Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/907

 

 

 

 

 

 

 

    2022            7              08                                        2022/ШЦТ/907

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул, 

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сд холбогдох эрүүгийн 2208 00000 1141 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 366 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаа 10 дугаар гудамжинд явж байх үедээ Ж.Бтой машины кроп угсрах асуудлын талаар маргалдсаны улмаас түүний толгойн тус газарт чулуугаар цохих, шидэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “...зулайн хуйх, духанд няцарсан шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 862 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Э.С.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.С 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаа 10 дугаар гудамжинд явж байх үедээ Ж.Бтой машины кроп угсрах асуудлын талаар маргалдсаны улмаас түүний толгойн тус газарт чулуугаар цохих, шидэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь хохирогч Ж.Бын “...2022 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн орчим С ах бид хоёр машины сэлбэгийн дэлгүүр лүү 10-н буудал руу яваад замдаа нэг шил архи хувааж уусан. Ингээд таньдаг ахын гэр лүү очихоор Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаа 10 дугаар гудамжинд явж байхдаа С ах бид машины кроп зөв буруу угсрах талаар маргалдсан. Тэгтэл С ах газраас жижиг чулуу гартаа атгаад над руу ирээд “цохичих уу” гэхээр нь би тоглож байна гэж бодоод “тэгээ ах” гэсэн чинь С ах нөгөө чулуугаараа миний духны баруун дээд хэсэгт нэг удаа цохиж цус гаргасан. Би цусаа дараад сууж байсан чинь С ах гартаа замын бордиурны хагарсан хэсгийг барьж ирээд над руу далайхаар нь би доошоо тонгойсон чинь миний толгойн орой хэсэг рүү нөгөө бордиурын хэсгийг шидчихсэн. Миний толгойн оройноос бас цус их гарсан... Тухайн үед 103 дуудаад эмчид нь үзүүлсэн чинь Гэмтлийн эмнэлэг рүү явна гэхээр нь би тэнд нь цагдаа байгаа байх гэж бодоод өөрөө яваагүй үлдсэн. Үүнээс хойш би гэрээрээ хэвтсэн. Над дээр хэд хоногийн дараа С ах бие нь яаж байна гэж ирж уулзаад надад эмийн сангаас маарал, тамедины уусмал, 0,75 литрийн Хараа архи авч өгөөд ах нь данс руу чинь мөнгө хийнэ дансаа өгчих гэхээр нь би өөрийн ах Ганзоригийн Хаан банкны дансыг өгсөн. С ах тэр данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн байсан. Миний бие одоо болтол толгой тархи өвдөөд шөнө унтаж чадахгүй байгаа учраас би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан..” гэсэн мэдүүлэг /хх27-28/,

- шүүгдэгч Э.Сын яллагдагчаар өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өглөө 09 цагийн үед хуурай дүү Бтой уулзаад бид хоёр Энхжин худалдааны төвийн тийшээ явж машины сэлбэг аваад хөдөө машинд тавьж явуулсан. Тэгсэн Б бид хоёр энэ тэрийг нь буруу авлаа, тэгж угсардаггүй юм гэж бид хоёр хоорондоо маргаж эхэлсэн. Бид хоёр Сонгинхохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Монлаагийн орчим ирж гудамжинд архи уусан. Бид хоёр архиныхаа халуунд нөгөө машины сэлбэгээс болж хэрүүл хийж маргалдан... би Бын толгой руу чулуугаар цохисон. Тэгээд би толгойноос нь цус гараад байхаар нь түргэн дуудаж үзүүлсэн чинь Б зүгээр, би эмнэлэг явахгүй гэхээр нь би дүүгээ дуудаж машинтай гэрт нь хүргэж өгсөн... Б намайг цохиогүй, би л ганцхан цохисон. Бт эмчилгээний зардал гэж 200.000 төгрөг өгсөн... Би өөрийн буруугаа ухамсарлаж байна...” гэсэн мэдүүлэг /хх75-76/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6987 дугаар шинжилгээний дүгнэлт хэсэгт “Ж.Бын биед зулайн хуйх, духанд няцарсан шарх, хоёр нүднйй дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 3улайн хуйх, духны шарх нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт нь хэрэг болсон гэх хугацаанаас хойш үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх14/, Дүгнэлттэй холбоотой шинжээч эмч Г.Галиндэв “...Дээрх гэмтлүүд бүгдээрээ тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шархнууд нь толгойн дух болон зулайн хуйхны ар хэсэгт буюу толгойн оройн ах хэсэгт байрлалтай байсан” гэж мэдүүлжээ. /хх19/

            4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг толгойг чулуугаар цохисон, толгой руу нь чулуу шидсэн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь 200.000 төгрөг хохиролд төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

9. Шүүгдэгч Э.С нь хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Э.С нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР