: “Самсунг А-72 маркийн гар утас 850,000 төгрөгийн” тайлан  /хавтаст хэргийн 28-р хуудас/,

-Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “... 6 дугаарт байрлуулж тавьсан хамгийн сүүлийн хүн мөн байна, энэ зурган дээр нүдний шилгүй байна, би энэ залууг нүдний шилгүй ч таньж байна, энэ залуу мөн...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 34-р хуудас/,

-Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 36-37-р хуудас/,

-Хохирогч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Өргөө кино театрын араас дуудлагын жолоочийн дугаар луу залгаж нэг жолооч ирсэн тэгээд тухайн жолоочтой Нисдэг машин, Зайсан ороод Содон хорооллын 110 дугаар байрны гараашинд ирээд төлбөр 60,000 төгрөг гэхээр нь би гар утасныхаа кодыг тайлж өгөөд миний дүү өөрөө дансаа хийгээд 60,000 төгрөгөө авчих гэсэн чинь тухайн залуу мөнгөө шилжүүлж аваад болчихлоо ах аа гээд миний гар утсыг надад буцааж өгөхөөр нь би гар утасныхаа мессежийг харсан чинь байхгүй байхаар нь гар утасны дугаараа өгчих гээд тухайн залуугийн дугаарыг авсан. Тэгээд маргааш өглөө нь болох 2022 оны 03 дугаар сарын 07-ны 09 цагийн үед интернэт банк руугаа орсон чинь 600,000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Миний 5059051417 дугаартай Хаан банкны данснаас 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 цаг 31 минутанд 5027763193 дугаартай Энхбаяр овогтой Э гэх хүний данс руу 600,000 төгрөг орсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-р хуудас/,

-Э.Э-ийн эзэмшлийн Хаан банкны 5027763193 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 93-р хуудас/,

-Э.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой баримт бичгүүд /хавтаст хэргийн 98-102/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч Э.Э-ийн яллагдагчаар өгсөн: “...би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найз Анарын хамт дуудлагын жолооч хийж байгаад IBISH зочид буудлын гадна дуудлагын жолооч авах уу гэж асууж байсан. Тэгтэл 40-45 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн цагаан өнгийн дунд гарын жийп маркийн автомашиныг надаар жолоодуулахаар болсон юм. Тэгээд би тэр хоёр хүний машиныг бариад Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо 9 дүгээр байрны хойд талд байдаг гараашнуудын урд машиныг нь байрлуулж тавьсан. Тухайн үед машины эзэн ах надад жолоо барьсан гээд 20,000 төгрөг өгсөн бөгөөд би машинаас буугаад машины эзэн ахтай хамт явж байсан эмэгтэйгийн гар утсыг яриад өгнө гэж хэлж унтраагаад Баянзүрх дүүргийн Сансрын орчим байдаг ломбарданд 600,000 төгрөгөөр зарсан. Би ломбардны хүнээс 600,000 төгрөгийг өөрийн 5027763193 тоот дансаар авсан ба уг дансыг би ашигласан, өөр хүн ашиглаж байгаагүй. Би гэмт хэргийг ганцаараа үйлдсэн өөр хүн байгаагүй. Самсунг А-72 маркийн гадуураа ногоон өнгийн гэртэй утас байсан. Тэр үед надад мөнгөний хэрэг гараад тэр согтуу эмэгтэйгээс гар утсыг нь авчихсан юм. Би урьд өмнө хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй анх удаа л ийм зүйл боллоо дахин ийм зүйл гаргахгүй” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн  63-р хуудас/,

“...гэм буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна... би Ч гэх хүнээс авсан 600,000 төгрөгөө буцаагаад өгсөн...” гэж /хавтаст хэргийн 107-108-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...би сахарын өвчтэй байсан учраас ажил хийж чадахгүй, сэтгэл санаагаар унаж байсан. Эмэгтэйчүүдийн баяр болох гээд байхад гэртээ хоол ундгүй байсан учраас энэ хэргийг хийсэн. Маш их гэмшиж байна...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 98-р хуудас/, жолоочийн лавлагаа, мэдлээлэл /хавтаст хэргийн 99-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 100-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 102-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Э нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Э нь Б.Ч-гийн зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар эд зүйл буюу мөнгийг нь өөрийн эзэмшилдээ авч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан мөн Д.Б-ийн “Самсунг А-72” загварын гар утсыг ил аргаар, шууд санаатай үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь, мөн хохирогч Б.Ч-ийн дансаар түүнд мэдэгдэлгүй нууц далд аргаар өөрийн данс руу 600,000 төгрөгийг шилжүүлсэн буюу хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Э.Э нь хохирогч Б.Ч-гийн эд хөрөнгө буюу 600.000 төгрөгийг өөртөө авах зорилгоор санаатайгаар дансаар нь түүнд мэдэгдэлгүй шилжүүлэн авсан, мөн хохирогч Д.Б-ийн эд хөрөнгө буюу гар утсыг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авч байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байна.  

Шүүгдэгч Э.Э-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг тус тус бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Э-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Б нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн, Б.Ч, иргэний нэхэмжлэгч Г.Г-О нарт төлөх төлбөргүй болсон /тус бүр данс руу нь хохирлын мөнгийг шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон/ байх тул шүүгдэгч Э.Э-гийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга би, Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Э.Э-т холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Э-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулж, нэмж нэгтгээд 1 жил 2 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Э.Э нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл /эхнэр хүүхдийн хамт амьдардаг/-ийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн болно.

Иймд дээрх хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга барил, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч З овогтой Э-ын Эгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

          2. Шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хугацаагаар тогтоосугай.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА