Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/662

 

 

 

 

 

 

 

      2022             05             23                                             2022/ШЦТ/0000

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Л.Баатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Б.Батсайхан /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч С.М,

шүүгдэгч: С.А , түүний өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А т холбогдох эрүүгийн 00000000000000 тоот хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт С-гийн А /РД:000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны **дүгээр сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Тайнь 0 гудамжны 0-0 тоотод оршин суух хаягтай боловч, одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Алтан-Овооны 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Барилгын цэргийн тусгай шүүхийн 1981 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор /1961 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

-Сүхбаатарын районы ардын шүүхийн 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2 жил хорих ялаар,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.А  нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00  дугаар хороо Алтан-Овоо 0-0 тоотод иргэн Т.Н-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан цээжин хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн уушигны авчилт, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00  дугаар хороо Алтан-Овоогийн 0-0 тоот гэртээ иргэн Х.П-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүн рүү түлээний мод шидэж толгойн тус газар нь онож цохисны улмаас эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.                 

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч С.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00  дугаар хороо Алтан-Овоо 0-0 тоот гэртээ иргэн Т.Н-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан зүүн талын цээжин хэсэгт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн уушигны авчилт, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 00  дугаар хороо Алтан-Овоогийн 0-0 тоот гэртээ иргэн Х.П-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүн рүү түлээний мод шидэж толгойн тус газар нь оносны улмаас эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.  

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

Хохирогч Т.Н-ын биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хувьд:

-Гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад хүлээж авсан “...Т.Н бусдад хутгалуулсан...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10-р хуудас/,

-Хэргийн газар үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 00  дугаар хороо Алтан-Овоо 0-0 тоот...” гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-16-р хуудас/,

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас" /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

-Хохирогч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өөрийн гар утсаа хамт архи ууж байгаад үлдээчихсэн байсан. 06 дугаар сарын 01-ний 07 цаг өнгөрч байхад гар утсаа авахаар 00  дугаар хороо 0-0 тоотод С.А ийнд очсон. Тухайн үед С.Э , С.А , Д, Х.С, нэг танихгүй 40 орчим насны эмэгтэй байсан. Тэгээд үргэлжлүүлэн 0,75 граммын 2 ширхэг Хараа нэртэй архи уусан. Тэгээд архи уучихсан болохоор юуны учраас маргалдсанаа сайн санахгүй байна. Нэг мэдэхэд зүүн талын ойролцооноос хутга гарган миний зүүн талын суга орчимд хутгалчихсан байсан. Тэгээд Х.С сэрээд эхнэр нь эмнэлэг цагдаагийн байгууллага дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,

Хохирогчоор дахин өгсөн: “... миний биед учирсан гэмтлийг манай танил ах болох С.А  учруулсан. Гэрт байсан бор өнгийн модон иштэй хутгаар 1 удаа хатгаж учруулсан,...нийт баримттайгаар 523,000 төгрөгийн хохирол учирсан. Хэрэг гарсаны дараа манай дүү Энхжаргалд 200,000 төгрөгийг Аптанхуягийн охин өгсөн байсан. Одоогоор 323,000 төгрөг үлдэж байгаа. Үүнийгээ нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85-р хуудас/,

-Гэрч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 31-ний өглөө гэрээсээ гараад 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтад байх найз Т-ын гэрт очсон,...гаднаас эхнэр Б  орж ирээд надад хандаж “Архи дарсаа болиорой, яасан олон хоног уудаг юм бэ" гээд намайг загнасан. Энэ үед би эхнэрийн үгэнд ороод унтаж амарлаа гээд Х ахын гэрийн баруун талын орон дээр унтаж амарсан. Тэгээд нэг сэрээд харахад Х ах Н-гийн нурууны ар хэсэгт хутгалчихсан, нурууны ар хэсэгт их хэмжээний цус гарчихсан байхаар нь,...Тэндээсээ гараад гэртээ ороод эхнэр Б т хандаж "Н ахыг Х ах хутгалсан байна. Түргэн дуудаарай гээд" хэлэхэд эхнэр Б  нь 103 дугаар руу өөрийнхөө 89088208 дугаараас дуудпага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

 -Гэрч Э.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дуүргийн 00  дугаар хороо Алтан-Овоо 20-18 тоот гэртээ хоёр хүүхдийн хамтаар байсан. Тэгсэн манай нөхөр Снь манай урд талын айл болох А-ийн  гэрт архи ууж байсан болохоор би дуудах гэж орсон. Тэгсэн манай нөхөр С нь баруун талын орон дээр унтчихсан Н гэх залуу хойд талд нь сандал дээр суучихсан А гэх залуу зүүн талын орон дээр суучихсан хоорондоо маргалдсан байдалтай баййан. Тэгээд би А-ийн  гэрээс гараад өөрийн гэртээ орж ирээд байж байтал 10 цаг 05 минутын орчим манай нөхөр С нь А-ийн  гэрээс орж ирээд А ах Н-ыг хутгалсан байх гэрээр нь баахан цус байна, гэмтэл явах хэрэгтэй байна гэхээр нь би 103 дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

-Гэрч С.Э ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би орж унтах гээд гараад явсан. Тэгээд гэрт орж ирээд унтаж байхад Сосарбарам дуудаад нэгийгээ хутгалчихлаа гээд дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч шинжээч эмч Ц.Б-ын  2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

“...1.Т.Н-ын биед цээжний зүүн хөндийрүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн уушигны авчилт, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлиийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50- 52-р хуудас/

Шүүгдэгч С.А ийн яллагдагчаар өгсөн: “...миний бие 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр танил дүү Т.Н-тай архи уусан үедээ маргалдаж улмаар гэрт байсан хутгыг авч хутгалсан юм. Би хийсэн хэргээ зөвшөөрч маш их гэмшиж байгаа,...уг асуудал нь манай гэрийн зүүн талын орон дээр болсон бөгөөд зүүн талын орон дээр сууж байхдаа хутгалсан,...миний бие Т.Н-хад 200,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Үлдэгдэл 323,000 төгрөгийг тэтгэвэр буухаар барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-р хуудас/ зэргээр

 

Хохирогч Х.П-жийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хувьд:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх “...Сонгинохайрхан дүүргийн 00  дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах 0-0 тоотод амьдардаг урд айлын Х ахтай муудалцаад намайг зодсон...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 139-р хуудас/,

-Хохирогч Х.Пү-жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 00  дугаар хороо, Алтан Овоогийн 20-18 тоот гэртээ байж байгаад,...0-0 тоот яг манай гэрийн урд талын хашаанд байх Х ахынд 22 цаг өнгөрч байхад орсон,...тэгээд надад ууж байгаа архинаасаа нэг хийж өгөөд би тэрийг нь уучихаад байж байтал Х ах чи муу шоронд ороод банди болно шүү гээд хутга аваад хармаандаа хийгээд гэрээсээ гаръя гөлөг минь гээд байсан,...гэтэл гэнэт араас том модоор миний толгой тус газар цохисон тэгээд би шууд гэмтэл явж үзүүлэхэд 8-12 удаа оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145-146-р хуудас/,

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч шинжээч эмч Т.С-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

“...1. Х.П-жийн биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 149-150-р хуудас/

Шүүгдэгч С.А  яллагдагчаар өгсөн: “...би араас нь гэрт байсан түлээний модоо шидэхэд Х.П-жийн толгой хэсэгт онож гэмтээсэн,...би 20,000 төгрөг бэлнээр өгсөн,...хэрэв хохирогч баримттай хохирол нэхэмжлэх юм бол хохирлыг барагдуулна...” зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч С.А  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр н.Н манайд орж ирсэн юм. Утсаа барьж орж ирчихээд гар утсаа 2 шил архинд тавиад уумаар байна, маргааш авна гэж хэлсэн. Тэгээд буцаж гарч явснаа орой нэлээн халамцуу орж ирээд миний утас хаана байна, утсаа авъя гэсэн. Тэгээд бид хоёр тэрнээс болж маргасан. Өөрөө дараа нь утсаа олсон орж ирсэн. Тэгээд би хутгасан юм. Хутгалъя гэж санаанд ороогүй, санамсаргүй хийсэн. Х.Пж манай хаалгыг 2-3 удаа эвдлээд орж хонож байсан. Тэрийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Х.П хэлсэн чинь юу яриад байгаа юм гээд гарч яваад заазуур барьж орж ирсэн. Хажуу айлын хүүхэн заазуурыг нь булааж аваад шидсэн чинь нөхөр нь аваад гарах гэхээр нь би түлээний саванд байсан модоо авч цохисон гэв.

 

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 97-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 98-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 99-р хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 100-р хуудас/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 101-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 102-103/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 119-р хуудас/, зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Б-ын  2021 оны 6  дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Т.Н-н амь насанд аюултай тул  гэмтлийн хүнд зэрэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч шинжээч эмч Т.С-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Х.П-ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч С.А  хохирогч Т.Н-ыг хутгаар нэг удаа хатгасан, хохирогч Х.П руу мод шидсэн үйлдлүүд нь хохирогч нарын эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл ба уг үйлдлийг хийснээр хохирогч нарт хохирол учрахыг мэдсээр байж өөрөө хүсэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.

Мөн түүнчлэн хохирогч Т.Н-хыг хутгаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирол учруулж байгаа нь түүний үйлдлийн улмаас учрах нийгмийн хор аюул, хохирол хор уршгийн хэмжээг нэмэгдүүлсэн аюултай үйлдэл бөгөөд энэ нь түүний гэмт хэргийн зүйлчлэл хүндрүүлэх нөхцөл байдалд бүрэн хамаарна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг мөн хохирогч Х.П-ийн эсрэг дээрх үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Т.Н, Х.П нар нь гомдол саналгүй, хохирогч Т.Н хохирлын мөнгөө бэлнээр авсан /хавтаст хэргийн 185 дугаар хуудас/ нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.А ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч С-гийн А нь 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00  дугаар хороо, Алтайн овооны 0-0 тоот гэртээ иргэн Т.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хутгыг зэвсгийн чанартай ашиглаж цээжин тус хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хэсэг рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00  дугаар хороо, Алтайн овоо 0-0 тоот гэртээ иргэн Х.П-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүн рүү түлээний мод шидэж толгойн тус газарт нь онож цохисны улмаас эрүүл мэндэд нь толгой, хуйхны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Тодруулбал гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь хохирогч Т.Н нь Сонгинохайрхан дүүргийн 00  дугаар хороо, Алтайн овоо 0-0 тоот гэрт байсан талаар гэрч Х.С мэдүүлсэн, гэрч Э.Б  мэдүүлсэн. Тухайн үед хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж гэрт байсан бор өнгийн иштэй хутгыг авч хохирогчийн цээжин тус газарт нь хутгалсан талаар хохирогч мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн. Түүний өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч Х.С болон Э.Б-гийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч н.Бадралын 0000 дугаартай дүгнэлт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл тогтоогдсон гэдэг талаар дурдсан. Энэ шинжээчийн дүгнэлт хохирогчийн мэдүүлэгтэй нийцэж байгаа. Өөрөөр хэлбэл зөрүүгүй байгаа. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч С.А  нь өөрийн үйлдсэн хэргээ үнэн, зөвөөр мэдүүлсэн. Түүний өгч байгаа мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байгаа учраас өнөөдөр Т.Н-ын биед хүнд хохирол учруулсан үйлдэлд яллагдах үндэслэл болж байна. Мөн шүүгдэгч С.А  нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Х.П-ийн эрх чөлөө, биед нь халдаж улмаар толгойн тус газарт нь модоор цохиж хөнгөн хохирол учруулсан. Энэ талаараа хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж байгаа. Түүний мэдүүлэг хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хуйханд нь язарсан шарх тогтоогдсон, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтээр тогтоогдож байгаа. Энэ дүгнэлт нь шүүгдэгчийн үйлдлийг шууд зааж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд халдсаны улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг өгсөн. Түүний өгсөн мэдүүлэг нь мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байгаа. Шүүгдэгч нь хохирогч Т.Н болон Х.Пү нарын биед халдаж, эрх чөлөөнд нь халдаж, хохирол учруулах боломжтой гэдгийг тухайн үед ухамсарлан ойлгож байсан боловч зориуд хүсэж үйлдэж нэг хохирогчийн биед хүнд, нэг хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулж байгаа үйлдлийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын биед хохирол учирсан нь шалтгаант холбоотой болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож байгаа учраас улсын яллагчийн зүгээс дараах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч С.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож хөнгөн ялыг хүндэд нь багтаах хуулийн зохицуулалтаар торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногт нийцүүлж нийт 6 жил 01 сар 03 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Н-ад хүнд хохирол учирсан бөгөөд хүнд хохиролтой холбоотой хохирлыг баримтыг хэрэгт хавсаргасан. Хохирол төлбөрт 523.400 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэргийн 185 дугаар талд авагдсан хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байгаа учраас шүүгдэгч С.А ийг хохирогчид Т.Н-ад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Хохирогч Х.П-ийн хувьд шүүгдэгчийн хийсэн үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжилсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа учраас хохирогч Х.П-ид төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Хохирогч Х.П нь өөрийн хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй байхаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байх. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч С.А ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар буюу нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн гэх хүндрүүлэх шинж тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч өөрөө ярьж хэлэх байх. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга болон ягаан өнгийн даавууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу устгуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль хяналтын байгууллагын зүгээс тодорхой хэмжээний зардал гарсан боловч зардалтай холбоотой нэхэмжилсэн баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэж байна. Т.На-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хэрэг, Х.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг нэгтгэсэн болохыг дурдаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч С.А ийн эрх, ашгийг хамгаалж түүний өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Манай үйлчлүүлэгч С.А ийн хэрэг нь 2021 оны хэрэг өөрөөр хэлбэл Т.Н-хад учруулсан хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой. Гэтэл урьд ял шийтгүүлж байсан, өршөөлд хамрагдаж байсан гэдэг утгаараа Өршөөлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамрагдахгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ хэрэгт учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн, 60 нас хүрсэн хүнийг прокурорын шүүх хуралдаанд яллаж байгаа 6 жилийн ял гэдэг бол арай ахадсан болов уу гэж үзэж байна. 60 настай хүн 6 жил шоронд явах юм бол гарч ирэхгүй байх магадлалтай. Монгол улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60 байдаг. Мөн биеийн эрүүл мэндийн байдал хүнд бөгөөд өөрөө үзүүлж харуулж яваад байдаггүй юм байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 гэдэг зүйл анги сонгох санкцтай байгаа. Өөрөөр хэлбэл торгуулийн ялын сонгох санкц байгаа. Тийм учраас С.А т оногдуулах ялыг торгох ял сонгож өгөөч ээ. С.А  бол ажилд орсон, манаачийн ажил хийж байгаа, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авч байгаа. Хэрвээ хорих ял оногдуулахаар болох юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хөнгөрүүлж өгнө үү. Өөрөөр хэлбэл настай хүн, хуульд заасан доод хэмжээгээр авах юм бол 2/1-ээр оногдуулах боломжтой учраас хөнгөн ял оногдуулж өгнө үү. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж хорих ялаар хоног тооцуулна гэж байна. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Өөрөөр хэлбэл хорих ялын санкц байхгүй байхад торгох ялыг сольж оногдуулна гэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Оногдуулсан ялыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хөнгөрүүлж оногдуулж өгнө үү. Өөрөөр хэлбэл нас өндөр болсон хүн гэдгийг харгалзан үзнэ үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч: Гэмт хэрэг үйлдсэн нь буруутай байна. Гэхдээ өөрөө настай хүн байна, хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа тул ялыг нь хөнгөрүүлэх тал дээр шүүх харж үзээд хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.А  нь хохирогч Т.Н-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, мөн хохирогч Х.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон, тэрээр нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч С.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч С.А ийн хувийн байдал /60 настай/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хор уршгийн шинж чанарыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 6 /зургаан/ жилийн хорих ялыг багасгаж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч хүнд гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байх хугацаандаа дахин хүний эрүүл мэндийн эсрэг чиглэсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзсэн болно.

          Харин Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс оногдуулсан... хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасан.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ... гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх...” гэж заасныг журамлан С.А т оногдуулсан 5 /таван/ жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан тул түүний дээрх Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хасаж, үлдсэн 3 /гурав/ жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийн торгох ялыг хорих ялын 1 хоногоор тооцсон /500,000 : 15,000=33 хоног буюу 1 сар 3 хоног/ ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А т оногдуулсан 3 жил 1 сар 3 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.   

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн хутга нэг ширхэг, ягаан өнгийн алчуур нэг ширхэг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч М овогт С-гийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч С.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

         

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар С.А т оногдуулсан 5 /таван/ жилийн хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийн торгох ялыг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.А т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга нэг ширхэг, ягаан өнгийн алчуур нэг ширхэг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

 

          7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          8. Шүүгдэгч С.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

          9. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.УРАНГУА

 

               ШҮҮГЧИД                              Л.БААТАР

 

                                                                     Г.ГАНБААТАР