Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/915

 

 

 

 

 

 

 

     2022           7           08                                           2022/ШЦТ/915

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч О.Эрхэмбаяр /томилолтоор/,

шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01246 1139 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ногоо тарьдаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт щ

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрнаас Д.Лын эзэмшлийн “Самсунг А-51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 819 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч А.Э:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.Э нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч Д.Лын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулан түүний эзэмшлийн “Самсунг А-51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Д.Лын “...11-ний өглөө 09 цагийн үед би хуурай дүү Энхбат руу залгаад ахдаа нэг уух юм аваад ирээч гэхэд төд удалгүй нэг үл таних хүүхэнтэй орж ирээд байж байтал Энхбат бид хоёр ярилцаж байгаад уухаар болж 0,5 граммын архи аваад ир гэж Энхбат болон тухайн үл таних хүүхэд хоёрыг явуулсан. Тэгэхдээ би өөрийн гар утасныхаа кодоо зааж өгсөн. Энхбат бид хоёр архиа хувааж ууж дуусгаад байж байтал Энхбат руу үл таних хүн утсаар холбогдож Энхбат шууд Төв аймгийн Жаргалант сум явахаар болж гадаа унаа ирээд Энхбат яваад өгсөн. Би тухайн үл таних эмэгтэйтэй үлдтэл тухайн эмэгтэй “ахаа би Төв аймгийн Угтаалцайдам явах гэтэл зардал байхгүй байна” гэхээр нь би хариуд нь “байж байгаад зардал олохоороо яваарай” гэж хэлсэн. Тэгтэл тухайн эмэгтэй миний гар утасны кодыг асууж зураг үзье гээд байхаар нь би гар утасныхаа зургийг үзүүлж байгаад утсаа буцааж аваад цэнэглэж үлдээгээд унтаад өгсөн. Тэгтэл сэрээд хартал миний гар утас байхгүй тухайн эмэгтэй явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх19/,

- иргэний нэхэмжлэгч Б.Энын “...үдээс хойш 2 эрэгтэй, эмэгтэй хүн орж ирээд гар утас тавих гэсэн юм гэж хэлээд А-51 маркийн гар утас гаргаж ирээд үзүүлсэн...би 230.000 төгрөгийн барьцаанд авсан. ..манайд 287.000 төгрөгийн хохирол учраад байна. ..нийт учирсан 287.000 төгрөгийн хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх29/, хохирогч Д.Лт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх12/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Мөн шүүгдэгч А.Э яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 08 цагийн үед Баянхошууны хуучин эцэс дээр явж байтал би зүс таньдаг Энхбаттай таараад Энхбат намайг манай нэг ах дээр очъё гээд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг нийтийн байранд /хаягийг нь мэдэхгүй/ Энхбат бид 2 хамт очсон. Тэгсэн чинь тэр нийтийн байранд Лхагваа гэх нэртэй ах байсан ба Лхагваа Энхбат хоёр 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй архи 2 шилийг хувааж уусан. Тэгтэл Энхбат явлаа гээд гараад яваад өгсөн ба Лхагваа ах бид 2 нийтийн байранд үлдээд байж байтал Лхагваа ах нэг Самсунг маркийн цэнхэр гар утастай байхаар нь би Лхагваа ахаас гар утасны чинь зургийг үзье гэж хэлж аваад Лхагваа ахад би гар утсыг нь буцаагаад өгсөн ба удалгүй Лхагваа ах унтаад өгөхөөр нь би Лхагваа ахын гар утсыг нь Лхагваа ахад хэлэхгүй авч яваад Гандангийн ойролцоо байдаг нэг ломбардад 200.000-300.000 төгрөгийн хооронд тавиад Төв аймгийн Угтаал цайдам сум руу гэр рүүгээ явсан. ...тэр үед надад мөнгө хэрэгтэй болоод байхаар нь би Лхагваа ахыг унтаж байхад нь нууцаар цэнхэр өнгийн Самсунг А-51 маркийн гар утсыг нь ломбардад тавьчихсан юм....” гэсэн /хх58/ мөн шүүх хуралдаанд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна гэсэн ба түүний мэдүүлэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд харилцан зөрүүгүй, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн гэж үзэхээр байна.

4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг зөвшөөрөлгүй авч, барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, мөнгө авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учирсан байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Хохирогч Д.Л нь хулгайд алдсан гар утсаа биет байдлаар хүлээн авсан, гомдол саналгүй гэсэн бол, иргэний нэхэмжлэгч Б.Эн нь 287.000 төгрөгийн хохирол нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан баримтаар иргэний нэхэмжлэгч нь 230.000 төгрөгөөр гар утсыг барьцаанд авсан /хх13/, 47.000 төгрөгийн хүү нэхэмжилсэн байна.

7. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 230.000 төгрөгийг шүүгдэгч А.Эаас гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Энт олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

9. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Улмаар шүүгдэгч А.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

12. Шүүгдэгч А.Э нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид эд зүйл буцаан олгогдсон, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.  

13. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Эд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

16. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

17. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эаас 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Энт  олгуулсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР