Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 655

 

 

 

 

 

 

2019          7               2                                             2019/ДШМ/655

 

                                                     О.Ж-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Туяа

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2019/ШЗ/845 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Мөнхцэцэгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч О.Ж-д холбогдох эрүүгийн 1810007000242 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн О.Ж-, 19.. оны .... дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт ........ дүүргийн ........ дүгээр хороо............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........../;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 776 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

О.Ж- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хохирогч Д.Э-с 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж авсан,

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хохирогч О.Э-с 2017 оны 10 дугаар сард 12.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж авсан,

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хохирогч Г.А-с 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Ж- нь “Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарын хооронд хохирогч Д.Э, О.э, Г.А нарыг залилан мэхэлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Гэтэл О.Ж- нь “Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Ундрахаас 1.500.000 төгрөг, хохирогч Б.У-с 1.900.000 төгрөг тус тус залилан мэхэлж авсан гэмт хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 776 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн байна.

1 дүгээр хавтас хэргийн 48-70 дугаар хуудаст авагдсан О.Ж-гийн “Хаан” банкны дансны хуулгаас үзэхэд яллах дүгнэлтэд заасан хохирогч Д.Э-, О.Э-, Г.А- нараас гадна өөр хүмүүс “визийн төлбөр” гэж түүний харилцах дансанд мөнгө шилжүүлсэн байна. Тухайлбал, 5013074788 данснаас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2007 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 5022561920 данснаас 6.000.000 төгрөг, 5087054765 данснаас 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5025485208 данснаас 500.000 төгрөг тус тус “визний төлбөр” гэж шилжүүлсэн байхад энэ талаар шалгаагүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хохирлын хэмжээ болон үйлдсэн аргаас хамаарч тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, яллагдагчийн үйлдлүүдийг нэгтгэж шалгаагүйн улмаас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, ял завших, Эрүүгийн хууль буруу хэрэглэх үндэслэл болно.

Иймд О.Ж- нь “Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж бусдыг хуурч, залилан мэхэлсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, үйлдсэн арга болон амьдрал эх үүсвэр болгосон эсэхийг мөрдөн байцаалтын шатанд нэг мөр шалгаж тогтоох нь зүйтэй. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Шүүх О.Ж-д холбогдох 1810007000242 дугаартай хэрэгт авагдсан хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх байтал О.Ж-гийн “Хаан” банкны харилцах дансны хуулгаас дүгнэлт хийж мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, О.Ж-гийн харилцах дансанд “визний хураамж” гэж мөнгө шилжүүлсэн холбогдох данс эзэмшигч нараас “залилуулсан” талаар цагдаа, прокурорын байгууллагад гомдол гаргаагүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийх хууль зүйн үндэслэлгүй юм.

О.Ж- урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 776 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд, О.Ж-д холбогдох эрүүгийн 1810007000242 дугаартай хэрэгт тогтоогдсон хөнгөн эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болохгүй тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 845 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..Эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан дансны хуулгаас нэр бүхий 3 хүний мөнгө шилжүүлсэн байдлыг шалгаагүй орхигдуулсан. Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлж ял завших боломж олгож байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Прокурор эсэргүүцэлдээ шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Шүүгчийн захирамжид заагдсан нэр бүхий иргэдээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа явагдаагүй. Иймд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:                     

 

Давж заалдах шатны шүүх О.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

О.Ж-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд, О.Ж- нь хохирогч Д.Э-аас 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг, мөн хохирогч О.Э-гаас 2017 оны 10 дугаар сард 12.000.000 төгрөгийг, мөн хохирогч Г.А-аас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөгийг тус тус авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 22, мөн оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хоёр үйлдэлдээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 776 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, торгуулийн ялыг биелүүлж дууссан байна.

Шүүгчийн захирамжид зааснаар шүүгдэгч О.Ж-гийн харилцах дансны хуулбарын визний төлбөр гэсэн хэсгүүдэд ач холбогдол өгч, гэмт хэрэг байж болох үйлдэл эсэх талаар зохих дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/845 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Мөнхцэцэгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ          

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ