Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 152

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч  А.Болорчимэг,

шүүгдэгч Т.Гарьдмагнай түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бөртэ овогт Туулайхүүгийн Гарьдмагнайд холбогдуулан сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201626021859 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Бөртэ овогт Туулайхүүгийн Гарьдмагнай, / РД:УЗ89042778/ 1989 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28  настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, “О” телевизэд гэрээт ажилтан ажилтай, ам бүл 3, эгч ахын хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 2 дугаар гудамжны 223 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1197 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 254 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 2 хоногийн  баривчлах  ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан.

Шүүгдэгч  Т.Гарьдмагнай нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Кроун” бааранд бармен Б.Батзоригтой маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Гарьдмагнай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хорооллын Кроун бааранд дижигээр ажилладаг байсан. 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагт Золбаяр захирал 2 дуучин охин орой нь ковер дуу дуулуулахаар авчираад “дуулуулж болохоор байна уу, шалгаад үзээдэхээч” гэж хэлсэн. Тэгээд би хөгжим дээрээ очоод хамт бэлтгэл хийсэн. Тэр үед хажуу талын ресторанаас Батзориг гарч ирээд тайзны харалдаа гар утсаараа бичлэг хийж байсан. Тэгээд дуучид маань болохгүй байхаар нь би хөгжмөө унтраагаад дуучин охидтой ярилцаж байтал Батзориг “наад дуугаа дахиад дуулчих” гэж охидод хандаж хэлсэн. Тэгэхээр нь би “энд ажил явагдаж байна. Би тэдний дууг нь янзалж байна” гэхэд “чи хүний хийгээгүй ажил хийж байгаа юм уу” гэх зэрэг зүйл хэлээд над дээр ирээд намайг “буугаад ир” гэж хэлсэн. Би буугаад очиход Батзориг “чи яагаад байгаа юм бэ, би энд бичлэг хийж байна” гэхээр нь би “наад бичлэг чинь хамаагүй. Би энэ хүмүүсийг бэлдэж байна” гээд хэлж дуусаагүй байтал миний нүд рүү цохьсон. Тухайн бааранд олон үйлчлүүлэгч байсан учраас би зодоон хийхийг хүсээгүй. Тэгээд би Батзоригийн цамцнаас татаад гаргасан. Энэ хугацаанд миний нүүр, нүд рүү олон удаа цохьсон. Баарны хажуу талын хүнгүй ресторан руу ороход баарны захирал Золоо, Самдан нар ирж биднийг салгасан. Салгаж байхад миний эрүү, шанаа руу дахиж цохьсон. Тухайн үед цохиулсан газар нь язарсан байсан. Үүнийг шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Нүүрнээс цус гараад тогтохгүй байхаар нь цусаа тогтоох гээд бие засах газар руу орсон. Батзоригийг ах нь өөрийн ресторандаа үлдээгээд би шархны наалт наагаад эргэж очоод ажлаа хийсэн. Маргааш нь миний нэг талын нүд хавдсан байсан. Тэгэхээр нь Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж зодуулсан тухайгаа өргөдөл гаргасан” гэв. 

Шүүгдэгч  Т.Гарьдмагнай нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Кроун” бааранд бармен Б.Батзоригтой маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Батзоригийн “2016 оны 06 сарын 22-ны орой “Кроун” баарны эзэн Золбаяр гэж  хүн намайг дижи Гарьдмагнайгийн авчирсан дуучидын дуулж байгаа бичлэгийг гар утсан дээрээ бичээд ир гэж явуулсан. Тэгээд би ороод бичээд сууж байтал тухайн дижи Гарьдмагнай “чи гар ажилд садаа болж байна” гэсэн. Тэгэхээр нь Золоо ах намайг бичлэг хийж ир гэж явуулсан дахиад дуулж болох уу гэж ирсэн дуучидаас асуусан. Тэгэхэд Гарьдмагнай намайг “гар пизда” минь гээд хараасан. Би урдаас нь “та юу гээд байгаа юм бэ” гэхэд Гарьдмагнай ах ширээний араас гарч ирээд миний сууж байсан ширээн дээр ирээд заамдсан. Тэгэхээр нь тавь гэхэд тавихгүй байсан. Урдаас хараал хэлээд заамдаад би зөрүүлээд заамдалцаад гарч байхад Золбаяр ах урдаас гарч ирэхэд намайг Гарьдмагнай урдаас нүүр лүү цохьсон. Цохиход нь би паб руу орсон. Тэгэхэд надтай хамт паб түрээсэлдэг Самданжамц ах сандал дээр унтаж байгаад босч ирээд бид хоёрыг салгасан. Би Гарьдмагнайг цохьсон. Тэгээд дахиад заамдалцаж аваад шалан дээр унасан. Золбаяр ах намайг босгож аваад боль гээд Самданжамц ах Гарьдмагнайг хаалгаар авч гарсан. Гарьдмагнай буцаж гүйж орж ирж намайг цээж рүү цохьсон. Тэгэхэд Золбаяр ах салгасан. Над руу ширээн дээр байсан талхны сав, түлхүүр, тортой хувцас авч шидсэн хараагаад хэл амаар доромжилсон. Маргааш эрүүлдээ ирж самарнаа гэсэн. Тэгэхэд нь нэг удаа эрүүнд нь цохьсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч П.Золбаярын “Тэр өдөр 23 цагийн орчим манай бааранд 2 дуучин ирсэн. Би тухайн дуучны бичлэгийг хийгээд ир гэж Баткад хэлээд баарнаас гараад 10 минутын дараа бааранд орж ирэхэд баарны коридор луу дижи Гарьд болон бармен Батка нар бие биенээ заамдаад орилоод гарч ирж байхаар нь би очоод дундуур нь орж салгасан. Юу болсон талаар асуухад Гарьд нь ажил явагдаж байна чи гараад байж бай гэсэн чинь бичлэг хий гэсэн гээд маргалдсан байсан. Тэнд зогсож байхад хоёулаа бие биерүүгээ дайрах гээд орилоод байсан. Бие биенээ нэг удаа нүүрэн тус газарт нь цохьсон харагдсан. Тэгээд би дахин салгаад Гарьдааг баарны хөгжим рүү явуулсан. Баткаг пабын тек рүү явуулсан. Тэр үед Самдан пабын үүдэнд байсан. Тухайн үед засварын ажилтай байсан болохоор ажиллахгүй байсан. Учир нь баарны текээ өөр газарт байрлуулаад камераа бас шилжүүлж байсан юм. Гарьд урьд өдөр нь уусан байсан сайн гараагүй байх шиг байсан. Энэ өдөр уусан эсэх талаар нь мэдэхгүй байна. Батка нь бол архи уугаагүй эрүүл байсан. Намайг баарлуу орох үед үүдний хэсэг рүү Гарьд Батка нар бие биенээ заамдаад гарч ирж байхаар нь би дундуур нь орж салгасан. Дараа нь бие биерүүгээ дайраад орилж байхдаа хэн хэнийгээ нэг удаа толгой нүүр лүү нь цохих шиг болсон. Өөр ямар нэгэн зодоон болоогүй. Гарьдаагийн зүүн хөмсөгний дээд талаас цус гараад байсан, Баткагийн уруул нь жаахан хавдсан байсан . Дуучин ирэхээр нь би Баткад гар утсаараа бичлэг хийгээд баарны пэйж хуудсан дээр тавьчих гэж явуулсан. Дижи Гарьдтай бичлэг хийхээс болоод маргалдсан байсан. Өөр маргалдах зүйлгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 хуудас/

 

Гэрч Э.Самданжамцын “Энэ өдөр ажил дээрээ байсан паб дотор унтаж байхад орой 23 цагийн орчим хүмүүс орилох чимээ гарахаар нь босоод гартал коридорт дижи Гарьд, бармен Батзориг мөн менежер Золоо нар байсан. Намайг харахад Золоо голд нь зогсоод ар талд нь Гарьд, Батка нар зогсож байхаар нь боль гээд Гарьдааг үүд рүү гаргасан. Эргэж пабад ороод гутлаа өмсөж байхад Гарьд орж ирээд Батзориг руу одоо үзье гээд чанга дуугараад байсан. Тэгээд би очоод дундуур нь ороод Гарьдыг тэвэрч салгаад үүд рүү явсан. Гарьд нь би маргааш ирж түйвээнээ тэнэг бацаан гээд хашгираад байсан. Дараа нь Гарьд пабын үүдний ширээн дээр байсан тортой хувцас аваад Батка руу шидээд байсан. Тэгээд дахин маргаан зодоон болоогүй. Намайг сэрээд харахад Золоо голд нь 2 талд Гарьд, Батка нар зогсчихсон маргалдаад байсан. Зууралдаад салгах явцдаа хоёулаа хоёр тийшээ салаад газар унасан. Яг хэн хэнийгээ цохиж байхыг нь бол би хараагүй. Гарьд хэлэхдээ маргааш ирээд түйвээнээ тэнэг бацаан Батка чи чадах уу амжих уу гээд л маргалдаад байсан. Өмнө нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Гарьд хоол пицца авч идсэн мөнгө 60.000 төгрөг болоод зээл бичүүлсэн байсан, тухайн маргаан гардаг өдөр 3 шил пиво бичүүлсэн байсан. Түүнээс өөр зээл байхгүй. Хоорондоо ямар харьцаатай байсныг сайн мэдэхгүй байна нэг удаа хоолныхоо мөнгийг нэхэхэд нь Гарьд маргааш цалин бууна өгнө гэж байсан миний хажууд тооцооноос болж маргалдаж байсан зүйл байхгүй. Тухайн өдөр намайг бааранд явсан хойно дижи Гарьд пабад 3 пиво уугаад тусгаарласан өрөөнд өчигдөр уучихсан гээд жаахан унтсан байсан. 2016 оны 06 дугаар сарын 01-ээс эхлээд түрээслэж байгаа бармен Батзориг энэ өдрөөс эхлэн ажиллаж байгаас дижи Гарьд өмнө нь бааранд ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/

Т.Гарьдмагнайгийн сэжигтнээр өгсөн “2016 оны 06 дугаар сарын 22-ны орой 22 цаг 30 минутын орчим манай баарны захирал Золбаяр хоёр дуучин авчираад баарандаа дуулуулсан. Би хөгжим текникээ хариуцаад ажиллаж байсан. Тэр үед Батзориг гар утсаараа бичлэг хийж байгаа юм шиг утас бариад зогсож байсан. Тэр үед Батзориг наад дуугаа дахиад дуулчихаач гэхээр нь энд ажил явагдаж байна гэж хэлсэн чинь юу гэнээ гээд байгаа юм гээд чанга хэлэхээр нь би дижиний тайзнаас буугаад ирсэн. Заамдаад миний нүүрлүү цохисон. Би баарнаас гарах гээд цамцнаас нь татаж байхад дахин миний нүүрлүү цохисон. Би цохисон. Би баарнаас гараад пабруу орсон чинь газар унагаах гээд түлхсэн. Би унаагүй босч ирсэн чинь эзэн Самдан Золбоо нар 2 талаас салгасан. Юу болоод юу байна гээд байж байхад Батзориг дахин ирээд миний зүүн шанааруу гараараа нэг удаа цохьсон. Миний хөмсөгнөөс цус гараад  байсан би 00-ын өрөө рүү орж цусаа угаагаад ажилдаа гарсан. ...Зүүн нүд дээд талдаа хөхөрсөн, хөмсөг доод талдаа сэтэрсэн, зүүн шанаа хөндвөртэй байна. ...Өдөр ажил дээрээ ирээд Батзоригийн пабад орж 3 шил пиво уугаад унтсан. Өмнөх өдөр нь хүний төрсөн өдөр болоод уусан байсан. ...Дуучин дуулж байхаар нь би зогсоогоод хөгжмийг тааруулж байхад Батзориг наад дуугаа дахиад дуулчих гэхээр нь энд ажил явагдаж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. / хэргийн 44 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний хэлтсийн шинжээч Н.Туяагийн 2016 оны 06 сарын 24-ны өдөр гаргасан 8886 дугаартай дүгнэлтэнд

“1. Батзоригийн биед уруулд шарх, хүзүүнд цус хуралт, бүсэлхийд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

            4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

  

Шүүгдэгч Т.Гарьдмагнай нь хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Батзоригтой маргалдаж улмаар харилцан зодолдож түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99  дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Батзоригоос ирүүлсэн хүсэлтэндээ “Батзориг миний бие Гарьдтай маргалдан харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан цаашид гомдол, санал байхгүй тул сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /хэргийн 56 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч Т.Гарьдмагнайг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

             Шүүгдэгч Т.Гарьдмагнайгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 22 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1197 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 11 сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 сар 2 хоногийн өмнө суллагдсан байжээ.

            Шүүгдэгч Т.Гарьмагнайгийн ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс буюу 2015 оны 11  дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ялгүйд тооцох хугацаа тоологдох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дах хэсэгт заасан хугацаа дуусаагүй байхад ялтайд тооцогдох үндэслэлтэй юм. 

 

            Шүүгдэгч Т.Гарьдмагнай нь гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад төлөх төлбөргүй байна байдлыг харгалзан түүнд ял оногдуулахдаа нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бөртэ овогт Туулайхүүгийн Гарьдмагнайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гарьдмагнайг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт зааснаар Т.Гарьдмагнай нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.2.2 дах хэсэгт зааснаар Т.Гарьдмагнай нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Гарьдмагнайд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ