Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/956

 

 

 

 

 

 

 

 

 

       2022         07          21                                    2022/ШЦТ/956

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Т.Төмөртулга,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Г.Бт холбогдох *********дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул магт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн Хан гарьд сити 2-3 блок 6 тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 6 сарын хугацаагаар хорих ял мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Ж овгийн Г.Б/регистрийн дугаар регистрийн дугаар:ТА****/; 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Г.Б үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төв дотор “Dulgamsuren Ganbaatar” гэх фейсбүүк хаяг ашиглан хохирогч Б.Алтанцэцэгээс мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Хаан банкны 5019269863 дугаарын дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, мөн  

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон" төв дотор хохирогч З.Мянганбаярын эзэмшлийн “Самсунг галакси” эс-8 плас маркийн гар утас худалдаж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож авч 280.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

          

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Г.Б 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төв дотор “Dulgamsuren Ganbaatar” гэх фейсбүүк хаяг ашиглан хохирогч Б.Алтанцэцэгийг мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Хаан банкны 5019269863 дугаарын дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь :  

- гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 29-30 дэх тал/,  

            - хохирогч Б.А...2019 оны 06 дугаар сард Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас Улаанбаатар хотод орж ирсэн...Нарантуул зах руу таксигаар явж байх замд Dulаmsuren Ganbaatar гэх фэйсбүүк хаягаас чатаар 500.000 төгрөг зээлээч, утас авах гэсэн юм дутаад байна, маргааш мөнгөтэй болохоороо танд буцаагаад өгье гэсэн. Тухайн хүн нь манай суманд Хаан банкны зээлийн эдийн засагчаар ажилладаг. Тэгээд надаас юм гуйж байгаагүй болохоор би заза тэгье гэж хэлсэн. Тэгээд над руу 5019269863 гэсэн данс явуулахаар нь 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь дахиад мөнгө дутаад байна 200.000 төгрөг нэмээд зээлээч гэхээр нь би тухайн Dulаmsuren Ganbaatar хаягийн эзэн эмэгтэй рүү залгахад би фэйсбүүкээ хакердуулаад алдсан шүү гэж хэлсэн. Тэгээд би 500.000 төгрөгөө Сувд гэдэг хүний данс руу хийгээд залилуулснаа мэдсэн. Надад 500.000 төгрөгийн хохирол учирсан. Тэгээд тухайн үед Хаан банкнаас Сувд гэх хүний дансыг гэмт хэргийн замаар орсон мөнгө гээд 500.000 төгрөгийн орлогыг тухайн дансанд царцаасан, тэгээд үл таних эмэгтэй залгаад би Драгон төв дээр ажилладаг утсаа алдсан хүн байна гэсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48, 52 дахь тал/,

- З.М хохирогчоор өгсөн...Би 2019 оны 06 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон” төв дээр лангуу түрээслэн гар утас зарж байгаа юм. Тухайн хэрэг гарах өдөр би өөрөө хагалгаанд ороод дүү Халиуныг түр суулгасан байсан. Тэгсэн чинь манай дүү тухайн хэрэг гардаг өдөр буюу 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед залгаад нэг үл таних залуу орж ирээд “Самсунг Галакси эс-8 плас” маркийн гар утас аваад мөнгийг нь мобайлдъя гэхээр нь хамт сууж байсан найзынхаа ээжийн данс руу мөнгийг нь хийлгээд авах гэсэн чинь мөнгө нь гарахгүй байсан. Тэгээд ээж нь дансны хуулгаа хараад Хаан банк руу залгаад миний данс руу орсон мөнгө яагаад гарахгүй байгаа юм гэхэд залилангийн мөнгө байна дансыг нь барьсан гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байхад Алтанцэцэг гэх хүн залгаад та нар намайг залилчихлаа гээд загнаад байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

- насанд хүрээгүй гэрч О.Халиуны...Би өнөөдөр ажил дээрээ буюу Сонгино хайрхан дүүргийн 29 дүгээр Драгон төвд байрлах гар утас зардаг лангуун дээрээ байж байхад 11 цагийн үл таних 19-20 орчим насны эрэгтэй хүн орж ирээд лангуун дээр утас үзээд  Самсунг эс-8 плас гар утас сонирхоод байсан ба энэ гар утас чинь үнэ хэд үү,  доошоо ярих уу гэхэд нь 490-460-д өгнө гэж хэлсэн. Тэр үед үед гарч явснаа болиод буцаж ирээд энэ гар утсыг чинь авъя данс руу чинь 500.000 төгрөг хийе гэж хэлээд,  40.000 надаас буцааж авсан...Тэгээд би найзтайгаа Хаан банкны АТМ ороод 515.000 төгрөг авах гэж байсан чинь мөнгө авч болохгүй байсан...Найзынхаа ээжийг дуудаж ирээд Хаан банкны теллертэй уулзахад залилангийн мөнгө байна гээд дансыг хаасан байсан, цагдаад хандсан. Бор царайтай 168 см орчим өндөртэй туранхай бага үстэй онигор нүдтэй давхраагүй байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дахь тал/, 

- гэрч Э.Сувдын... Би 2019 оны 07 дугаар сард байх сайн санахгүй байна манай охин над руу залгаад таны дансанд мөнгө хийгээд АТМ-с авах гэсэн болохгүй байна,  та Драгон төв дээр ирээд банкнаас аваад өгөөч гэсэн...Охиноос асуухад : Манай найз Халиун утас зараад өөрийнх нь данс болохгүй болохоор таны карт надад явж байхаар нь таны данс руу хийлгэсэн гэсэн. Тэгээд би Драгон төв дотор байдаг Хаан банкин дээр очоод тухайн мөнгийг данснаасаа авах гэхэд банкны теллер танд дансанд барилт хийсэн байна. Энэ мөнгө гэмт хэргийн замаар орж ирсэн мөнгө байна, цагдаагийн байгууллагад ханд гэсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,   

            - шүүгдэгч Г.Б...2019 оны 07 дугаар сард миний бие фэйсбүүк-т утасны дугаар тааж ороход тухайн эмэгтэйн фэйсбүүк гарж ирсэн тэгээд пасспорт дээр мөн адил утасны дугаарыг хийгээд хаяг руу нь орсон, тухайн хүний найзуудаас 500.000 төгрөг зээлэх талаар бичиж эхлэсэн бөгөөд миний бие тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төв дээр явж байсан ба тухайн үед гар утас худалдаж авах гэж байсан тэгээд тухайн эмэгтэйн найзуудаас мөнгө асууж гар 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн 500.000 төгрөгөөр Самсунг эс-8 гар утас худалдаж авсан. Миний ашигласан фэйсбүүк хаяг Ganbaatar Dulamsure гэх хүний хаягийг ашиглаж Б.Алтанцэцэг гэх хүнээс 500.000 төгрөг авч гар утас авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Харин Г.Б нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон" төв дотор хохирогч З.Мянганбаярын эзэмшлийн “Самсунг галакси, эс-8 плас” маркийн гар утас худалдаж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож авч, 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, эсрэгээр хохирогч Б.Алтанцэцэг тус шүүгдэгчид залилуулснаа мэдсэн даруйд тухайн талуудын хоорондох гар утас худалдах, худалдан авах ажиллагаа таслан зогсоогдсон, мөн З.Мянганбаярыг залилсан гэх асуудлаар Г.Баас яллагдагчаар мэдүүлэг авагдаагүй байх тул тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үнэдслэлтэй гэж үзнэ.     

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгчид холбогдох тухайн эрүүгийн хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :     

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.       

2.2. Шүүгдэгч нь цахим хэрэгсэл ашиглаж, худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Алтанцэцэгийг залилсан гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон.

Шүүгдэгч тус залилах гэмт үйлдлээ гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт, зорилгоор хэрэгжүүлсэн, тус гэмт санаа, зорилго нь залилах гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон буюу тус хохирогчид эд хөрөнгийг буцаан өгөх, түүнд хохирол, төлбөр төлөх сэдэлт, зорилго огт байгаагүй болох нь тогтоогдсон.     

Шүүгдэгч мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд хохирогч Б.Алтанцэцэгийг залилсан өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-94, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.3. Шүүгдэгч нь хохирогч Б.Алтанцэцэгийг залилж олж авсан 500.000 төгрөгөөр гар утас худалдаж авах гэж байхдаа тийнхүү хохирогч Б.Алтанцэцэгийг залилсан гэмт үйлдэл нь илчлэгдэж, илэрсэн байх тул шүүгдэгчийг мөн З.Мянганбаярыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нотлох баримтгүй гэж үзнэ.

Тодруулбал,шүүгдэгч нь гар утас худалдаж авсаныхаа үнийг З.Мянганбаярын нарын хэлсэн хүний данс руу нь хийсэн байх боловч тус дансанд хийсэн мөнгө нь гэмт хэргийн эх сурвалжтай байсан байх тул З.Мянганбаярыг залилах гэмт хэргийн хохирогч гэж үзэх боломжгүй.   

Иймд шүүгдэгч Г.Быг хохирогч Б.Алтанцэцэгийг залилсан буюу залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

3. Хохирол, хор уршиг :        

Хохирогч Б.А гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо авсан /хх-47-48, 122/ байх тул шүүгдэгчийг тус хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин иргэний нэхэмжлэгч болох З.Мянганбаяр өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

Шүүгдэгч Г.Б нь урьд 2019, 2020 онд эрүүгийн хариуцлага хүлээсэн байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-95, 97, 104-121/ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хөрөнгө, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-93, 98-103, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Г.Бын 2019.07.01-ний өдөр үйлдсэн тус залилах гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулсан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хууль үйчлэх болох дурдах нь зүйтэй.  

 

2. Бусад асуудал    

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

                                                                        ТОГТООХ нь :        

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Бт холбогдох эрүүгийн хэргээс : “2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон" төв дотор хохирогч З.Мянганбаярын эзэмшлийн “Самсунг галакси” эс-8 плас маркийн гар утас худалдаж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож авч, 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Шүүгдэгч Г.Быг хохирогч Б.А-г залилсан буюу залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Г.Бт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР