Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 321

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багт оршин суух Эхийн гол овгийн Сангаарагчаагийн Доржготовт /РД: ДА66052918/ холбогдох
Үндсэн зээл, хүү, алданги нийт 49.173.215,3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоол, 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах хяналт тавих журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтыг үндэслэн Говь-Алтай аймгийн Алтай сумд орших Буурал аж богд хоршоо нь сумдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хоршоо хөгжүүлэх зориулалтаар 2011 оны 09 дүгээр сарын 29-нд 44.000.000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийг зээлийн 0.2 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар сумын Засаг дарга асан С.Баярмагнай, сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн С.Амараа нар гэрээ байгуулан олгосон болно. Буурал аж богд хоршоо нь 2011 оны 11 дүгээр сарын 15-наас 2014 оны 09 дүгээр сарын 05 хүртэл хугацаанд үндсэн зээлийн хүүд 3.080.000 төгрөгийг гэрээнд заагдсаны дагуу графикт хугацаанд төлсөн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болно. Одоо үндсэн зээл, хүү, алдангийн хамт 49.173.215.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буурал аж богд хоршоо нь 2011 онд сум хөгжүүлэх сангаас 44 сая төгрөгийн зээл авсан. Одоо 2011-2014 онд үндсэн зээл болон зээлийн хүү 3.084.000 төгрөг төлсөн, тэрнээс хойш төлөгдөөгүй. Аудитын газраас 2014-2017 оны хүү алданги тооцоод 49.173.215,3 төгрөг нэхэмжилж байгаа. Буцалтгүй өгөх үндэслэл байхгүй. Зээлийн гэрээ байгаа учир зээлийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна. 2011-2014 онд үндсэн зээлийн хүүд 3.084.000 төгрөг төлсөн гэв.
Хариуцагч С.Доржготов шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймаг 2011 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жилээр зарлан бүх сумуудаас төлөөлөл ирж Хоршоо байгуулах талаар сургалт мэдээлэл өгсөн. Энэ хуралд би сууж орон нутагт хоршоо байгуулах шаардлагатай, мөн тодорхой хөрөнгийг гарааны хөрөнгө болгож санхүүжүүлэх юм байна /аймгийн Засаг даргын дэргэд хоршооны зөвлөх ажиллаж байсан үе/ гэдэг ойлголттой ирж 03 дугаар сарын 21-ний өдөр малчдын оролцоотойгоор Алтай сумын анхны хоршоог байгуулж “Буурал Аж Богд” хоршоо гэж нэрлэн хоршооны дүрмээ баталж, дарга, тэргүүлэгчид, хяналтын зөвлөлөө сонгон, тэргүүлэгчид 9, хяналтын зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй тус тус байгуулан, 2011 оны 05 сарын 27-нд Улсын бүртгэлд бүртгүүлэн тамга, 9617 дугаарын гэрчилгээ авч, 2011 оны 09 сарын 01-нээс эхэлж орон тоо, бүтцээ зохион байгуулан 112 гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Орон тооны хувьд дарга, ня-бо, худалдааны менежер, худалдагч, жолооч, халуун усны үйлчлэгч, туслах ажилтан 2 зэрэг нийт 8 орон тоотойгоор ажиллаж байна. Үүнээс үндсэн 6 орон тоог нэг хүний сарын цалин 150.000-250.000 төгрөгөөр тооцон цалинжуулж, үлдсэн 2 ажилтанг тухайн үед хийснээр нь цалинжуулан ажилласан. Хуучин эмнэлгийн байрнаас 3 өрөө авч засварлан, хаалга цонхыг өөрчлөн лангуу тавиур хийж, өргөн хэрэглээний бараа борлуулах дэлгүүр, агуулах болгон ажиллуулж, түүхий эд хүлээн авах, борлуулах цэгийн зориулалтаар контейнер авч, нийтийн халуун ус, хүлэмжийн аж ахуй эрхлэх зэргээр үйл ажиллагаа явуулж байсан. Хоршиж, хамтарч ажиллахыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч НҮБ-аас 2012 оныг Хоршооны жил, УИХ, засгийн газраас, Говь-Алтай аймгаас ч Хоршооллыг эрчимжүүлж, өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан төдийгүй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 06 сарын 29-ний өдрийн 34 тоот тогтоолоор сум хөгжүүлэх сан, орон нутгийн төсөвт тусгагдсан хөрөнгөөр хоршоо байгуулах үйл ажиллагааг дэмжин санхүүжүүлэх журмыг батлан гаргасны дагуу хоршоог дэмжих чиглэлээр Сум хөгжүүлэх сангаас эргэн төлөгдөх нөхцөлгүй зээлийг олгох шийдвэр гарч улмаар 44 сая төгрөгийн дэмжлэг аван үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажилласан. Тухайн үед сум хөгжүүлэх сангийн журмын дагуу холбогдох хүмүүс заавал гэрээ байгуулж олгох ёстой /цаашид хоршооны дэмжлэг болох юм гэж тайлбарласан, би ч тэгэж ойлгосон/ гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурж, 2013 оны 09 сар хүртэл зээлийн хүү 3.1 сая төгрөг төлсөн байдаг. Энэ хугацаанд Хоршоологчдын зөвлөгөөн семинарт аймаг, Дарив сум, Улаанбаатар хотод нийт 3 удаа оролцож, бусад хоршоодын туршлага судалж байхад бүх хоршоод сумын хөгжлийн сангаас дээрх дэмжлэгийг авсан, зарим нь гэрээ хийн хүүг төлж байгаа, нэг хэсэг нь гэрээ ч хийгээгүй юу ч төлдөггүй гэдэг мэдээллийг сонсож хүүг төлөхөө больсон. Дээрх хөрөнгөөр бараа, түүхий эд тээвэрлэх зорилгоор маяти маркийн автомашин 10 сая төгрөгөөр авч ашиглаж байсан ба талх, гурилан боов, зайрмаг, бялууны тоног төхөөрөмж 7.7 сая төгрөгөөр, контейнер 2.5 сая төгрөгөөр, Тариалан булагт 0.5 га газар авч хамгаалалт хийх, хүлэмж худалдан авахад 1.7 сая төгрөг зарцуулж, мөн лангуу агуулахын тавиур бүргэд хаалга, вакуум цонх, цонхны хамгаалалт гэх мэт 1.8 сая төгрөгөөр тус тус авч нийт 23.7 сая төгрөгийг хөрөнгө бэлтгэхэд зарцуулсан. Үлдэгдэл 20 сая төгрөгөөр 2011-2013 онд үйл ажиллагаа эрчимтэй явагдаж ажилчдын цалин, шимтгэл, зээлийн хүү, шатахуун бараа түүхий эд бэлтгэх зэрэгт зарцуулсан төдийгүй сумд үйлчилгээ нь доголдож байсан халуун усыг ажиллуулах, хүнсний ногоо тариалах, үсчин ажиллуулах, өргөн хэрэглээний бараагаар хангах, малчдын ноос ноолуур, арьс ширийг малчдаас явж цуглуулах, Улаанбаатар хот руу тээвэрлэж борлуулах зэргээр урсгал зардал их гаргаж, нэлээн олон төрөлт үйл ажиллагааг явуулж байсан. 2012-2015 оны хугацаанд хоршооны гишүүддээ ноогдол ашгаар цагаан сараар тавгийн идээний боов, чихэр, цай гэх мэт зүйлсийг 4 жил дараалан олгож 4.8 сая төгрөг зарцуулсан. Хөрөнгө санхүүгийн хомс байдлаас 2015 оноос үйл ажиллагаа зогсонги байдалд орж, өнөөдрийн байдлаар ямар нэгэн үйлчилгээ эрхлээгүй, худалдагч нь дэлгүүрээ цоожлоод өвчний байдлаас Улаанбаатар хотод жил гаруй эмчилгээнд явж ихээхэн хэмжээний хугацаа дууссан чанараа алдсан 3.6 сая төгрөгийн барааны үлдэгдэлтэй, ашиглаагүй удсан талх гурилан боов, зайрмагны төхөөрөмж, контейнер зэрэг 6.4 сая төгрөгийн хөрөнгөтэй байна. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзэж Сумын хөгжлийн сангаас авсан Хоршоо дэмжих зориулалтын 44 сая төгрөгийн төлбөрөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 34 дүгээр тогтоолын дагуу чөлөөлж, эргэн төлөгдөхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж энэхүү тайлбарыг гаргалаа гэжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтай сумын нэхэмжлэлтэй Засаг даргын Тамгын газраас сум хөгжүүлэх сангаас хоршоо хөгжүүлэх зорилгоор 44 сая төгрөг авсан, нийт хүү алдангийн хамт 49.173.215,3 төгрөг нэхэмжилж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2011 онд Говь-Алтай аймаг нь хоршооны үйл ажиллагааг дэмжих жил болгон зарласан. Үүний дагуу аймгийн Иргэдийн Хурлын 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 34 тоот тушаалаар сум хөгжүүлэх санг орон нутгийн төсөвт тусгагдсан хөрөнгөөр хоршоо байгуулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор эргэн төлөх нөхцөлгүйгээр 44  сая төгрөг олгоно гэсэн Иргэдийн Хурлын шийдвэр нь хавсралтын хамт хавсаргагдсан. Буурал аж богд хоршоо нь эргэн төлөх нөхцөлгүй гэж ойлгоод тухайн мөнгийг авсан, ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга нь С.Доржготовт холбогдуулан үндсэн зээл, хүү, алданги нийт 49.173.215,3 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Буурал аж богд хоршоо нь 2011 онд сум хөгжүүлэх сангаас 44 сая төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээ байгаа учраас зээлийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэн үндсэн зээл, хүү, аудитын алданги тооцоод 49.173.215,3 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хэмээн мэтгэлцэж байна. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд зээлийн гэрээн дээр  Буурал аж богд хоршоо нь гарын үсэг зураагүй учир зээлийн гэрээний харилцаа үүсээгүй,  буцалтгүй тусламж олгохдоо хэлбэр төдий гэрээ хий гэдэг шаардлага тавьсан байх. Зээлийн гэрээ байгуулаагүй хэмээн маргаж байна. 
Иргэний эрх зүйн харилцаанд хүн бүр гэрээ байгуулах эсэхээ чөлөөтэй шийдэх ба гэрээ байгуулах тал болон гэрээний агуулгыг өөрөө тодорхойлох эрхтэй байна. Энэ нь гэрээний эрх зүйн харилцаанд талууд гэрээний зүйл болон нөхцөлийн талаар нэгдмэл нэг үзэл бодолд хүрч, харилцан хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагдана хэмээн ойлгож болно. 
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.  
Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараас үзэхэд талуудад зээлийн гэрээ байгуулах санаа зорилго байсан эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй болох нь шууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлгэрчилсэн загвар гэх 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 001 дугаартай тус бүр 2 хуудас хоёр гэрээг нотлох баримтаар ирүүлжээ.
Дээрх хоёр гэрээ нь зээлийн нөхцөл, үнийн дүн ижил агуулгатай гэрээний хуулбар хувиуд байх боловч гарын үсэг нь зөрүүтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан байх бөгөөд дээрх хоёр гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй хуулбар хувь байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” тул шүүх дээрх хоёр гэрээг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний харилцаа үүссэн хэмээн маргаж байгаа боловч гэрээ байгуулагдсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Үндсэн зээл, хүү, алданги нийт 49.173.215,3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, С.Доржготовт холбогдох 49.173.215,3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН