Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 325

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Ү* хд гудамж ** дүгээр байр ** тоотод оршин суух Г Д овгийн Б-ийн Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ИТХ,
Говь-Алтай аймгийн ЗДТГ, 
Говь-Алтай аймгийн ЗД,
*** ОНӨААТҮГазарт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 13.062.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 6.531.000 төгрөг нийт 19.593.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч ** ОНӨААТҮГазрын захирал Ж.Г, түүний өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэрээний захиалагч тал болох *** ОНӨААТҮГ /шинэ нэрээр/, гүйцэтгэгч тал Монгол Улсын иргэн Б.Б нарын хооронд 16/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г 2016 оны 5-р сарын 5-ны өдөр байгуулсан юм. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч нь баталж өгсөн загварын дагуу 70:265 мм харьцаатай, 6 өнгийн хэвлэлт бүхий синтетик шошгыг захиалагчид нийлүүлэх, захиалагч нь синтетик шошгыг хүлээн авч хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн юм. Сентетик хэвлэлт нь Монгол улсад үйлдвэрлэдэггүй, бусад иргэд, аж ахуйн нэгжүүд 6 өнгө бүхий хэвлэлтэй 1дм2 хэвлэмэл бүтээгдэхүүнийг 1800 төгрөгөөр нийлүүлдэг бол би 5 дахин хямд үнээр захиалагчид нийлүүлсэн билээ. Уг төрлийн хэвлэлтийг БНХАУ-ын үйлдвэрлэл өндөр хөгжсөн өмнөд бүс нутагт үйлдвэрлэдэг, ус чийг, гэрэлд тэсвэртэй, өндөр чанартайгаар гүйцэтгэгддэг бөгөөд 70:265 мм хэмжээтэй Эрүүл ус шошгыг нэг удаад хамгийн багадаа 30.000 ширхэгийг хэвлэдэг юм. 2016 оны 4-р сард ГАА-ийн эрүүл ус ОНӨААТҮГ-ын захирал П.М 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй, ижил төрлийн барааг шууд худалдан авах боломжгүй тул 2016, 2017 онуудад 2 хуваан авья гэсэн санал дэвшүүлсэн бол Б.Б миний зүгээс нэг удаад хамгийн багадаа 30.000 ширхэг шошго үйлдвэрлэгддэг, надад танай шошгыг хадгалж хамгаалах боломж байхгүй тул захиалсан бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлөөд бүх шошгоо хүлээгээд авчих, би үлдэгдэл төлбөрийг үйлдвэрлэгчид төлж байя, танай үйлдвэрийн газар хуваарийн дагуу 2016-2017 онуудад хуваагаад төлчих гэсэн хүсэлтийг тавьж, улмаар 16/02 тоот гэрээг байгуулсан. Ингээд гэрээний дагуу 2016 оны 5-р сарын 30-нд эхний 6.000 ширхэг, мөн оны 7-р сарын 4-нд үлдэгдэл 24.000 ширхэг шошгыг захиалагчид хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Шошгоны өнгө, үзэмж, материал, хэвлэлт, зураг болон үг үсгийн байдалд ямар нэгэн гологдол гаргаагүй, сайн гүйцэтгэсэн болно. Миний бие 2016 оны 5-р сарын 7-ны өдөр захиалагчид хүсэлт гарган 30 хувийн урьдчилгаа төлбөрт 5.598.000 төгрөгийг БНХАУ дахь үйлдвэрлэгчийн данс руу шууд шилжүүлүүлсэн бөгөөд захиалагч гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 13.062.000 төгрөгийг 2016 оны 10 сар, 2017 оны 2 саруудад хуваан төлөх ёстой байсан юм. Орон нутгийн төсвөөс хөрөнгийн эх үүсвэр олгохгүй байна хэмээн П.М тавьсан олон удаагийн хүсэлтийг харгалзан үзэж, хүлээцтэй хандаж байсан. Гэтэл энэ хугацаанд П.М-ийг ажлаас нь чөлөөлж, Ж.Г-г захирлаар томилсон байна. Мөн ГАА-ийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 12-р сарын 07-ны өдрийн 75-р тогтоолоор тус үйлдвэрийн газар нь нэрээ Гэгээн нуур цэвэр ус болгон өөрчилсөн ажээ. Одоо ГАА-ийн ИТХ болон аймгийн засаг дарга дээрх үйлдвэрийн газрын 2016 оны үйл ажиллагааны зардлын үлдэгдлийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсвөөс олгож, улмаар *** ОНӨААТҮГ надад төлөх өглөгөө барагдуулах ёстой гэж үзэж байна. Захиалагч нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 13.062.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 6.531.000 төгрөг, нийт 19.593.000 төгрөгийг надад төлөх үүрэгтэй байгаа. Гэвч улсын төсвийн хомсдолт байдлыг харгалзан үзэж 2018 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор гэрээний үлдэгдэл төлбөр 13.062.000 төгрөгийг бөөнөөр төлж барагдуулбал алданги 6.531.000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаа үүгээр мэдэгдэж байна. Хэрэв хариуцагч үлдэгдэл төлбөр 13.062.000 төгрөгийг 2018 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор төлөхгүй бол алдангийн хамт нийт 19.593.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 19.593.000 төгрөгөөс тооцон төлсөн. Түүнчлэн татварын байгууллагад төлөх татвар хураамжийг би өөрөө биечлэн төлөх тул 16/02 тоот гэрээний 1.4.3-д зааснаар үлдэгдэл 10 хувийг суутган авах шаардлагагүйг мөн мэдэгдэж байна. Үүссэн нөхцөл байдлыг хянан үзэж, миний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг хариуцагчдаар төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг Говь-Алтай аймгийн Эрүүл ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга П.М-тэй байгуулж шошго хаяг 6000 ширхэгийг үйлдвэрлээд шилжүүлж өгсөн төлбөр 19,593,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага багасаж өөрчлөгдсөн. Нийт хүү алдангитайгаа 19,593,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд алдангийн 6.531.000 төгрөгөөс татгалзаж байна. П.М нь 2016 онд төлж барагдуулна гэсэн боловч төлж барагдуулаагүй 5.598.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, тухайн мөнгийг П.М-ээс нэхэмжлэхээр болсон. Иймд 7.464.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шүүхэд хандаж байна гэв.
Хариуцагч ГАА-ийн ИТХ-ын ** Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г н овгийн Б-ийн Б нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 19.593.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт аймгийн иргэдийн ИТХ-ыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үндэслэл, гэрээ, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах ямар нэгэн баримт бичигт аймгийн ИТХ-ын зүгээс гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй байхад хариуцагчаар тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу гэрээ байгуулсан этгээдийг хариуцагчаар тодорхойлох нь зүйтэй байна гэжээ. 
Хариуцагч Говь-Алтай аймгийн ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Б.Б-ийн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн шаардлагаас харахад Б.Б нь 2016 онд *** ОНӨААТҮГ-ын дарга П.М-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээнд аймгийн Засаг дарга ямар нэгэн байдлаар оролцоогүй, үүрэг хүлээгээгүй юм. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. 
Хариуцагч *** ОНӨААТҮГазрын захирал Ж.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргасан. Тухайн тайлбараар ***  ОНӨААТҮГ-ыг төлөөлж борлуулалтын албаны дарга Ж.Б гэрээ байгуулсан байгаа нь хууль зөрчсөн. Ж.Б нь манай байгууллагыг хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, зөвшөөрөл өгөгдөөгүй, эрх олгогдоогүй байхад хийсэн хэлцэл байна. Мөн тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн нь захирал боловч захирал нь үүсгэн байгуулсан баримт бичиг болон аймгийн засаг даргын олгосон эрх хэмжээ, хуулийн хүрээнд л хэлцэл хийдэг. Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер, сонгон шалгаруулах ажиллагаа хийлгүйгээр, хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 16/2 дугаартай ** ОНӨААТҮГ, иргэн Б.Б нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь ГАА ИТХ, аймгийн ЗЗДТГ, аймгийн ЗД, *** ОНӨААТҮГазарт холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 13.062.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 6.531.000 төгрөг нийт 19.593.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 19.593.000 төгрөгөөс алданги болох 6.531.000 төгрөгийг татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 13.062.000 төгрөгөөс 2016 онд төлөх ёстой байсан 5.598.000 төгрөгийг тусдаа нэхэмжлэлээр П.М-ээс нэхэмжлэхээр орхиж, 2017 онд төлөх ёстой төлбөр 7.464.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Хариуцагч АА ИТХ, аймгийн ЗЗДТГ, аймгийн ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь *** ОНӨААТҮГ, иргэн Б.Б нарын хооронд байгуулагдсан гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. 
Хариуцагч *** ОНӨААТҮГазар нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер, сонгон шалгаруулах ажиллагаа хийлгүйгээр, хэлцэл хийх эрх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэтгэлцэж байна. 
*** ОНӨААТҮГазар нь*** ОНӨААТҮГазар болон нэршил нь өөрчлөгдөж, захирлаар Ж-ын Г-г томилсныг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэжээ.
*** ОНӨААТҮГ, иргэн Б.Б нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 16/2 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. /ХХ-ийн 9-10/
Дээрх гэрээнд захиалагчийг төлөөлж борлуулалтын албаны дарга Ж.Б, гүйцэтгэгчийг төлөөлж Б.Б нар гарын үсэг зурсан байх бөгөөд ** ОНӨААТҮГазрын захирал П.М гэрээг батлав гэж мөн гарын үсэг зуржээ. 
Иймд тухайн үед хариуцагч байгууллагын захирлаар ажиллаж байсан П.М нь гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрч баталсан байх тул хариуцагч Ж.Г-ийн байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан буюу Ж.Б-ийг ажлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй эрхийг хэрэгжүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 
Дээрх гэрээгээр Б.Б нь нэг бүр нь 622 төгрөгийн үнэ бүхий 30.000 ширхэг “**” шошгыг синтетик стикер дээр хэвлүүлэн захиалагчид нийлүүлэх, захиалагч *** ОНӨААТҮГ нь 30.000 ширхэг шошгоны үнэ 18.660.000 төгрөгийг 4 хуваан гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байна. Уг гэрээ нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаатай байгуулж, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлснээр дуусгавар болохоор заажээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 
2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэгч Б.Б, захиалагч *** ОНӨААТҮГазрын борлуулалтын менежер Ж.Б, нярав Н.З нар нь 30.000 ширхэг шошгын эхний 6.000 ширхэгийг 2016 оны 05 сарын 30-ны өдөр, үлдэгдэл 24.000 ширхэгийг 2016 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авсан талаар акт үйлдэн гарын үсэг зуран баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн синтетик шошго хүлээлцсэн акт, 2016 оны 07 сарын 14, 2016 оны 08 сарын 30-ны өдрийн орлогын баримт, 2016 оны 05 сарын 30, 2016 оны 07 сарын 04-ний өдрийн зарлагын баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 14-17/
Уг синтетик шошго хүлээлцсэн актын 2.1-д “...синтетик шошгыг шалгаж үзээд гүйцэтгэгч нь гэрээний дагуу нийлүүлэгдэх нийт синтетик шошгыг иж бүрдлээр нь бүрэн гүйцэт нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзлээ...” гэжээ. Эндээс үзэхэд ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлаа гэрээнд заасан хугацаанд бүрэн бүтэн, доголдолгүй гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байх тул гэрээгээр тохиролцсон хөлсөө шаардах эрхтэй байна. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмнө нь 5.598.000 төгрөг авсан, 5.598.000 төгрөгийг тусдаа нэхэмжлэлээр П.М-ээс нэхэмжлэхээр орхиж, 2017 онд төлөх ёстой төлбөр 7.464.000 төгрөг гаргуулна хэмээн шаардаж байх бөгөөд дээрх үнийн дүнг тооцоход гэрээний дүн буюу 18.660.000 төгрөг болж байна. 
Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...гэрээний үндсэн үнэ нь 18.660.000 төгрөг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай ажиллагааг тендер зарлалгүйгээр шууд тухайн ажиллагаа хийгдсэн. Энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шууд бараа худалдан авах ажиллагааны дээд хэмжээ нь 10 сая төгрөг байхад 18.660.000 төгрөгийн үнэ бүхий гэрээ сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хийсэн учир хууль бус...” хэмээн маргаж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “1.1.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд захиалагч байна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “...Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна...” гэж тус тус заасан байх бөгөөд өөрөөр хэлбэл тендер зарлах, шалгаруулах нь захиалагч тал буюу “***” ОНӨААТҮГазрын үүрэг юм. Захиалагч тал хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь гэрээ байгуулагдсан хэмээн ойлгож, бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэрээний нөгөө талыг хохироох үндэслэл болж болохгүй. 
Мөн түүнчлэн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй, гэрээний төлбөрийг төлж, шошгыг ашиглаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул байгууллагын удирдлага өөрчлөгдсөнөөр гэрээний төлбөрийг төлөхгүй гэж маргах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй болно. 
Хариуцагч **** ОНӨААТҮГазар нь байгууллагад учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй юм. 
Дээрх гэрээний харилцаанд АА ИТХ, аймгийн ЗЗДТГ, аймгийн ЗД нар эрх хэмжээнийхээ хүрээнд оролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хариуцагч нараас гэрээний төлбөрийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 7.464.000 төгрөгийг хариуцагч **** ОНӨААТҮГазраас гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** ОНӨААТҮГазраас 7.464.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 134.374 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 7.464.000 төгрөгийг хариуцагч **** ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** ОНӨААТҮГазраас 7.464.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 134.374 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН