Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/957

 

                           

 

 

 

 

 

 

 

 

   2022            07           21                                        2022/ШЦТ/957

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Хнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х холбогдох *************дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.               

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :     

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-*, Төв аймгийн Жаргалант сум, Буурал 1 дүгээр баг, Замт 4 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017.06.05-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял, хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.13-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн 1 сарын хорих ял, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.19-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нийт эдлэх ялыг 3 жил 2 сарын хорих ялаар тогтоосон, Жалайр овогт Баасанхүүгийн Хатанболд /РД:*******/,    

Холбогдсон хэргийн талаар :   

Шүүгдэгч Б.Хнь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 29 дүгээр байрны урд зогсоол дээр байрлуулсан байсан иргэн П.Бийн эзэмшлийн маркийн Toyota Harrier маркийн 91-93 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн толийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

          

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

 Шүүгдэгч Б.Хнь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 29 дүгээр байрны урд зогсоол дээр байрлуулсан байсан иргэн П.Бийн эзэмшлийн маркийн Toyota Harrier маркийн 91-93 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 450.000 төгрөгийн үнэ бүхий толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :

- шуурхай удирдлага, дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь

тал/,

- хохирогч П.Б..Би 2022.01.30-ны орой өөрийн эзэмшлийн 9193 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 29 дүгээр байрны гадна талын зогсоол дээр байрлуулчхаад гэртээ орсон. Орой над үл таних дугаараас залгаад 9193-н жолооч мөн үү гэж асуухаар нь гарч очтол миний машины хажууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой хүнийг нэг залуу барьчихсан зогсож байсан...Тухайн үед миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн толийг хулгайлсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 22 дахь тал/,

- гэрч Д.М-ын...Би тухайн өдөр ажил дээрээ байж байгаад цонхоороо хартал зогсоол дээр байсан машины хаалгыг үл таних хүн татаад явсан. Тэгж байгаад 9193 гэх дугаартай машины толийг аваад энгэртээ хийгээд эргэж тойрч юм хараад байхаар нь хаалгаараа гараад болиоч гэж хэлтэл “п...минь ална”  гэж хэлээд над руу чулуу шидсэн. Тэр үед нэг хүү машин асаах гээд зогсож байхаар нь энэ хүн бусдын машины эд зүйл хулгайлаад байна гэж хэлэхэд тухайн залуу толь хулгайлсан хүнийг бариад авсан, тухайн хулгай хийсэн хүн өмд бил үү энгэрээсээ машины толь гаргаж ирсэн...Би тухайн хүнийг дахиж харвал царайгаар нь танина гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

- гэрч Б.Д-н...Би тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутагт гэр байрлах зогсоол дээр машинаа халаагаад зогсож байтал нэг эгч орилохоор нь хартал энэ хүн над руу чулуу шидээд байна хэлсэн. Тэгээд би очоод яагаад байгаа юм бэ гэхэд тэр эгч энэ хүн машины толь хулгайлчих шиг боллоо, намайг хэлэхээр чулуу шидээд байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед цагаан өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигчид мэдэгдсэн. Тэгээд тухайн машины жолооч эмэгтэй гарч ирээд толь байхгүй байна гэхээр нь тухайн хүний куртикийг нь үзэхэд дотор 2 сугандаа  2 толь хавчуулчихсан байсан, толийг нь өгөөд би явсан. Тухайн хүн тэр хавиар байнга явж байдаг тэнэмэл амьдралтай хүн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний...Харриер маркын автомашины баруун болон зүүн толь нийт 2 ш нийт 400.000 төгрөг, эвэр толины таг 1ш 50.000 нийт 450.000 төгрөг гэх тайлан /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

- шүүгдэгч Б.Х-н... Би согтуу байсан болохоор санахгүй байна. Би толинуудыг зарж борлуулж авч уух гэж байсан. Надад үнэлгээний холбоотой санал дүгнэлт байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-48% шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.

            2.2. Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэм буруугийн санаатай хэлбэр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэл ба тухайн хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ талаар маргаангүй болно. 

            2.3.  Шүүгдэгч нь тухайн хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа тус үйлдэл нь илчлэгдэж баригдсан байх тул тус хулгайлах гэмт хэргийг төгс үйлдэгдсэн байгааг үгүйсгэх үндэслэл, үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.     

Иймд шүүгдэгч Б.Хатанболдыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

3. Хохирол, хор уршиг :       

Тус хэрэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо биет байдлаар бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-9-10, 22, 31, 48, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт :  

Шүүгдэгч нь урьд 2017 онд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-61, 64-71, 74-78/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт цугларсан /хх-47, 50-53, 55-60, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.  

Тус шүүгдэгч нь шүүх хуралдаанд : тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн талаар өмнөх ижил төрлийн хэрэгт шалгагдаж байх үедээ хэлсэн байтал нэгтгээгүй болон хөнгөн ял оногдуулах талаар мэдүүлсэн, мөн тухайн гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүйгээс гадна өмнө өөр хэрэгт хорих ял шийтгүүлэн эдэлж байгаа зэргийг харгалзан түүнд хорихоос хөнгөн ял оногдуулж, улмаар түүний эдлэх нийт ялуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэмж нэгтгэж, биечлэн эдлэх ялыг хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.          

Шүүгдэгч Б.Х Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.19-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоорЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж 30 хоног буюу 1 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн   түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар хорих ялаар тогтоосон, цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцсон байх /хх-61, 79-89/ ба Б.Хатанболдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 415 дугаар хорих ангиас 461 д

дүгээр хорих ангид шилжүүлэн цагдан хорих тухай шүүгчийн захирамж 2022.06.24-ны өдөр гарсан /хх-114-116/, шүүгдэгчийг 2022.07.04-ны өдөр шилжүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид авчирч цагдан хорьсон, түүний эдлээгүй үлдсэн хорих ял 2 жил 10 сар 1 хоног болох тухай баримт /хх-61, 79-89, шүүх хуралдааны тэмдэглэл, лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг/-тай байна.      

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.19-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Хатанболдын биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар хорих ялаар тогтоосон”-оос эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 1 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.     

 

2. Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч 2022.07.04-ны өдрөөс 2022.07.21-ний өдрийн байдлаар нийт 17 хоног /шүүх хуралдааны тэмдэглэл/ цагдан хоригдсон байгааг нийт эдлэх хорих ялд оруулан тооцно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.Х-г хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан тус тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.19-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Хатанболдын биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар хорих ялаар тогтоосноос эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 1 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-н биечлэн эдлэх 3 жил 1 сар 1 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.        

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Х-н цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.      

6. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх  төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шүүгдэгч Б.Х-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.07.21-ний өдрөөс эхлэн тооцсугай. 

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Б.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР