| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0865/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/908 |
| Огноо | 2022-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/908
2022 7 08 2022/ШЦТ/908
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Ж.Сувданчимэг /томилолтоор/,
шүүгдэгч, хохирогч Х.П, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П, Батбярын Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0989 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Булган аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр болон 2 хүүхдийн хамт
- 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан, онос овгийн Хадбаатарын П /РД:ГВ84052318/,
2. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр туслах ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.П, Б.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” караокены гадна хоорондоо маргалдан харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 725 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Х.П, Б.Э.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Х.П, Б.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” караокены гадна хоорондоо маргалдан харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь Х.Пын хохирогчоор мэдүүлсэн “...Караокед байсан Э гэх залуу намайг мөрлөөд маргалдсан. Улмаар гадаа байж байхад тухайн залуу бид хоёр дахин маргалдсан. Тухайн залуу намайг эхэлж цохиод бид хоёр хоорондоо зодолдсон хамт байсан Бэ зодоонд оролцоогүй салгасан..” гэсэн мэдүүлэг /хх8/,
- Б.Эын хохирогчоор мэдүүлсэн “...тухайн үед танихгүй залуутай маргалдсан. Манай найз намайг салгаад холдуулсан ба түүний дараа гадаа нөгөө залуутай дахин маргалдаж хоорондоо зодолдсон. Бид хоёр газар унаад дээр доороо ороод нэг нэгнийгээ нэлээн олон удаа цохьсон. Хамт байсан найз М намайг салгаж авч явсан..” гэсэн мэдүүлэг /хх12/,
- гэрч Н.Мын ”... уг караокены гадна үл таних залуутай Б.Э маргалдаад дээр, доороо ороод газар унаад нэгнийгээ цохиод байсан ба би тэр хоёрыг салгаад Б.Эыг цагдаад дуудлага өгсөн. Б.Этай зодолдсон залуутай хамт явж байсан нэг залуу бас найзыгаа салгаад авч явсан. Өөр хүмүүсийн дунд маргаан зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх14/,
- гэрч Н.Бийн “..уг караокены гадна манай найз Х.П танихгүй залуутай маргалдаад хоорондоо юм ярьж байгаад юунаас болсныг мэдэхгүй гэнэт л хоорондоо зодолдоод унасан. Би анзаарч хараад тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх16/,
- 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр энгэрийн камераар бичлэг хийсэн тухай илтгэх хуудас /хх4/, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6370 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.Эын биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, нэг шүдний сулрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх19/,
Мөн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6352 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Х.П-н биед зүүн гарын 1 дүгээр хурууны хазагдсан шарх, зүүн шанаа, зүүн чих, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх24/,
4. Шүүгдэгч Х.П, Б.Э нарын биед учирсан дээрх хөнгөн хохирол нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хоорондоо харилцан зодолдсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.П, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Шүүгдэгч нар нь хэн хэнээсээ эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П, Б.Эт нарт тус тус 600 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Х.П, Б.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
10. Иймд шүүгдэгч Х.П, Б.Э нарын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П, Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П, Б.Э нарт тус тус 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР