Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/240

 

2022     08    23                             2022/ШЦТ/240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч М.Берикбол,

Хохирогч Ч.Н,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн От холбогдох эрүүгийн 2238000000492 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 16-ны 22 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 05 дугаар багийн 15-01 тоотод хохирогч Ч.Нг бусадтай хардсаны улмаас толгойн тус газарт нь модон сандлаар цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий гэмтэл хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000492 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 05 дугаар багийн 15-01 тоотод хохирогч Ч.Нг бусадтай хардсаны улмаас толгойн тус газарт нь модон сандлаар цохиж, бие эрх, чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оийн өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй..гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Нгийн өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 16-ны үдэшлэг болдог орой манай хүүхдүүд ирсэн байсан. Б.О манайд 18 цагийн үед согтуу ирээд хүүхдүүд рүү уурлаад байхаар нь согтуу хүнд юм хэлж яах юм гэж хүүхдүүддээ хэлсэн. Тэгээд би Б.Оийг гэртээ үлдээгээд 2 цаг хүүгийндээ очоод ирсэн. Тэгэхэд Б.Оийн архи гараагүй, согтуу хэвтэж байсан. Би зах руу хоол хүргэж өгдөг болохоор маргаашийн ажилд бэлдээд аяга тавгаа угаагаад Б.Оийн согтуу гарах байх гэж бодоод хоол хийж өгсөн. Тэгээд Б.О цай ууя гэхэд нь шанаганд ус хийгээд өгөхөд танихгүй хүний нэр хэлээд чи түүнтэй явдаг гэж хэлэхэд би танихгүй гэсэн. Тэгээд над руу ус цацахад би гараад явах гэж байгаад хальтарч унасан. Миний толгой руу хажууд байгаа сандлаар цохисон. Би гутлаа өмсөх гэсэн боловч толгойноос цус гоожсон. Тэгээд би гэрээс зугтаад цагдаа дуудсан. Цагдаа ирээд Б.Оийг аваад явсан.. Би удаа, дараа зодуулж байсан учраас энэ удаа гомдолтой байна. Толгойндоо шарх аваад орон, гаран ухаантай эрүүл мэндэд муу байна.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Нгийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчимд гэртээ байж байхад манай таньдаг хүн болох О нь манайд согтуу орж ирсэн...Орж  ирээд надтай хэрүүл өдөх гээд хүүхдүүд чинь гэрт чинь ирсэн байна гээд агсам  тавиад байхаар нь би хүүхдүүдээ аваад 10 дугаар хороонд байдаг  Цэнд-Аюушын гэр лүү яваад өгсөн. Тэгээд би хүүгийнхээ гэрт байж байгаад орой 21 цагийн үед  маргаашийн ажил төрөлдөө бэлдэх гээд гэр лүүгээ  ганцаараа яваад өгсөн. Намайг гэртээ ороход О  манай гэийн орон дээр зүгээр дээшээ хараад хэвтэж байсан. Намайг яваад орсон чинь надтай хэрүүл хийх гээд байхаар нь би нээх тоохгүй аяга шаазангаа угаагаад От  хоол хийж өгсөн… би шанаганд ус хийж өгсөн чинь ус ууж байснаа үлдээсэн усаа над руу  цацсан. .. Оийн цацсан усан дээр би хальтраад унасан. Намайг босох гэж байхад О нь хажуудаа байсан модон сандал аваад  миний толгой руу нэг удаа цохисон.  .. толгойндоо хүрээд харсан чинь цус болсон байсан. .. гарч гүйгээд хажуу айлынхаа  хашаа руу ороод ... цагдаад мэдэгдсэн. ...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл бол байхгүй. Тэгэхдээ хуулийн дагуу арга хэмжээг нь авахуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Гэрч Н.Аын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зөрчил шалгагчаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 22 цаг 25 минутын үед иргэн Ч.Н Мөрөн сумын 5 дугаар багийн 15-01 тоотод согтуу хүн агсам тавиад толгой хагалчихлаа гэсэн дуудлага цагдаагийн 7038102 дугаарт ирсний дагуу цагдаагийн ахлах ахлагч Р.Бгийн хамт тус хаяг дээр очиход иргэн Ч.Н Мөрөн сумын 5 дугаар багийн 15 дугаар гудамжинд толгойгоо алчуураар дарсан зогсож байсныг машиндаа суулган таны толгойг хэн цохисон талаар асуухад манай хамтран амьдрагч О манайд согтуу ирээд миний толгой руу сандлаар цохисон. Одоо манай гэрт байгаа гэсний дагуу Мөрөн сумын 5 дугаар багийн 15-01 тоотод очиж гэр рүү нь ороход зөрчил гаргагч Б.О согтуу орон дээр хэвтэж байсныг босгож, машинд суулгаад эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

Гэрч Ч.Тгийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ..., ...би цагдаа дээр яваад очтол хадам ээж мэдүүлэг өгөөд сууж байхаар нь гадаа нь хүлээж байгаад гарч ирэхээр нь уулзсан чинь толгойноос нь цус гараад хатсан байхаар нь яасан, юу болсон юм бэ гэж асуусан чинь намайг гэрт орох үед О нь шууд сандал аваад цохисон гэж хэлсэн. Бас төмөр халуун саваар цохих гэж далайсан гэж байсан. Тэгээд хадам ээжийг аваад эмнэлэгт аваачаад толгой дээр нь оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаартай “...Ч.Нгийн биед зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохой зүйлээр үүсэгджээ. Ч.Нгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/,

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 11 тал/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 90 дугаартай зөвшөөрөл /хх-ийн 12-р тал/,

Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-10 тал/,

Эд зүйл / баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Оийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 06 сарын 16-нд би өглөө 10 цаг өнгөрөөгөөд зах гараад явж байсан чинь манай хадам талын хүн болох Марчаа гэдэг хүн таарсан. Тэгээд бид хоёр таараад ойр зуурын юм ярьж байгаад Марчаагийн ээж болох Даариймаа гэдэг айлынд очсон. Тэгээд Даариймаа эгчийнд очоод ойр зуурын юм яриад унд цай уугаад байж байхад Даариймаа эгч надад 0.75 литрийн Алтан түрүү гэдэг нэртэй архи өгсөн. Тэгэхээр нь би тэр архийг нь Даариймаа эгч, Марчаа хоёртой юм ярингаа хувааж ууж дуусгасан. Архиа ууж дуусаад оройхон тийшээ байх 16-17 цагийн үед би Даариймаа эгчийн гэрээс ганцаараа гараад замдаа дэлгүүр ороод 0.5 литрийн Хараа гэдэг нэртэй архи аваад гэртээ хариад хашаан дотроо ганцаараа уусан. Тухайн үед би архиа арай дуусгаагүй талд нь хүртэл уугаад найз болох Нгийн гэр рүү нь явъя гэж бодоод нөгөө үлдсэн архиа аваад Нгийн гэрт очсон. Тухайн үед намайг гэрт нь очиход Н нь гэртээ хотоос ирсэн гээд хүүхдүүдтэйгээ цуг байж байсан. Тэгээд гэрт нь ороод би болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь л Н надаа хоол хийж өгч байх шиг байсан. Хийсэн хоолыг нь харахад шөлтөй л хоол байх шиг байсан. Тэгээд би хоолыг нь идсэн гэдгээ санахгүй байна нэг мэдсэн чинь л Н нь цагдаа дуудна гэж байх шиг байсан. Тэгэхээр нь би гэрийнхэн орон дээр нь гараад унтаж хэвтэж байсан чинь цагдаа орж ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/ зэрэг бичгийн нотлох баримт болон эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн модон сандал зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.Н, гэрч Н.А, Ч.Т нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 16-ны 22 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 05 дугаар багийн 15-01 тоотод хохирогч Ч.Нг бусадтай хардсаны улмаас толгойн тус газарт нь модон сандлаар цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Ч.Нгийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан зулайн хуйханд шарх бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.Оийн модон сандлаар цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Оийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Оийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Ч.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед: “...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл бол байхгүй. Тэгэхдээ хуулийн дагуу арга хэмжээг нь авахуулмаар байна” гэх /хх-ийн 20 тал/ мэдүүлгийг өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч М.Берикбол эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хот тохижуулах албанд хийлгэх саналыг гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч Б.О эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Би оюутан хүүхэдтэй. Хүүхэд сургуульдаа явах гэж байгаа, мөнгө хэрэгтэй байгаа учраас ажил хийх хэрэгтэй байна. Торгуулын арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Оийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 42-54 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Оийн Бат-Эрдэний төрсний бүртгэлийн лавлагаа, ЦЕГ-ын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.О нь ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 27-07 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Оийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Мөрөн хот тохижилт, үйлчилгээний төв” ХХК-д газарт эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, анхааруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн жижиг модон сандал нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Оийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  “Мөрөн хот тохижилт, үйлчилгээний төв” ХХК-д эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн жижиг модон сандал нэг ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН