Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/892

 

 

 

 

 

 

 

 

    2022            7              06                                        2022/ШЦТ/892

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул, 

улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х, М.Т,

шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар Пад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1083 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа гоо сайхны шивээс хийдэг ажилтай, ам бүл 4, эхнэр, 1 хүүхэд, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, щ

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, тус ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан,

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.П нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3/60 дугаар байрны гадна хүүхдийн тоглоомын талбай дээр 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хүүхдээ өмөөрөн насанд хүрээгүй А.А, М.Аз, Т.З нарыг нүүрэн тус газар нь алгадаж тэдгээрийн биед нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 788 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.П.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.П нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3/60 дугаар байрны гадна хүүхдийн тоглоомын талбай дээр өөрийн хүүхдээ өмөөрөн насанд хүрээгүй А.А, М.Аз, Т.З нарыг нүүрэн тус газар нь алгадаж тэдгээрийн биед нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь насанд хүрээгүй хохирогч А.Агийн /13 настай/ “...сагсан бөмбөгийн талбай дээр тоглох гэж очоод байж байтал нэг хүүхэд бөмбөгтэй байж байхаар нь би ахдаа бөмбөгөө өгчих ганц шидье гэж хэлтэл тэр хүүхэд надад өгөхгүй байхаар нь би ахдаа бөмбөгөө өгчих л дөө гээд гуйгаад байж байтал тухайн бөмбөгний эзэн гэх махлагдуу бор хүүхэд над дээр ирээд яагаад найз дээрэлхээд байгаа юм гэхээр нь би бөмбөгийг нь авах гэсэн юм аа гэж хэлсэн. Хоорондоо хэрэлдэж байгаад найз Азыг тэр хүүхдэд баруун гар луу нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед би бөмбөг авах гээд доошоо тонгойх үед тэр хүүхэд миний дух руу юу ч хэлэлгүй нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм бэ гээд баруун мөр лүү нь нэг удаа түлхээд хоорондоо маргалдаж хэрэлдээд байж байтал махлаг бор хүүхдийн аав нь гэх ах хүрч ирээд шууд найз Зын зүүн талын чих орчим гараараа нэг удаа алгадах үед З газарт унах үед далайгаад байсан, тэгээд яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гээд над руу хүрээд ирсэн ба миний эрүү орчим гараараа нэг удаа цохисон... найз Азыг хацар руу нь гараараа алгадах үед найз Аз газар уначихсан...” гэсэн мэдүүлэг /хх23-24/,

            - насанд хүрээгүй хохирогч А.Азын /12 настай/ “...Угсаа гэх хүүхэд ирээд яагаад манай найзыг дээрэлхээд байгаа юм бэ гээд миний зүүн талын мөр хэсгээс гараараа барьчхаад тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулах гээд гар луу нь нэг удаа цохиод яв гээд бөгс рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэр үед Угсаа гэх хүүхдийн аав нь гэх ах гарч ирэхэд Угсаа худлаа уйлаад найз Зыг энэ хүүхэд намайг цохисон гэж хэлэх үед аав нь Зын зүүн талын чих орчим гараараа нэг удаа чанга цохих үед З газарт унаад би танай хүүхдийг цохиогүй шүү дээ гэж хэлэхэд Угсаагийн аав нь Аг цохих гэтэл А тонгойгоод толгойгоо хамгаалах үед доороос нь нүүр хамар орчим нэг удаа цохисон. Тэгсэн Угсаа гэх хүүхэд намайг бас зодсон гэж хэлэх үед аав нь гараараа миний дух, нүд орчим гараараа нэг удаа цохих үед би манарсан тэгсэн миний нуруу хэсгээс барьж байгаад угзраад сандал руу шидэх үед би сандал мөргөх үед хэсэг хугацаанд ухаан алдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх15-16/,

            - насанд хүрээгүй хохирогч Т.Зын /12 настай/ “...үл таних тарган хүүхэд манай найз Азын хажуу талаас нь зуураад Аз өөрөөсөө холдуулах гээд хөл гуя хавьцаа нь жийгээд тэр хоёр хоорондоо хэл амаараа маргалдаж байхад тэр хүүхдийн аав нь гэрээсээ гарч ирээд шууд миний зүүн талын чих орчим гараараа нэг удаа алгадах үед би газарт унаад манарсан байдалтай байсан ба нэг мэдсэн сандал дээр сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх6-8/,

            - насанд хүрээгүй гэрч П.Тгийн /10 настай/ “намайг дээрэлхээд байсан 3 хүүхэд шийдэн дээр тоглож байгаад явчихаар нь тухайн шийдэн дээр найзуудтайгаа тоглож байтал намайг анх мэдрэл муутай гэсэн хүүхэд дахин намайг мэдрэл муутай гээд над руу бөмбөг шидэх гээд байхаар нь би тоолгүй цаашаа алхаад явж байтал найз нь гэх хүүхэд миний ардаас бөгс рүү нэг удаа өшиглөхөөр нь эргэж хараад яагаад байгаа юм боль гэж хэлтэл тэр хүүхэд над руу гараараа цохих гээд байхаар нь хойшлох үед хажуу талд байсан миний бөгс рүү өшиглөсөн хүүхэд толгойны зүүн рүү нэг удаа цохих үед манай найзын дүү аавыг дуудсан. Удалгүй аав гарч ирээд тэнд байсан намайг дээрэлхсэн хүүхдүүдийг хацар руу нь алгадаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх32/, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7090 дугаар шинжилгээгээр М.Азын биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол /хх36-37/, мөн 7101 дугаар шинжилгээгээр А.Агийн биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол /хх44-45/, мөн шүүх шинжилгээний 7099 дугаар дүгнэлтээр Т.Зын биед зүүн хэнгэргэн хальсны цоорол гэмтэл бүхий гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол /хх49-50/ тус тус учирчээ.

            4. Шүүгдэгч Б.П нь гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн хүүхдээ өмөөрөн бага насны хүүхдүүд гэдгийг нь мэдсээр байж 12-13 насны хохирогч А.А, А.Аз, Т.З нарыг алгадах, цохих байдлаар зодсоны улмаас хохирогч нарын эрүүл мэндэд дээр дурдсан хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна.  

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг, хохирогч нарыг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Насанд хүрээгүй хохирогч А.Агийн хууль ёсны төлөөлөгч  Б.Хулан “хүү А.Агийн баруун хацар, хамар хэсэг нь хавдаад хөхөрчихсөн, толгой нь хөдөлсөн байсан. Эмнэлгийн байгууллагад үзүүлсэн баримт байхгүй...” гэжээ. /хх27/,

Насад хүрээгүй хохирогч А.Азын хууль ёсны төлөөлөгч Д.Х “ГССҮТ-д КТГ-н зураг 240.000 төгрөгөөр авхуулсан, дотор эхо-д 30.000 төгрөгөөр харуулсан, одоогоор баримттай 270.000 төгрөгийн зардал гарсан. Хувийн толгой бариулдаг хүнээр 60.000 төгрөгөөр бариулсан, би хүүхдээ эмчлүүлэх зорилгоор 3 удаа ажлаасаа цалингүй чөлөө авсан, би өдрийн 50.000 төгрөгөөр ажилладаг...” гэжээ. /хх19/

Насанд хүрээгүй хохирогч Т.Зын хууль ёсны төлөөлөгч М.Т “Хүү Т.Зыг ЭМЖЖ чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэж 340.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Цаашид манай хүүхэд хэнгэрэг нөхөх хагалгаанд орно, тухайн хагалгаа нь 2.698.000 төгрөг...” гэжээ. /хх11/

7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

8. Шүүгдэгч Б.П нь насад хүрээгүй хохирогч А.Азын хууль ёсны төлөөлөгч Д.Хт 270.000 төгрөгийн хохирол төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Мөн шүүгдэгч нь хууль ёсны төлөөлөгч Д.Хын баримтгүйгээр нэхэмжилсэн 210.000 төгрөгийг, хууль ёсны төлөөлөгч М.Таас гаргаж өгсөн 340.000 төгрөгийн баримт бүхий хохирлыг тус тус төлөхөө илэрхийлсэн.

Иймд Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 210.000 төгрөгийг гаргуулж хууль ёсны төлөөлөгч Д.Хт олгуулж, 340.000 төгрөг гаргуулж хууль ёсны төлөөлөгч М.Тт олгуулан шийдвэрлэв.

Хууль ёсны төлөөлөгч М.Т нь хүүхдийнхээ чихний хэнгэрэг нөхөх эмчилгээ хийлгэхтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нээлттэй болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

10. Шүүгдэгч Б.Пын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд өөрийнх нь хүүхдийг зодлоо гэж хүүхдээ өмөөрөн бага насны 3 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Пад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг, хохирогч нарыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Паас 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулж хууль ёсны төлөөлөгч Д.Хт, 340.000 /гурван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хууль ёсны төлөөлөгч М.Тт тус тус олгуулж, ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршигтай холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР