Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай хот, Оргил худалдааны төв 2 дугаар давхар хаягт байрлах Р ХХК /РД:5779014/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Цолмонгийн 11 гудамж 9 тоот хаягт оршин суух  Шарнууд овогт Баатарын Б  /РД:УК89022524/-т холбогдох

824,556 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.  

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч буюу зээлдэгч Б.Б  нь манай байгууллагатай 2015 оны 4 сарын 24-ний өдөр 0472 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулан 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр 1,000,000 төгрөгийг зээлж авсан. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж хамгийн сүүлд 2015 оны 6 сарын 12-ны өдөр 391,966 төгрөгийг үндсэн зээл, түүний хүүнд төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл 666,667 төгрөг, хүү 157,889 төгрөг, нийт 824,556 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас 824,556 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхэд ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй байна.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Б.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 824,556 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ямар нэг хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад “хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж хариу тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан, нэхэмжлэгч тал хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад заасны дагуу бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р ХХК болон хариуцагч Б.Б  нарын хооронд 2015 оны 4 сарын 24-ний өдөр 0472 дугаартай зээлийн гэрээ /хх-6-8 тал/ байгуулагдаж, гэрээгээр Р ХХК нь Б.Б т 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу Р ХХК нь Б.Б ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, Б.Б  нь зээл, зээлийн хүүг Р ХХК-д буцаан төлөх үүрэгтэй байна.

Р ХХК нь 2015 оны 4 сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийн зээлийг Б.Б т шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга /хх-11 тал/-аар тогтоогдож байна.

Зээлийн гэрээний хугацаанд Б.Б  нь Р ХХК-д 2015 оны 6 сарын 12-ны өдөр 333,333 төгрөгийг төлсөн өөр төлбөр төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрт 666,667 төгрөг, зээлийн хүүд 157,889 төгрөг, нийт 824,556 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь тооцооллын хувьд зөв байна.

Иймд хариуцагч Б.Б ээс 824,556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Б ээс 824,556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 24,350 төгрөгийн 24,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Б ээс 24,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д тус тус олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.УУГАНБАЯР