| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0963/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/958 |
| Огноо | 2022-07-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/958
2022 07 22 2022/ШШТ/958
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Б.Чинзориг,
Хохирогч Э.О,
Шинжээч С.Эрдэнэзаяа,
Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” ХХК-д жолооч ажилтай, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Шанд ** гудамж, ** тоотод оршин суух хаягтай, Б овогт С. Д, регистрийн дугаар: *****.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар
хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч С.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 23 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойтын зам, Арвайн үндэс үйлдвэрийн баруун замд “***” ХХК-ийн өмчлөлийн Hyundai Mighty маркийн 50-84 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” мөн дүрмийн хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...”гэснийг зөрчсөний улмаас “Hyundai Sonata” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Э.Он эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь:
- шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,
- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 4-12 дахь тал/,
- техникийн шинжээчийн дүгнэлт : Hyundai Mighty маркийн 50-84 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь...ABS шингэн дамжуулгат тоормосны системтэй ба 1-р тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна.../хавтаст хэргийн 148-149 дэх тал/
- шинжээчийн дүгнэлт : Hyundai Sonata маркийн 36-16 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хамгийн бага хурдыг тогтоож болно. Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн материалд тэмдэглэгдсэн Hyundai Sonata маркийн 36-16 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд 49.21 км/цаг байна /хавтаст хэргийн 172 дахь тал/,
- мөрдөгчийн магадлагаа: Hyundai Mighty маркийн 50-84 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.... мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.4, 1.1-1.3 /үргэлжилсэн хос шугам/, 1.15а-1.1.5в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. Toyota Prius маркийн 36-16 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөн Toyota Prius маркийн 85-18 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна /1-р хавтаст хэргийн 181 дэх тал/,
- хохирогч Э.О-...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орой 21 цаг өнгөрч байхад найз Эрдэнийг гуйж түүний автомашинтай Биокомбинатад байдаг гэр лүүгээ явсан...Толгойтын замаар баруунаас зүүн зүгт явж байгаад Арвайн үндэс үйлдвэрийн баруун хойд уулзварт өөр машинтай мөргөлдсөн. Би тухайн үед автомашины урд жолоочийн хажуугийн суудалд сууж явсан болохоор осол гарах үед урд шилээ мөргөөд баруун гар өвдөөд байсан. Осол гарах үед би утсаараа оролдож байсан учир юу болсныг сайн харж чадаагүй. Гэнэт хүчтэй тоормос гишгээд өөр автомашин мөргөх үед нь би урд салхины шил мөргөсөн. Гэмтлийн эмнэлэгт очиход баруун гар булчин хэсгийн яс хугарсан гэж гарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
- Э.О өвчний түүх /хавтаст хэргийн 186-191 дэх тал/,
- шинжээчийн дүгнэлт: Э.Обиед баруун бугалга ясны хугарал, шанаа, чихний няцарсан шарх, духны арьсны зулгаралт, тохой өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна /хавтаст хэргийн 96 дахь тал/,
- гэрч У.Э... Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, оройн 23 цаг 30 минутын орчим...Толгойтын Их Нарангийн урд замаар зүүн зүгт нэгдүгээр эгнээгээр явж байх үед эсрэг хөдөлгөөнд буюу баруун зүгт явж байсан ачааны тээврийн хэрэгсэл гэнэт зүүн гар тийш эргээд миний урдуур ороод ирсэн. Тэр тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар зүүн гар тийш эргэх гэж байна гэдэг нь мэдэгдээгүй. Дохио өгөх хурд сааруулах гэх мэт. Тэгээд тэр тээврийн хэрэгслийг зүүн гар тийш буюу урд зүгт эргээд миний урдуур ороод ирэхээр нь би тоормос гишгэсэн боловч зогсолгүй нөгөө ачааны автомашины баруун хажуу хэсгээс нь очиж мөргөсөн. Отгончимэг хагалгаа хийлгээд удаагүй байсан учир тэр хүнд санаа зовоод баруун гар тийш жолоогоо эргүүлсэн...Манай найз Отгончимэг гэмтсэн.Өөр гэмтэж бэртсэн хүн байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
- гэрч Ө.Ш...2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөх найз Отамт, найз Эрдэнээг машинтай болохоор гуйгаад Биокомбанит явсан. Ингээд Биокомбанитаас буцаад баруун салаанд гэртээ харихаар явж байхдаа Их Нарангийн урд замд автомашинтай мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа найз охин О гар өвдөөд байна гээд уйлаад байхаар нь түргэн тусламж дуудсан...Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,
- гэрч А.Өн...2022 оны 04 дүгээр сарын 01-ний оройн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг...5 шараас гараад “Алтан тариа” ХХК-ны баруун тал, шинэ замаар урдаас хойд зүгт яваад толгойтын зам руу нийлэхээр очоод 2 тийш ойртон ирж буй тээврийн хэрэгслүүдийг харахад зүүн гар тал, Толгойтын замаар баруунаас зүүн зүгт явж байгаа хөдөлгөөн ихтэй байхаар нь зам тавьж өгөөд зогсож байсан. Энэ үед миний баруун гар тал буюу Толгойтын замд зүүнээс баруун зүгт ачааны тээврийн хэрэгсэл ирээд зүүн гар тийш эргэж миний зорчиж ирсэн зам руу эргэж орох үйлдэл хийсэн. Гэтэл энэ үед баруунаас зүүн зүгт явж байсан тээврийн хэрэгслүүдээс нэг нь тоормос гишгээд чихарч дуугараад тас түс хийх чимээ гарах үед миний урдуур эргэж байсан ачааны тээврийн хэрэгслийн бүхээг хэсэг нь над руу дайваад...ачааны бүхээгтэй хэсгээрээ миний тээврийн хэрэгслийн урд хэсэг рүү нь мөргөсөн...Ачааны автомашины цаад хэсгээр нь тойроод харахад уг автомашин нь өөр саарал өнгийн суудлын автомашинтай мөргөлдсөн байсан. Тэгээд тэр саарал өнгийн суудлын автомашины арын суудал дээр нэг эмэгтэй хүн цус нь гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,
- гэрч С.Н...2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах автомашин угаалгын газарт Мөнхбаяр, Эрдэнэ нарын хамт ажлаа хийгээд байж байтал найз Отгончимэг, Шимбаяр нар ирсэн...Баянхошуу руу явж байгаад орой 23 цагийн орчим Арвайн үндэс үйлдвэрийн баруун хойд замд өөр автомашинтай мөргөлдсөн. Би тухайн цонхоор гадагш харж явтал гэнэт тоормос хүчтэй гишгээд өөр автомашинтай мөргөлдсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/,
- шүүгдэгч С.Дийн... 2022 оны 04 дүгээр сарын 01-ний орой 23 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг 5-н шар орчим манай байгууллагын агуулах байдаг. 23 цаг 30 минутын орчим агуулахад автомашинаа гражид тавих гээд явж байгаад Арвайн үндэс үйлдвэрийн баруун хойд уулзвар зүүнээс ирээд зүүн гар тийш буюу урд зүг рүү эргэх үйлдэл хийх үедээ өөр 2 автомашинтай мөргөлдсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 209 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэр, эс үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.
2.3. Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар тус хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тус шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн болох нь тийнхүү тогтоогдсон байх тул тус гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Тус шүүгдэгчийн хувьд Замын хөдөлгөөний дүрмээр тусгайлан зохицуулсан хориглолтыг ноцтой зөрчсөн болох нь тусгай мэдлэгийн техникийн шинжээч, мэргэжилтэн нарын дүгнэлт, актаар эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээгээгүй байх нь тус хэргийн зүйлчлэл, нотолгоонд огт нөлөөлөхгүй байх бөгөөд гэм буруугаа хүлээх эсэх нь шүүгдэгчид Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон эрх болохыг тэмдэглэв.
2.4. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч С.Дийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг :
Тус гэмт хэргийн улмаас нотлох баримтын хүрээнд хохирогч Э.Отгончимэгт 327.250 төгрөгийн хохирол /хх-194-197/, иргэний нэхэмжлэгч М.Уугантуяад 2.320.500 төгрөгийн хохирол /хх-38, 129-131/, иргэний нэхэмжлэгч Г.Ууганбаатарт 5.003.000 төгрөгийн хохирол /хх-43-44, 116-121/, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 398.500 төгрөгийн хохирол /хх-26, 199-200/, иргэний нэхэмжлэгч “Арина компьютерс” ХХК-ийн эзэмшлийн Hyundai Mighty маркийн 50-84 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөн хохирол /хх-31, 103-104/ тус тус учирсан байна.
Шүүгдэгч С.Д “Арина компьютерс” ХХК-д жолоочийн ажил эрхэлдэг, тус чиг үүргээ хэрэгжүүлэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулсан, шүүгдэгч жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ”Арина компьютерс” ХХК байх бөгөөд тус тээврийн хэрэгслийн жолооч С.Дийг томилсон буюу үүрэг гүйцэтгүүлэхээр тээврийн хэрэгслийг түүнд шилжүүлсэн нь тогтоогдсон /хх-21, 32, 34, 54-55, 59, 103, 150-151, 209/ байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Арина компьютерс” ХХК-иас нийт 7.650.750 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Отгончимэгт 327.250 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Уугантуяад 2.320.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Ууганбаатарт 5.003.000 төгрөг тус тус олгуулах үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Арина компьютерс” ХХК нь нийт 7.650.750 төгрөг болон “Арина компьютерс” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох Hyundai Mighty маркийн 50-84 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шүүгдэгч С.Доос шаардаж гаргуулах эрхтэй болно.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байх тул эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 398.500 төгрөгийг шүүгдэгч С.Доос гаргуулах үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 6, “Арина компьютерс” ХХК-нд ажилладаг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-53-58, 192, 209, 211, 214, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, харин түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шаардлагагүй гэж үзэв.
2. Бусад асуудал
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Дийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Дид оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дид оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Арина компьютерс” ХХК-иас нийт 7.650.750 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Отгончимэгт 327.250 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Уугантуяад 2.320.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Ууганбаатарт 5.003.000 төгрөг тус тус олгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.Доос 398.500 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Тус хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, “Арина компьютерс” ХХК хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлсөн нийт 7.650.750 төгрөг болон өөрийн эзэмшлийн Hyundai Mighty маркийн 50-84 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тус тус шүүгдэгч С.Доос шаардаж гаргуулах, хохирогч Э.Отгончимэг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР