Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 150

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Л.Соёмбо,

хохирогч М.Батмөнх түүний өмгөөлөгч Н.Энхбаяр,

шүүгдэгч Д.Оюунбат түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Дагвасүмбэрэлийн Оюунбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626020045 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дагвасүмбэрэлийн Оюунбат, /РД:ФА91061999/ 1991 оны 06 дугаар сарын 19 ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хойд аав, ээж, эмээ ах нарын  хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн  10-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 04 ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан.

 

  Шүүгдэгч Д.Оюунбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны доод талын грашид байсан М.Батмөнхийн эзэмшилийн 25 88 УБИ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Премио” маркийн автомашиныг хулгайлан  5.325.000 төгрөгийн хохирол учруулсан,

Дээрхи гэмт хэрэгт шалгагдах явцдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Оюунбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тэр өдөр архи уусан байсан. Тэр өдөр грашийн харуул хийдэг Отгонбазар ахад хулгай хийх санал тавиагүй. Отгонбазар ахад ахындаа очоод ирье гэж хэлээд Оюунбатын машиныг унаж гараад ахындаа очсон. Ахындаа очоод буцаж яваад цагдаатай тааралдаад айж зугтааж байгаад айлын хашаа мөргөсөн. Би Эрүүгийн хариуцлага хүлээхээс айсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

 

           Хохирогч М.Батмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 22 цагийн үед байрныхаа доор байрлах грашид машинаа тавиад манаачид нь мөнгө өгсөн. Тэр үед манаач машины түлхүүрээ орхиод яв гэхээр нь би “үгүй” гэхэд машин хөдөлгөх хэрэг гарч магадгүй, та түрхүүрээ орхиод явах хэрэгтэй гээд миний түлхүүрийг авсан. Би гэртээ ороод амарч байтал шөнийн 02 цаг 30 минутын үед над руу Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газраас яриад 25 88 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч мөн үү гэж асуухаар нь би мөн гэж хэлсэн. Тэгээд та машинаа хаана байгааг мэдэж байна уу гэхээр нь би байрны доод талын грашид байгаа гэж хэлсэн. Тэгэхэд та машинаа грашид байгаа эсэхийг шалгаад эргээд залгаарай гэж хэлсэн. Би машинаа грашид байгаа эсэхийг шалгахад байхгүй байхаар нь манаачаас миний машин хаана байгаа юм бэ гэж асуухад намайг орцоо шалгаж байх хооронд надтай хамт байсан залуу таны машиныг аваад гарсан байна. Би хүлээгээд байж байна гэж хэлсэн. Би эргээд цагдаагийн газар руу залгахад Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж мэдүүлэг өгнө үү. Таны машин айлын хашаа мөргөөд зогссон байна гэж хэлэхээр нь би очиж мэдүүлэг өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Бодит үнэлгээ  ХХК-ны үнэлгээгээр машины нийт үнэлгээ хийлгэхэд миний машиныг 14.500.000 төгрөгөөр үнэлээд надад учирсан хохирлыг 5.325.000 төгрөг гэж үнэлсэн. Надад шүүгдэгч 1.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө авах хүсэлтэй байна. Надад 5.325.000 төгрөгийн хохирол учирсан” гэв.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Д.Оюунбатыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны доод талын грашид байсан М.Батмөнхийн эзэмшилийн 25 88 УБИ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Премио” маркийн автомашиныг хулгайлан 5.325.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч Д.Оюунбатын энэ үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах биш харин авто тээврийн хэрэгсэл авч зугтаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж шүүх дүгнэв.

Учир нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, нууц, далд аргаар шууд санаатай үйлдэгддэг үйлдэл юм.

 

Харин П.Оюунбат нь  2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны доод талын авто зогсоолд байсан М.Батмөнхийн эзэмшилийн 25 88 УБИ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Премио” маркийн автомашиныг жолоодож гарахдаа нууц, далд арга хэрэглээгүй, ямар нэгэн шунахай сэдэлтээр аваагүй болох нь:

Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 24-29 дүгээр хуудас/

Хохирогч М.Батмөнхийн “Би 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос өргөө хотхоны 22 дугаар байрны доод талд байрлах автомашины грашид өөрийнхөө эзэмшлийн 25 88 УБИ гэсэн дугаартай цагаан өнгийн Тоёота Премио маркийн автомашиныг зогсоолд байрлуулж тавьсан. Тэгтэл манаач гэх эрэгтэй нь машиныхаа түлхүүрийг үлдээж ор гээд байхаар нь өөрийнхөө машины түлхүүрийг үлдээсэн. Би өмнө нь нээх машиныхаа түлхүүрийг үлдээж байгаагүй. Тухайн үед машинаа тавиад  гэртээ орохдоо ганцаараа явж байсан. Тэгээд шөнө унтаж байтал 02 цаг минутын 30 үед 93135000 гэсэн дугаараас залгаад Сүхбаатар дүүргийн замын цагдаагаас ярьж байна, 25 88 УБИ гэсэн дугаартай Тоёота Премио маркийн автомашины эзэмшигч Батмөнх мөн үү гэж асуухаар би тийм байна гэж хэлтэл та машиныхаа хаана байгааг мэдэж байна уу гэхээр нь грашид байгаа гэж хэлтэл цагдаагийн алба хаагч та машинаа грашидаа байгаа эсэхийг шалгаад эргээд над руу залгаарай гэж хэлээд салгасан. Тэгээд гэрээсээ гараад граш руу очиход миний машин байгаагүй. Тэгээд манаачаас машин хаана байна гэж асуухад манаач намайг орцоо шалгаад иргээд ирсэн чинь хамт байсан залуу чиний машины түлхүүрийг аваад унаад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь нь би эргүүлээд над руу залгасан цагдаагийн алба хаагч руу залгаад миний машин байхгүй байна гэсэн. Тэгтэл цагдаагийн алба хаагч нь чиний машин Сүхбаатар дүүргийн цагдаагийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаад манай дээр шалгагдаж байна, та яг одоо Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр өөрийн биеэр ирж уулзана уу гэсэн. ...Надад учирсан хохирлыг үнэлгээний компани нийт 5.325.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээгээрээ хохирлоо нэхэмжилж байна. Өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8, 133 дугаар хуудас/

            Гэрч Г.Отгонбазарын “Би 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 08 цагаас 01 дүгээр сарын 05 ны өдөр 08 цаг хүртэл 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 21 цагийн орчимд 25, 26 орчим настай эрэгтэй хүн цагаан өнгийн жижиг машинтай орж ирээд шууд 80 гэх номерийн зогсоолд машинаа тавиад надад 8000 төгрөгийг машиныхаа түлхүүрийн хамт өгөөд энэ зогсоолын эзэн нь ирвэл миний машиныг хөдөлгөөд байрлуулчихаарай гээд гэрлүүгээ орсон. Тэгээд би тухайн машины түлхүүрийг нь бутек дотор байдаг хувцасны өлгүүрт өлгөсөн. Тухайн үед жижүүрийн өрөөнд Оюунбат гэх залуу бид хоёр цуг байсан. Оюунбат нь 8000 төгрөг болон машины түлхүүрийг хараад баян хүмүүс нь мөнгө өгдөг юм гэхээр нь би 8000 төгрөг халаасандаа хийсэн. Тэгтэл Мөнхбат 60 гаран настай бас нэг жижүүр орж ирээд Оюунбат гэх залуутай 1 шил тал архи авч орж ирээд хувааж уусан. Тэгээд надад Мөнхбат ах  архи уух уу гээд өгөхөөр нь би архи уухгүй гэж хэлсэн. Тэгээд Мөнхбат ах Оюунбат гэх залуу хоёр гарч явсан. Удаагүй Оюунбат нь гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгснээ Оюунбат нь Өнөр гэх нягтлан, дарга Даваацэрэн хоёр гадаа ирчихсэн байна, машины бүртгэл аваад ир гэж байна гээд сейфнээс бүртгэлийн дэвтэр аваад гарсан. Тэр үед би грашид машин засаж байсан хүмүүсийг гаргах гээд байж байтал Оюунбат эргэж ирээд дарга бүртгэлгүй машиныг гарга гэж байна гэж надад хэлээд жижүүрийн өрөөнөөс нөгөө 8000 төгрөг өгсөн залуугийн машиных нь түлхүүрийг аваад гарсан. Тэр үед нь би гадаа байж байгаад эргүүлээд оруулаад ирэх юм байлгүй гэж бодоод грашийн хаалгыг онгойлгоход Оюунбат нь нөгөө машиныг унаад явсан. Тэр үед 01 цаг болж байсан. Тэгээд би дарга нарыг яваагүй байгаа юм байна гэж бодоод хүлээж байсан. Тэгтэл 03 цаг орчимд нөгөө машины жолооч эхнэртэйгээ орж ирээд миний машин хаана байна гэж асуухаар нь болсон асуудлаа хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр очсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас  зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Оюунбатын энэ үйлдэл энь бусдын авто тээврийн хэрэгсэлийг авч зугтаасан гэмт хэргийн шинжтэй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Оюунбат нь гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь:

“Гадагш явахгүй байх баталгаа” “Дагвасүмбэрэл овогтой Оюунбат миний бие мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн дуудсан цагт ямар ч саадгүй ирнэ. Мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын дуудсан цагт ирээгүй бол оргодлын зүйл анги нэмэгдэхийг ойлгож мэдлээ. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй төлөв томоотой байна. Гадагш явахгүй баталгаа гаргасан Д.Оюунбат” гэсэн баримт. /хэргийн 50 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс түдгэлзүүлсэн тухай 386 дугаар тогтоол. /хэргийн 128 дугаар хуудас/

Гэрч Д.Мөнхбатын “Ажилд орох гээд Улаанбаатар хотод оршин суух хаяггүй болохоороо манай хаяг руу шилжсэн болохоос яг надтай хамт амьдардаггүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 135 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Оюунбатын яллагдагчаар өгсөн “...Мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан шалтгаан нь эрүүгийн хариуцлага хүлээхээс айсан. Би Улаанбаатар хотод 100 айл хавиар хуванцар сав болон архины шил, лааз түүж түүнийгээ тушааж өдрийнхөө хоолны мөнгийг олж гадуур тэнэж амьдарч байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 143 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Оюунбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар “...мөрдөн байцаалт, ...ажиллагаанаас зориуд зайлсхийсэн ...” гэмт хэрэгт ял сонсгож яллагдагчаар татсан тогтоолдоо түүнийг хэзээнээс мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг хэзээ үйлдэж эхэлж, хэзээ төгссөн талаар дүгнээгүй байгаа тул шүүхээс түүнийг уг гэмт хэргийг үйлдэж эхэлсэн хугацааг мөрдөн байцаалтын ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс түдгэлзүүлсэн тухай 386 дугаар тогтоол гарсан үеэс эхэлж, “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг чангатгах тухай тогтоол” гаргасан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокурорын шатанд хугацааг нарийвчлан тогтоогоогүй боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар “... шүүх хуралдааны явцад дор дурдсан асуудлуудыг нотолно:

 Мөн хуулийн  80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд ... үйлдсэн/” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн Д.Оюунбатыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийн хугацааг шүүх хуралдааны явцад тогтоох боломжтой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Оюунбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Оюунбат нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны доод талын грашид байсан М.Батмөнхийн эзэмшилийн 25 88 УБИ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Премио” маркийн автомашиныг авч зугтаасан тул энэ 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг, мөрдөн байцаалтын ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс түдгэлзүүлсэн тухай 386 дугаар тогтоол гарах өдөр хүртэл тооцоод, түүний баригдсан үе буюу 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс сэргээн тооцоход 6 сарын хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Д.Оюунбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Оюунбат нь бусдын авто тээврийн хэрэгсэлийг авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай бөгөөд түүний үйлдсэн энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрч, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал бий болсон байна.

 

Харин гэмт хэргийн улмаас хохирогч М.Батмөнхөд гэм хорын хохиролд нийт 5.325.000 төгрөгийн хохирол учирсан болох нь үнэлгээгээр тогтоогдсон ба шүүгдэгч Д.Оюунбат нь хохирогч М.Батмөнхөд 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь уг мөнгийг авсан гэж мэдүүлж байх тул гэм хор учруулсаны хохирлоос уг 1.000.000 төгрөгийг хасч үлдэх 4.325.000 төгрөгийг шүүгдэгч Д.Оюунбатаас гаргуулж хохирогч М.Батмөнхөд олгуулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Баянгол дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Боржигон овогт Дагвасүмбэрэлийн Оюунбатад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Боржигон овогт Дагвасүмбэрэлийн Оюунбатыг авто тээврийн хэрэгсэлийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар Д.Оюунбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар 223.1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Оюунбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар 223.1 дэх хэсэгт заасан хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5.  Шүүгдэгч Д.Оюунбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Д.Оюунбатад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Оюунбатын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Оюунбатаас 4.325.000 /дөрөв сая гурван зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Батмөнхөд олгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Оюунбатад  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ