Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2021/0246

 

 

 

 

 

 

 

 2021 оны 03 сарын 31 өдөр           Дугаар    128/ШШ2021/0246          Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

       Гомдол гаргагч: “МВК ББСБ” ХХК

       Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эр, Т.Эд

       Гомдлын шаардлага: Баянгол  дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297424 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн  зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г, хариуцагч Т.Эд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э  нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 54.480.000 төгрөг нь хувьцаа хэлбэрээр олгосон ногдол ашиг бөгөөд үүнийг зөрчил гэж үзэж байгаа. Хувьцаагаар олгосон ногдол ашиг, хөрөнгөөр олгох ногдол ашиг гэдэг нь хоёр тусдаа ойлголт байдаг. Хувьцаагаар олгож байгаа ногдол ашгийг татвар ногдох орлогод хамаарах эсэх нь чухал ач холбогдолтой. Тухайлбал 2008 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд “Татвар ногдох зүйл”, 6.1-д “Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна” гэж заасан. Тэгэхээр хариуцагч нь хувьцаагаар олгож байгаа ногдол ашиг нь татвар ногдох ашиг мөн үү, биш үү гэдэгт анхаарал хандуулах ёстой байсан. Хөрөнгөөр олгож байгаа ногдол ашигт татвар ногдох нь зайлшгүй асуудал, харин хуримтлагдсан ашиг гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд гарч ирсэн үр дүн байдаг. Энэ нь ямар нэгэн хөрөнгийг илэрхийлдэг зүйл биш юм. Хувь нийлүүлсэн хөрөнгө гэдэг нь тухайн компанийн хувьд хөрөнгө оруулсныг илтгэх зүйл байдаг. Хөрөнгө оруулагчаас тухайн компанид ийм хэмжээний хөрөнгө оруулсныг илэрхийлэх бөгөөд үүнийг хувьцаа гэдэг. Хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд орж санал өгөх эрхтэй, ногдол ашиг авах, компанийг татан буугдах үед үлдсэн хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх эрхтэй байдаг. Хуримтлагдсан ашгийг хувь нийлүүлсэн хөрөнгөд бичиж байгаа бичилт нь нэг эх үүсвэрээс нөгөө эх үүсвэрт шилжүүлсэн зүйл юм. Энэ нь ямар нэгэн байдлаар хөрөнгө шилжүүлсэн зүйл байхгүй.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.6-д “бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх” гэсэн татвар төлөгчийг үүргийг зааж өгсөн. Шилжүүлсэн орлого гэдгийг Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “шилжүүлсэн орлого” гэж гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд бэлэн бусаар шилжүүлснийг” ойлгохоор хуульчилсан. Мөн шилжүүлсэн орлогыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2002 оны тайлбар байдаг. Суутгал гэдэг нь хэн нэгэнд ямар нэгэн байдлаар хөрөнгө, мөнгө шилжүүлж байгаа үед дундаас нь суутгал хийх асуудал юм. Гэтэл хувьцаагаар олгож байгаа ногдол ашгийн хувьд ямар нэгэн хөрөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Компанийн хөрөнгө нь компанийн хөрөнгө хэвээр үлдэж байгаа. Ямар нэгэн өөрчлөлт байхгүй, эзний өмчид өөрчлөлт байхгүй, өр төлбөр дээр өөрчлөлт байхгүй. Өөрчлөлт гараагүй, хувьцаа эзэмшигч орлого олж байгаа бол хэн нэгнээс хөрөнгө гарч байх ёстой. Ямар ч хөрөнгө байхгүйгээр орлого олдоггүй. Компаниас зүгээр өгсөн ямар ч хөрөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Иймд хувьцаагаар олгосон ногдол ашигт ногдуулсан зөрчлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хууль зүйн үндэслэл нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6, 4.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар суутгагч гэдэг нь албан татвар төлөгчийн орлогод хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгахыг хэлэх бөгөөд ямар нэгэн байдлаар олгосон байхыг шаардаж байгаа” гэв.

Хоёр. хариуцагч Т.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуримтлагдсан ашиг гэдэг нь тухайн байгууллагад хуримтлагдаж байгаад хэзээ нэгэнт цагт ногдол ашиг болгон өгч болдог байх ёстой. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нэмэгдүүлэх зорилгоор тогтоол гарч, өмнөх жилүүдэд төлсөн татварын хуримтлагдсан ашгаас ямар нэгэн байдлаар буцаан ногдол ашиг олгож байгаа нөхцөлд улсад татвар суутган төлөгчийн үүрэг гүйцэтгэж байх ёстой. Гомдол гаргагч компанийн хөрөнгөд өөрчлөлт ороогүй биш орсон. Жишээгээр авч үзвэл хувьцаа эзэмшигч 1 сая төгрөгийн хувьцаатай байсан бол 3 сая төгрөгийн хувьцаатай болж өсч байгаа. Ногдол ашгийг биетээр өгөөгүй гэж байна. Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартаар ногдол ашгийг заавал биетээр өгдөггүй мөнгөн хэлбэрээр өгч болно. Хөрөнгөөр олгох гэдэг нь бараа материал, үндсэн хөрөнгөөс хуваарилаад өгч болдог. Мөн өр, төлбөр болон ногдол ашиг өгч болно. Энэ нь ногдол ашгаа хуваарилаад мөнгөтэй болсон үедээ өгөхөөр өрөнд шилжүүлээд бичиж болно. Үүнээс гадна хувьцаагаар ногдол ашгийг олгож болдог.  Нэхэмжлэгч компанийн хувьцаагаар олгосон ногдол ашиг нь өсөөд явсан. Энэ нь биет хэлбэрээр олгогдсон гэж үзнэ. Үүнийг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, татварын хуульд ч заасан байдаг. Хувьцаа өсч байна гэдэг нь тухайн компанийн хөрөнгө өсөж байгаа юм. Түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдэд хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буугдсаны дараа хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос хувь хүртэхэд илүү хэмжээтэй хувь хүртэх боломжтой болж байгаа. Иймд ногдол ашиг олгосон гэж үзнэ. Энэ үндэслэлээр акт тавьсан.” гэв.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:  

Гомдол гаргагч гомдлын шаардлагаа Баянгол  дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297424 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.

   Баянгол дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Э, Т.Эр нар Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тасгийн даргын олгосон 26180400291 дугаартай томилолтын дагуу “МВК ББСБ” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар нийт 414,948,873.30 төгрөгийн зөрчил илэрч, 0297424 дугаартай шийтгэлийн хуудсаар 59,631,212.70 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Гомдол гаргагч талаас дээрх шийтгэлийн хуудсаар 2017 онд хувьцаа эзэмшигчидэд хувьцаа хэлбэрээр олгосон хувьцааны ногдол ашгийн 400,000,000.00 төгрөгийн орлогоос хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангаар тайлагнаагүй, татварыг суутган авч төсөвт шилжүүлээгүй зөрчилд 40,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 12,000,000.00 төгрөгийн торгууль, 6,480,000.00 төгрөгийн алданги нийт 58,480,000.00 төгрөгийн төлбөр ногдуулсантай маргаж байгаа бөгөөд үлдэгдэл төлбөр болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай маргадаггүй.

“МВК ББСБ” ХХК нь  Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 104 дүгээр тушаалаар 10,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 40000 ширхэг хувьцаагаар дүрмийн сандаа өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийгээ хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн хувьцааны тоо хэмжээ нэмэгдсэн болохоос хувьцаа эзэмшигчийг ногдол ашгийн орлого олсон гэж үзэхгүй гэж, харин татварын улсын байцаагч нар тус компани хувьцаагаар олгох ногдол ашиг хэрэгжсэн гэж үзжээ.

Тус компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн “…компанийн дүрмийн 5.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж,  хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 800,000,000.00 төгрөг болсныг үндэслэн дүрмийн санг нэмэгдүүлсэн өөрчлөлт оруулан, дүрмийг шинэчилсүгэй” гэсэн 08/16 тоот шийдвэрээс үзвэл “МВК ББСБ” ХХК-ийн хувьцааг дангаараа 100 хувь эзэмшдэг М.У нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “…ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжээс ашиг хуваах, хувь хүртэх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “...энэ хуулийн  17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж зааснаар ногдол ашгийн орлого олсон  болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл компани хувь нийлүүлэгчдээ ногдол ашгийг мөнгөн бус хэлбэрээр олгохдоо суутгагчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэж 40,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 12,000,000.00 төгрөгийн торгууль, 6.480,000.00 төгрөгийн алданги, нийт 58,480,000.00 төгрөгийн төлбөр ногдуулсан татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагчид “МВК ББСБ” ХХК-ийн 2017 онд суутгагчийн үүргээ биелүүлээгүй зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэлд, тайлан тэнцэл татварын тайланд тусгахгүй орхигдуулсан бол татварыг нөхөн төлүүлж хүн, этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн Татварын ерөнхий хуулийн 2017 оны 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд алдангийн хэмжээ нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй  байна” гэж заасныг үндэслэн хариуцлага ногдуулсан нь гомдол гаргагч компаний эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “МВК ББСБ” ХХК-ийн гомдлоор Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч Т.Э, Т.Эр нарын  0297424 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс 58,480,000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ