Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/944

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         07          20                                 2022/ШЦТ/944

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Б.Ш /томилолтоор/,      

Иргэдийн төлөөлөгч Б.Б,

Хохирогч Ч.Ш, түүний өмгөөлөгч Б.Д,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, оны ** дугаар сарын **-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл * эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Мандал Овоогийн * дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлийн хувьд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэн, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгж буюу 470.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 683 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 917 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сар 45 хоногийн цагаар хорих ял шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.13-ны өдрийн 2022/ШЦТ/756 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, Хорго овогт Энхбаатарын Буянбат /регистрийн дугаар: НФ *****/.

Холбогдсон хэргийн талаар : 

Шүүгдэгч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ***** дугаар гудамжны ** тоотод оршин суух иргэн Ч.Ш гэрийн гадна 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ч.Шинэбаяртай маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.  

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Шүүгдэгч Э.Бнь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамжны 45 тоотод оршин суух иргэн Ч.Шинэбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай... Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоо 35-45 тоотод оршин суух Ч.Шинэбаярыг хүмүүс зодсон тухай...тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

- осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, яаралтай мэс засалд орох тухай баримт /хх-10-11/,

            - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-12 дахь тал/,

            - хохирогч Ч.Ш...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 45-35 тоотод байх гэртээ найз Энх-Амгалан, танил Алтай, зүс таних Оконо, танил дүү Жоо нарын хамт архи уугаад сууж байхад хажуу айлын Батдорж орж ирээд бид юм ярьж байсан. Оконо 1 шил архи 1 сав ундаа авахаар болж Жоо дэлгүүр явахаар болсон. Жоо буцаж орж ирээд Шинээ ахаа таныг гадаа машинтай хүүхэн дуудаад байна гэж хэлсэн...Гараад харахад надад хашаа худалдсан Хатантуул гэх хүүхэнтэй байсан ба танайх 7 хоногийн дотор нүү гэж хэлсэн, миний өгсөн мөнгийг яах юм гэтэл чамд 2 сая төгрөг өгнө гээд бид 2 маргалдсан, зайл чамтай ярих юм байхгүй гээд гэртээ орсон. Тэр үед Хатантуул гар утсаараа яриад байсан, тэгж байгаад зайлаач, нүүгээрэй гээд орилоод байхаар нь би дахин гарч Хатантуултай маргалдаж байтал машин ирж зогсоод 3 залуу бууж ирсэн...Чамайг ална гэж хэлээд зүүн нүд рүү цохихоор нь би бариад автал миний хойноос хажуугаас цохиод газар унагаж байгаад дээрээс өшиглөж эхэлсэн.../хавтаст хэргийн 19-20 дахь тал/...Би хэрэг гарахаас өмнө Э.Б, Э.Буянбаатар нарыг харж байгаагүй. Хэрэг гардаг өдөр тэр хоёр над дээр ирсэн. Би анхны хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ намайг зодсон хүний нэрийг мэдэхгүй байсан болохоор яг хэн нь цохисон гэдгийг хэлж чадаагүй. Харин сүүлд таньж олуулах ажиллагааны явцад надад харуулсан зургийг харахад эхлээд Буянбат гэх залуу үгийн зөрүүгүй машинаас бууж ирээд миний зүүн нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би Буянбаттай чи яаж байгаа юм бэ гээд барьцалдаж авах үед Буянбат намайг алнаа гээд тугтарч унагаасан, би баруун хэсгээрээ газарт уначихсан. Тэгсэн миний гэдэс, хэвлий, нуруу, хүзүү хэсэг рүү алнаа чамайг гээд хөлөөрөө өшиглөж байгаад, гэрт байгаа “п...”  нарыг ална гэж орилоод нэг нь гэрт орох шиг болсон...тэр үед Алтай, Энх-Амгалан нар архиндаа тасраад унтчихсан байсан, харин Батдорж гэрт эрүүл сууж байсан...Миний биед учирсан гэмтлийг Энхбаатарын Буянбат учруулсан...Эмнэлгээс гарахад картад бичигдсэн цаашид хийх эмчилгээг хийлгэх гэтэл мөнгөгүйн улмаас хийгдээгүй. Би одоогоор хүнд юм өргөхөөс гэдэс таталтаад зовуурь шаналгаа ихтэй байна. Хэрэв эмчилгээний зардлаа авчих юм бол тухайн заасан эмчилгээг үргэлжлүүлж хийлгэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл :...Танигч 2 дугаар дээр байсан зургийг зааж энэ хүн мөн байна гэж хэлсэн. Энэ хүний нүүрний ерөнхий хэлбэр, хамрын хэлбэр зэргээр нь таньж байна гэж хэлсэн...Зурган дээрх хүмүүсийн байрлалыг өөрчилж ахин таньж олуулах ажиллагаа явуулахад 1 дугаартай зургийг зааж байсан.../хавтаст хэргийн 61-68 дахь тал/,

- Ч.Шинэбаярын өвчний түүх /хавтаст хэргийн 78-89 дэх тал/,

            - шинжээчийн дүгнэлт : Ч.Шинэбаярын биед нарийн гэдэсний чацархайн задрал, хэвлийн хөндийн цус алдалт, баруун тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хавтаст хэргийн 94-96 дахь тал/,

            - гэрч Н.Хатантуулын...Тухайн өдөр би Шинэбаяртай уулзахаас өмнө аавынхаа гэрт очиж Буянбаатар, Буянбат нартай уулзаж хүн хашаа авъя гэж байна, үзүүлье, хамт явъя гэж хэлтэл урдаас наад хүнээ дагуулаад хашаа руу өгсөж бай бид хоёр ардаас чинь яваад очъё гэж хэлсэн. Би машинаас буугаад Шинэбаяртай маргалдаж байх үед Шинэбаяр миний хөл рүү өшиглөхөөр нь би айгаад машин дотроо суугаад цагдаа дуудаад утсаа салгатал манай төрсөн дүү Буянбат, Буянбаатар нь над дээр ирэхээр нь машины цонхоо онгойлгоод наад хүн чинь намайг хэл амаар доромжлоод, хөл рүү өшиглөчихлөө гэж хэлтэл Буянбат намайг явж үзүүл гэхээр нь би машинаа асаагаад хөдөлсөн. Урьд нь би Шинэбаяртай хашааны гадаа Шинэбаяртай уулзахдаа хашаагаа өөр хүнд зарах зар тавилаа, 7 хоногийн дотор хашаанаас нүүгээрэй гэж хэлтэл намайг хэл амаар доромжлоод байхаар нь би айгаад хашаагаа зарсан хүний гэрт очихдоо дүү нартаа хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35, 37 дахь тал/,

            - гэрч Ж.Батдоржийн...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед би хөрш айлын Шинэбаярын гэрт ороход зүс таних Амгаа найз хүүхэнтэйгээ болон Шинээгийн 2 хуурай дүүгийн хамт архи уугаад дуусчихсан байдалтай байсан. Шинээгийн хуурай дүү нь гэрээс гараад буцаж орж ирэхдээ Шинээд хандаж машинтай хүн тантай уулзъя гэж байна гэж хэлтэл Шинэбаяр ганцаараа гэрээс гарсан, удалгүй орж ирсэн ба Хатантуул ирсэн байна гэж надад хэлсэн, би гэрээс гараагүй. Шинэбаяр буцаж ганцаараа гарсан ба...Хэсэг

манай төрсөн дүү Батжаргалын хүү Буянбат /ховко/ нь Шинэбаярын гэрт орж ирээд намайг харихгүй юу хийж байгаа юм бэ гэж хэлсэн...Буянбатыг Шинэбаярын гэрээс гараад явсны дараа би ардаас нь харих гээд гартал Шинэбаяр өөрийнхөө хашаанаас баруун тийш газарт хэвтэж байсан...Буянбат гадаа байгаагүй явчихсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 43 дахь тал/,  

            - гэрч Н.Ганхүлэгийн...2021 оны 11 сарын 05-ны өдөр 18 цагийн үед гэртээ байж байхад манай ах Шинэбаяр дотор их хэмжээний цус алдсан байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна ирнэ үү гэж дуудсан...Пажеро маркийн машинтай 3 залуу бууж ирээд, үгийн зөрүүгүй цохиж унагаад дээрээс хөлөөрөө дэвсэж өшиглөж зодсон талаар хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- шүүгдэгч Э.Бын...Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар Алтан-Овоо 45-35 тоотод байрлах хашаа нь миний дүү Буянбаатарын нэр байдаг юм. Одоогоос миний санаж байгаагаар хоёр жилийн өмнө эгч Хатантуул зар тавьж байгаад хашаа байшинг 5,000,000 төгрөгөөр зарсан. Харин 2,500,000 төгрөгийг нь цувуулж өгөөд үлдэгдэл 2,500,000 төгрөгийг өгдөггүй байсан ба эгч Хатантуул гэр оронд нь 2-3 удаа очиж үлдэгдэл 2,500,000 төгрөгөө авах гэтэл хашаа худалдаж авсан Шинэбаяр гэх хүн манай эгчийг байнга хэл амаар доромжлоод эсхүл би хулгай хийгээд мөнгийг нь чинь өгчихье, чи надаас мөнгө авах гэж дарамталсан гээд хоёулаа шоронд орно гэж хэлдэг байсан гэсэн...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр намайг гэртээ байж байхад эгч Хатантуул гэрт орж ирээд “Хашаагаа өөр хүнд зарна, үзүүлмээр байна, авах хүнд нь өгөөд Шинэбаярыг хашаанаасаа нүү гэж хэлье гэж хэлэхээр нь би хашаа худалдаж авах хүнээ дагуулаад очиж бай, Буянбаатар бид хоёр араас нь машинтай яваад очъё гэж хэлтэл эгч Хатантуул өөрийн цагаан цэнхэр өнгийн 54-34 УБД-улсын дугаартай машинтай хөдөлсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа дүү Буянбаатар бид хоёр цэнхэр өнгийн 21-33 БУА-улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Шинэбаяр гэх хүний хашааныхан үүдэн дээр очтол эгч Хатантуул хашаа худалдаж авах хүмүүст хашаагаа үзүүлээд тэр хүмүүс машинтайгаа буцаад хөдөлж байсан ба эгчийн машины хаалган дээр Шинэбаяр эгчтэй хэрэлдээд зогсож байхаар нь би та хашааны үлдэгдэл мөнгө төгрөгөө өгөхгүй байж яагаад эгчийг доромжлоод байгаа юм бэ гэж хэлтэл Шинэбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай миний урдаас намайг харааж доромжилсон. Тэгэхээр нь уур хүрээд нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод мөрний дээд хэсэг цамцнаас нь өөр лүүгээ татах үед Шинэбаяр доошоо хараад уначихаар нь би баруун хөлөөрөө гэдэс хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн.  Тэр үед дүү Буянбаатар намайг ахаа та боль гэж хэлээд намайг салгасан...Машиндаа суух үел манай ээжийн ах Батдорж Шинэбаярын хашаанаас гараад ирэх шиг болсон тэгэхээр нь би Батдорж ахад хандаж “юу хийж яваан гэр лүүгээ орооч” гэж хэлчихээд машиндаа суугаад явчихсан...би эгчийгээ өмөөрөөд зодож цохих болсон. Би тухайн гэмтлийг хэвлий гэдэс хэсэг рүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж учруулсан. Харин баруун тохой, баруун өвдөгт цус хуралт гэмтэл намайг мөрнөөс нь барьж байгаад татах үед газарт унаж учирсан байж магадгүй. Би хохирогч Шинэбаярын биед учирсан хүнд гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Зодоон удаан үргэлжлээгүй намайг гэдэс хэвлийн хэсэг рүү цохисны дараа дүү Буянбаатар намайг боль гэж хэлээд аваад явчихсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 164-165 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :    

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.

            2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

Шүүгдэгч нь хохирогчийн эсрэг хүч хэрэглэн довтолж улмаар газарт унагааж, цээж хэвлий хэсэгт нь өшиглөж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд тийнхүү амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, тэр даруйд яаралтай мэс засалд орсон болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийг хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ, энэ талаар эргэлзээ, маргаантай байдал үүссээгүй болно.   

2.3. Хохирогч Ч.Шинэбаярын эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг шүүгдэгчээс  өөр бусад этгээд учруулсан эсхүл шүүгдэгч ба бусад этгээд бүлэглэн учруулсан гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.   

Хохирогч Ч.Шинэбаярын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн /хх-19-20, 24-25, шүүх хуралдааны тэмдэглэл/...анх зодсон хүний нэрийг мэдэхгүй байсан, харин дараа нь таньж олох ажиллааны явцад Буянбат гэх хүн зодсон болохыг заасан, унахдаа доош харчихсан байсан учраас хэн гэдгийг нь анх харах боломжгүй байсан тухай мэдүүлэг ба шүүгдэгчийн...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй, зөрчилтэй байдал үүсээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

2.4. Шүүгдэгч Э.Бын хувьд хохирогч Ч.Шинэбаярыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн сэдэлт, зорилго нь “өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилго”-той байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтын эх сурвалжаас /хх-19-20, 24-25, 34-35, 37, 164-165, шүүх хуралдааны тэмдэглэл/ үзэхэд шүүгдэгчийн эгч Хатантуул болон хохирогч Шинэбаярын нарын өмнө хийсэн газрын наймаа зохих маргаан дагуулж, тодорхой хугацаанд үргэлжилсэн буюу Шинэбаяр нь газар авсныхаа үлдэгдэл төлбөрөө өгөөгүйтэй холбоотойгоор тэдний хооронд тус төлбөр болон наймаа буцах эсэх хүрээнд харилцан маргаан үүссэн байсныг үгүйсгэх боломжгүй байх тул шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, зорилго нь “тухайн хувь хүмүүс хоорондын хувийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол” байсан гэж үзэх үндэслэлтэй.      

2.5. Харин шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй.        

2.6.  Дээр дурдсан нотлох баримт бүхий үндэслэлүүдийн хүрээнд :  

Тус шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай тухай иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт тус тус үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг :      

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 1.533.000 төгрөг нэхэмжилсэн, тус хохирлыг шүүгдэгч бүрэн төлсөн /хх-101-105, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.     

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн прокурор хэрэгт цугларсан баримтын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлын /хх-78/ талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул жич шийдвэрлүүлэхийг дурдав.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт  

 

Шүүгдэгч нь урьд 2010, 2017, 2018, 2019 онд эрүүгийн хариуцлага хүлээсэн байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-141-143, 170-188, 197-208/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний хөрөнгө, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт цугларсан /хх-130, 133, 135, 189-191, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

            Мөн шүүгдэгч Э.Б Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.13-ны өдрийн 756 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, биелэгдээгүй байгаа нь /шүүх хуралдааны тэмдэглэл/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон” үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Э.Б хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх тухай прокурор, өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах нь зөв гэж үзэв.    

 

2. Бусад асуудал    

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон:

 

 

ТОГТООХ нь :

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

2. Шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.6.13-ны өдрийн 756 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 90 хоног буюу 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Э.Бын биечлэн эдлэх 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.       

6. Шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Шинэбаяр өөрт учирсан бусад хохирлын талаарх, эрх бүхий этгээд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлэн  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.6.13-ны өдрийн 756 дугаартай шийтгэх тогтоолын “шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан”-аас бусад бүх заалт хүчин төгөлдөр биелэгдэх болохыг тус шүүгдэгч, холбогдох бусад оролцогч нарт тус тус сануулсугай.      

8. Шүүгдэгч Э.Быг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.07.20-ны өдрөөс эхлэн тоолсугай.      

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР

                                               

                                                 ШҮҮГЧ