| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/0095/И |
| Дугаар | 256 |
| Огноо | 2018-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* оршин суух ******* *******ийн ******* /РД:*******/-ын
Хариуцагч: ******* дүүрэг, хороо, байр, оршин суух ийн //-оос
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.120.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 0 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 0 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., түүний өмгөөлөгч З., хариуцагч Н., түүний өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12.600.000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн өдөр 1.800.000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас 15.120.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Д.******* хэсэг хүмүүстэй нийлж мөнгө зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажилладаг байсан. Тэр үед Н. Д.*******аас мөнгө зээлээд өгөөгүйгээс алдагдалд орсон. Тэрээр Н.гийн хүсэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12.600.000 төгрөг, 1.800.000 төгрөгийг тус бүр нь 20 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээг Н. өөрөө гараар бичсэн. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж мессеж бичиж байсан байх. Хүмүүстэй нийлээд мөнгө зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлсэн компанид ажиллаж байхдаа 99093143 дугаарын утастай байсан нь үнэн. Н. гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өр үүсгэснээс болж Д.******* өөрөө орох оронгүй болж өрөнд орж Солонгост ажил хийхээр явсан. Иймд Н.гоос үндсэн зээл 14.400.00 төгрөг, хүү 1.530.000 төгрөг, нийт 15.120.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Би Д.*******аас 2016 оны 03 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 14 удаагийн үйлдлээр 38.210.000 төгрөгийн зээлийг тухай бүр нь 20 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй, зээлсэн мөнгөнд ноогдох хүүг өдөр бүр 12 цагаас өмнө төлөх хатуу нөхцөлтэйгээр байгуулж нийт 50.041.000 төгрөг болгон эргүүлж төлсөн байна. Надад төлөх зээлийн үлдэгдэл байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би 1.800.000 төгрөг зээлэх хүсэлт тавьсан. Д.******* 1.500.000 төгрөг байна. 300.000 төгрөгийг хүүнд суутгаж аваад 1.200.000 төгрөгийг дансаар ав гэдэг шаардлагыг тавьсан. Бараа татах зайлшгүй шаардлага байсан учраас зөвшөөрч 1.200.000 төгрөгийг хүүгийнхээ дансаар шилжүүлж авсан. Урьд урьдны зээлийн хүүг тооцож надад 12.600.000 төгрөг өгсөн мэтээр өөрөөр цээж бичиг бичүүлж байгаа юм шиг надаар 1 хувь бичиг хийлгүүлж авсанаа шүүхэд баримт болгож өгсөн байна. Мөн давхар гар утсаар бичлэг хийж байсан. Түүнийгээ шүүхэд баримт болгож өгөөгүй байна. Би Д.*******ын шаардсанаар авсан зээлийн хүүг өдөр бүр 12:00 цагаас өмнө хийдэг байсан. Хийгээгүй тохиолдолд надад 7.000 төгрөгийн хүү нэмж боддог байсан. Мөн хийгээгүй нөхцөлд 99093143 дугаарын утаснаас янз бүрийн мессеж бичиж дарамталдаг байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Д.*******ад нэг ч төгрөг төлөөгүй. Үүнээс болж Д.******* намайг маш их дарамжталж утсаар болон гэр оронд минь ирж элдэв үгээр доромжилж заналхийлсэн гэв. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.гоос зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.120.000 төгрөг гаргуулахыг шаардсан. Тэрээр шаардлагын үндэслэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12.600.000 төгрөгийн үнийн дүнтэй, мөн 1.800.000 төгрөгийн үнийн дүнтэй тус бүр бичгээр хийсэн зээлийн гэрээ гэж тодорхойлсон.
Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд маргасан. Тэрээр маргаж буй үндэслэлээ нэхэмжлэгч Д.*******аас 2016 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 14 удаагийн үйлдлээр нийт 38.210.000 төгрөгийг тус бүрдээ 20 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй, зээлсэн мөнгөний үнийн дүнгээс хамаарч хүүг өдрийн 12 цагаас өмнө өдөр бүр төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж нийт 50.041.000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөнгө зээлэх зорилгоор 1.800.000 төгрөгийн, 12.600.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр хийж 1.200.000 төгрөгийг хүү Д.Наранбаярын Хаан банкны дугаарын дансаар хүлээн авч үүргийг зохих ёсоор биелүүлж дуусгасан, 12.900.000 төгрөгийг аваагүй гэж тайлбарласан.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд үүсээд байгаа маргааны эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх байна.
Хариуцагч Н. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагаанд бараа татах зорилгоор нэхэмжлэгч Д.*******ад мөнгө зээлэх хүсэл зоригоо илэрхийлж тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн, гэрээний нөхцөлийг талууд тохирч бичгээр хэлцэл хийсэн үйл баримтад зохигч маргаагүй.
Зохигч гэрээний үнийн дүн, гэрээнд заасан 12.900.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримтад маргасан.
Нэхэмжлэгч Д.******* хэрэгт хариуцагч Н.гийн зээл хүссэн бичгээр хийсэн хэлцлээс өөр баримтыг ирүүлээгүй.
Хариуцагч Н. татгалзалын үндэслэлээ нотлож иргэн Д.Наранбаяр, Д.Нарангэрэл, нэхэмжлэгч Д.*******ын “ХААН банк” ХХК дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулгыг хэрэгт баримтаар ирүүлсэн.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр “ХААН банк” ХХК-иас хариуцагч Н.гийн мөнгө шилжүүлж байсан гэх дансны хуулгуудыг баримтаар авсан.
Эдгээр баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлж хэргийг шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 12.600.000 төгрөгийн үнийн дүнтэй, 1.800.000 төгрөгийн үнийн дүнтэй бичгийн хэлцэлээс 300.000 төгрөгийг тус тус бэлнээр аваагүй гэж хариуцагч Н. маргаж татгалзалын үндэслэлээ баримтаар нотлож мэтгэлцсэн учраас нэхэмжлэлээр шаардсан бэлнээр өгсөн гэх 12.900.000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтыг нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хавтаст хэргийн 4-5 дугаар хуудсанд авагдсан “Зээлийн гэрээ ба баримт үйлдэх нь” гэсэн гарчигтай бичгийн хэлцэл нь агуулгын хувьд зээлийн гэрээ боловч уг гэрээний дагуу зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Харин хариуцагч Н.гийн “нэхэмжлэгч Д.*******аас 2016 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 14 удаагийн үйлдлээр нийт 38.210.000 төгрөгийг тус бүрдээ 20 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй, зээлсэн мөнгөний үнийн дүнгээс хамаарч хүүг өдрийн 12:00 цагаас өмнө төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж нийт 50.041.000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн, 12.900.000 төгрөгийг шилжүүлж аваагүй” гэсэн татгалзал нь, мөн тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж 300.000 төгрөгийг зээлийн хүүд урьдчилан төлсөн, 1.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болох нь, хариуцагч Н. энэхүү гэрээний үүрэгт 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд 3.780.000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, иргэн Д.Наранбаяр, Д.Нарангэрэл, нэхэмжлэгч Д.*******ын “ХААН банк” ХХК дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, “ХААН банк” ХХК-иас ирүүлсэн баримтууд, хавтаст хэргийн 4-5 дугаар хуудсанд авагдсан бичгийн хэлцэл зэргээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн энэ хуулийн 28 зүйлийн 282.4.-т мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан. Энэ заалт нь гэрээ байгуулагдсан эсэхийг бус гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх, гэрээний дагуу үүрэг үүсэх эсэхийг зохицуулсан байдаг учраас шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.******* гэрээний дагуу хариуцагч Н.д мөнгө шилжүүлсэн эсэх, хариуцагч Н.д гэрээний дагуу үүрэг үүссэн эсэх, үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсхийг хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.д 1.500.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж мөнгийг түүний өмчлөлд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар шаардах эрхтэй. Гэвч хариуцагч Н. энэ гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д зааснаар биелүүлсэн байна.
Мөн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр хийгдсэн хэлцэлийн дагуу нэхэмжлэгч Д.******* 12.600.000 төгрөгийг, 1.800.000 төгрөгийн хэлцэлээс 300.000 төгрөгийг энэ хуулийн 28 зүйлийн 282.4.-т зааснаар хариуцагч Н.гийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас хариуцагчаас энэ гэрээтэй холбоотой үүргийг шаардах эрхгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Н.гоос шаардсан 15.120.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 28 зүйлийн 282.4., 236 дугаар зүйлийн 236.1.1.-д заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233.550 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 28 зүйлийн 282.4., 236 дугаар зүйлийн 236.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Н.гоос зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.120.000 /арван таван сая нэг зуун хорь/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233.550 /хоёр зуун гучин гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ