Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0861/Э |
Дугаар | 2022/ШЦТ/905 |
Огноо | 2022-07-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/905
2022 7 08 2022/ШЦТ/905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч С.Энхням /томилолтоор/,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1113 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын механик мэргэжилтэй, “Мянган бээрийн цацраг” ХХК-д автын механикч ажилтайг, ам бүл 2, охины
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12а байрны 54 тоотод “хүүхдийн мөнгө авмаар байна. Хүүхдийн нэрийг миний нэр дээр шилжүүл” гэх шалтгаанаар Н.Уатай маргалдан улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 795 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Т.А.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.
2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.А нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12а байрны 54 тоотод “хүүхдийн мөнгө авмаар байна. Хүүхдийн нэрийг миний нэр дээр шилжүүл” гэх шалтгаанаар Н.Уатай маргалдан улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.Уын “...Би Төгсбаярын А гэдэг хүнтэй 2016 онд танилцаж байсан ба бид хоёр үерхээд 4 жил хамт амьдарч энэ хугацаанд дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. 2022 оны 5 дугаар сарын 19-ний орой 22 цаг өнгөрч байх үед би ажил дээрээ байж байхад салсан нөхөр А над руу залгаад “чамтай уулзаж ярих зүйл байна, гэрт хүрээд ирээч” гэхээр нь би хариуд нь “би ажлаа амжуулчхаад тараад яваад очъё” гэж хэлсэн. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед би салсан нөхөр Атай уулзахаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12а байрны 54 тоот гэрт нь ирэхэд А хамаатны ах Ханбилэг, найз эмэгтэй Саранчимэг нарын хамт уусан байдалтай Ханбилэг нь тасраад унтчихсан байсан. Тэгээд С надад ундаа хийж өгөхөөр нь уучхаад тагтан дээр гараад тамхи татаж байх үед хойноос А тагтан дээр гарч ирээд “би чамаас хүүхдийн мөнгөө авмаар байна” гэхээр нь би хариуд нь “чи хүүхдийн мөнгө авч яах гэж байгаа юм” гэж асуухад А “би хүүхдийн мөнгөө авмаар байна, эсхүл хүүхдийн нэрийг миний нэр дээр шилжүүлж өг” гэхээр нь би хариуд нь “үгүй, би хүүхдийн мөнгө өгч чадахгүй, нэрийг нь шилжүүлж өгч чадахгүй” гэж хэлэхэд А шууд миний нүүр рүү гараараа хоёр удаа алгадаад, миний толгойны үснээс гараараа үсдэж бариад тагтны цонхны хаалга руу духны хэсгээр мөргүүлсэн. Тэгээд би шууд Агийн гэрээс гараад Гэмтлийн эмнэлэг орчхоод гэртээ очиж амраад 2022 оны 5 дугаар сарын 20-ны өглөө цагдаагийн байгууллага дээр ирж өргөдөл гаргаж өгсөн. Надад гарсан эмчилгээний зардал байхгүй. Гэмтлийн эмнэлэгт үнэгүй үзүүлсэн. А надаас уучлалт гуйсан. Гомдол саналгүй гэсэн мэдүүлэг” /хх23-24/,
- гэрч Ө.Сгийн “...Тэгтэл 00 цаг өнгөрч байх үед гаднаас Агийн салсан эхнэр Уа орж ирсэн. Ингээд би Уад ундаа хийж өгөхөд Уа “энэ хүүхэн чинь юу юм, чи юу юм янхан минь, чамд олигтойхон юм олдсонгүй юу” гэж хэлээд А бид хоёр руу дайраад байхаар нь би Уад “чи мөрөөрөө байгаа хүнийг юу гээд байгаа юм, та хоёрын асуудал надад хамаагүй” гэж хэлээд жижиг өрөө рүү явж орсон. Тэгтэл Уа, А 2 маргалдаад хоорондоо хэрэлдээд байсан. Удалгүй Уа гэх эмэгтэй туслаарай, энийгээ аваач ээ гэж орилохоор нь би жижиг өрөөнөөс гараад очиход Уаа тагтан дээр хөлөө жийгээд суучихсан байж байснаа босож ирээд за за би явлаа гэж хэлээд гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх32/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7540 дугаар шинжилгээг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хийсэн байх ба дүгнэлт хэсэгт “Н.Уын биед баруун зовхи, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдАд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх35/, Дүгнэлттэй холбоотой шинжээч О.Болороогийн “баруун зовхинд цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг гаргажээ. /хх39/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчтой маргалдан түүний толгой руу нь цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Хохирогч Н.Уа нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт хэрэгт хавсаргуулаагүй, мөн хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.Аг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.
8. Шүүгдэгч Т.А нь хүүхдийн асуудлаас болж хоорондоо маргалдан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын харилцаатай холбоотой маргалдаж хүний биед халдсан, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
10. Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР