Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0199

 

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0199

Улаанбаатар хот

 

 

                         “Ө*** т*** э***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “Ө*** т*** э***” ХХК,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Ө*** т*** э***” ХХК

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/354 тоот захирамжийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0908 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ш***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*** нар.

Хэргийн индекс: 128/2018/0311/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ө*** т*** э***” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/354 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0908 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө*** т*** э***” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/354 дүгээр захирамжийг хүчингүй

болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн буюу барилгын суурь нь тухайн барилгад чухал ажлуудын нэг байсан тул цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусахаас өмнө манай ажлыг зогсоож, гэрээг цуцалснаас шалтгаалан барилгын сууриуд хамгаалалтгүй орхигдож, одоогийн нөхцөлд ашиглах боломжгүй болж, эвдрэлд орсныг нэхэмжлэгчийн буруу мэтээр анхнаасаа ашиглах боломжгүй суурийн ажил гүйцэтгэсэн мэтээр тайлбарлан маргаан бүхий актыг гаргаж, хуулийг ноцтой зөрчсөнийг шүүх анхаараагүй,

 3.2 маргаан бүхий актын гол үндэслэл нь “Реконстракшн” төвийн шинжээчийн дүгнэлт байх бөгөөд шүүх үүнийг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч томилогдсон шинжээч нь бичиг баримтгүйгээр дүгнэлт гаргах боломжгүй гэж мэдэгдэж, дүгнэлт гаргахаас татгалзсаар байхад шүүх уг дүгнэлтийг үнэлсэн нь буруу,

3.3 Шүүх хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох асуудал нь маргаан бүхий захиргааны актын дагуу барилгын суурийг буулгаж, газрыг албадан чөлөөлөх шаардлагатай эсэхийг шүүхээс шалгаж тогтооход ач холбогдолтой байсан гэх зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 125 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт дүүргийн 7 дугаар хорооны ажлын алба, цагдаагийн кабоны зориулалтаар 150 м.кв газрыг эзэмшүүлсэн.

3.2. Нэхэмжлэгч “Ө*** т*** э***” ХХК нь 2005 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай 01/01 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулан, өөрийн хөрөнгөөр тухайн газарт барилга барьж, 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж, барилгын 80 м.кв талбайг Засаг даргын Тамгын газрын өмчлөлд 7 дугаар хорооны ажлын алба, цагдаагийн кабоны зориулалтаар үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Улмаар гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3/684 дугаар албан бичгээр гэрээг дуусгавар болгон цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч “Ө*** т*** э***” ХХК-д хүргүүлснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “2005 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/01 дугаар Хамтран ажиллах гэрээний дагуу барилгын ажил үргэлжлүүлэхийг даалгах” нэхэмжлэл гарган маргасан.

3.3. Тухайн маргааныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 704 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/354 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 704 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Ө*** т*** э***” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, тус хорооны цогцолбор барилга барихаар суурийн байгууламж цутгасныг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон.

4. Анхан шатны шүүх, “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/354 дүгээр захирамжаар газар албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5 дахь хэсэгт нийцсэн, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй,нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй... хамтран ажиллах гэрээний дагуу хийсэн барилгын суурь нь тухайн компанийн өмч гэж тайлбарлах ч маргаан бүхий газарт хийгдсэн барилгын сууринд өмчлөх эрх үүсээгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

5. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газарт нэхэмжлэгч “Ө*** т*** э***” ХХК өөрийн хөрөнгөөр барилга барьж, тухайн барилгын тодорхой хэсгийг Засаг даргын Тамгын газрын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой маргааныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 704 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

Улмаар, хариуцагчаас өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах үүднээс нэхэмжлэгч “Ө*** т*** э***” ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын суурийг цаашид ашиглах боломжтой эсэхийг тодруулах зорилгоор Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйл “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 5.1.3-т “шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах” бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийн Их Сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвийг шинжээчээр оролцуулж, шинжээчийн дүгнэлтээр тухайн суурийг “ашиглах боломжгүй нь тогтоогдсон”.

Үүнтэй холбогдуулан, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас нэхэмжлэгч “Ө*** т*** э***” ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “барилгын суурийг буулгаж, газар чөлөөлөх мэдэгдэл, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “2006 онд хамтран ажиллах гэрээг цуцалсан, экспертизийн дүгнэлтээр ашиглах боломжгүй нь тогтоогдсон барилгын суурийг чөлөөлөх”-өөр болсон талаар тайлбар, нотлох баримт гаргуулах сонсох ажиллагааг явуулсны үндсэн дээр  барилгын суурийг чөлөөлөх тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0908 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

 

                ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ

 

                           ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА