Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 656

 

 

 

 

 

 

 

2019            7             2                                                2019/ДШМ/656

 

                                                     Ц.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Ц.Б-,

хохирогч М.Ц-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дээд шатны прокурор Ц.Арвинбуудайн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн 1803008960473 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ц.Б-, 1970 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү, бэр дүү нарын хамт .......... дүүргийн .... дугаар хороо, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ..................../;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 304 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.4, 147 дугаар зүйлийн 147.3 хэсэгт тус тус зааснаар 13 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Ц.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Соёолж” төвийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох... үндэслэл”, 18.1.3-т “зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн” буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Ц.Б- нь “Toyota Prius” маркийн 19-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Ц-, Ц.Б нарыг мөргөж, М.Ц-ын эрүүл мэндэд хүнд, Ц.Б-ын эрүүл мэндэд эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Ц.Б-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 219 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-, иргэний хариуцагч Ц.Нямбаяр нараас 2.849.403 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч М.Ц-д олгож, хохирогч М.Ц- нь цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, шүүгдэгч Ц.Б-ын №1056072 ангиллын жолоочийн үнэмлэх, №01804961 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензийн төвд хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар Ц.Б-ыг шийтгэснийг дурьдсан байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа... хугацааг тоолно” гэснийг зөрчиж, нэмэгдэл ялыг хэдий үеэс эхлэн тоолохыг заагаагүй байх тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б- тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Хохирогч М.Ц-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа эрх хассан хугацааг тоолно” гээд заасан байдаг. Үүнийг зөрчсөн гэж дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ялаар шийтгэсэн болохыг дурдсан байдаг. Хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг тоолсугай гэж оруулах ёстой байсныг орхигдуулсан байсан. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ц.Б- нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтад заасан зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрч тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон үедээ 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цаг 10 минутын үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Соёолж төвийн хойд автозамд 19-92УНЧ улсын дугаартай Тоёота приус /Toyota Prius/ маркийн автомашиныг жолоодон яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж, явган зорчигч М.Ц-, Ц.Б нарыг мөргөж, М.Ц-ын эрүүл мэндэд хүнд, Ц.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэрэг гарсан байдлыг бэхжүүлж авсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх 11-19/,

“Ц.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасныг, явган зорчигч 3.4-т заасныг тус тус зөрчсөн”-ийг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 789 дугаартай дүгнэлт /хх 83/,

“Ц.Б- нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх үндэслэл. 18.1.3. зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн” гэсэн заалтыг зөрчсөн”-ийг тогтоосон 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 789/А дугаартай нэмэлт дүгнэлт /хх 88/,

Хохирогч М.Ц-ын “...Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой гэрээсээ 19 цагийн үед гараад хадамын гэр рүү очих гэж Соёолж төвийн хойд замд хойноосоо урагш хүү М.-н хамт зам хөндлөн гарсан. Зүүнээс баруун чигт явах урсгалыг хөндлөн гарах гээд тусгаарлах зурвасын урд хэсэгт зогсож байхад Тоёота приус машинд мөргүүлэн газар унасан. Би тухайн үед ямар машинд мөргүүлсэн тухайгаа мэдэхгүй, мөргүүлээд ухаан алдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 24-25/,

 Насанд хүрээгүй хохирогч Ц.Б-н “Би тухайн үед ээж бид 2 гэрээсээ гараад, өвөө эмээгийн гэр рүү очихоор явган явж байсан. Явж байгаад ээж бид 2 зам хөндлөн гарсан. Эхлээд эхний замаа гараад дараа нь дараагийн замаа гарч байтал өөдөөс хурдтай машин ороод ирэхээр тэр машиныг өнгөрөөгөөд явахаар зам дээр зогсож байтал тэр машин ээжийг мөргөөд газарт унагасан. Харин ээж мөргүүлэх үед түүний гутал миний хөлийг цохьсон, машин ерөөсөө намайг мөргөөгүй. Би бас тэр үед газарт унаагүй. Жолооч ах бууж ирээд бид хоёрыг 103 руу аваад явсан. Ээж ухаангүй байсан, би уйлсан” гэсэн мэдүүлэг /хх 27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12896 дугаар “М.Ц-ын биед зүүн чамархайн яс хөхлөг сэртэн дайрсан хугарал, баруун бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, цус харвалт, баруун шаант, тахилзуур ясны дээд хэсгийн зөрөөтэй далд хугарал, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 66/,

Мөн шүүх эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12952 дугаар “Ц.Бадрахын биед баруун хөлийн тавхай, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 68/ болон шүүгдэгч Ц.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирчээ.

          Дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгаас “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй тул шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож зөвтгүүлэх”-ээр эсэргүүцэл бичсний дагуу хэргийг хянахад, анхан шатны шүүх шүүгдэгчид нэмэгдэл ял буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан атлаа тэрхүү хугацааг нь хэзээнээс хэрхэн яаж тоолох талаар дурьдаагүй нь буруу болжээ.

          Иймд Дээд шатны прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих нэмэлт заалт оруулж, эсэргүүцлийн “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, зөвтгүүлэх”-ээр бичсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар шүүгдэгч Ц.Б-д ял шийтгэл оногдуулсан хэсэг бөгөөд үүнийг нь хүчингүй болгон зөвтгөх шаардлагагүй юм.

          Тухайн гэмт хэрэг нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн ба прокурорын яллах дүгнэлтийн хавсралтаар хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр дурьдсан атлаа Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн, шүүх хэргийг харъяаллын дагуу зохих шүүхэд шилжүүлээгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “...хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ“ гэсэнтэй нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурьдсугай” гэсэн заалт нэмсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5 дугаартай эсэргүүцлийн “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, зөвтгүүлэх”-ээр бичсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ