Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 123/2022/0065/З |
Дугаар | 221/МА2024/0173 |
Огноо | 2024-03-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0173
С.Шын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С
Нэхэмжлэгч: С.Ш
Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга
Хариуцагч Баянчандмань сумын газрын даамал
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.С, хариуцагч М.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 123/2022/0065/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч С.Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Ж.Т******* нараас, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Баянчандмань сумын газрын даамал нарт тус тус холбогдуулан "Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, нэгж талбарын 4116036295, 4116036294 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг А/105 дугаар захирамж, нэгж талбарын 4116036250, 4116036249 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, С.Шын өмчлөлийн газруудын бүртгэлийг сэргээн газрын кадастрын нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах”-аар маргажээ
Хоёр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.1.4, Газрын тухай хуулийн 23.4.3, 23.4.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Ж.Т******* нарын “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, нэгж талбарын 4116036295, 4116036294 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг А/105 дугаар захирамж, нэгж талбарын 4116036250, 4116036249 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, С.Шын өмчлөлийн газруудын бүртгэлийг сэргээн газрын кадастрын нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах” тухай шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гурав: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
3.1. “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэр дэр бүртгэгдсэн 4 нэгж талбар бүхий газарт холбогдох баримтууд Баянчандмань суманд хадгалагдаагүй бөгөөд эдгээр газрыг иргэнд өмчлүүлсэн захирамжийг тус сумын Засаг дарга батлан гаргаагүй нь тогтоогдсон холгов дүгнэсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн архивд хийсэн шүүхийн үзлэгээр маргааны гол зүйл болох 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А360 дугаартай захирамж нь хэдийгээр хадгалагдаагүй байх боловч, тус сумын бичиг хэргийн бүртгэлийн захирамжийн бүртгэлд А/359 дугаартай "Газар эзэмшүүлэх" тухай захирамж 2 хуудас хэмээн хавсралтын хамт бүртгэгдэж, хадгалагдсан, А/361 дугаартай "Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах" тухай захирамж 1 хуудас хэмээн бүртгэгдэж, хадгалагдсан байсан. Харин А/360 дугаартай "Газар өмчлүүлж тухай" захирамж 2 хуудас гэж бүртгэгдсэн хэдий ч баримт хадгалагдаагүй, мөн сумын Засаг даргын 2017 оны /А/ Захирамжийн товьёог гэсэн бүртгэлд А/360 дугаартай захирамж бүртгэгдсэн байна. Хариуцагчийн зүгээс тухайн захирамжийг гараагүй хэмээн маргадаг боловч дээрх баримтаас үзвэл А/360 дугаартай захирамж гараагүй байх боломжгүй юм.
3.2. Мөн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны Захирамжуудын эх хувийг хавсаргаж хавтасласан баримтад 2017 оны 04-р сарын 28-ны өдрийн А105 дугаартай захирамжийн товьёог хийгдэж, А104 дугаартай захирамж, А106 дугаартай захирамжууд нь хадгалагдсан байсан тул А105 дугаартай захирамж гараагүй байх боломжгүй юм. Түүнчлэн хариуцагч нарын зүгээс 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамжийг хууль бусаар үйлдсэн болохыг тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад огт гомдол гаргаж байгаагүй юм. Тухайлбал, Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122, 123 дугаар тогтоолоор "Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн захирамжтай холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 226 дугаар "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" прокурорын тогтоол хавтаст хэрэгт авагдсан. Тус баримтуудаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой захирамж болох 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаартай захирамжийг хууль бусаар үйлдсэн болохыг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хандаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй юм, Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан тус гэрчийн мэдүүлгээс үзвэл Д.Гэрэлхүү нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийг хуурамчаар үйлдсэн, хавсралтыг нь сольсон гэх мэдүүлэг огт өгөөгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх тухайн захирамжийг хуурамчаар үйлдсэн байна хэмээн үзэж буй нь хэт нэг талыг барьсан дүгнэлт юм.
3.3. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360, болон 2017 оны 04-р сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжуудын хавсралтыг сольсон, хууль бусаар үйлдсэн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байтал дээрх байдлаар шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгон нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" хэмээн хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн тус дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна" гэх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.
3.4. С.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4116036249 нэгж талбарын дугаар бүхий газар, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 4116036250 нэгж талбарын дугаар бүхий газруудыг Б.М*******ээс "худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу өмчлөн авсан. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 4116036295 нэгж талбарын дугаар бүхий газрыг Э.Г*******ас, 4116036294 нэгж талбарын дугаар бүхий газрыг Э.Б*******оос "Худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу өмчилж авсан. Харин Төв аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаартай баримт болон Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01-р сарын 18-ны өдрийн 07/72 дугаартай баримтуудаар "Э.Б*******, Э.Г******* нарт 4116036295, 4116036294 нэгж талбарын дугаартай газруудыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжаар өмчлөх эрх олгосон. Л.Г*******, Б.У******* нарт 4116036250, 4116036249 нэгж талбарын дугаартай газруудыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжаар өмчлөх эрх тус тус олгосон болох нь тогтоогддог.
3.5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс тухайн газруудыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлөх эрхийн дагуу олж аваагүй, худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх олж авсан. Мөн тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно" гэж заасны дагуу тухайн газруудыг анх худалдан авах үед газар тус бүрт Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байсан. Тиймээс тухайн үед тус газрууд нь ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан. Монгол улсын Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т "эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тус газруудын шударга өмчлөгч юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно" хэмээн заасан байна. Тиймээс дээрх захиргааны акт нь нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байхаар байна.
Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 123/Ш2023/0048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч С.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэгж талбарын Г-4116036249, Г-4116036250 дугаартай газрыг Б.М*******ээс, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэгж талбарын Г-4116036295 дугаартай газрыг Э.Г*******ас, Г-4116036294 дугаартай газрыг Э.Б*******оос худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өмчилж авсан байна.
3. Нэхэмжлэгчээс “...Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаар баримт болон Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/72 дугаар албан бичгээр Э.Б*******, Э.Г******* нар нь Г-4116036294, Г-4116036295, Г-4116036294 дугаар бүхий нэгж талбарын газрыг Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжаар, Л.Г*******, Б.У******* нар Г-4116036249, Г-4116036250 дугаартай газрыг анх Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжаар өмчилсөн болох нь тогтоогдож байхад дээрх захирамжууд сумын архивт байхгүй гэсэн шалтгаанаар тус газруудын кадастрын бүртгэлийг устгасан, энэ талаар бидэнд мэдэгдэлгүйгээр мэдээллийн сангаас хассан...” гэж тайлбарлан маргажээ.
4. Улмаар Баянчандмань сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарт холбогдуулан “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/178 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын Г-4116036294, Г-4116036295 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамж, нэгж талбарын Г-4116036249, Г-4116036250 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, С.Шын өмчлөлийн газруудыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
5. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4116036249, 4116036250 нэгж талбарын дугаар бүхий газруудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болохоо бичгээр илэрхийлсэн, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж тус тус заасанд нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид үүнтэй холбогдуулан уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг танилцуулсан болохыг дурдах нь зүйтэй.
7. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжаар 15 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, захирамжийн хавсралтын 12,13-т Э.Г*******, Э.Б******* нарын нэр багтсан байна.
8. Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаар тогтоолоор Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Д.Гэрэлхүү нь тус сумын Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамжийг хуурамчаар үйлдэж, бусдад газар олгосон болох нь тогтоогдож байгаа боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...хүмүүсийн өргөдлийг удаасан, мөн Засаг дарга баталж өгөхгүй гэхээр нь захирамж төлөвлөөд, Засаг даргын гарын үсэгтэй тамгыг нь сканердаж аваад, захирамж болон хавсралт дээр нь байрлуулан хуурамчаар хэвлэж гаргаад, уг баримт бичгүүдийг иргэдэд өгсөн, дээрх байдлаар сумын Засаг даргын газар өмчлүүлсэн захирамжийн хавсралт дахь иргэдийн нэрсийг сольж, хуурамчаар үйлдсэн болохоо Д.Гэрэлхүү хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.
9. Ийнхүү иргэн Э.Г*******, Э.Б******* нарт газар өмчлөх эрх хуурамч нотлох баримтыг үндэслэн үүссэн, нэхэмжлэгч нь энэхүү газрыг худалдан авч өмчилсөн хэдий ч энэхүү захиргааны байгууллага /сумын газрын даамал/-ын хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагаврыг өмчлөх эрхийг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд шилжүүлэн авсан нэхэмжлэгчид хариуцуулах нь учир дутагдалтай, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан иргэдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай нийцэхгүй гэж үзэхээр байна.
10. Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн газрын өмчлөх эрх үүснэ”, 27 дугаар зүйлийн 27.13-т “...өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С.Ш нь Э.Г*******, Э.Б******* нарт газар өмчлүүлсэн Засаг даргын захирамж болон тэдгээрт олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн газрыг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэхээр байна.
11. Харин дээрх мэдээлэл газрын кадастрын цахим мэдээллийн сангаас устсан болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07/1245 дүгээр албан бичигт “4116036294, 4116036295 нэгж талбарын газрууд нь С.Шын нэр дээр кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн”, 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/72 дугаар албан бичигт “...газрын кадастрын шинэ мэдээллийн систем болох LM программд 4116036294 нэгж талбартай 04137-15-00016-18 өргөдлийн дугаараар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжийг үндэслэн 5000 м.кв газар бүртгэгдэж, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг үндэслэн иргэн Э.Б*******оос С,Шт шилжүүлсэн, 4116036295 нэгж талбартай 04137-01-00082-17 өргөдлийн дугаараар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/105 дугаар захирамжийг үндэслэн 5000 м.кв газар бүртгэгдэж, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг үндэслэн иргэн Э.Г*******ас С,Шт шилжүүлсэн бүртгэл тус тус хийгдсэн, энэ бүртгэл Газрын кадастрын мэдээллийн систем болох LM программаас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цаг хугацааг дуусгавар болсон байна” гэснээр тогтоогджээ.
12. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “...газрын кадастрын бүртгэл байхгүй болсноор газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй тул кадастрын бүртгэлийг сэргээн Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийн хариуд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 дугаар албан бичгээр “...газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахдаа өмнөх өмчлөгчтэй байгуулсан гэрээ, газар өмчлөх захирамж, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Өмнөх өмчлөгч нь хууль ёсны өмчлөгч мөн эсэх асуудал буюу газар өмчлөхдөө тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар өмчилсөн эсэх, сумын Засаг даргын хэдэн оны ямар дугаартай захирамжаар газар өмчилсөн нь тодорхойгүй байна” гэж, аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1555 дугаар албан бичгээр “...анхны өмчлөгч захирамж, шийдвэргүй тул кадастрын мэдээллийн санд баталгаажуулах” боломжгүй гэж хариу өгчээ.
13. Энэ албан бичигтэй холбогдуулан С.Ш нь өмчлөх гэрчилгээтэй гэх газар болон түүний кадастрын бүртгэлтэй холбогдох асуудлаар Засаг дарга нарт хандаж, шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад дээрх нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
14. Хэрэгт авагдсан баримтаар Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Поошигт гэх газрын 2 дугаар гудамжны 224, 226 тоот хаягт байршилтай дээрх газруудад давхцал байхгүй, Г-4116036294, Г-4116036295 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, уг газарт ямарваа маргаан байхгүй, нэхэмжлэгчийн өмчлөлд 6-7 жил болсон байна.
15. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газар өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах эрх нь захиргааны байгууллага тэр дундаа хариуцагч сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах тул Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч С.Шын хүсэлтийг хүлээн авч, судлан сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын байршилд хамаарч байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн 0,5 га хэмжээтэй 2 нэгж талбар бүхий газар өмчлөх хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
16. Нөгөөтээгүүр Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02/05 дугаар тогтоолоор баталсан Баянчандмань сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Эрдэнэ, 3 дугаар багийн Поошигт нэртэй газарт 332 иргэнд 23,24 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар /иргэнд 0,07 га-аар/ үнэ төлбөргүй өмчлүүлэхээр тусгагдсан баримт хэрэгт авагдсан байхад “маргаан бүхий газар нь тус сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэхээр тусгагдаагүй нь тогтоогдсон” гэж анхан шатны шүүх зөрүүтэй дүгнэжээ.
17. Иймд уг газарт ямар нэг давхцал байхгүй тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн газрыг өмчлүүлэх эсэх асуудлыг сумын Засаг дарга хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой юм.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Баянчандмань сумын Газрын даамал нарт холбогдуулан гаргасан “...нэгж талбарын 4116036249, 4116036250 дугаартай газруудад өмчлөх эрх олгосон сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 дугаар захирамжийг нөхөн гаргуулж, С.Шын өмчлөлийн газруудын бүртгэлийг сэргээн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг Баянчандмань сумын Засаг дарга, Газрын даамал нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг 2 дахь заалт болгон, “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/278 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын 4116036294, 4116036295 дугаартай газруудын бүртгэлийг сэргээн газрын кадастрын нэгдсэн санд бүртгэх эсэх асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Газрын даамал нарт даалгасугай...” гэж, шийдвэрийн “2”, “3” гэсэн дугаарыг “3”, “4” болгон өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН