| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2018/00252/И/ |
| Дугаар | 133/ШШ2018/00324 |
| Огноо | 2018-06-20 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 133/ШШ2018/00324
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын *** оршин суух *** овгийн ***ын ***ын /РД: ***/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ***,
Говь-Алтай аймгийн ***,
Говь-Алтай аймгийн ***,
*** ОНӨААТҮГазарт холбогдох
Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч *** ОНӨААТҮГазрын захирал ***, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** ОНӨААТҮГ /шинэ нэрээр/, Монгол Улсын иргэн *** нарын HW-15/02 тоот Түрээсийн гэрээ-г 2015 оны 6-р сарын 21-ний өдөр байгуулсан юм. Дээрх гэрээгээр Түрээслэгч болох *** ОНӨААТҮГ нь 420м2 ажлын байрыг түрээслэж, 1 сарын түрээсийн төлбөрт 900.000 төгрөгийг түрээслүүлэгч болох иргэн *** т төлөх үүргийг тус тус хүлээсэн юм. 2017 оны 2-р сарын 22-ны өдөр түрээслэгч гэрээ цуцлах талаар мэдэгдсэн бөгөөд тухайн үед *** түрээсийн зүйлийг хүлээн авах боломжгүй байсан тул 2017 оны 4-р сарын 6-ны өдөр төлөөний хүнээ явуулж баримт үйлдэн хүлээн авсан юм. Гэрээ анх байгуулагдсан цагаас буюу 2015 оны 6-р сарын 22-ны өдөр хүртэл 20 сарын хугацааны түрээсийн төлбөрт нийт 18 сая төгрөгийг *** ОНӨААТҮГ *** т төлөх ёстойгоос 10.8 сая төгрөгийг төлж, 2016 оны 7-р сарын 26-наас 2017 оны 2-р сарын 26-ны өдрийг хүртэлх 7.2 сая төгрөгийг төлөлгүй өдий хүрээд байгаа юм. 2015 онд байгуулсан HW-15/02 тоот гэрээний 3.4-т заасны дагуу гэрээ цуцлах тохиолдолд 60 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Уг заалтыг үндэслэн түрээслэгчээс ахин 2 сарын түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхтэй боловч хамтын ажиллагаагаа хүндэтгэн нэхэмжлэхээс татгалзаж байна. *** ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг харвал 1 жилд 300 гаруй сая төгрөгийн зардал гарган ажилладаг бөгөөд үүний 120 сая орчим төгрөгийг өөрийн борлуулалтын орлогоос санхүүжүүлж, 180-190 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас нөхөж өгдөг байна. Говь-Алтай аймгийн *** болон аймгийн *** 2016 оны үйлдвэрлэж борлуулсан бүтээгдэхүүний өртгийн зөрүүг бүрэн олгоогүйгээс болж *** ОНӨААТҮГ нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлж чадахгүй байх тул асуудлыг шийдвэрлүүлж, гэрээний дагуу төлбөрийг төлүүлэхээр шүүхийн байгууллагад хандаж байна. Одоо Говь-Алтай аймгийн *** болон аймгийн *** дээрх үйлдвэрийн газрын 2016 оны үйл ажиллагааны зардлын үлдэгдлийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсвөөс олгож, улмаар *** ОНӨААТҮГ надад төлөх өглөгөө барагдуулах ёстой гэж үзэж байна. *** ОНӨААТҮГ нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөгийг гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байгаа. Үүссэн нөхцөл байдлыг хянан үзэж, түрээсийн төлбөрийн үлдэгдэлийг алдангийн хамт хамт хариуцагчдаар төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа *** нь 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн *** орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал ***ын зөвшөөрсөн үндэслэлийн дагуу түрээсийн гэрээ байгуулж тухайн үйлдвэрийн газрын тоног төхөөрөмж, бэлдэц зүйлийг өөрийн эзэмшлийн зүйлийг агуулах байрандаа хадгалж агуулахын зориулалтаар ашиглаж түрээсийн хэлбэрээр ашиг шимийг хүртдэг байсан. 2015 оны 06 дугаар сарын 29-нийн өдрөөс хойш гэрээ цуцлах талаар мэдэгдэж явсаар 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр төлж байгаад 2016 оны 07 дугаар сарын 26-аас нийт 7.200.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй учраас үүн дээр алданги нэмээд нийт 10.800.000 төгрөг энэ байгууллагаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлээ гаргасан гэв.
Хариуцагч Говь-Алтай аймгийн ***ын дарга *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сод овогтой ***ын *** нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 10.800.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт аймгийн ***ыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үндэслэл, гэрээ, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах ямар нэгэн баримт бичигт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй байхад хариуцагчаар тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу гэрээ байгуулсан этгээдийг хариуцагчаар тодорхойлох нь зүйтэй байна гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Бигэр сумын харьяат иргэн *** ын аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлагаас харахад *** нь 2016 онд “***” ОНӨААТҮГ-ын дарга ***тэй түрээсийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээнд аймгийн *** ямар нэгэн байдлаар оролцоогүй, үүрэг хүлээгээгүй юм. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч *** ОНӨААТҮГазрын захирал *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус иргэний хэргийн шүүхэд *** ын нэхэмжлэлтэй хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. *** тай тус байгууллагад ажиллаж байсан *** хэлцэл манай байгууллагыг төлөөлж хэлцэл хийсэн байсан. Хэлцэл хийх төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд түүний ажлын тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд энэ зүйл тусгагдаагүй. Зөвшөөрөөгүй байхад уг гэрээг хийсэн байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгэгдээгүй. Хуульд заасан шаардлагыг хангаагүй. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер, сонгон шалгаруулах ажиллагаа хийлгүйгээр, хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж 2015 оны 06 сарын 21-ний өдрийн HW15/02 дугаартай *** ОНӨААТҮГ, иргэн *** нарын хооронд хийгдсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Орон нутгийн өмчийн газраар гэрээ нь хийгдэх асуудал яригдаагүй. Ийм учраас энэ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Орон нутгийн өмчийн газраас манайхаар дамжиж гэрээ хийх асуудал яригдаагүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тиймээс энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь Говь-Алтай аймгийн ***, аймгийн ***, аймгийн *** , *** ОНӨААТҮГазарт холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн ***, аймгийн ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь *** ОНӨААТҮГ, иргэн *** нарын хооронд байгуулагдсан гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч *** ОНӨААТҮГазар нь хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж гэрээ байгуулсан, мөн түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэтгэлцэж байна.
*** ОНӨААТҮГазар нь *** ОНӨААТҮГазар болон нэршил нь өөрчлөгдөж, захирлаар ***г томилсныг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэжээ.
*** ОНӨААТҮГ, иргэн *** нарын хооронд 2015 оны 06 сарын 21-ний өдөр HW15/02 дугаартай түрээсийн гэрээ байгуулагджээ. /ХХ-ийн 135-136/
Дээрх гэрээнд түрээслүүлэгчийг төлөөлж *** , түрээслэгчийг төлөөлж тооцооны нягтлан бодогч *** нар гарын үсэг зурсан байх бөгөөд *** ОНӨААТҮГазрын захирал *** гэрээг батлав гэж мөн гарын үсэг зуржээ.
Иймд тухайн үед хариуцагч байгууллагын захирлаар ажиллаж байсан *** нь гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрч баталсан байх тул хариуцагч ***ийн байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан буюу ***г ажлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй эрхийг хэрэгжүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Дээрх гэрээгээр *** нь тус аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн үйлдвэрлэлийн бүсэд байрлах 420 м.кв талбай бүхий ажлын байрыг нэг сарын 900.000 төгрөгийн төлбөртэйгээр агуулахын зориулалтаар ашиглуулахаар тохиролцсон байна.
Хэдийгээр талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэх боловч иргэний хуульд зааснаар түрээсийн гэрээний хувьд хөрөнгийг ашиглахаас гадна түүний үр шимийг хүртэх асуудал тэргүүн ээлжинд тавигддаг. Үр шим гэдэгт Иргэний хуулийн 83, 84 дүгээр зүйлд зааснаар хөрөнгийг ашигласнаар шууд ба шууд бус замаар үүсэх давуу тал буюу орлого, ашиг зэргийг ойлгоно.
Гэтэл гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “...түрээслэгч тал нь агуулахын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж...”, 4.2.7-д “түрээслэгч нь агуулах дахь бараа бүтээгдэхүүний даатгалыг өөрийн зардлаар хийлгэсэн байна...” гэх заалт, мөн хариуцагчийн шүүх хуралдаанд “...2016 оны 11 дүгээр сарын 26-нд ажил авахад актлагдсан 8000 торхноос өөр зүйл байгаагүй...” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн үйлдвэрийн газрын тоног төхөөрөмж, бэлдэц зүйлийг өөрийн эзэмшлийн зүйлийг агуулах байрандаа хадгалж агуулахын зориулалтаар ашиглаж байсан...” зэрэг тайлбараас үзэхэд тухайн байрыг агуулахын зориулалтаар ашиглаж байснаас бус өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зэргээр ашиг олж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд талуудын хооронд түрээсийн гэрээ бус үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна.
Эд хөрөнгө хөлслөх гэрээг заавал бичгээр байгуулж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх шаардлага тавигдахгүй. Нэгэнт талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч *** ОНӨААТҮГазар нь “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер, сонгон шалгаруулах ажиллагаа хийлгүйгээр, хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчсөн...” гэж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан байна. Шүүх гэрээний нэг тал хууль зөрчсөн гэж үзвэл тэр талын хууль зөрчиж байгуулсан гэрээний улмаас гэрээний нөгөө тал хохирох ёсгүй ба шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд энэ талаар мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар хөлслүүлэгч хөлслөгчид аливаа эд зүйлийг ашиглуулах, хөлслөгч тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэрээний зүйлийг хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө хэмээн ангилж үзэх ба хөлслүүлэгч заавал өмчлөгч байх шаардлага тавигддаггүй болох нь мөн хуулийн 305 дугаар зүйлд заасан орон сууцыг дамжуулан хөлслөх тухай зохицуулалтаас харагдаж байна. Иймд *** нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн эсэх нь эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулахад ач холбогдолгүй байна.
Нэхэмжлэгч *** нь гэрээ анх байгуулагдсан цагаас буюу 2015 оны 6-р сарын 22-ны өдрөөс эхлэн тухайн агуулахын зориулалт бүхий байрыг *** ОНӨААТҮГазрын эзэмшилд шилжүүлж, хөлслөгч *** ОНӨААТҮГазар нь гэрээг цуцлах талаар мэдэгдсэн 2017 оны 2-р сарын 22-ны өдөр хүртэл 20 сарын хугацааны төлбөрт нийт 18 сая төгрөг төлөх ёстойгоос 10.8 сая төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 137-144/
Дээрх гэрээний харилцаанд Говь-Алтай аймгийн ***, аймгийн *** ***, аймгийн *** нар эрх хэмжээнийхээ хүрээнд оролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хариуцагч нараас гэрээний төлбөрийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Харин *** ОНӨААТҮГазар нь тухайн агуулахыг ашиглаж, тогтсон хөлсийг төлж байсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд байгууллагын удирдлага өөрчлөгдөх нь гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөрийг *** ОНӨААТҮГазраас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний заалтыг баримтлан алданги гаргуулахаар шаардах эрхгүй.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *** ын төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас эд хөлслөх гэрээний төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөгийг хариуцагч *** ОНӨААТҮГазраас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох алданги 3.600.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ОНӨААТҮГазраас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 7.200.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 130.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *** ын төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас эд хөлслөх гэрээний төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөгийг хариуцагч *** ОНӨААТҮГазраас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох алданги 3.600.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ОНӨААТҮГазраас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 7.200.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 130.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН