Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 324

 


Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын 2 дугаар багт оршин суух Сод овгийн Шагдарын Галбаатарын /РД: ДВ83122114/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, 
Говь-Алтай аймгийн Засаг дарга,
Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазарт холбогдох
Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөр, хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазрын захирал Ж.Гаваа, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ /шинэ нэрээр/, Монгол Улсын иргэн Ш.Галбаатар нарын HW-15/02 тоот Түрээсийн гэрээ-г 2015 оны 6-р сарын 21-ний өдөр байгуулсан юм. Дээрх гэрээгээр Түрээслэгч болох Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ нь 420м2 ажлын байрыг түрээслэж, 1 сарын түрээсийн төлбөрт 900.000 төгрөгийг түрээслүүлэгч болох иргэн Ш.Галбаатарт төлөх үүргийг тус тус хүлээсэн юм. 2017 оны 2-р сарын 22-ны өдөр түрээслэгч гэрээ цуцлах талаар мэдэгдсэн бөгөөд тухайн үед Ш.Галбаатар түрээсийн зүйлийг хүлээн авах боломжгүй байсан тул 2017 оны 4-р сарын 6-ны өдөр төлөөний хүнээ явуулж баримт үйлдэн хүлээн авсан юм. Гэрээ анх байгуулагдсан цагаас буюу 2015 оны 6-р сарын 22-ны өдөр хүртэл 20 сарын хугацааны түрээсийн төлбөрт нийт 18 сая төгрөгийг Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ Ш.Галбаатарт төлөх ёстойгоос 10.8 сая төгрөгийг төлж, 2016 оны 7-р сарын 26-наас 2017 оны 2-р сарын 26-ны өдрийг хүртэлх 7.2 сая төгрөгийг төлөлгүй өдий хүрээд байгаа юм. 2015 онд байгуулсан HW-15/02 тоот гэрээний 3.4-т заасны дагуу гэрээ цуцлах тохиолдолд 60 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Уг заалтыг үндэслэн түрээслэгчээс ахин 2 сарын түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхтэй боловч хамтын ажиллагаагаа хүндэтгэн нэхэмжлэхээс татгалзаж байна. Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг харвал 1 жилд 300 гаруй сая төгрөгийн зардал гарган ажилладаг бөгөөд үүний 120 сая орчим төгрөгийг өөрийн борлуулалтын орлогоос санхүүжүүлж, 180-190 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас нөхөж өгдөг байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга болон аймгийн ИТХ 2016 оны үйлдвэрлэж борлуулсан бүтээгдэхүүний өртгийн зөрүүг бүрэн олгоогүйгээс болж Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлж чадахгүй байх тул асуудлыг шийдвэрлүүлж, гэрээний дагуу төлбөрийг төлүүлэхээр шүүхийн байгууллагад хандаж байна. Одоо Говь-Алтай аймгийн ИТХ болон аймгийн засаг дарга дээрх үйлдвэрийн газрын 2016 оны үйл ажиллагааны зардлын үлдэгдлийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсвөөс олгож, улмаар Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ надад төлөх өглөгөө барагдуулах ёстой гэж үзэж байна. Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГ нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөгийг гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байгаа. Үүссэн нөхцөл байдлыг хянан үзэж, түрээсийн төлбөрийн үлдэгдэлийг алдангийн хамт хамт хариуцагчдаар төлүүлж өгнө үү гэжээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ш.Галбаатар нь 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрүүл ус орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Манлайбаатарын зөвшөөрсөн үндэслэлийн дагуу түрээсийн гэрээ байгуулж тухайн үйлдвэрийн газрын тоног төхөөрөмж, бэлдэц зүйлийг өөрийн эзэмшлийн зүйлийг агуулах байрандаа хадгалж агуулахын зориулалтаар ашиглаж түрээсийн хэлбэрээр ашиг шимийг хүртдэг байсан.  2015 оны 06 дугаар сарын 29-нийн өдрөөс хойш гэрээ цуцлах талаар мэдэгдэж явсаар 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр төлж байгаад 2016 оны 07 дугаар сарын 26-аас нийт 7.200.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй учраас үүн дээр алданги нэмээд нийт 10.800.000 төгрөг энэ байгууллагаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлээ гаргасан гэв.
Хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сод овогтой Шагдарын Галбаатар нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 10.800.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үндэслэл, гэрээ, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах ямар нэгэн баримт бичигт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй байхад хариуцагчаар тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу гэрээ байгуулсан этгээдийг хариуцагчаар тодорхойлох нь зүйтэй байна гэжээ. 
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайван шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Бигэр сумын харьяат иргэн Ш.Галбаатарын аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлагаас харахад Ш.Галбаатар нь 2016 онд “Эрүүл ус” ОНӨААТҮГ-ын дарга П.Манлай-Эрдэнэтэй түрээсийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээнд аймгийн Засаг дарга ямар нэгэн байдлаар оролцоогүй, үүрэг хүлээгээгүй юм. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. 
Хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазрын захирал Ж.Гаваа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус иргэний хэргийн шүүхэд Ш.Галбаатарын нэхэмжлэлтэй хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Ш.Галбаатартай тус байгууллагад ажиллаж байсан Цэдэвсүрэн хэлцэл манай байгууллагыг төлөөлж хэлцэл хийсэн байсан. Хэлцэл хийх төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд түүний ажлын тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд энэ зүйл тусгагдаагүй. Зөвшөөрөөгүй байхад уг гэрээг хийсэн байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгэгдээгүй. Хуульд заасан шаардлагыг хангаагүй. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер, сонгон шалгаруулах ажиллагаа хийлгүйгээр, хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж 2015 оны 06 сарын 21-ний өдрийн HW15/02 дугаартай Эрүүл ус ОНӨААТҮГ, иргэн Ш.Галбаатар нарын хооронд хийгдсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Орон нутгийн өмчийн газраар гэрээ нь хийгдэх асуудал яригдаагүй. Ийм учраас энэ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Орон нутгийн өмчийн газраас манайхаар дамжиж гэрээ хийх асуудал яригдаагүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тиймээс энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөр нь Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг дарга, Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазарт холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Эрүүл ус ОНӨААТҮГ, иргэн Ш.Галбаатар нарын хооронд байгуулагдсан гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. 
Хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазар нь хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж гэрээ байгуулсан, мөн түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэтгэлцэж байна. 
Эрүүл ус ОНӨААТҮГазар нь Гэгээн нуур ОНӨААТҮГазар болон нэршил нь өөрчлөгдөж, захирлаар Жовжидын Гавааг томилсныг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэжээ.
Эрүүл ус ОНӨААТҮГ, иргэн Ш.Галбаатар нарын хооронд 2015 оны 06 сарын 21-ний өдөр HW15/02 дугаартай түрээсийн гэрээ байгуулагджээ. /ХХ-ийн 135-136/
Дээрх гэрээнд түрээслүүлэгчийг төлөөлж Ш.Галбаатар, түрээслэгчийг төлөөлж тооцооны нягтлан бодогч Б.Цэдэвсүрэн нар гарын үсэг зурсан байх бөгөөд Эрүүл ус ОНӨААТҮГазрын захирал П.Манлай-Эрдэнэ гэрээг батлав гэж мөн гарын үсэг зуржээ. 
Иймд тухайн үед хариуцагч байгууллагын захирлаар ажиллаж байсан П.Манлай-Эрдэнэ нь гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрч баталсан байх тул хариуцагч Ж.Гаваагийн байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан буюу Б.Цэдэвсүрэнг ажлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй эрхийг хэрэгжүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 
Дээрх гэрээгээр Ш.Галбаатар нь тус аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн үйлдвэрлэлийн бүсэд байрлах 420 м.кв талбай бүхий ажлын байрыг нэг сарын 900.000 төгрөгийн төлбөртэйгээр агуулахын зориулалтаар ашиглуулахаар тохиролцсон байна. 
Хэдийгээр талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэх боловч иргэний хуульд зааснаар түрээсийн гэрээний хувьд хөрөнгийг ашиглахаас гадна түүний үр шимийг хүртэх асуудал тэргүүн ээлжинд тавигддаг. Үр шим гэдэгт Иргэний хуулийн 83, 84 дүгээр зүйлд зааснаар хөрөнгийг ашигласнаар шууд ба шууд бус замаар үүсэх давуу тал буюу орлого, ашиг зэргийг ойлгоно. 
Гэтэл гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “...түрээслэгч тал нь агуулахын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж...”, 4.2.7-д “түрээслэгч нь агуулах дахь бараа бүтээгдэхүүний даатгалыг өөрийн зардлаар хийлгэсэн байна...” гэх заалт, мөн хариуцагчийн шүүх хуралдаанд “...2016 оны 11 дүгээр сарын 26-нд ажил авахад актлагдсан 8000 торхноос өөр зүйл байгаагүй...” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн үйлдвэрийн газрын тоног төхөөрөмж, бэлдэц зүйлийг өөрийн эзэмшлийн зүйлийг агуулах байрандаа хадгалж агуулахын зориулалтаар ашиглаж байсан...” зэрэг тайлбараас үзэхэд тухайн байрыг агуулахын зориулалтаар ашиглаж байснаас бус өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зэргээр ашиг олж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд талуудын хооронд түрээсийн гэрээ бус үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна. 
Эд хөрөнгө хөлслөх гэрээг заавал бичгээр байгуулж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх шаардлага тавигдахгүй. Нэгэнт талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 
Мөн хариуцагч Гэгээн нуур ОНӨААТҮГазар нь “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер, сонгон шалгаруулах ажиллагаа хийлгүйгээр, хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчсөн...” гэж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан байна. Шүүх гэрээний нэг тал хууль зөрчсөн гэж үзвэл тэр талын хууль зөрчиж байгуулсан гэрээний улмаас гэрээний нөгөө тал хохирох ёсгүй ба шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд энэ талаар мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  
Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар хөлслүүлэгч хөлслөгчид аливаа эд зүйлийг ашиглуулах, хөлслөгч тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэрээний зүйлийг хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө хэмээн ангилж үзэх ба хөлслүүлэгч заавал өмчлөгч байх шаардлага тавигддаггүй болох нь мөн хуулийн 305 дугаар зүйлд заасан орон сууцыг дамжуулан хөлслөх тухай зохицуулалтаас харагдаж байна. Иймд Ш.Галбаатар нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн эсэх нь эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулахад ач холбогдолгүй байна. 
Нэхэмжлэгч Ш.Галбаатар нь гэрээ анх байгуулагдсан цагаас буюу 2015 оны 6-р сарын 22-ны өдрөөс эхлэн тухайн агуулахын зориулалт бүхий байрыг Эрүүл ус ОНӨААТҮГазрын эзэмшилд шилжүүлж, хөлслөгч Эрүүл ус ОНӨААТҮГазар нь гэрээг цуцлах талаар мэдэгдсэн 2017 оны 2-р сарын 22-ны өдөр хүртэл 20 сарын хугацааны төлбөрт нийт 18 сая төгрөг төлөх ёстойгоос 10.8 сая төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 137-144/
Дээрх гэрээний харилцаанд Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг дарга нар эрх хэмжээнийхээ хүрээнд оролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хариуцагч нараас гэрээний төлбөрийг гаргуулахаар шаардах эрхгүй байна. 
Харин Гэгээн нуур ОНӨААТҮГазар нь тухайн агуулахыг ашиглаж, тогтсон хөлсийг төлж байсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд байгууллагын удирдлага өөрчлөгдөх нь гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөрийг Гэгээн нуур ОНӨААТҮГазраас гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний заалтыг баримтлан алданги гаргуулахаар шаардах эрхгүй.   
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Галбаатарын төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас эд хөлслөх гэрээний төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөгийг хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох алданги 3.600.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 7.200.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 130.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Галбаатарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Галбаатарын төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас эд хөлслөх гэрээний төлбөрийн үлдэгдэл 7.200.000 төгрөгийг хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох алданги 3.600.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 7.200.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 130.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Галбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН