Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 336

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-33 тоотод оршин суух Төв халх овгийн Түмэнбаярын Баяржаргалын /РД: ДЮ91111006/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 5-45 тоотд оршин суух Урианхай овгийн Ядамсүрэнгийн Аръяад /РД: ДИ89102211/ холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Баяржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Түмэнбаярын Баяржаргал нь Ядамсүрэн овогтой Аръяатай 2004 онд танилцсан. Тэрнээс хойш хоёр гэрийн хооронд үерхэж нөхөрлөж байгаад 2007 онд оюутан болоод явсан. Тэр хооронд байнгын холбоотой байсан. 2010 оноос хойш хамтран амьдарч байх хугацаандаа том охин Аръяа овогтой Маналхишигийг 2012 оны 02 дугаар сарын 25-нд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрүүлсэн, тэрнээс хойш угаахад нь ирсэн. Даахийг нь авахад ирсэн. Түүнээс хойш өөр хүнтэй явдаг байсан. Охиныг төрснөөс хойш жил байсан. Бага охин Баяржаргал овогтой Мишээлийг 2016 оны 07 дугаар сарын 31-нд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрүүлсэн. төрөхийн өмнөх өдөр ээжтэйгээ хот руу явсан. Аав нь байхгүй учир би өөрийн нэр дээр охиныхоо нэрийг нь бүртгүүлсэн. Миний хоёр хүүхдийн аав Ядамсүрэн овогтой Аръяа нь цаашдаа хамтарч гэр бүл болно гэж намайг оюутан байх хугацаанд ярилцаж хоёр гэрийн хооронд хамтран амьдарч байгаад 2 охиноо төрүүлсэн болно. Гэтэл манай нөхөр Ядамсүрэн овогтой Аръяа нь сүүлийн үед ямар ч харилцаа холбоогүй, утсаа ч авахаа больсон. Хотод Ховд аймгийн нэг хүүхэнтэй амьдарч байгаа гэсэн сураг гарсан. Хоёр охин дээрээ ирэхээ больсон тул охин А.Маналхишиг, Б.Мишээл нарыг ээж миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу 2 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т.Баяржаргал нь хариуцагч Я.Аръяад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Я.Аръяа шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардаж авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т ...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй... гэж заасны дагуу нэхэмжлэлийн талаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2004 онд танилцаж, үерхэж, хамтран амьдарч байгаад зохигчдын дундаас 2012 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин Аръяагийн Маналхишиг, 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баяржаргалын Мишээл нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, №0000709937/Г№68, 8201000295 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Энх-Алтай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3-4, 7-8/
Нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар хариуцагч бага охиноо төрснөөс хойш буюу 2016 оноос хойш холбоо бариагүй, хүүхдүүд дээрээ ирэхээ больсон гэж тайлбарлаж байна. 
Хариуцагч Я.Аръяа нь үр хүүхдээ тэжээн тэтгэхэд оролцоогүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн А.Маналхишиг, Б.Мишээл нарыг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжид байлгаж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг Я.Аръяагаас нь тэтгэлэг гаргуулан охин А.Маналхишиг, Б.Мишээл нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Я.Аръяад 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэж, хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирж, хэргийн материалтай танилцсан байна. 
Улмаар мөн өдрөө өмгөөлөгч авах тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр журамлан заажээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзвэл дээрх хугацааны дотор шүүх хуралдааныг товлодог бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байх тул шүүх нотлох баримтыг цуглахыг хүлээхгүйгээр хуульд заасан хугацааг баримтлан шүүх хуралдааныг товлон зарласан болно. Хариуцагч нь шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд өмгөөлөгч аваагүй, утас руу нь залгахад холбогдох боломжгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд хариуцагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүүхдийн асрамж тогтоолгоход оногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 2.136.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 49.126 төгрөг, нийт 119.326 төгрөгийг хариуцагч Я.Аръяагаас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Аръяагийн Маналхишиг, 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Баяржаргалын Мишээл нарыг эх Түмэнбаярын Баяржаргалын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Аръяагийн Маналхишиг,  Баяржаргалын Мишээл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Урианхай овгийн Ядамсүрэнгийн Аръяагаас /РД: ДИ89102211/ тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй. 
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.Баяржаргалд даалгасугай.
4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Я.Аръяа нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн асрамж тогтоолгоход оногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 2.136.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 49.126 төгрөг, нийт 119.326 төгрөгийг хариуцагч Я.Аръяагаас гаргуулж, улсын орлогод оруулсугай. 
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
                      
                         

ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН