Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2021/0105/З |
Дугаар | 128/ШШ2021/0232 |
Огноо | 2021-03-29 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2021/0232
2021 03 29 128/ШШ2021/0232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Гомдол гаргагч: Б.М
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.С
Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Б.М, хариуцагч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. гомдол гаргагч Б.М шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “МШ” ХК-иас холбогдон албан бичиг ирлээ гэж мэдэгдсэний дагуу очиж авахад Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна гэсэн үндэслэлээр торгууль ногдуулсан шийтгэлийн хуудас байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй бөгөөд тус хуулийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу холбогдогч миний эрхийг хангаагүй шууд торгуулийн хуудас ирсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процесс зөрчигдсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс надтай холбогдож эхэлсэн бөгөөд ирж мэдүүлэг, байцаалт өгөөч гэж мэдэгдсэн. Миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх зорилгоор менежерээ явуулъя гэдэг хүсэлт тавьсан. Би хөндлөнгийн аудит хийлгэн эцсийн тайлангаа аудитын газарт өгсөн байсан. Улмаар менежертэйгээ холбогдон ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан эсэхээ судал гэж мэдэгдсэн. Өмгөөлөгч авах эсэх, улс төрийн зорилго байгаа юу, дараагийн сонгуульд нэр дэвшихгүй байх үр дагавар үүсэх эсэхийг судалж байх үед хариуцагч 2 удаа надтай холбогдсон. Ингээд байж байтал ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоосон байх хугацаанд татварын байгууллагаас холбогдон манайх ажиллаж байгаа та яаралтай ир гэж мэдэгдэж байсан. Энэ нь цаанаа ямар нэгэн зорилготой юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. Хөл хориотой байсан учраас очих боломжгүй байсан. Би очихгүй гэж огт хэлээгүй, харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлд заасан аргыг хэрэглэх боломжтой гэж мэдэгдсэн. Асуудлыг судлах хугацаа шаардлагатай байхад нөгөө талаас ирээд гарын үсгээ зур гэж холбогдоод байсан. Гэтэл дахин ковид-19 цар тахлын улмаас хөл хорино тогтоосон. Удалгүй шуудангаар шийтгэлийн хуудас ирсэн. Энэхүү шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулийн 4.8 дугаар зүйлийн 2-т “Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно” гэж зааснаар миний байгаа газарт ирж мэдүүлэг авч болох байсан. Гэтэл албадан дуудахгүй, ирж мэдүүлэг авалгүй, шалтгаан нөхцөлөө хэлж байхад шууд шийтгэл ногдуулж байгаа нь процессыг зөрчсөн байна. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Хоёр. хариуцагч Д.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагч нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж ямар ч мэдүүлэг, тайлбар авалгүй, хуульд заасан эрхийг эдлүүлэхгүй шийтгэлийн хуудас оногдуулсан гэх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д “Холбогдогч дараахь үүрэгтэй”, 3.1-д “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх”, 3.2-т “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх” гэж заасан үүргийг биелүүлээгүй. Мөн хуулийн 4.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно” гэж заасан. Иргэн Б.М-ийг ирж уулзан холбогдогчийн мэдүүлэг өгөх талаар удаа дараа ажиллагаа хийсэн. Энэ талаарх тайлбар нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа. Гомдол гаргагч Б.М-т Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрхээ эдлэх боломж бүрэн байсаар байтал өөрийн буруутай үйлдэл, үл тоосон байдал, хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж гомдол гаргаж байгааг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Хариуцагчийн зүгээс гомдол гаргагчид Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан холбогдогчийн эрхийг эдлүүлэх бүрэн нөхцөл, боломжийг олгосон. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү. Утсаар удаа дараа холбогдон холбогдогчийн мэдүүлгийг өөрөө заавал өгөх ёстой гэж хэлэхэд Б.М нь би менежерээ явуулъя би ийм ажилд цаг зарцуулмааргүй байна гэж үл тоосон байдлаар хандсан. Дараа нь дахин холбогдоход би очиж чадахгүй та нар албадлагын арга хэмжээгээ авбал аваарай гэсэн. Бид удаа дараа шаардлагаа тавьсан. Энэ нь ковид-19 цар тахлын хөл хориотой, хөл хориогүй үед ч таарч байсан. Прокуророос зөвлөгөө авахад хатуу хөл хорионы үед ажлаа үргэлжлүүлэх явуулах боломжтой. Ажлаа хий гэсэн шаардлага тавьсан. Прокурорт ажлаа хянуулаад явуулж байсан...” гэв.
Гурав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагчийн зүгээс процесс ажиллагаанд маргаж байгаа бөгөөд зөрчлийн үндэслэлтэй маргаагүй гэж ойлголоо. Татварын улсын байцаагчийн зүгээс зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан. Холбогдогч маань ийм үйлдэл гаргаагүй гэсэн тайлбар өгөх, түүнчлэн гомдол гаргах эрхтэй байсан. Процесс ажиллагааны туршид нотлох баримт гаргуулах гэх мэт эрхүүдийг эдлэх нь боломжтой байсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон хуульд заасан үндэслэлийг үл ойшоож гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч гомдлын шаардлагаа Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч Б.М-ээс Хан-Уул дүүргийн Татварын албаны татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан бөгөөд уг шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг зөрчиж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний Аудитын газарт бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр 10,000,000.00 төгрөгөөр торгосон байна.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулжээ.
Татварын улсын байцаагч нь гомдол гаргагч Б.Мийг Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нэр дэвшигчийн Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй, “Акпар аудит” ХХК-ийн гүйцэтгэсэн тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Мөн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч зөрчлийн хэрэг нээж, зөрчил холбогдогч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэл, шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй шалтгаанаа “…төрийн үйл ажиллагаанд хүндэтгэлгүй хандаж олон удаа утсаар дуудсан боловч ирээгүй…” гэж тайлбарлаж байгаа боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлд заасан холбогдогчийг дуудан ирүүлэх журмыг хэрэгжүүлсэн талаар утасны дуудлага хийсэн жагсаалтаас өөр баримтууд байхгүй тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй, мөн хуулийн 1.13 дугаар зүйлд заасан хүсэлт гаргах болон 6.9 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэрэгтэй танилцуулах зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ”, 57.5-д “сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаар нэр дэвшигч Б.М нь өөрийн сонгуулийн зардлын тайланд аудит хийлгэн, дүгнэлт гаргуулж, сонгуулийн зардлын данс байршуулсан банкнаас дансны бүх гүйлгээний хуулгыг Аудитын газарт хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх шинжийг агуулаагүй байна гэж үзлээ.
Иймд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.С*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас нь гомдол гаргагч Б.Мийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.М-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын Татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ