Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/246

 

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2238000000530 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч ****************нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5-р багт байрлах Далай баян гэх нэртэй дэлгүүрийн гадна талбайд байрлуулсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг-5 загварын мотоцикл нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч ****************нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5-р багт байрлах Далай баян гэх нэртэй дэлгүүрийн гадна талбайд байрлуулсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг-5 загварын мотоцикл нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000530 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Далай баян 8 нэрийн дэлгүүрийн урд байсан, нутгийн иргэд Марахаа гэж дууддаг. Төрмөнх гэх залуугийн Мустанг-5 маркийн хөх өнгийн мотоцикл байхаар унаад хөдөө гэр лүүгээ явсан. Улмаар гэрээсээ нилээн зайд мотоциклийг хээр орхиод цаашаа алхаж нутгийн Балдан гэж айлд хоносон. Өглөө нь гэр лүүгээ алхаж харьсан. Гэртээ харих гэж хулгай хийсэн. Хулгайн гэмт хэрэг үйлдэхийг шахаж шаардсан, хамтран оролцсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 08 сарын 07-ны орой 22 цагийн үед гэрээсээ ганцаараа өөрийн эзэмшлийн хөх өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой гараад сумын төвд байрлах 2 давхар Далай баян гэх дэлгүүрийн гадаа ирж зогсоод хүүхдүүддээ талх, гурилан боов, ундаа зэрэг ойр зуурын юм аваад тооцоогоо хийгээд гарч ирээд явах гэсэн чинь миний мотоцикл байхгүй болсон байсан. ...Би алдсанаас хойш эхнэр Хишигжаргалын хамт машинаар сумын төвийн бүх гудамжаар хайж олдохгүй болохоор 2022 оны 08 сарын 08-ны өглөө сумын төвөөс урагшаа 10 гаруй км зайтай Хавцгайт гэх газраар хайж байгаад Хавцгайтын гол гэх газраас олж авсан тухайн үед миний мотоциклийг голын шаварт хэвтүүлсэн байдалтай орхисон байсан. Тэгээд би босгоод асааж аваад унаж сумын төв орсон.” “...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-13, 16-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөө өглөө сумын цагдаагаас дуудахаар ирсэн чинь манай хүү Насанбаяр нь тус иргэн Төрмөнхийн мотоциклийг хэлэлгүй дэлгүүрийн гаднаас унаад явсан зүйл яригдсан. Хөдөө гэртээ очихдоо хүний мотоцикл унаж яваад хээр орхисон талаар юм яриагүй би төвд орж ирээд мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),

Гэрч Ө.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 сарын 07-ны орой 21 цаг 30 минутын үед намайг ажил дээрээ байхад манай нөхөр Төрмөнх ганцаараа өөрийн Мустанг-5 маркийн мотоциклтой манай дэлгүүрийн хүнсний тасагт орж ирээд хүүхдүүддээ идэж уух юм аваад буцаад дэлгүүрээс гарсан. Би араас нь дэлгүүрийн барааны тасгийг цоожлоод гараад ирсэн чинь манайх нөхөр мотоцикл байхгүй болсон байна гэхээр би худлаа тоглоод байна гэсэн чинь нээрээ гээд тэгээд бид нөхөр бид 2 миний машинаар сумын төвөөр шөнийн 00 цаг өнгөртөл хайгаад олоогүй. Тэгээд гэртээ хариад амраад маргааш өглөө нь сумын урагшаа манай сумын 1-р багт байдаг Хавцгайт гэх газраар хайж явтал тус газрын голын гарам дээр хажуу талаар нь хэвтүүлээд орхисон байсан. Тэгээд манай нөхөр босгож асаагаад унаад сум төв рүү орж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),

Гэрч Б.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тэр орой Насанбаяр нь манай дэлгүүрт орж ирж үйлчлүүлсэн ганцаараа орж ирсэн. Би дэлгүүрээсээ гараагүй болохоор ямар унаатай явж байсныг мэдэхгүй. Тэр өдөр ****************олон удаа орж ирж үйлчлүүлсэн. Хамгийн орой орж ирсэн цагийг нь сайн мэдэхгүй.  (хх-ийн 30-р хуудас),

Ихэрмөрөн-Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2245617200370 дугаартай “...****************мустанг-5 маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн үнэлгээг 500,000 төгрөг ” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 34-36-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол (хх-ийн 50-56, 62-65-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000530 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****************нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5-р багт байрлах Далай баян гэх нэртэй дэлгүүрийн гадна талбайд байрлуулсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг-5 загварын мотоцикл нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ****************(хх-ийн 11-13, 16-р хуудас),  гэрч ****************(хх-ийн 19-20-р хуудас), гэрч Ө.Хишигжаргалын (хх-ийн 23-24-р хуудас), гэрч Б.Батзаяагийн (хх-ийн 30-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2245617200370 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 34-36-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь ****************өмчлөлийн эд зүйлийг хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол (хх-ийн 52-56, 62-65-р хуудас) зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ****************нь 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******т оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хилийн дээсээр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000530 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************ыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хилийн дээсээр тогтоож, 8 (найм) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас гадагш явахыг хориглосугай.

4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ****************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

      6. Эрүүгийн 2238000000530 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР