Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00178

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Ж.Жавзмаагийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2017/01023 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ж.Жавзмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох

“Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017.01.17-ны өдрийн Б/117 тоот тушаалын 1.2, 2.2 дахь заалтуудыг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Жавзмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Компанийн Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 тоот тушаалаар намайг эдийн засагч А.Баярсайханд дарамт үзүүлж, журам зөрчсөн үйлдэл хийхэд хүргэсний улмаас эдийн засагч А.Баярсайхан, нягтлан бодогч Р.Даваа нар нь эмч Ж.Жавзмаад илүү цагаар ажилласан ажлын хоногийг нь биеэр эдлүүлсэн байхад давхардуулан анхан шатны баримтгүйгээр илүү цагийн хөлсийг тооцон олгож ажил үүрэгтээ хариуцлагагүй хандан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж надад 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие эдийн засагч А.Баярсайхан, нягтлан бодогч Р.Даваа нарт дарамт шахалт үзүүлсэн илүү цагийн цалин нэхсэн асуудал огт байхгүй бөгөөд ийм асуудал огт болоогүй. Иймд хөдөлмөрийн сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байх тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 тоот тушаалын Ж.Жавзмаад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Жавзмаа шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөө хүссэн өргөдлийг бичээгүй бөгөөд миний өмнөөс энэ өргөдлийг өөр хүнээр бичүүлж цохолт хийлгэсэн байна. Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 27-ныг дуустал хугацаанд ажил явдалд оролцсон бөгөөд энэ үед цалинтай чөлөө авч явсан. Энэ чөлөөг дарга Ганчимэгтэй ярилцаад жижүүр эмчээр ажилласан хоногоос тооцохоор амаар тохирч явсан. Харин илүү цагаар ажилласан хоногоо биеэр эдэлсэнд тооцох яриа огт болоогүй. Миний бие гараар ямар нэгэн өргөдөл бичүүлэн авч миний илүү цаг ажилласан хоногоос 6 хоногийн буюу 48 цагийг биеэр эдэлсэн мөртлөө давхардуулан илүү цагийн хөлс авсан гэж намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалын 2.2 дахь давхардуулан олгосон илүү цагийн хөлс болох 380.400 төгрөгийг надаас суутгах заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Эрдэнэт сувиллын цогцолборын даргын 2016.05.03-ны өдрийн А/7 дугаар тушаалаар тус цогцолборын их эмч Ж.Жавзмаа нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа сунгах үзлэгийн ажлыг 2016.04.26-2016.05.05-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулан ажиллахдаа нийт 60 цаг илүү цагаар ажилласан. Уг тушаалын 6 дахь заалтад цагийн бүртгэл болон ажлын тайланг үндэслэн илүү цагаар ажилласны хөлсийг тооцон олгохыг цехийн эдийн засагч нарт зөвшөөрсөн байна. Ингээд тухайн сард илүү цагаар ажилласан нийт 60 цагаас Ж.Жавзмаагийг өөрийн хүсэлтийн дагуу 48 цаг буюу ажлын 6 өдрийн чөлөө олгож илүү цагаар ажилласны амралтыг биеэр эдлүүлэн үлдсэн илүү цагийн хөлсийн түүний 6 дугаар сарын цалин тооцож 170.710 төгрөг бодож олгосон нь цалингийн хуудас болон илүү цагийн бүртгэлийн тайлангаар нотлогддог. Ажилтан Ж.Жавзмаагийн 2016.09 сард илүү цагийн хөлс гэж 380,400 төгрөгийг бодуулж авсан нь түүний цалингийн хуудас болон Эрдэнэт сувиллын цогцолборын эдийн засагч А.Баярсайханы тайлбар, Санхүү бүртгэлийн хэлстийн нягтлан бодогч Р.Даваагийн тайлбараар нотлогддог.

Ажилтан Р.Даваа, А.Баярсайхан нар нь Цехийн даргын зөвшөөрөлгүйгээр, санхүүгийн анхан шатны баримтгүй, илүү цагийн хөлсийг олгосон эсэх талаар холбогдох баримтыг магадлан шалгалгүйгээр илүү цагийн хөлсийг давхардуулан олгосон нь зрчлийн тхай акт болон тухайн зөрчлийн талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Ж.Жавзмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2017/01023 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ын Ерөнхий захирлын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 дугаар тушаалын 1 дүгээр заалтын 1.2 дахь хэсгийн Жавзмаад 2017 оны 01 сараас эхлэн 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэлийн заалтыг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэр ХХК-наас 280.140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Жавзмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тушаалын 2.2 дахь заалтыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 70.200 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд давж заалдсан гомдолдоо:

Хариуцагчийн зүгээс Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 1эх заалтын “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017.01.17-ны өдрийн 5/117 дугаар тушаалын 1 дүгээр заалтын 1.2 дахь хэсгийн Ж.Жавзмаад 2017.01 сараас эхлэн 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэлийн заалтыг хүчингүй болгож..." гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Эрдэнэт сувиллын цогцолборын даргын 2016.05.03-ны өдрийн А/7 дугаар тушаалаар тус цогцолборын их эмч Ж.Жавзмаа нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа сунгах үзлэгийн ажлыг 2016.04.26-2016.05.05-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулан ажиллахдаа нийт 60 цаг илүү цагаар ажилласан. Тухайн сард илүү цагаар ажилласан нийт 60 цагаас Ж.Жавзмаагийг өөрийн хүсэлтийн дагуу 48 цаг буюу ажлын 6 өдрийн чөлөө олгож илүү цагаар ажилласны амралтыг биеэр эдлүүлэн үлдсэн илүү цагийн хөлсийг түүний 6 дугаар сарын цалин дээр тооцож 170.710 төгрөг бодож олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

Гэтэл Ж.Жавзмаа нь 2016 оны 09 дүгээр сард илүү цагийн хөлс гэж 380.400 төгрөгийг бодуулж авсан нь бөгөөд тухайн сард илүү цагийн мөнгө бодогдон орох ёсгүй байтал уг мөнгийг авсан, илүү мөнгө бодогдон орсон талаар холбогдох удирдлагад мэдэгдээгүй, зөрчлийн тухай акт болон тухайн зөрчлийн талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд журам зөрчин илүү цагийн мөнгийг давхардуулан, үндэслэлгүйгээр авсан нь нотлогдсоор байтал анхан шатны шүүх сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчин хэрэгт чухал хамаарал бүхий нотлох баримтыг бодитоор үнэлж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.3-т заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.10-ны өдрийн 142/ШШ2017/01023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017.01.17-ны өдрийн Б/117 дугаар тушаалын 1 дүгээр заалтын 1.2 дахь хэсгийн Ж.Жавзмаад 2017.01 сараас эхлэн 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэлийн заалтыг хүчингүй болгож...” гэсэн хэсгийг хүчингүй болгож энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Жавзмаа “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017.01.17-ны өдрийн Б/117 тоот тушаалын 1.2, 2.2 дахь заалтуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “...нэхэмжлэгч нь илүү цаг ажилласан хугацааны цалин хөлсийг санхүүгийн анхан шатны баримт бичиггүйгээр гаргуулж авсан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Жавзмааг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8.5, 8.8.13 дахь заалтыг зөрчсөн тухайлбал эдийн засагч А.Баярсайханд дарамт үзүүлж, журам зөрчсөн үйлдэл хийхэд хүргэсэн, анхан шатны баримтгүйгээр илүү цагийн цалин хөлсийг авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн үндсэн цалингийн 10 хувиар 2 сарын хугацаагаар бууруулах шийтгэл ногдуулж, илүү цагийн хөлс 380.400 төгрөгийг түүний цалин хөлснөөс суутгах арга хэмжээ авагджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Жавзмаа 2016 оны 9 дүгээр сард илүү цаг ажилласны цалин хөлс гаргуулж авахдаа эдийн засагч А.Баярсайхан, нягтлан Р.Даваа нарт дарамт үзүүлж, журам зөрчсөн үйлдэл хийхэд хүргэсэн болох нь тогтоогдоогүй ба зөвхөн А.Баярсайханы хуралд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасантай нийцээгүй байна.  

Харин нэхэмжлэгч Ж.Жавзмаа 2016 оны 4 сарын 26-наас 2016 оны 05 дугаар сарын 05 хүртэлх хугацаанд илүү цаг ажилласан ажлын хоногийг биеэр эдэлж, зөрүү 170.710 төгрөгийн цалин хөлс авсан болох нь хэрэгт авагдсан 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Зөрчлийн тухай акт, эмч нарын илүү цагийн тайлан, цагийн бүртгэл, хурлын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон байх тул илүү цаг ажилласны цалин хөлс 380.400 төгрөгийг буцаан суутгасан нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ж.Жавзмааг илүү цаг ажилласны цалин хөлс 380.400 төгрөгийг анхан шатны баримтгүйгээр олгоход эдийн засагч, нягтлан бодогч нарт дарамт учруулсан болохыг нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь илүү цагийн цалин хөлс авсан нь хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...нэхэмжлэгч нь илүү цагийн мөнгийг давхардуулан, үндэслэлгүйгээр авсан нь нотлогдсоор байтал анхан шатны шүүх сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчин хэрэгт чухал хамаарал бүхий нотлох баримтыг бодитоор үнэлж шийдвэр гаргаагүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж ажил олгогчийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 дугаар тушаалын 1.2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн цалин хөлснөөс суутгасан 280.140 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнг буруу гэж үзэх боломжгүй юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2017/01023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.054 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                            Б.БАТТӨР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ