Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жийн Бт холбогдох эрүүгийн 2238000000505 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Арбулаг сумын урд талын хороололд Д.Дийг модоор цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хоёр гарын шуунд зулгаралт, долоовор, дунд хуруунд сорви, зүүн шуу хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000505 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Арбулаг сумын урд талын хороололд Д.Дийг модоор цохих, өшиглөх зэргээр зодож бие эрх, чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хоёр гарын шуунд зулгаралт, долоовор, дунд хуруунд сорви, зүүн шуу хэвлийд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Дийн өгсөн: “...Би найз Өын хамт 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Далайбаян” дэлгүүрийн тэнд явж байгаад Арбулаг сумын 3 дугаар багийн иргэн Ж.Бтой таарсан. Тэгээд бид гурав дэлгүүрээс нэг шил Аква нэртэй 0.5 граммтай архи аваад урд талын гудамжинд очоод нэг хүн тус бүр 3 хундага архи машин дотор уусан. Тэгээд манай найз Ө Быг гараад барилдчихъя гээд тэр хоёр гараад барилдсан. Тэгээд манай найз Быг 2 удаа давсан. Тэгээд за явъя гээд бид хоёр машиндаа суугаад хөдөлсөн чинь Б араас мод чирээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь бид хоёр зогсоод ахын дүү яасан бэ гэж би асуусан чинь Б та хоёрыг ална гээд модоор намайг цохисон. Тэгэхээр нь би хоёр гараараа удаа дараа хаасан. Модоор миний гар руу цохисон. Мөн миний баруун талын хавирга руу модоор цохисон. Мөн цээж рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн зүүн талын шанаа руу гараараа цохисон. Тэгээд манай найз Ө бид хоёрыг салгасан. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Төлбөр мөнгө нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 18 тал/,

Гэрч Б.Өын өгсөн: “  Би тухайн  өдөр найз Дтой  Арбулаг сумын төвд Супер дэлгүүрийн  үүдэнд таарсан.  Тэгж байтал нутгийн залуу болох Б ирээд бид 3 дэлгүүрийн үүднээс холдоод  урд талд очоод Дийн машинд  архинаас  уусан. Б намайг ах нэг барилдчихъя гээд надад хэлэхээр нь би за гээд машинаас гараад 2 удаа барилдсан юм. Б намайг хоёр удаа унагаасан. Тэгээд би болъё гээд дахиж барилдаагүй. Тэгсэн чинь тэр залуу зүгээр байж байснаа гэнэт л уурлаад бид хоёрыг зодно гээд эхэлсэн. Урдаас нь ах нь зодоон хийхгүй гэж хэлсэн чинь Б Дийн машины жолооч талын урд хаалга руу өшиглөсөн. Тэгээд тэр хоёр муудалцсан. Би тэр хоёрыг салгаад би Дийг аваад машинтай нь хөдөлтөл Б араас мотоцикльтойгоо ирээд зогс гээд байсан. Тэгэхээр нь Д зогссон чинь Б жолооч талын хаалгыг онгойлгосон. Тэгээд Д буусан чинь Б нэг модоор Дийг цохисон. Яг хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Тэгээд би Бын араас тэврээд чи хүн аллаа гэж хэлээд салгасан. Тэгээд Д бид хоёр машинаа асаагаад явсан.. намайг харж байхад  Б Дийг модоор цохиж өшиглөж байхад нт би салгасан..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 397 дугаартай: “...Д.Дийн биед хоёр гарын шуунд зулгаралт, долоовор, дунд хуруунд сорви, зүүн шуу хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Д.Дийн биед үүссэн гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ж.Бын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөөнөөс сумын төв орж ирээд явж байтал Супер дэлгүүрийн урд талд Д, Ө нартай тааралдсан. Тэгээд бид гурав дэлгүүрээс 1 шил архи аваад урагшаа явж гудамжинд очиж Дийн машинд тэр архиа тойруулж ууж байгаад Ө гэдэг хүнийг би барилдчихъя гээд гарч 2 удаа барилдсан. Тэгээд би дараа нь Дтой маргалдаж модоор гар руу нь цохиод ганц хоёр удаа өшиглөж авсан. ...Дийг өөр хүн зодож цохисон асуудал болоогүй. ...Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Д, гэрч Б.Ө нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Арбулаг сумын урд талын хороололд Д.Дийг модоор цохих, өшиглөх зэргээр зодож бие эрх, чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хоёр гарын шуунд зулгаралт, долоовор, дунд хуруунд сорви, зүүн шуу хэвлийд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Дийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан хоёр гарын шуунд зулгаралт, долоовор, дунд хуруунд сорви, зүүн шуу хэвлийд цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Ж.Бын модоор цохисон, хөлөөрөө өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ж.Бын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед: “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Төлбөр мөнгө нэхэмжлэхгүй” гэх /хх-ийн 18 тал/ мэдүүлгийг өгсөн, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр түүний Хөвсгөл аймгийн шүүх, Прокурорын газарт гэх “...Ж.Бтой эвлэрч миний бие ямарваа нэгэн гомдол байхгүй болно...” гэх өргөдлийн хуулбар /хх-ийн 51 тал/ хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 38-42 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, “Монгол улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан”-гаас татан авсан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багт оршин суудаг, малчин, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ж.Бт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Арбулаг суманд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, анхааруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Жийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жийн Быг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН