Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/898

 

 

 

 

 

 

 

 

 

      2022         7            07                                      2022/ШЦТ/898

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Чинзориг /томилолтоор/,

шүүгдэгч Х.Ш, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар Хяравгаагийн Шд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00202 0299 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өгөөж чихэр боов” ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт щ

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ш нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 07 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Улаанбаатар” модны захын хойд замд “Hyundai Mighty” маркийн, 47-18 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Пүрэвсүрэнг мөргөж, хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 311 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирол төлбөртэй холбоотой баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Х.Ш.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Х.Ш нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 07 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Улаанбаатар” модны захын хойд замд “Hyundai Mighty” маркийн, 47-18 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн техникийн шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, үзэгдэх орчинд тохируулан хурдаа тааруулж явах үүргээ зөрчин явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Пүрэвсүрэнг  мөргөж, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын “...2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр би ажлаа тараад гэртээ хариад байж байтал гэмтлийн эмнэлгийн цагдаагаас над руу залгаад “танай ээж машинд дайруулсан байна” гэж хэлэхээр нь би шууд гэрээсээ гараад гэмтлийн эмнэлэг дээр очтол манай ээж Пүрэвсүрэн нь гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр нь дусал хийлгүүлсэн, ярьж чадахгүй, биеийн байдал нь их муу байсан. Би эмчтэй нь уулзахад рентген зураг авсан, зүүн талын бүх хавирга нь хугарсан, томографийн хариу нь гараагүй байна, нэн даруй хэвтүүлэх шаардлагатай гэхээр нь би Дарь-Эх рүү яваад аавыг аваад ааваар сахиулъя гэж бодоод замдаа явж байтал гэмтлийн цагдаа залгаад нас барсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх40/,

- гэрч Ц.Эн “ ... Дархан-Уул аймаг руу салдаг уулзвараар эргээд Эмээлт явдаг зам руу ороод 100 орчим метр газарт явж байхад замын эсрэг талд голын үргэлжилсэн цагаан шугамын хажуу талд ачаатай түгээлтийн “Маяти” маркийн машин аваараа татсан зогсож байсан. Уг машин нь холын гэрлээ асаагаад зогсож байхаар нь би дөхөөд өөрийн машиныхаа холын гэрлийг шилжүүлээд ойрын гэрэл дээрээ тавихад миний явж байсан урсгалын хоёрдугаар эгнээний гол хэсэгт нэг хүн газарт хэвтэж байсан. Би тэр хүнийг хараад шууд тоормосоо гишгээд зогссон. Тэр хүн миний машины доогуур орсон. Тэр хүн машины доогуур нээх их ороогүй урд хэсэг рүү орсон. Намайг зогсох үед нөгөө “Маяти” маркийн машин хөдөлсөн. Би хамт явсан дүүгээ тэр хөдөлдөг “Маяти” маркийн машины зургийг нь дараарай, улсын дугаарыг нь цээжлээрэй гэж хэлсэн. Тэр үед замын эсрэг талд байсан хоёр эрэгтэй хүн уг “Маяти” маркийн машиныг зогсоорой гэж орилсон...” гэсэн мэдүүлэг /1хх57/,

- гэрч Ш.Бийн “...Ш бид Зүүнхараа орж борлуулалтаа дуусгачхаад Улаанбаатар руу хөдөлсөн. Би тухайн үед ядраад унтсан байсан. Гэтэл машины жолооч Ш гэнэт тоормосоо гишгээд хашхирсан. Тэгээд жолооч Ш бид хоёр машинаасаа буугаад хартал Ш надад “хүн мөргөчихлөө” гэж хэлсэн. Би тэр хавиар хартал замын эсрэг талын урсгалд нэг хүн хэвтэж байсан. Би сандраад тэр хүнийг харж чадаагүй. Гэтэл нэг цагдаа гараад ирсэн. Мөн нэг эмнэлгийн машин уг хүнийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх63/,

- насанд хүрээгүй гэрч Г.Дын “... Э ах тэр машинд тулаад хажуугаар нь зөрөх гээд явж байтал гэнэт зам дээр буюу манай талын урсгалд нэг хүн хэвтэж байгаа харагдсан. Э ах тэр хүнийг хараад шууд тоормосоо гишгээд тэр хэвтэж байсан хүнийг машиныхаа урд талын буферний доод хэсэг рүү жаахан оруулаад зогссон. Яг тэр үед буюу дөнгөж зогсонгуут нөгөө аваараа татаад гэрлээ хол дээрээ байлгаад байсан шар өнгийн “Өгөөж” ХХК-ний хаягтай машин гэнэт хөдлөөд явсан. Э ах юу болчхов оо гэж хэлээд буцаад жаахан ухрахад нөгөө хэвтэж байсан хүн яг байрандаа хэвтсэн чигээрээ машины урд талд харагдсан” гэсэн мэдүүлэг /1хх68/,

- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1183 дугаартай дүгнэлтэд “Талийгаач Ч.Пүрэвсүрэнгийн цогцост зүүн далны зөрөөтэй сэлтэрсэн хугарал, зүүн эгэм, баруун зүүн талын 1-12 хавирганы хугарал, уушгины урагдал, няцрал, уушги уналт, авчилт, голтын зөөлөн эд дэх цус хуралт, цээж хэвлийн хөндий дэх сул цус /1400мл/, цээжний хэнхэрцгийн баруун зүүн гялтан дах цус хуралт, элэгний бяцрал, зүүн чамархайн хуйханд доор, гавлын булчинд цус хуралт, зүүн нүдний гадна булан, хамар, уруул, баруун гуянд зулгаралт, зүүн бугалга, гуя, хэвлийн зүүн хажуу, өвдөгний гадна хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь цээжний битүү гэмтлүүдийн улмаас нас баржээ....талийгаач хүнд зэргийн согтолттой байжээ...” /1хх77/ гэжээ.

- Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтэд: “1, 2 дугаар тэнхлэгийн тоормозны хүчний зөрүү, зүүн талын ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй, дуут дохио ажиллахгүй, ухрахын гэрэл асахгүй, урд салхины шил зүүн талаараа их хэмжээгээр цуурсан зэрэг гэмтэлтэй стандартын шаардлага хангахгүй байна. ...гэмтлүүд нь хуучин байна. Тоормозны систем нь хийн дамжуулгын ABS системтэй, тоормозны стенд дээр шалгахад бүх тэнхлэгүүдийн дугуй зогсож байсан боловч 1, 2 дугаар тэнхлэгийн тоормозны хүчний зөрүү стандартаас давсан, мөн хянах дээр ABS системийн гэрэл ассан зэрэг гэмтэлтэй байна” гэжээ. /хх1-122/, зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хх3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх5-12/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

4. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч 597 дугаар магадалгаанд “Hyundai Mighty” маркийн, 47-18 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэснийг /1хх159/ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.  

5. Шүүгдэгчийн хувьд анхаарал болгоомжтой зорчих, үзэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг тохируулж явах, мөн тээврийн хэрэгслийн ашиглалтын шаардлага хангасан байдлыг бүрэн хангаж явж чадаагүйгээс зам тээврийн осол гаргаж, улмаар хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байна.

6. Иймд шүүгдэгч Х.Шг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин явган зорчигч Ч.Пүрэвсүрэнг мөргөн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь шүүгдэгч Х.Шгаас буяны ажлын зардалд 12.625.498 төгрөгийг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргажээ. /2хх45/,  

9. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан.

Тус хэрэгт Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Энхтуяа иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон, амь хохирогч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаад нас барсан гэж 2.891.700 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг төлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Шүүгдэгч нь энэхүү 2.891.700 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар /2хх34/ тогтоогдож байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Х.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

11. Шүүгдэгч Х.Ш нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

13. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

14. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, учирсан хор уршиг арилахгүй боловч шүүгдэгч болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хувьд хууль зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг хангажээ.

15. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Х.Ш нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Шгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

17. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

18. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний 1044367 дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

19. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

20. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Шгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний 1044367 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР